WE CAN CHANGE
Нийслэл маань өдөр ирэх бүр хөгжин дэвжиж байгаа мэт боловч хойч ирээдүй болсон хүүхэд багачууд харанхуй гудамж, хогтой жалганд тоглосоор байна.

Ийм дүр зургийг хотын гэр хорооллуудаас та харж болно. Хотод гэлтгүй аймаг, сумдад ч мөн ялгаагүй ийм л байдалтай байгаа.

Саяхан бидний хэдэн найзууд жалганд тоглож байгаа хүүхдүүдийг хараад ингэж хөөрөлдсөн юм. "Энэ хүүхдүүдэд тоглоомын талбай барьж өгч болдоггүй юм байхдаа" гэсэн асуултад бүгд хариулт хайсан юм. Гэтэл бидний дундаас нэг нь яагаад эцэг, эхчүүд хүүхдүүддээ тоглоомын талбай барьж өгч болдоггүй юм бэ. Үүнээс үүдээд нэлээн ширүүн яриа болж сүүлдээ үнэхээр ийм гарц байж болох талаар бүгд хүлээн зөвшөөрсөн юм.

Тэр нь юу вэ гэвэл зэргэлдээ гурван гудамжинд 48 өрх айл, тэнд нийт 35 хүүхэд байя гэж бодъё. Тэдний 20 нь бол тэр хавьдаа байнга тоглодог багачууд юм. Тэгвэл энэ 35 хүүхэддээ зориулаад гурван гудамжны айлууд хоорондоо ярьж байгаад тоглоомын талбай бариад өгч болно биз дээ гэхэд бүгд л мэдээж болж таарна ш дээ гэсэн юм. Нээрээ л мэдээж болохгүй юм гэж байхгүй. Гэхдээ тэр 48
айлын идэвхтэй оролцоо, санаачлага, дэмжлэгтэйгээр шүү дээ.

Эндээс бид хамгийн гол нь гудамжаараа нэгдээд хүүхдүүд, хойч ирээдүй болсон багачуудаа хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах чин хүсэл эрмэлзэл л дутаад байгаа юм гэдгийг ойлгоцгоосон юм.

Одоо бидэнд удахгүй төрөөс 500 мянган төгрөг өгнө. Айл болгонд ам бүлийн тоогоор гэж бодохоор хамгийн багадаа л нэг айлд сая төгрөг өгөх байх. Түүнээсээ өчүүхэн бага хувийг гаргахад л бид хүүхдүүддээ тоглоомын талбай барьж дөнгөнө.

Тэгээд хэрвээ газар олдохгүй бол хороондоо хүсэлт гаргаад хамтраад шийдвэл болохгүй гэх газаргүй. Бүүр болохгүй бол УИХ-ын гишүүд сонгуулиар хүүхдүүдэд тоглоомын талбай барьж өгнө гэж зөндөө амласан шүү дээ. Амлалтаа биелүүлэхэд нь бид яагаад тусалж болохгүй гэж.

Тийм болохоор эцэг эхчүүд, хөршүүдэд хэн нэгэн шидтэн гарч ирж хүүхэддээ тоглоомын талбай барьж өгөхийг хүлээж суухаар өөрсдөө нэгдээд хүчээ нэгтгэн богино хугацаанд, хамгийн амархан аргаар тоглоомын талбайтай болох боломж байгааг дуулгамаар байна.

Томчууд яагаад тоглоомын талбай гээд байгааг маань ойлгож байгаа биз ээ. Хүүхэд багачуудын хөгжилд хамгийн чухал нөлөө үзүүлдэг зүйл бол мэдээж тоглоом шүү дээ. Хүүхдүүд тоглох явцдаа харилцаанд орж бие биенийгээ хүндэтгэж, хайрлах, туслах, хамтрах болно шүү дээ.

Эх сурвалж: Нийслэлийн 37 дугаар сургуулийн 10Б ангийн сурагч М.Бямбадолгор
“Утаагүй Улаанбаатар” хөтөлбөр сар гаруйн өмнө дэмжигдсэн. Харин өнгөрсөн долоо хоногт санхүүжилтийг нь шийдлээ. Сайшаалтай мэдээ. Эрх нь зөрчигдсөн Улаанбаатарчуудыг “аврах” төлөвлөгөөтэй энэхүү хөтөлбөрт нэлээд өргөн хүрээний асуудлууд тусгагдсан.

Тухайлбал, нийслэлийн гэр хорооллын өрхүүдийг бүгдийг нь орон сууцжуулна. Ингэснээр дөрвөн жилийн дараа гэхэд өндөр барилгууд сүндэрлэсэн, цэмбэгэр хоттой болох юм. Ямартаа л гишүүд хөтөлбөрийнхөө нэрийг өөрчилж “Барилгажилтын Улаанбаатар” болго хэмээж байх вэ дээ. Ийн орон сууц олноор барьснаар агаарын бохирдол буурна хэмээн хууль санаачлагчид онцолсон.

Энэ нь ч бодууштай алхам. Манай улс шиг гэр хороолол нь нийслэлтэйгээ хаяа дэрлэн суурьшсан орон ховор. Нийслэлийн 60 орчим хувь нь гэр хорооллын айл өрх байдаг. Тэд өвлийн цагт боловсруулаагүй түлш хэрэглэдгээс болж агаарын бохирдол цадигаа алдахад голлох үүрэг гүйцэтгэдэг хэмээн бусдад адлуулдаг. Арга ч үгүй биз. Мөн агаарын бохирдолд хэний ч оролцоогүйгээр босоод байгаа тоос шороо ч буруутай.

Дэд бүтэц муухан манай орны хувьд хог хаягдал бас дийлэнх хувийг эзэлдэг. Агаарт байгаа тоосны 48 хувь нь хог хаягдлаас үүдэн бий болдог гэсэн судалгаа бий. Үүнээс л болоод хүн амын 93 хувь амьсгалын замын эмгэгтэй болдог аж. Энэ мэтээр олон асуудал тусгагдсан. Гэхдээ хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөрөнгө нь санаанд багтамгүй болчихоод буй. Тодруулбал, агаарын бохирдлыг бууруулахад 233 тэрбум, тоосжилттой тэмцэхэд 77 сая, дэд бүтэц, дулааны цахилгааны асуудалд дөрвөн их наяд төгрөг шаардлагатай гэнэ. Мөн нийслэлийн төвд шахуу байх цахилгаан станцуудад мэдээжийн хэрэг шинэчлэлт хэрэгтэй.

“ТЭЦ-III”-ыг засварлахад 487 тэрбум, “ТЭЦ-II” шинэчлэлтэд хоёр их наяд зэрэг нийт 18 их наяд төгрөг шаардагдах аж. Энэ бол манай улсын найман жилийн төсөв хөрөнгө. Уг нь ч дэлхийн хамгийн бохир хот гэсэн цолноосоо салмаар байдаг. Харамсалтай нь толгой эргэм их мөнгөний эх үүсвэрийг хаанаас бүрд үүлэх билээ. Эцэстээ гишүүд “Хүний хөгжил сан” руу гараа дүрлээ. Уул уурхайн ашгаас бүрдэх энэх үү сангийн хөрөнгө хоёр намын сонгуулийн амлалтыг биел үүлэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, зөвхөн хүний хөгжилд зарцуулагдана хэмээгдэж байсан.

Гэхдээ уг санд одоогийн байдлаар хөрөнгө төвлөрөөгүй. Зөвхөн сураг төдий байгаа зүйл. Гэтэл өнөөдөр тус сан руу гар оруулах нь зүйтэй хэмээн хэлэлцэх болов. Гэхдээ энэхүү сангийн хөрөнгийг өөр зүйлд зарцуулах болсноор иргэд 1.5 сая төгрөгөө өгөхөө болилоо гэж бодох вий хэмээн их л болгоомжлов. Иймдээ ч “Хүний хөгжил сан”-г батлуулсан гишүүд дээрх хөтөлбөрийг эсэргүүцээд нэмэр болсонгүй. Ингэж их хөрөнгө мөнгө цацаж, орон сууцжууллаа гэхэд ханшийг нь дийлээд орох хүн юу сан билээ.

Бор хоногоо арай ядан өнгөрөөж байгаа иргэд нийслэлээ бараадан амьдрах гэж махаа идэх болох нь. Учир нь сайхан орон сууцыг харж нүдээ хужирлахаас бус дотор нь ороод тухлах хэтэвч нимгэн хойно яалтай ч билээ. Хоёр гурван жилийн өмнөөс баригдсан орон сууцнууд өнөөдөр будаг нь ханхалсан хэвээр борлогдоогүй л байна. Үүнийгээ эдийн засгийн хямрал нүүрлэж, иргэд орон сууц худалдан авах чадваргүй болсон хэмээн тайлбарладаг.

Үүний уршгаар барилгын компаниуд төрөөс хоёр алгаа тэнийлгэн аврал эрсэн нь ч саяхан билээ. Энэ жишээ дөрвөн жилийн дараа дахин давтагдах вий дээ. Гишүүдийн зүгээс хэдэн жилийн төсөв шаардагдаж буй энэхүү хөтөлбөрийг хумиж хамрах хүрээг багасгах санал бишгүй л гарч байсан. Улаанбаатарыг утаанаас салгахад их мөнгө хэрэгтэй гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Гэхдээ наад, цаад хоёроо сайтар бодолцохгүй бол горьгүй нь.

Л.Нинжсэмжид http://www.niigmiintoli.mn/
Монголын нийт хүн амын 40 гаруй  хувь нь амьдарч буй Улаанбаатар хот ямар стандарттай, ямар жишиг хот байх вэ гэдгээ шийдэж энэ дагуу хөгжих учиртай. Ингэхдээ хотын менежтент, төлөвлөлт, барилга байгууламж, замын  хөдөлгөөн зэрэг бүх талын зохистой харьцааг цаасан дээр зөвөөр буулгаад хариуцах эзэнтэй байж, үр дүн нь бодит амьдралд хэрэгжих тийм л төслүүд хэрэгжүүлэхэд анхаарахыг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Их тэнгэр цогцолборт болж буй “Улаанбаатар хот-түншүүдийн зөвлөлдөх уулзалт”-д оролцож үг хэлэхдээ онцоллоо.

“Сайнаар харвал манай хотод хөгжих бүх боломж байна, сул тал нь гэвэл тулгамдсан асуудал маш их байна. Нийслэлийн иргэдийн ая тухтай амьдрах орчин бүрдсэн,  төлөвлөгөөтэй зөв хөгжих хөгжлийн бодлого шаардлагатай. Үүнд хариулт олох арга хэмжээ болж байгаа гэж ойлгож байна” гэлээ. 

Улаанбаатарт ажилгүйдэл, замбараагүй газар олголт зэрэг асуудал олон бий. Нийслэлийн санхүүгийн бие даасан байдлыг хангах “Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгыг Засгийн газар хэлэлцээд дэмжиж УИХ-д оруулсан байгаа. Төвлөрлийг сааруулах, орон нутгийн төсөв санхүүгийн болоод эрх мэдлийг зохистой хэмжээнд олгох зэрэг асуудал энэ хуулиар шийдэгдэх учиртай.

 Засгийн газраас “Утаагүй Улаанбаатар” том төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна. Зөвхөн утаа, замын түгжээ, хог хаягдал гэлгүй нийслэл хотоо цогцоор нь хөгжүүлье гэсэн бодлого барьж байна. Энэ уулзалтаар нийслэл ямар бодлогоор хөгжих вэ гэдгээ төр засгийн удирдлагууд, гадаад, дотоодын түншүүдтэйгээ ярилцаж байгаа нь шинэлэг арга хэмжээ, сайн ажлын эхлэл болж байна  гэж Ерөнхий сайд хэллээ.

Тэрбээр хотын удирдлагууд, уулзалтад оролцож байгаа төлөөлөгчдөд хандаж “Бид дэлхийн өндөр хөгжилтэй хотуудын сайн жишгийг хуулъя. Гэхдээ хойноос нь хөөж явах биш, угтуулаад, орчин үеийн дизайн, архитектур, хот төлөвлөлтийн шинэ загварыг нь авъя. Энэ арга хэмжээ ажил хэрэгч болж, олон сайхан санаачилга гарна гэдэгт итгэж байна” гэлээ.

Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 50,6, улсын төсвийн орлогын 1/3 хувийг бүрдүүлж, аж үйлдвэрлэлийн 60 хувь, эрчим хүчний үйлдвэрлэлийн 90 хувийг үйлдвэрлэдэг Монгол Улсын нийслэл, Улаанбаатар хотын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, нийслэлчүүдийн нийтлэг эрх ашигт тулгуурласан, хэрэгжүүлбэл зохих тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх төсөл, хөтөлбөрүүд рүү чиглүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах, иргэдийн ажиллаж  амьдрах тохь тухтай орчныг бүрдүүлэх зорилго бүхий “Улаанбаатар хот-Түншүүдийн зөвлөлдөх уулзалт” Их тэнгэрт цогцолборт болж байна.

Уулзалтад Улаанбаатар хотын гадаад, дотоодын түнш 150 гаруй байгууллагын төлөөлөл, манай оронд суугаа гадаадын Элчин сайдууд оролцож байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Газар үнэгүй өмчлүүлэхийг түр зогсоолоо

2010 оны 05-р сарын 28 Нийтэлсэн БАТ
Одоогийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд дүүргүүд иргэдэд шинээр гэр бүлийн хэрэгцээнд газар олгохгүй байгаа бөгөөд Нийслэлийн газрын албанаас газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдахыг хүлээж байгаа аж.

Энэ талаар өчигдөр Сонгино-Хайрхан дүүргийн газрын албаны дарга Ш.Болорчулуунаас тодрууллаа. "Төлөвлөгөө бол ерөнхийдөө батлагдсан, бид одоо газар зохион байгуулалтын төлөвлөгөөний зураг батлагдчихвал зургадугаар сар гаргаад иргэддээ газраа олгоно" хэмээсэн юм.

Хэрвээ төлөвлөгөөний зураг батлагдвал Сонгино-Хайрхан, Хан-уул, Баянзүрх, Налайх, Чингэлтэй дүүргүүдэд газар олгох аж.

Харин бусад дүүргийн хувьд газрын нөөц хомс байгаа учраас газар өмчлүүлэхгүй талаар Сүхбаатар болон Баянгол дүүргийн Газрын албаны дарга нар хэлж байлаа. Баянгол дүүргийн хувьд шинээр өмчлүүлэх газрын нөөцгүй, ихэнх газар нь хувийн өмчлөл, нийтийн газрын эзэмшилд байдгийн улмаас иргэд нь өөр дүүргүүдэд газар авахаас өөр аргагүй тухай тус дүүргийн Газрын албаны дарга Д.Ганчимэг хэлсэн.

Гэтэл дүүргийн иргэд өөр саналтай байгаа юм. БГД-ийн 2 дугаар хорооны иргэн Г.Цэрэнбаатар: "Би газраа өмчилж аваагүй. Манай гэр бүл харъяа дүүрэгтээ л газар авмаар байна. Хаа байсан Сонгино-Хайрханы уулийн мухарт очиж юугаа хийх вэ дээ. Тэнд чинь унаа тэрэг явахгүй, дэлгүүр хоршооноос хол зэлүүд газар болохоор. Болж л өгвөл ойрхон газар, хот дотроо газраа авчихмаар байиа" гэсэн бол тус дүүргийн 10 дугаар хорооны иргэн Б.Болортунгалаг: "Уул нь дүүрэгтээ л газраа авчихмаар байгаа юм. Ажил төрөл ихтэй болохоор газраа хөөцөлдөж амжихгүй байна" хэмээсэн.

Ерөнхийдөө иргэдийн дунд газрын нөөцгүй байхад зөвхөн дүүрэгтээ л газар авна гэсэн нэгэн байхад шинээр газар өмчлөх хүсэлгүй нэгэн бас байна. БГД-ийн 4-р хорооны иргэн У.Өлзийхутаг: "Би одоо сэтгэцийн өвчтэй охин, нэг ачтайгаа хамт гурвуулаа амьдардаг ядарсан хөгшин. Хаа хол газар амьдарч чадахгүй. Байрныхаа буланд ТҮЦ-ээ ажиллуулаад л байж байвал барав болоод байна. Бараагаа ч зөөж чадахгүй байгаа надад шинэ газар ер хамаагүй. Харин түцээ томсгож, өнгө үзэмжтэй болгомоор байх юм" гэсэн юм.

Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр нийслэл хотын хүн амын гучин хувь нь “Монголчууд үхэхдээ ч үхэр буугаа тавихгүй” гэгчээр хэнэггүй зангаа орхихгүй бололтой. Гэхдээ ч бас тэднийг зэмлэх аргагүй. Айл өрхөд газар өмчлөх асуудал удаашралтай байгаа нь манай улсын дэд бүтцийн хөгжил муутай холбоотой юм.

Гэхдээ газар нь хязгаартай тул Газрын нөөцийн асуудал нь иргэн бүрт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар үнэгүй өмчлүүлэхэд тулгарч буй саад бэрхшээл юм. Тиймээс Нийслэлийг аймгийн төвтэй холбосон улсын чанартай автозамын дагуух газрыг нийслэлийн иргэдэд өмчлүүлэх боломжийг ч судалж үзжээ.

Энэ дагуу Төв аймгийн нутаг дэвсгэрийг дайран өнгөрч буй автозамын дагуу иргэдэд газар өмчлүүлэх боломжтой гэж үзсэн аж. Уг асуудлаар өнгөрсөн онд Төв аймгийн болон Нийслэлийн Засаг дарга нар санал солилцож, зарчмын хувьд тохиролцсон байна.

Тиймээс одоо газраа өмчилж аваагүй иргэд хөдөө орон нутагт газраа өмчлөх боломж нээлттэй боллоо. Үүнээс гадна, гадаадад ажиллаж байгаа болон шүүхээр ял шийтгүүлсэн, сэтгэцийн өвчтэй хүмүүсийн хувьд өөрийн итгэмжлэгч, асран хамгаалагчаараа дамжуулан холбогдох хуулийн дагуу газар өмчлөх эрхтэй юм.

2010 онд Нийслэлийн хэмжээнд олгох дүүргийн газрын байршил



Х.Өнөрсайхан
Төрийн албан хаагчдыг урт хугацааны зээлээр орон сууцтай болгох сайхан хөтөлбөр өнөөдөр зэрэглээ төдий байна. Хөтөлбөрийг зарласнаас хойш жил гаруйн хугацаанд ердөө л 250 төгрөг зээлээ авчээ. Нийт 2700 хүн зээл хүсэн материалаа бүрдүүлсний ердөө арав хүрэхгүй хувь нь гэсэн үг. Засгийн газраас бол бүх хүчээ шавхан шуурхайлуулж байгаа гэх энэ ажил яагаад ийн яст мэлхийний хурдаар урагшилж байна вэ?

Үүнд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр дүрэм, журмаа боловсруулахаас эхлээд хүмүүс хэрхэн байгууллага дотроо квотдоо багтаан зээл хүсэгчдээ “тодруулах”, хүмүүс бичиг баримтаа бүрдүүлэх, банкуудтай харилцах гэх мэт олон “ажил” оволзсоныг эс өгүүлээд яг одоо хамгийн хүндрэлтэй асуудал юу байгааг тодруулах гэж оролдьё.

Дээр хэлсэн “даваа”-нуудыг туулсан хүмүүс одоо хаанахын ямар байр авч болохоо мэдэхээ байчихаад байгаа гэнэ. Нийслэлээр дүүрэн баригдаж байгаа болон, ашиглалтад орчихсон худалдан авах эзнээ хүлээж байгаа барилгууд байвч яг 4000 айлын орон сууцны хөтөлбөрийн хүрээнд “шалгуур” даах нь ховор болчихоод байгаа аж. Учир нь, төрийн албан хаагчдын хувьд 40 сая төгрөг гэсэн “босго”-той. Үүнээс илүү мөнгийг өөрсдөө төлж чадах ахул хүссэн байраа сонгох боломжтой ч ихэнх хүмүүс квотдоо тохирсон байрны эрэлд гарсан. Чингэхэд 40 сая төгрөгт багтах буюу 1-2 өрөө байр ховордож нэг гачлан үүсчээ. Бас нэг хамгийн том гачлан нь гэвэл зээлээр авах байр нь заавал Улсын комисс хүлээн авсан, ашиглалтад орсон байр байх ёстой. Гэтэл хэдийгээр байраа барьж дууссан ч Улсын комиссын “даваа”-г давсан нь цөөхөн. Басхүү комисс хүлээж авсан байруудын дийлэнх нь тансаг зэрэглэлийн үнэтэй байрнууд байдаг. Төрийн албан хаагчдын боломжид таарахаар хямдавтар байр нь болохоор хүн амьдрах аргагүй, “халтуур”-ны эд байна гэсэн гомдол гарч байна.

Уг нь энэ хөтөлбөрийн хамгийн гол зорилго нь төрийн албан хаагчдыг урт хугацааны зээлээр байртай болгохоос гадна эдийн засгийн хямралд цохигдож, барилгаа гүйцээж чадахгүй буй барилгын компаниудаа давхар тэтгэх алсын бодлоготой. Гэтэл журамд заавал ашиглалтад орсон байр байна гэж зааснаар дэмжлэг хамгийн их хэрэгтэй байгаа буюу барилгаа гүйцээж чадахгүй байгаа компаниуд оролцох боломжгүй болж. Барилгын компаниуд 80-90 хувийн гүйцэтгэлтэй байгаа барилгаа тодорхой гэрээний дагуу төрийн албан хаагчдын орон сууцны хөтөлбөрт оролцуулья гэсэн ч одоогоор ямар нэгэн шийдэл үгүй хүлээгдэж байгаа аж. Орон сууц санхүүжилтийн корпорацийнхан болохоор нэгэнт 80-90 хувийн гүйцэтгэлтэй барилгуудыг худалдан авагч өөрөө зөвшөөрөөд нарийн гэрээ хэлцлийн дагуу зээлд оролцуулж болох юм гэсэн байр суурь илэрхийлдэг ч журмаа зөрчиж болохгүй учраас ацан шалаанд орчихсон. Энэ асуудлыг хэлэлцэж шийдвэрлэж болох юм гэсэн ерөнхий байр суурьтай байгаа ч шийдвэр хэзээ гарах нь тодорхойгүй байгаа юм.

Зээл хүсэгчид болохоор 40 сая төгрөгтөө багтаагаад эвтэйхэн байр авчихыг хүсэвч тэр нь олдохгүй. Байгаа ганц нэг байр нь байрлал хол, хийц тааруу, зарим нь хүн амьдрахын аргагүй. Нэгэнт өнөө маргаашдаа байрандаа нүүгээд орьё гэж яарахгүй байгаа нэг нь өөр байр сонгохыг хүсэвч сонголт үгүй болчихоод байгаа аж. Тиймээс зээл хүсэгчдийн ихэнх нь барилгын гүйцэтгэл 80-90 хувьтай, намар гэхэд ашиглалтад орчихоор байр сонгохыг хүсэвч “болохгүй” гэсэн ганц үгээр амаа таглуулаад байгаа аж. Тиймээс тэд ашиглалтад орсон ч өөрсдийнх нь сэтгэлд таарахгүй байгаа муухан барилгын өмгөр өрөөг нүдээ аниад худалдаж авах уу, одоо баригдаж байгаа байруудыг улсын комисс хүлээн автал нь хүлээх үү гэсэн ацан шалаатай сонголт үлдээд байгаа аж. Талбайн хэмжээ том, түүнийхээ хэрээр үнэ ихтэй байрыг худалдаж авч чадахгүй учраас. Дашрамд сануулахад танил талтай, хөрөнгө чадалтай сайтай компаниудын үнэ ихтэй орон сууцууд л Улсын комиссын “даваа”-г хамгийн түрүүнд давж чаддаг гэдэг юм билээ. 

Бусад барилгын компаниуд буюу ихэнхийнх нь хувьд Улсын комисс байрыг хүлээж автал ямар хугацаа, ямар “даваа” туулдгийг хэн хүнгүй сайн мэдэж байгаа байх. Хэдийгээр бүх норм, нормтивийг нь хангасан ч ар өврийн хаалга л байхгүй бол Улсын комисс хүлээж авахыг хүлээх нь заан тугаллахыг хүлээхтэй адил гэж гомдоллодог юм билээ, барилгын компаниуд.

4000 айлын орон сууцны сайхан мөрөөдөл нэг иймэрхүү л байна. Тэгэхээр одоо тулгараад байгаа хамгийн гол асуудал бол зээл авах иргэдийнх нь хүсэлтээр 80-90 хувийн гүйцэтгэлтэй байгаа барилгуудыг зээлд хамруулах талаар хэзээ, ямар нэгэн шийдэлд хүрэх вэ гэсэн хүлээлт байна.  

А.Алт

Хогийн савнууд ба хөгийн хоолны савнууд

2010 оны 05-р сарын 26 Нийтэлсэн БАТ
Хогийн сав гэж. Хөгийн сав хийгээд, хаана тавихаа мэдэхгүй, хэсэг бүлэг түшмэдүүд, хаврын субботник нэрээр хүний мөнгөөр туйлаад, хорвоод хосгүй мундаг ажил хийлээ. Баяртай, бахархалтай байна.

Ирэх жил ингээд хийнэ шүү гэдгийг нь хогоор шоу хийгээд хөөрхөөн мөнгө олчихдог, бас ч зүгээргүй Утаатбаатар, улаанбалгас ашигтай юм байна. Удирдаж байсан хүмүүс нь УИХ гишүүд болдог, удаах хүмүүс нь бэлтгэгдэж байна гээд уураг тархины угаалгын машин улс болон хувийн телевизүүд нэвтрүүлнэ. Ухаандаа утаагүй, хоггүй, замбараагүй хот болгохгүй гээд удирдлагадаа бас тал алдахгүйг хичээгээд, унтах нойр, идэх хоолоо хасаад, хасах ч хоолгүй ч байгаа даа. Улс орон даяар өдөр шөнөгүй нэвтрүүлгээ цацаж байдаг тэдний буруу гэж юу байхав.

Ноёдуудтай заргалдвал ажилгүй, нохойтой шөргөөлцвөл хормойгүй болох учраас хамжааргатай ярьдаг ч байх, ярих бичих юмыг нь ханаад, хянаад Норовын намтар адил ноорог цаас болгодог ч байх. Дээрээ босс ч үгүй, дарга ч үгүй, нам ч үгүй, дуниартсан хөх тэнгэрээс өөр юмгүй надад ямар хамаа байхав. Халагдах, хянуулах, алдах, ашиглуулах зүйлгүй хүн би.

"Болгарын ард түмний нэрийн өмнөөс" алах ял оноолоо гээд алаад байдаг кино шиг биш ч гэсэн улсын нийслэл Утаатбаатарыг хот гэхэд ахдах, балгас гэхэд багадах, хүн амьдрахад хэцүү, хүүхэд төрөхдөө өвчтэй, хөгшид нарлах газаргүй, залуус нь зугаалах цэцэрлэггүй, цэнгэж наргиж байгаа газрыг цагийн хязгаар нэрээр, цагдаа нар журамлах дуртай, зүгээр л нэг халамцуу хүнийг зардал гаргаж авч яваад, энэрэнгүй нэртэй эрүүлжүүлэх газар аваачаад, амийг нь егүүтгэх нь дороо.

Орой шөнө гарвал амьд явах магадлалгүй, орц, гудамж, талбай, хот нь харанхуй бөгөөд замбараагүй бохир заваан суурин газрыг бий болгосон хүмүүсийг "Монголын ард түмний нэрийн өмнөөс" хөгийн сав хийлгэдэг, хөгийн албан тушаалтангуудад, хөг зүүгээд зайлуулах ч хөнгөдөнө. Алив тэр шударга гээд байдаг шүүх, цагдаа, хуулийн байгууллага хаана байна. Хахууль өгснөө хэлвэл хамтад нь шийтгэдэг хуультай гэнэ. Хэн тэгэхээр хэлэх юм бэ? Хөх инээд хүрэх юм.

Захирал захирагч, дарга даамал, төрийн алба, түүнийг хэрэгжүүлэгч агентлаг, авлигын газар, ашигт малтмалын лиценз, атар газар, хотын газар, газрын алба, гаалийн байгууллага, татварын алба, төрөл бүрийн хяналтын газар эдгээр үгнүүд Монгол хэлний үгсийн сангийн азтай нь, хүн нь адтай гэдгийг хүн болгон мэдээд юмыг яаж мэдэхэв гээд лам гуай боовтой болсон шиг төр захиргааны удирдлага гээд нэр нь хүртэл бизнес, нээрээ энэ чинь хуучны дарга нарын ТМС шүү дээ. Сургууль гэгчийг төгсөөд, төрийн албаны шалгалт гэгч, тэр болгоныг цээжлэх албагүй, хэрэгтэй хэрэггүйг түүвэрлэсэн, хар, шар арьсаа хамгаалах, хяналтын газар л үзүүлэх, нүглийн нүдийг гурилаар хуурсан, тест гэгчийг бөглөөд л боллоо. Одоо албан тушаалтай болоход, арван гурван мэх үлдлээ.

Нам төр, найз нөхөр, нутаг ус, ахан дүүс, ангийн анд, авлигын хүчээр албан тушаалд орж, төрийн түшмэд, дарга нар болдог. Тиймэрхүү хүмүүсийн үйл ажиллагааны үр дүнд хог хаях сав нь май чи. Ингээд хог хийхийг чинь харъя гэсэн шиг матигар дугуй хэлбэртэй, төмөр дээврээр хамгаалсан, түүнд нь асаалттай байсан ч хамаагүй татсан тамхины ишээ хийх тусгай элстэй, устай сав нь байхгүй, хажуу талын нүхээр хогтой нь хамт хийхээр гал гарах нь тодорхой. Тийм болохоор нь тэвдэж, яарч яваа хүмүүс тэр хавьд нь хаяад гишгэнэ. Тэрийг нь харсан, хараагүй хүмүүс ухаан муу, ухамсар муугийн нь дуудаад, улс орон даяар яриад л. Яс юман дээрээ, дээдэх нь суудлаа олоогүй болохоор сав хийлгэх чадваргүй, доодхи нь саваа олох завгүй.

Тэгээд бас нүдэнд нь шороо орчихсон болохоор хаана ч хамаагүй хаядаг байхаа. Ойр ойрхон байдаггүй олдоц ховорхон тэр савыг хайж, хайж оллоо, аргагүй юмаа зайлуул. Ойртохын аргагүй үнэртэй, заваан бас тэгээд болхи хийцтэй болохоор нь өөрсдөө хүртэл ичээд, хүн явдаггүй, очдоггүй, олны хөлөөс зайдуу онцгой биш далд газар байрлуулдаг юм байна. Балчир хүүхэд, балгасан хүнд бүр харагдахгүй. Бас тэгээд орой нь ч, ёроол нь ч байхгүй, олон төрлийн хийц гэж шогийн, хөгийн сав энд тэнд мэр, сэр байх юм. Хог хаясны дараа нь биш, хойноос нь биш урдаас нь бодож, сэтгэж чаддаг, татаас түлхээс үгүй, түрийвч нь биш, толгой нь ажилладаг, ажил төрөлгүй   аав,   ээжийн хүүхдүүд зөндөө л байгаа.

Тэднээс авч ажилуул, ухаантай хүн, ухаантай хүний толгойг ашигладаг юм. Энэ үг илүү болчихлоо, тэртээ тэргүй сэтгэл ч үгүй, зүтгэл ч үгүй, мэдлэг ч үгүй аугаа их ажил хийгч, дүр үзүүлэгч шүү дээ. Энгийн хогийн савныхаа утга учрыг ч ойлгохгүй байж, юун хотын хог, хорооллын хог, хогийн жалга, далан шуудууны хог даан ч энийг арилгаж чадахгүй юм чинь энэ байхаа. Буян амлаад, бурхандаа мөргөөд ч нэмэргүй. Хоггүй хот болгоно гэвэл нар баруун талаас навтас нөмрөөд гараад ирэх байлгүй. Монголын маргааш, хойтон маш олон.

Гадаад мадаад явцгаагаад л, гашуун нясуун юм уулгүй ажил, ажил гээд арвин туршлага судлаад, амс хийх завгүй, хогоо хүртэл хармаалаад, хойдох ажилдаа санаа зовоод л ирдэг байлгүй зайлуул, Бурхан биш хүн л юм чинь хаях хог гарна, хаана хаядгийг нь хараад ирэхгүй. Удахгүйдээ ойр, ойрхон зөндөө л явна даа. Ууцгаа, идэцгээ хүн шиг байж, хогоо хаяж үз, хар. Хүний нутаг, гүний хошуунд ажиллаж амьдарч, аялж зугаалж, сурч боловсорч байгаа тэр олон хүмүүс гэнэт ухаан орж, ухамсар, суусан гэх үү. Гадаадад очоод гудамж, талбай, газар сайгүй хогоо яагаад хаяхгүй байна вэ?

"Хонконг" шиг болгоно, болгож байна гэвэл хол очиж хуц, харин "Хон Хог" хот болгосноо зарла. Харийн олон жуулчид хадуураад, андуураад хүрээд ирнэ. Хармаа суйлдаг олон мэргэжилтнээ ашигла, харин тэднээс татвараа аваад нийтийн нойлоо барь, орох оронгүй, оочих аягагүй, тэр олон тэнэмэл хүмүүсийг хаана бие зас гээд байгаа юм. Бие засах ч газаргүй, байдаг нэг нь бохир заваан, үнэр танар найгүй, нармайгаа таглуулсан хүнд, нарийн мэс засал хэрэггүй, нэг оруулаад л гарга, нээгдээд л ирнэ. Эмч нарынхаа ажлыг ингэж хөнгөлж үйлчилдэг, үйлчилгээний газрууд олон, бохироо гаргадаг болохоор нь бохир байх ёстой гэж бодоод, бизнес хийгээд ашиг олно гэвэл гонж.

Гадаадын нэгэн иргэн гарцаагүй физиологийн шаардлагаар, гудманд байгаа нэгэн чулуу руу шээсний төлөө, телевизээр харуулаад, тэ-гээд бас түүнийгээ цэвэрлүүлээд, яасан балиар амьтан бэ? Бидний монголчууд баадгүй, шээдгүй байхгүй юу гээд, байдгүй нойлоо нотолж байх юм. Хоршоо, дэлгүүр, үйлчилгээний газрууд нь хүртэл, хүн олоод орчих бий гэхээс яс нь хавталзаад. Хаана байгааг нь мэдэгддэг, чиглүүлдэг таних тэмдгийг нь хүртэл хийхгүй. Тэгээд бас түүнийгээ цоожилно, тэр нь бас заваан болоод нуусан байлгүй. Ганц нэгэн газар нь ганц зуун төгрөгөөр түрээслэнэ, тэр ч бас л тодорхой.

Төрийн албан хаагчид түүнээс долоон дор нойлтой, гаднаа гялалзсан тэр хүмүүс, дотоод паланцаг дээрээ суугаад юу боддог болдоо хөөрхий. Иймхэн асуудлуудыг шийдэж чадахгүй энэ олон албан тушаалтангууд авсан цалин, авъяас шагналаа буцааж өгөөд, бууриа тавь, буухгүй гэвэл бөндгөр толгойгоо ажилуул, өөрөө чадахгүй нь тодорхой, өмнө чинь долигноод, далдагнаад, долоогоод байдаг, дов жалганы, улс төржсөн ухаан муутнууд, ажилд орсон арга зам нь буруу, авлига гэхээр баримтгүй, арын хаалга гэгч аятайхан нэрээр, албан тушаалтан болсон болохоор аргагүй биз дээ.

Үгсийн сангийн өөдтэй, азтай үгнүүдийг өөрсдөө түүгээд авсан учраас, үлдэж хоцорсон өөдгүй, азгүй, ёозгүй үгнүүд үлдсэн байна. Үлдээгээд яахав өөрсдөө бас авцгаа.

В.Энхбат

Сүрлэн түлш агаарын бохирдлыг бууруулна

2010 оны 05-р сарын 21 Нийтэлсэн БАТ
Нийслэлийн агаарын чанарын албанаас агаарын бохирдлыг бууруулах төслүүдийг дэмжих зорилготой хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт төрийн болон олон улсын байгууллагууд, эрдэмтэн судлаачид, шинэ төрлийн түлш үйлдвэрлэгч компаниудын төлөөлөгчид зэрэг 60 гаруй хүн оролцов.

Тэд агаарын бохирдлыг бууруулах талаар хэрэгжиж байгаа болон хэрэгжүүлэх шаардлагатай төслүүдийн талаар ярилцлаа.

Оролцогчид утаагүй түлш үйлдвэрлэх, гэр хорооллыг барилгажуулах саналыг дэмжиж байсан. Тэр дундаа шигшиж ангилсан нүүрс, байгалийн гаралтай цэвэр түлшийг түлхүү ашиглах, энэ төрлийн түлшний үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлэх нь үр дүнтэй талаар онцолсон.

Үүнээс хүхрийн агууламж, хүнд хортой элемент багатай, дулаан ялгаруулалт, шаталт сайтай сүрлэн түлшний үйлдвэрийг Сэлэнгэ аймгийн Цагаан нуурын 20 мянган тонн сүрлийн нөөцөд түшиглэж барих төслийг Хими, химийн технологийн хүрээлэнгээс танилцуулсан.

Улсын хэмжээнд энэ онд 400 мянган тонн үр тариа хурааж авахад 320-360 мянган тонн сүрэл гарна. Энэхүү сүрлийг ч ашиглах боломжтой аж. Энэ төрлийн биотүлшний хэд хэдэн үйлдвэр барихад нийт 15 тэрбум төгрөг шаардагдах аж.

Мөн Эрдэс баялаг эрчим хүчний яамнаас "ТЭЦ-2" ТӨХК-д түшиглэн хагас коксон түлшний үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Коксон түлш үйлдвэрлэснээр түүхий нүүрсний хэрэглээг халах боломж бүрдэх юм.

Нийслэлийн агаарын чанарын албанаас судалж үзэхэд хотын төвийн бүсийн бохирдол мэдрэмтгий хүмүүсийг өвчлүүлэх хэмжээнд, гэр хорооллын бүсийн бохирдол аюул дагуулах хэмжээнд хүрсэн байна.

М.Ариунсувд http://www.niigmiintoli.mn/

2600 өрх үер усны аюулд өртөж болзошгүй

2010 оны 05-р сарын 21 Нийтэлсэн БАТ
Өнгөрсөн жил нийслэлийн хэд хэдэн дүүрэгт хүчтэй үер болж, үүнд өртсөн айл өрхүүдийг шинээр төлөвлөсөн суурьшлын аюулгүй бүсэд нүүлгэн шилжүүлсэн. Гэтэл тэдгээр айлууд хуучин үерт өртсөн газартаа эргэж бууцгаасан байна. Холбогдох байгууллагын судалгаанаас харахад энэ жил үер усны аюулд өртөж болзошгүй 2600 гаруй өрх байгаа гэнэ.

Нийслэлийн хэмжээнд 1966 оноос хойш барьж, байгуулсан 26 нэр бүхий 1 ширхэг нууран байгууламж, 6 ширхэг тунгаагуур, инженерийн хийцтэй бетонон доторлогоотой 42 орчим км суваг, голуудын 56 орчим км хамгаалалтын далан, 9,8 км шороон, 3,8 км чулуун доторлогоотой далан, 25 км орчим урт, зам талбайн борооны ус зайлуулах далд шугам сүлжээ ашиглагдаж байна. Эдгээрийн 60-70 хувь нь ашиглалтын шаардлага хангахгүй, эвдэрч нурсан, зарим хэсэг нь хог лагаар дүүрсэн байдалтай байгаа бөгөөд энэ асуудлыг хариуцсан газар нь ч хүн хүч, техник хэрэгсэл хүрэлцээ муутай байгаа ажээ.

Иймээс цаашид Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын барилга, байгууламжуудыг шинээр барих, сэргээн засварлах, гадаргуугийн ба хөрсний ус зайлуулах ерөнхий төлөвлөгөө болон хэсэгчилсэн төлөвлөгөөг боловсруулж, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийн талаар судалгаа хийх нь зүйтэй гэж НИТХ-ын тэргүүлэгч гишүүд үзсэн байна.

Н.Бат

Хог хаягдал ангилан ялгах журамтай болно

2010 оны 05-р сарын 21 Нийтэлсэн БАТ
Улаанбаатар хотын нэг иргэн өдөрт дунджаар 270-900 гр хог хаягдал үүсгэдэг байна.

Тиймээс жилд 340 мянган тонн ахуйн хог хаягдлыг Нарангийн энгэрийн болон Морингийн давааны хогийн цэгт хүлээн авч ландфиллийн технологийн дагуу дарж булдаг.

Хог хаягдлыг бүтцийн хувьд авч үзвэл дахин боловсруулах боломжтой хог хаягдал буюу цаас, пластик ундааны болон усны сав, хөнгөн цагаан, лааз, шилний хэмжээ нийт хог хаягдлын 30 орчим хувийг эзэлдэг байна.

Өнгөрсөн онд нийт хог хаягдлын 7,6 хувь буюу 25,8 тонн дахин ашиглах боломжтой хог хаягдлыг цуглуулан хоёрдогч түүхий эд болгон экспортолжээ.

Хог хаягдлыг анхан шатанд ангилан ялгах тогтолцоог бий болгох зорилгоор ангилан ялгаж хаях журмыг иргэдийн санал хүсэлтэнд тулгуурлан гаргахаар төлөвлөжээ.

Хог хаягдлыг ангилан боловсруулах туршилтын хөтөлбөр нь хоёр дүүргийн дөрвөн хороон дээр хэрэгжиж байна.

Барилгын компанийнхан иргэдийг шулж байна

2010 оны 05-р сарын 20 Нийтэлсэн БАТ
Хэрэглэгчдийн гомдлын мөрөөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шинээр ашиглалтад орсон орон сууцнуудад шалгалт хийжээ. 

Шалгалтын явцад сүүлийн үед баригдсан орон сууцууд Стандартчилал хэмжил зүйн үндэсний төвөөс баталсан талбайн хэмжилтийн стандартыг баримталдаггүй, зураг төсөл нь мэргэжлийн төвшинд хийгдээгүй болох нь илэрчээ. 

Сүүлийн үед ашиглалтад орсон орон сууцны нэг ам метр талбайг 800-1200 ам.доллараар тооцон борлуулж байгаа. Гэтэл эдгээр орон сууц гэрээнд зааснаасаа бага талбайтай худалдан авагчдад хүрдэг аж. Барилгын компанийнхан талбайн зөрүүг ханын зузаан нь нөлөөлж байгаа хэмээн тайлбарладаг байна. 

Тухайлбал, иргэд орон сууц авахдаа доод тал нь нэг, дээд тал нь таван ам метр талбайн хөлс илүү төлдөг ажээ. Цаашлаад дутуу талбайн дулааны хөлсийг насан туршдаа төлж амьдрах нөхцөл үүсээд байгаа юм. 

Тэгэхээр иргэд 70 ам метр талбайтай байр авч байна гээд 65 ам метр талбайтайг авдаг гэсэн үг. Нэг ам метр нь 800 ам.долларын байр байсан гэвэл худалдаж авахдаа 4000 ам.доллар салхинд хийсгэж байгаа юм. 

Үүнийхээ дараа "хоосон" таван ам метр талбайн дулааны хөлсийг төлнө. Одоогоор орон сууцны нэг ам метр дулааны хөлсөнд сард 304 төгрөг төлж байна. Тэгвэл тухайн айл сард 1500, жилд 250 мянган төгрөгийг барилгын компанийн буруугаас болж, тушаах ёстой болж таарлаа.

Үүнээс гадна, худалдаж авсан барилга нь чанарын шаардлага хангахгүйн улмаас оршин суугчид сэтгэл санаа, эдийн засгаараа хохирох тохиолдол цөөнгүй гарах болсон. Тэгвэл өчигдрийн шалгалтын дүнгээр анх найман давхрын зураг төслөөр баригдаж байсан ч хууль зөрчин байж 16 давхар болсон "Богд-Ар" хорооллын оршин суугчид дээрх маягаар залхаан цээрлүүлэгдэж байгаа нь тогтоогджээ. 

Тухайлбал, тэнд оршин суугчид хана тааз нь муу усанд бохирдсон, сантехникийн наад захын шаардлага хангахгүй байранд амьдарч байгаа аж.

Энэ тал дээр ямар арга хэмжээ авч буй талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Нийслэлийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн ажлын албаны дарга С.Буянхишиг
"Байцаагч нар энэ тохиолдолд 250 мянган төгрөгөөр торгохоос арга байдаггүй. Тиймээс иргэд худалдан авалт хийхдээ гэрээгээ сайн судлах хэрэгтэй" гэсэн юм.


Р.Сарангоо
Манай улс ганцхан хоттой гэвэл та эргэлзэхгүй байх. Энэ нь нийслэл Улаанбаатар Ганц хотдоо амьдрал байна гээд хүн ам нь бөөгнөрчихсөн. Уул нь хэд хэдэн хот байсан л даа. Тэднийгээ бүүр аймаг, сум болгочихсоныг нь яана. Тэгэхээр хот гэж мэдэхгүй хүмүүс ганц хот руугаа зүтгэхээс аргагүй. Ядаж олны дунд орж нүүр хагарахыг бодноо доо. Дэлхийн жишигт хот тосгоны ялгаа гэж бий. Манайд бол эсрэгээрээ хэн дуртай нь нийслэлдээ нүүж ирээд дуртай газраа гэрээ барьчихна.

Хүний хүсэл гэж хязгааргүй. Оросын нийслэл Москвагийн алдарт Улаан талбайд хөл тавьж, арлын Японы Токиод очиж үзэхсэн гэж хүсэх хүн олон. Тэгэхэд Монголын нийслэл Улаанбаатарт очиж үзэхсэн гэж мөрөөдөх нэгэн байж л таараа. Даяаршлалын шинэ эрин зуун хүн хүслээ биелүүлэх боломжийг нээгээд өгчихжээ. Саяхан болтол нүүдэлчний загвараараа явсан монголчуудийн нүд нээгдэж дэлхийгээ алган дээр байгаа мэт таньж мэддэг болсон нь олзуурхууштай.

Хэдхэн хоногийн өмнө дэлхийгээр тойроод ирсэн аялагч маань “Монголоос минь сайхан орон алга” гэж шагшран ярилцлага өгчээ. Аливаа улс орон нийслэлээрээ бахархдаг. Ямартаа л нийслэлдээ олимп, тив, дэлхийн аваргын тэмцээн, олон улсын уулзалтуудыг зохион байгуулах гэж өрсөлдөж байх вэ дээ. Харин манай нийслэлийг хэрхэн хүлээж авах нь тодорхой. Олимпийн эрх авахыг нэг хэсэгтээ л мөрөөдөхийн хэрэггүй байх.

Саяхан болтол “зам явах “-тай зорчдог байсан монголчууд үндсэн хуулиндаа иргэдээ “Хаа дуртай газраа амьдрах эрхтэй” гэсэн заалт оруулаад авсан нь нийслэлээ нэвсийсэн гэрээр дараад авсан. Дарах дарахдаа даруулгагүй хөдөөнийхөн цэрвэх ч үгүй Далан давхраас нь эхлээд далан шуудууг нь бөглөөд бууцгаачихсан. Тэд нь хуулинд захирагддаггүй хэргийн эзэд болж хувирсан.

Эртний түүхтэй Монголыг сонирхохоор ирсэн жуулчид Буянт ухаад буухаасаа эхлээд буцан буцталаа монголчуудаас цэрвэж ихэнх нь эргэж ирэхгүйгээр буцдаг гэм бий. Хаа явсан газар нь хормой хогийг нь нэгжээд амар заяа үзүүлэхгүй. Нийслэлд ирж суурьшсан ажилгүйчүүдийн нэг хэсэг эгнээнийхэн халаас нэгжигчийн дамжаанд суралцсан нь энэ. Өнөөдөр нийслэлд гарч байгаа гэмт хэргийн 90 хувь нь хөдөөнөөс шилжиж ирэгсэд үйлдэж байгаа тухай мэдээлэл байна. Нэг ёсондоо хөдөөнийхнөөсөө айж эмээх болжээ. Нийслэл хотдоо зэрэглэл тогтоож өндөр өртөгтэй соёлтой хот болгомоор. Хэн дуртай хүнийг Улаанбаатарт нүүлгэж ирүүлмээргүй байна. Нийслэлийн иргэн татвар төлдөг болох тухай манай сонин өмнө нь мэдээлж байсан. Нийслэлд суурьшигчдаас өндөр татвар авах цаг болжээ.

Өнөөдөр нийслэлд хуулинд захирагдахгүйгээр замбараагаа алдаж байгаа юм их. Уулан дээр хашаа хатгаж, усны эхэн дээр барилга бариад эхэлснийг бид харж байгаа. Иргэдэд олгох газаргүйгээ мэдсээр байж ядуу ч бай, чадуу ч бай нүүдэлчдийн цувааг нийслэлийн бүсэд оруулахгүй байх тухай хууль журам гаргамаар. Нийслэл дүүргийн газрын албадууд жилийн жилд хэл ам болж байдаг газрын маргаанаасаа салбал зүгээр сэн. Нийслэлд хэн амьдрах эрхтэйг хууль татвараар ялгаварлаж өгөх цаг болжээ. Өнөөдөр ардчиллын замыг зөв сонгосноороо дэлхийд танигдсан Монголыг зорьж ирэгсэд олон болжээ. Харин нийслэл хот нь улсынхаа хүн амын талаас илүү хувийг орогнуулж хог, гэмт хэргийн үүр болж байгааг харсаар л байна. Нийслэлд амьдрагсдыг бүртгэлээр цэгцэлж иргэний бичиг баримтыг өөрчилж хотдоо эрхээ эдэлдэг хэрнээ үүргээ биелүүлдэг соёлтой иргэнийг төлөвшүүлэхсэн. Жинхэнэ нийслэлийн иргэн хотод амьдрах ёстойгоос биш харъяалалгүй хэн нэгний бичиг баримтыг шалгадаг, торгодог нутаг руу нь буцаадаг, ажилд авдаггүй баймаар байна. Манайд Дархан, Эрдэнэт, Чойбалсан, Ховд гэж том хот байсан сан. Эднийгээ хотын зэрэглэлд оруулж малгүйдлийн нүүдлийг сааруулах алхмыг даруй хийгээсэй. Жалгын нэг тархсан удамт малчдынхаа хойч үеийг улсынхаа ганц хот Улаанбаатарт бөөгнүүлсээр л байх уу, бодох цаг болжээ.

Н.Лхагвасүрэн
Өнгөрсөн долоо хоногоос эхлээд хотын удирдлагууд дүүргүүдэд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонсож, шийдвэрлэж яваа.

Уулзалт болсон дүүрэг бүрт яригддаг нэг гол асуудал нь СӨХ-ийн үйл ажиллагаатай холбоотой гомдол. Ашиглалтын хугацаа нь дууссан цахилгаан шатыг солих, ус гоожсон дээврээ засуулах гээд СӨХ-д хаягласан гомдол тасрахгүй байгаа учир Нийслэлийн Засаг дарга өнөөдрийн шуурхай зөвлөлгөөн дээр СӨХ-дын Дээд зөвлөл /СӨХДЗ/-ийнхнийг байлцуулж, энэ талаар хийж хэрэгжүүлэх ажлынх нь талаар мэдээлэл сонссон юм.

Тус зөвлөлөөс өөрийн гишүүн болон гишүүн бус СӨХ-дод шалгалт хийснээс 72 СӨХ-тэй холбоотой 17,8 сая төгрөгийн зөрчил илрүүлжээ. Шалгалтаар гишүүн СӨХ-ийн 61 хувь нь хангалттай үнэлгээ авсан бол, гишүүн бус СӨХ-ийн дийлэнхийнх нь үйл ажиллагаа хангалтгүй гарчээ.

Энэ мэдээллийг сонссон хотын дарга СӨХДЗ-өөс шаардлага тавихаар бид гишүүн биш гээд авч хэлэлцдэггүй, иргэд гомдол гаргахаар иргэддээ олддоггүй СӨХ-дын асуудлыг мухарлах, цаана нь олон хүний амьдрал, үйл ажиллагаа байгаа учир гишүүн бус гээд орхилгүй энэ асуудлыг цэгцлэхийг үүрэг болгосон юм.

Мөн дүүргийн удирдлагуудад хандаж, СӨХ-дод тавих хяналтыг чангатгаж, иргэдэд үзүүлэх үйлчилгээнд нь эргэлт гаргаж ажиллахыг онцгойлон анхаарууллаа. Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас нийтийн эзэмшлийн орон сууцны 240 цахилгаан шатыг зогсоох шаардлага тавьж, түрүүчээс нь зогсоосон бөгөөд СӨХДЗ-ийнхний мэдээлснээр энэ онд 35 цахилгаан шатыг солих, 80 барилгын дээвэрт их засвар хийх ажээ.

Нийтдээ Улаанбаатар хотын хэмжээнд 240 цахилгаан шат, 332 барилгын дээвэрт засвар хийх шаардлагатай юм байна.

М.Жаргал

"Байр зээлээр авснаас хөлсөлбөл дээр биш үү"

2010 оны 05-р сарын 15 Нийтэлсэн БАТ

Орон сууцны зах зээлд бага хүүтэй, урт хугацаат зээл оруулж ирэх, эсвэл байрны метр квадратын үнийн асуудлыг эргэж харахгүй бол уг салбар урагшлахгүй нь нэгэнт тодорхой болов. Учир нь манай улсад бэлэн 40-50 сая төгрөг гаргаж байр худалдан авах чадвартай хүн үлдсэнгүй.

Өнгөрсөн жилүүдэд мөнгөтэй нь байртай болж амжсан. Харин одоо орон сууцтай болох мөрөөдөлд автсан иргэд үлджээ. Нэгэнт тэд бэлэн мөнгөгүй тул орон сууцны зээлээр байртай болох сонголттой тулж байна. Харамсалтай нь ингэж байртай болох ямар ч шаардлага алга.

Энэ талаар тодруулъя. Арилжааны банкууд урьдчилгаа төлбөрийн нөхцөлөөс хамаарч сарын 1.3-1.6 хувийн хүүтэй орон сууцны зээл олгож байна. Зээлийн хугацаа 10-15 жил байгаа юм. Тэгвэл иргэн одоогоор хамгийн хямд тооцогдох 30 сая төгрөгийн үнэтэй нэг өрөө байрыг 20 хувийн урьдчилгаа төлж урт хугацаат зээлээр авах тохиолдолд сар бүр 400 гаруй мянган төгрөг төлөх шаардлагатай болж байна.

Өөрөөр хэлбэл, 15 жилийн туршид дээрх хэмжээний мөнгийг төлөх юм. Үүн дээр байр болон цахилгааны мөнгийг нэмбэл сард бараг 500 мянган төгрөгийн өрөнд унаж байна. Сарын 250 гаруй мянган төгрөгийн цалинтай төрийн албан хаагчийн хувьд энэ нь давж туулашгүй зүйл билээ.

Яахав,4-5 жилийн дараа цалингийн дундаж хэмжээ ядаж 400 мянгад хүрнэ гэсэн өөдрөг сэтгэлгээтэй бол зээлээр авч болох л юм. Гэхдээ л хүнд. Тэгвэл байр зээлээр авснаас хөлслөөд суувал хамаагүй дарамт багатай байна. Зарын сонин шүүж үзэхэд хотын төвд байрлалтай нэг өрөө байрыг сарын 200-250 мянган төгрөгөөр хөлсөлж байв.

Үүнд гэрэл цахилгаан, байрны мөнгө багтжээ. Хэрэв хоёр өрөө байр хөлслөх бол 250-350 мянган төгрөгт хэлбэлзэж байна. Энэ нь байр зээлээр худалдаж авснаас илүү хөлсөлж суувал зардлаа бараг 50 хувь хэмнэх боломжтойг харуулж байна. Нөгөөтэйгүүр, уг харьцаа нь бага хүүтэй, урт хугацаатай зээлийг оруулж ирэх, эсвэл орон сууцны метр квадратын үнийг эргэж харахгүй бол уг салбар цааш явахад хүндрэлтэй гэдгийг харуулж буй юм.

http://www.niigmiintoli.mn/

Нийслэлд амьдрах виз үнэтэй болно

2010 оны 05-р сарын 12 Нийтэлсэн БАТ
Хотод амьдрах сайхан. Даанч саар зүйл нь сайнаасаа дэндүү олон. Өглөө босоод гараа угаах ус нь мөнгө, ажилдаа хүрэх унааны мөнгө, хоолны мөнгө, орой гэртээ харихын тулд дахиад л мөнгө. Өдөржин галласан зуух яндангийн утаагаар амьсгалж хордоно. Агаар нь хүртэл тааламжтай биш. Ийм хот руу иргэд тэмүүлсээр л. Хаана амьдрах нь хүний эрх ч бусад суурин газар амьдрахаас өртөг өндөр ч илүү таатай нөхцөл байгаа болоод л хотод амьдрах гэж дурлана.

Заримынх амьдралын шаардлага ингэж бүрддэг болов уу. 370 жилийн түүхтэй их хотын өдөр тутмын амьдралыг 20 хуулиар зохицуулдаг байна. Гэвч хууль хуучирч шинэчлэх цаг болжээ.

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн найруулж УИХ-аар хэлэлцэж байгаа юм.

Нэг сая гаруй хүнтэй нийслэлийн хүн амын тоо, машины ачаалал хэт ихэссэн. Үүнийг дагаад асуудал мундахгүй. Хэт төвлөрлийг саармагжуулахын тулд хотод амьдрах тасалбарыг үнэтэй болгохоор парламентаар ийнхүү хэлэлцэж эхлээд байна. Өөрөөр хэлбэл, та бусад суурин газар болоод хөдөөнөөс нийслэлд шилжин суурьших, эсвэл Улаанбаатарт амьдарч байгаа бол мөнгө төлнө гэсэн үг.

Тодруулбал, нийслэлд амьдрахын тулд татвар төлнө. Хүн бүрээс мөнгө татдаг болчихвол хотод тулгарсан асуудлуудыг багасгана гэж үзэж байгаа юм. Ингэснээр хүн амын их нүүдэл буурна. Адаглаад хорт утааг багасгах, замын түгжрэлээс салахад тустай. Олон хүний хөл дагасан хог хаягдал ч цэгцэрнэ. Иргэд албан татвар төлөхийн хэрээр хот хөрөнгөтэй болох юм. Ингэснээр эдийн засаг болоод эрх мэдлийн хувьд хүчтэй болох тухай Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгажээ.

Засаг дарга нар нэг шат ахина
Хуулийн төслийн өөр нэг шинэ зохицуулалт нь дүүрэг, хорооны Засаг дарга нарын эрх мэдэл, албан тушаалын харьцуулалтыг нэг шатаар ахиулах юм. Хотын даргыг аймгийн Засаг даргатай, сумын Засаг даргыг нийслэлийн хороодын даргатай адилхан эрх мэдэл, үүрэгтэй байдаг. Гэвч хариуцсан газрынх нь хүн амын тоо харьцангуй зөрүүтэйгээс статусыг нь өөрчлөхөөр болжээ.

Одоогоор дүүргийг сумтай, хороог багтай адилтгаж үздэг. Хуулийг өөрчилж дүүргийг аймагтай, хороог сумын төвтэй нэг зиндаанд дүйцүүлэхээр болж байна.

Нийслэлийн ИТХ-ын дарга нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ нийслэлийн Засаг даргын нэгэн адил баталгаагаар хангахаар төсөлд тусгажээ. Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Засгийн газрын гишүүнтэй адил зиндаанд хүрнэ. Тодруулбал, НИТХ-ын дарга хотын мээртэй, хотын мээр нь сайдтай адил бүрэн эрхтэй байх аж.

Үүнээс гадна дүүргийн ИТХ-ын даргыг аймгийн .ИТХ-ын даргын албан тушаалтай адилтгах нь.
Түүнчлэн нийслэлийн ИТХ-ыг байнгын ажиллагаатай болгох аж. Хотын хөгжил, ирээдүйн шаардлагыг харгалзан шийдэх асуудал нэмэгдэж байгаа учраас байнгын НИТК болгохоор зохицуулж байгаа юм.

Мод бут тарьсан бол урамшуулал хүртэх эрхтэй
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд иргэдийн эрх, үүргийг нэмж оруулжээ. Нийслэлийн оршин суугч нь амьдарч буй орчноо тохижуулсан, мод, бут тарьсан, нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулсан тохиолдолд урамшуулал хүртэх эрхтэй байх гэнэ. Харин эсрэгээрээ хотын ногоон байгууламж, байгалийн болон таримал мод, бут, сөөгийг хугалах, устгах, сүйтгэх, байгаль орчин, нуур, цөөрөм, гол, горхи, булаг, шандыг ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлаар бохирдуулахыг хориглоно. Ийм зөрчил гаргавал торгуулна.

Мөн шилжин ирсэн иргэд тухайн засаг захиргааны нэгжид тогтоосон хугацаанд бүртгүүлэх, хуульд заасан хураамж, төлбөр төлөх юм. Үүнийг зөрчвөл мөн л торгууль төлнө.

Хотын хүн амын тоо өсөхийн хэрээр хот төлөвлөж, байгаль орчин, экологийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, гэмт хэрэг, зөрчил ихсэх, замын хөдөлгөөний түгжрэл үүсэхээс гадна хүний эрүүл мэнд, нийгмийн халамж үйлчилгээ доголдох гээд саар зүйл мундахгүй араасаа хөвөрнө.

Нийслэл татвар хураамжтай болсноор бусдаасаа давуу эрхтэй болох юм.

Хотод 183 хоног амьдарвал нийслэлийн оршин суугч болно
Хуулийн төслийн 13.1-т "Нийслэлийн засаг захиргааны нэгжид бүртгүүлэн 183 ба түүнээс дээш хоногийн хугацаагаар байнга оршин суугаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг нийслэлийн оршин суугч гэнэ" хэмээн заажээ. Харин 183 хүртэл хонох Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүмүүсийг түр оршин суугч гэж үзэх юм байна.

370 настай их хотод бид эмх цэгцтэй, дэг журамтай амьдрахад Нийслэлийн эрх зүйн байдлын тухай шинэ хууль шаардлагатай байгаа юм. УИХ-ын гишүүд хуулийн төслийг дэмжиж, яаралтай батлахыг зорьж байна.

М.Цэцэг
Хотын гудамжаар өнгө өнгийн, сайн муу төрөл бүрийн маркийн машин холхилдох болсон. Эдний дотор хар утаа хаяж, салж унах дөхсөн нь олон. Өнөөдрийн байдлаар улсын хилээр өдөрт хэдэн арван машин орж ирдэг гэсэн тоо байдаг. Жилийн дөрвөн улиралтай манай оронд нэг дугуйгаараа явна гэж байхгүй. Нэг машин жилд хэд хэдэн дугуй сольдог гэж бодно. үүнээс үүдэн хаа сайгүй л хагарсан, халцарсан дугуй нийслэлийн энд хог болоод буйн харагддаг. Зарим байгууллага орчныхоо тохижилтод хэрэглэсэн байх жишээтэй. Энэ хэрээр хаягдал дугуй, хаймарыг шатааж агаарын бохирдолд нэрмээс болж байгаа тохиолдол олон болов. Бүр мод нүүрсний оронд хямд өртөгийг нь бодож дугуй, шатааж өвөлждөг өрх ч бий.

Гэрийн ойролцоох дугуйн засвараас хуучин дугуйны үнийг асуухаар очиход зуухныхаа хажууд шатааж байгаа бололтой хэсэгчилсэн дугуй харагдана. Нэг хуучин дугуйг 300-500 төгрөгийн хооронд худалдаалдаг гэнэ. Харамсалтай нь ямар их хороор нийслэлчүүдийг хордуулж буйгаа тэд мэддэггүй. Ийм хүмүүст тооцдог хариуцлагын тогтолцоо ч гэж алга. Уг нь Монгол Улсын Агаарын тухай хуулинд “суурин газрын агаарыг хортой халдвартай эвгүй үнэртэй бодис, хаягдлаар бохирдуулах хог хаягдлыг зориулалтын бус газарт хаях шатаахыг хориглоно гэсэн байгаа. Мөн дээрх үйлдлийг зөрчсөн этгээдэд хариуцлага тооцож үйл ажиллагааг нь зогсоох” гэсэн заалтууд байдаг аж. Гэтэл хаягдал дугуйн бизнес эрхлэгчдэд хууль нь гууль болсон бололтой юм.

Дугуйг нийлэг “полимер” эдээр хийдэг. Байгальд хэдэн зуун жил байсан ч устдаггүй хэр баргийн халуунд задарч алга болдоггүй амь бөхтэй материал. Хаймар шатахдаа хар утаа олгойдуулж, орчин тойрондоо эвгүй үнэр тараадгийг бүгд мэднэ. Харин энэ утаа химийн хорт бодис агуулж, улаан хоолой уушги, зүрхний өвчний суурь болж, нүдний салст бүрхэвчийг гэмтээж, хүчилтөрөгчийн дутагдалд оруулдгийг иргэд тэр бүр мэддэггүй. Түүнчлэн, дугуй шатаахад “бензперин” хэмээх бодис ялгарч хорт хавдар үүсгэх нөхцөлийг бүрдүүлдэг байна. Ингээд бодохоор Улаанбаатарт амьдарч буй иргэд эрүүл орчинд амьдарч чадаж байна уу.

Улаанбаатарт байгаа хаягдал дугуйг цуглуулбал хэдэн саяд хүрнэ. Эдгээр дугуйг цуглуулж байгальд хоргүй болгох гэвэл ихээхэн мөнгө зарж, багагүй ажил ундрах нь гарцаагүй. Тиймээс ашигтай зүйлд ашиглах боломж байж л таараа. Дугуй шатаахад дөрвөн төрлийн материал гардаг. Эдгээр бүтээгдэхүүн бүгд ашигтай.

Дугуй, хаймар, тэр ч бүү хэл гялгар уут гээд хатуу хаягдлыг 400-500 градуст задлахад хий үүсдэг аж. Энэ хийг гаазын зуух, хийгээр ажилладаг машинд хэрэглэж, генератор ашиглан цахилгаан үйлдвэрлэж болох гэнэ. Харин шаталтын явцад үүссэн давирхай цахилгаан станцуудын галлагааны гол түүхий эд болдог. Гэтэл энэ материалыг ОХУ-аас тонн тонноор нь зөөж, хэдэн “бор”-оо гадагш нь урсгаж байна. Нэг тонн давирхайг 2000 гаруй ам.доллараар худалдаж авдаг аж. Тэгвэл хаа сайгүй байгаа хаягдал дугуйны 180 ширхгээр нэг тонн давирхай гаргаж авч болдог байна.

Харин сүүлийн хэдэн жил хэлээ цуцтал ярьж, хэлж, бичиж байгаа шахмал түлшний бэлэн материал өнөөх дугуйнаас ялгардаг байна. Задралд орсон хаймарын хатуу үлдэгдэл коксжсон бэлэн бүтээгдэхүүн болж ялгарах хорт хий багасдаг байна. Мөн халуун задралаар үүссэн давирхайг нэрж дизель, бензин, үлдэгдэл хатуу хаягдлыг зам барихад ашиглах гээд хэрэггүй, хэрэгцээгүй зүйлгүй байдаггүй. Бас болоогүй эндээс төмөр хүртэл гаргах боломжтой гэнэ.

Гадаадын хөгжингүй орнуудад ийм төрлийн үйлдвэрүүд олноороо байдаг аж. Харин манай улсад ийм үйлдвэр огт байдаггүй гэвэл бас үгүй. Хэдэн жилийн өмнө овоо хэдэн сая төгрөг зарцуулж хаягдал дугуй боловсруулах үйлдвэр барьж байсан. Дугуй шатааж амиа аргацаадаг иргэд агаарын бохирдлын тал хувийг нь үйлдвэрлэж байна. Хэдэн зуун саяын хөрөнгө шаардсан, хөгжилтэй орны том технологийг мөрөөдөн суухын оронд өөрт байгаагаа тордож болмоор. Байгальд хортой, агаар дахь хорт хийн найрлагыг арвижуулж буй дугуйг цуглуулж ашигтай зүйлд зарцуулъя.

Б.Рэнцэнханд
Хэнд, хэрхэн борлуулах нь хятад компанийн эзний асуудал
Нийслэлийн хэмжээнд хамгийн тулгамдсан асуудлуудын нэг нь хаа сайгүй хаяа тэлсэн гэр хороолол. Гэр хорооллын айлуудын газрыг орон сууцаар солино, улмаар утааг багасгана, хот төлөвлөлтийг сайжруулна хэмээн ярих болоод уджээ. Засгийн газраас "Гэр хорооллыг барилгажуулах төсөл" хэрэгжүүлж эхлэн зарим хорооллын шавыг тавьсан ч ашиглалтад орж, ажил хэрэг болсон нь байхгүй гэж хэлж болно.

Энэ ажлын хүрээнд төлөвлөгдсөн нэг газар нь Сүхбаатар дүүргийн есдүгээр. хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Толден Харвест" хотхон юм. Хятадын "Фу Жиан Лян Хө" ХХК-ийн барьж буй дээрх орон сууц мөн л энэ төслийн хүрээнд төлөвлөгдсөн ажлуудын нэг гэх. Гэвч хэзээ ашиглалтад орж, гэр хорооллынхны нэгээхэн хэсэг орон сууцанд орох эсэх нь тодорхойгүй байсаар л.

Барилгын хашаа руу ороход нэг буланд ухсан газрын хөрснөөс ус гарсан бололтой харагдаж байв. Хашаан дотор нь хаа сайгүй хог шороо, эвдэрхий зүйлс хөглөрч, эвгүй үнэр үнэртэн ороод гарсан нэгэнд "сайхан орон сууц баригдаж байна даа" гэсэн сэтгэгдэл лав үлдээхээргүй. Тус компанийнхан шав тавих ёслолд оролцсон төр, засгийн удирдлагуудын зургийг ханандаа өлгөсөн байлаа. Мөн тэрхүү өрөөнд байрлах макетийг харвал одоо баригдсан барилгаас гадна гурван орон сууц нэмэгдэх аж.

Өөрийгөө компанийн ажилтан гэснээс өөр зүйл хэлэхийг хүсээгүй хятад иргэнтэй уулзсан юм. Түүнээс гэр хорооллыг барилгажуулах төслийн хүрээнд баригдаж буй энэ орон сууц хэзээ ашиглалтад орох, хэрхэн борлуулах талаар лавлалаа.

"Манайх уг орон сууцыг өөрийн хөрөнгөөр барьж байгаа. Монгол Улсын Засгийн газрын зүгээс хамтран ажиллаагүй. Хямд үнээр борлуулах боломж байхгүй. Метр квадратыг нь сая гаруй төгрөгөөр зарна. Үүнээс хямд үнээр зарах боломж байхгүй. Төлөвлөгдсөн барилгуудаа барих гээд айлуудаас газрыг нь авах гэхээр 150-200 сая төгрөг нэхээд хөдөлдөггүй. Бид иргэдэд газрыг нь нэгээс хоёр өрөө байраар солихийг санал болгодог юм" гэснээс тодорхой юм хэлсэнгүй. Энэ оны долдугаар сард багтааж, ашиглалтад оруулахаар төлөвлөсөн уг байранд иргэд орохоор захиалгаа өгчээ. Тэд Засгийн газраас тогтоосон метр квадрат нь 650 мянга гэсэн үнийг яаж тооцож гаргасныг ойлгохгүй байгаагаа хэлж байлаа.

Ойр орчмын айлуудаас тус компани газрыг нь авах санал тавьсан эсэхийг лавласан юм. "Манай энэ хавийн газар хотын төвийн А зэрэглэлийн бүсэд хамаардаг. Тэгэхээр газар маань өндөр үнээр үнэлэгдэх ёстой. Газрыг байраар сольё гэж байсан. Анх санал тавьж байхдаа байр өгөөд биднээс зөрүү мөнгө нэмж авах ухааны юм ярьсан" гээд мөн л нэрээ хэлэхийг хүссэнгүй.

Чингэлтэй дүүргийн есдүгээр хорооны дарга н.Ганцацрал:
-"Уг барилга нь манай хорооны долдугаар хороолол болж байгаа юм. Гэвч ашиглалтад оролгүй хоёр жил боллоо. Өмнө нь энэ газарт нийслэлийн өмчийн аж ахуйн хашаа байсан. Айлуудын эзэмшлийн газар дээр баригдаагүй л дээ. Цаашид хорооллын бусад барилга баригдвал цөөн айлын хашаа газарт орж магадгүй. Иргэдийн зүгээс биднийг энэ байшинд оруулах болов уу гэсэн хүлээлт байдаг юм.

Санхүүжилтгүйн улмаас гацаанд оржээ
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд "Гэр хорооллыг барилгажуулах,төсөл"-ийн хүрээнд баригдаж буй орон сууцны барилгын ажил хэр явагдаж байгааг сонирхсон юм. Уг орон сууцны хорооллын төслийг Монгол Улсын Засгийн газар, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, нийслэлийн Засаг даргынТамгын газар хамтран хэрэгжүүлж байгаа аж. Гадна өлгөсөн самбар дээр захиалагч компани "Өлзийт Интер Трейд" ХХК хэмээн бичсэн байлаа. Харин гүйцэтгэгч компанийн  нэрийг дарсан байсан юм. Самбарт бичсэнээс үзвэл уг орон сууцны хороолол 2009 оны эхний хагаст ашиглалтад орохоор
төлөвлөгдсөн аж.

Гэвч одоогийн байдлаар нэг барилгын ажил нь эхлээд зогссон байдалтай байлаа. Баригдаж буй орон сууцны хажуу талын айлууд нь "Өнгөрсөн намраас л ажил нь зогсчихсон, одоо эхлээгүй л байна шүү дээ" хэмээсэн юм. Зам, тээвэр, барилга хот байгуулалтын яамны газрын дарга Г.Мягмараас "Гэр хорооллыг барилгажуулах төсөл"-ийн хэрэгжилт хэрхэн явагдаж байгааг тодрууллаа.

"Гэр хорооллын барилгажилт" төслийн хүрээнд одоогийн байдлаар нийслэлд гурван хороолол төлөвлөгдсөн. Үүнд Баянзүрх дүүргийн 14, 11 дүгээр хороолол, Чингэлтэй дүүргийн долдугаар хороолол орж байгаа. Эдгээр газарт барилгын ажил эхлээд инженерийн шугам сүлжээний гүйцэтгэл зэрэг нь хийгдсэн. Чингэлтэй дүүрэгт баригдаж буй “Golden Harwest” хорооллын хувьд тухайн компани өөрийн  хөрөнгөөр барьж байгаа.

Одоогийн байдлаар нэг л орон сууц баригдсан юм шиг байна лээ. Нэгэнт өөрсдийн хөрөнгөөр босгосон болохоор яаж борлуулж, цаашид барилгын ажлаа үргэлжлүүлэх нь өөрсдийнх нь асуудал. Харин бусад хорооллын хувьд хөрөнгө оруулалт байхгүйн улмаас зогсчхоод байна. Хятадын Засгийн газраас манай улсад зээлж буй 300 сая ам.долларын зээлийн 100 саяыг барилгын салбарт хөрөнгө оруулна хэмээн хэлж байсан. Үүнийг зарцуулахаар төсөвлөсөн. Хятадынталаас зээл өгсөн учраас эдгээр хорооллыг өөрийн компаниар гүйцэтгүүлэх сонирхолтой байгаа л даа. Гэтэл санал болгосон газрууд нь дэндүү өндөр үнэ хэлдэг юм.

Тиймээс гүйцэтгэгч компанитай байгуулсан гэрээг цуцлаад дахин тендер зарлахаар төлөвлөсөн. Засгийн газраас хөрөнгө гаргах ямар ч боломж байхгүй гэдэг юм. Банкууд ч барилгын салбарын борлуулалт удаан, эргэн төлөгдөх боломж тааруу гээд зээл олгодоггүй талтай. Төлөвлөгдсөн газарт орж байгаа айлууд хашаагаа өндөр үнээр үнэлэх асуудал бас байдаг. Уг нь тухайн хувийн эзэмшлийн хашааны газарт үнэлгээ хийж, зөрүү мөнгийг тохирох, шинээр баригдсан орон сууцнуудад оруулж болохоор.

Гэтэл үүнийг зохицуулдаг хууль байхгүй учраас иргэд өндөр үнэ хэлж, "миний газар" гээд хэвтчихдэг тал бий. Хаана, хаанаа хэрэгтэй ажил хийж байхад иргэд үүнийг ойлгож, ухамсартай хандах хэрэгтэй. Тэрбээр ингэж ярив. Эдгээрээс харахад "Гэр хорооллыг барилгажуулах төсөл" сүржин эхэлсэн ч замын дундаас хаачихаа мэдэхээ больсон бололтой. Ашиглалтад тун удахгүй орох гэж буй ганц орон сууц нь хятад эздийн-хээ эрх мэдлийн дагуу хэнд очих нь тодорхойгүй.

Гэвч тэдний орон сууцаа зарахаар тогтоосон ханшийг манай гэр хорооллынхон хүчрэх болов уу гэдэг эргэлзээтэй. Засгийн газрын зүгээс хамтран хэрэгжүүлж буй хорооллын барилгын төсөл нь хөрөнгө байхгүйн улмаас гацчихаад асуудал хэзээ шийдэгдэх нь тодор-хойгүй болжээ. Дээр нь орон сууц баригдах газрын асуудал иргэдийн ашиг сонирхолтой зөрчилдөн үнэд хүрчихсэн байдаг. Энэ янзаараа гэр хороолол мөддөө барилгажихгүй нь!

Т.Урангэрэл
2009 онд өмнөх жил шигээ өөр төрлийн эрчим хүчний эх үүсгүүрүүдээс салхины эх үүсгүүрээр эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал Европын Холбооны хэмжээнд хамгийн ихээр нэмэгдсэн байна. 2008 онд суурилуулсан нийт 25963 МВт хүчин чадлаас салхины эх үүсгүүр үйлдвэрлэсэн нь 10163 МВт буюу нийт хүчин чадлын 39 хувь, байгалийн хийгээр 6630 МВт буюу 26 хувь, нарны эх үүсгүүрээр 4200 МВт буюу 16 хувь болж байна.

Түүнчлэн нүүрсээр 2406 МВт-9 хувь, биомассаар 581 Мвт-2,2 хувь, дизель түлшээр 573 МВт-2,2 хувь, хог хаягдлаар 442 МВт-1,7 хувь, цөмийнтүлшээр439-338МВт-1,7хувь, томоохон УЦС-аар 1,3 хувь, нарны хураасан эрчим хүчээр 120 МВт-0,46 хувь, бага оврын УЦС-аар 55 МВт-0,2 хувь, байгалийн бус хийгээр 12 МВт-0,04 хуь, газрын гүний дулаанаар 3,9-0,01 хувь, далайн дулааны эрчим хүчээр 0,4 Мвт хүчин чадал бүхий эрчим хүчийг үйлдвэрлэжээ.

Өнгөрсөн онд Европын Холбооны хэмжээнд цөмийн эрчим хүчний 1393 МВт, нүүрсний 3200 МВт хүчин чадал бүхий эх үүсгүүрүүдийг хаасан байна. Цөмийн болон нүүрсний шинэ эх үүсгүүрүүд нь хаагдсан эх үүсгүүрүүдийн хүчин чадлаас хамаагүй бага байв.

Доорхи хүснэгтээс салхины эрчим хүчний 2008 (I), 2009 (II) онд суурилагдсан хүчин чадлыг харьцуулан үзэж болох бөгөөд 2008 оны эцсийн (III), 2009 оны (IV) эцсийн төлөв байдлаар нийт ямар хэмжээтэй болсныг харж болно.



2008 онд суурилагдсан салхины хүчин чадал сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрүүдийн 50 гаруй хувийг эзэлсэн бөгөөд 2009 онд ашиглалтанд орсон нийт сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрүүдийн 61 хувийг эзэлжээ. Салхины цахилгаан станцийн хүчин чадал 2009 онд ХБНГУ, Испани, Итали, Франц, Их Британи зэрэг улсад хамгийн ихээр нэмэгджээ.

Айдас дундах амьдрал

2010 оны 05-р сарын 06 Нийтэлсэн БАТ
-Нийслэлчүүд бид хэр баталгаатай амьдардаг вэ-

Иргэнийхээ амьд явах баталгааг улс орон нь хангах үүрэгтэй. Харин иргэд нь үүргээ биелүүлж байх ёстой. Өндөр хөгжилтэй орнууд хүнийхээ хөгжилд бүх анхаарлаа хандуулж байдаг. Машин үйлдвэрлэлээ гэхэд үүнд хүн суух юм шүү гэж бодолцсон нь анхаарал татдаг. Тэр бүү хэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ бусадтай адил ямар ч зовлонгүйгээр зорчуулж байх жишээтэй. Харин манай улс “Иргэн баян бол улс баян ” гэж хоосон лоозон тавьчихаад иргэдээ зөнд нь хаячихсан юм шиг ажиглагддаг. Өнөөдөр Улаанбаатарын гудамжаар чөлөөтэй алхах нөхцөл тун бага. Замаар гарах явган гарц бий юу гэвэл бий. Уулзвар бүрт гэрлэн дохио байх. Тэр нь алдаг оног ажиллана. Жолооч нар нь замын хөдөлгөөний дүрмийг үл дагана. Гадаадын нэгэн хэвлэлд “Монголд замын хөдөлгөөнд оролцохдоо болгоомжтой явахгүй бол хаанаас ч ирээд мөргөчихөж мэднэ. Баталгаа тун бага” гэж бичсэн нь бий.

Өнгөрсөн жил нэгэн сэтгэл эмзэглэмээр судалгаа гарсныг санаж байна. Манай улсад авто машины ослоор нас барагсдын тоо Иракт байлдаж нас барсан Америкийн цэргийн тооноос давчихсан байсныг мэдээлж байсан. Энэ бол дэндүү эмгэнэл. Манай нийслэлд жилд хэдэн зуугаар тогтохгүй иргэд бэртэж амь насаа алдаж байна. Энхийн цагт иргэдээ зүй бусаар алдаад байгаагаа Монголын төр хэр анхааралдаа авдаг юм бол доо.

Нийслэлд өдөр бүр автын ослын дуудлага хэд хэдээрээ ирж, зам дээр мөргөлдчихсөн, шүргэлдчихсэн машинууд замын хөдөлгөөнийг түгжээд зогсож байгаатай бид байнга таарч байдаг. Энэ нь дасал болчихжээ. Сүүлийн үед хүн дайрчихсан жолооч нар газар дээрээсээ шууд зугтдаг боллоо гэж замын цагдаагийнхан ярьж байна. үүнийг хүн чанарын доройтол гэж хэлж болохоор.. Гэмт үйлдлийн ихэнх нь согтуутаар жолоо барьж явснаас болсон байх юм. Тэр бүү хэл нийтийн тээврийн том оврын автобусны зарим жолооч нар билет таслагчаараа архи авахуулаад халамцуу хүн тээвэрлээд явж байдаг гэх яриа бий. Тэгэхээр гэгээн цагаан өдөр ч машинаас болгоомжлох, харанхуй гудамжинд явахдаа хүнээсээ айх, бүүр байгаад хөлсөөр сууж хөл залгуулах таксинаас айх болсон.

Нийслэлийн иргэд бид хэдий болтол байнгын айдастай явах болж байна вэ. Сүүлийн үед хот дотор эрсдэл өндөртэй шатахууныхаа савыг ил байрлуулсан шатахуун түгээх станцууд олноор бий болжээ. Саяхан нийслэлийн мэргэжлийн хяналтын газар бусад холбогдох байгууллагуудтай хамтран шалгалт явуулжээ.

Шалгалтаар зөрчилтэй долоон шатахуун түгээх станцыг хаасан байна. үүнд Петровис, Магнай трейд, Сод монгол компаниуд хамрагджээ. 2004 онд нийслэлд ил шатахуун түгээх станц 15 байжээ. Ил байрлалтай шатахуун түгээх станцыг мэргэжлийн хяналтынхан нийслэлийн иргэдийн дунд асар хүчтэй дэлбэрэх бөмбөг тавьчихсантай адил гэж мэдэгдэж байна. үүнийг нь ямар нэгэн согтуу жолооч ирээд мөргөчихөж болох аюул ойрхон байгаа аж.

Одоогоор зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа болон байрлах газраа зөв сонгоогүй зориулалтын бус 42 шатахуун түгээх станц байгааг мэргэжлийн хяналтынхан нийслэлийн ЗДТГ-т мэдэгдээд байна. Хариу ямар арга хэмжээ авсныг иргэд хүлээж байгаа. Манайхан шалгасан илрүүлсэн гэх нь олон. Дараа нь өөрчлөлт ороогүй байхыг бодоход ханцуй дотроо тохиролцсон юм шиг ажиглагддаг. Дээрх байдлаас үзэхэд нийслэлчүүдэд цэрвэж болгоомжлох зүйл олон болжээ. Гудамжинд явахдаа машинаас болгоомжлох, идэж, ууж байгаа хүнснээсээ болгоомжлох гээд юм юм л болж байна. Цаашид хэрхэхийг хэн мэдлээ.

Н.Сүрэн
Агаарын бохирдлыг  бууруулах ажилд анхаарал хандуулах Үндэсний хороо байгуулахаар болсон байна.

Энэ тухай дөнгөж сая УИХ-аас томилогдсон ажлын хэсэг мэдэгдлээ.

Тэдний мэдээлж буйгаар өнгөрсөн гурван жилийн хугацаанд утааг арилгахын тулд улсын болон орон нутгийн төсвөөс 8.7 тэрбум төгрөг баталж, 8.2 тэрбум нь санхүүжигдсэн байна.

Гэвч агаарын бохирдол 2007 оноос хойш 28 хувиар нэмэгдсэн инээд хүрэм судалгааны дүн гарсан байх юм.

Иймд энэ чиглэлийн ажил үр дүнгээ өгөхгүй байгаа учир агаарын бохирдлыг арилгах ажлыг эрчимжүүлэх Үндэсний хороо байгуулж түүнийг  нь Ерөнхий сайд С.Батболд ахалж ажиллахаар болжээ.

УИХ-ын ажлын хэсгийн мэдээлж буйгаар агаарын бохирдлыг бууруулахад улсын төсвөөс жилд дор хаяж 50 тэрбум төгрөг зарцуулах ёстой аж.

Өнгөрсөн гурван жилд хэрвээ 150 тэрбум төгрөгийг төсөвлөөд явсан бол бид өнөөдөр нүүрс боловсруулах үйлдвэртэй болчих байжээ.

Одоо нэгэнт байдал хүндэрсэн учир бид өнөөдөр барилга барьж иргэдийг орон сууцжуулах тухай яриад хэрэгжүүлэхэд хол болоод байгаа гэнэ.

Тиймээс УИХ, Засгийн газар юун түрүүнд агаарын бохирдлын хорыг арилгах ажилд ойрын хугацаанд анхаарлаа хандуулахаар болжээ.

Манай улсын агаарын бохирдлыг 100 хувь гэж үзвэл:
-50 хувийг гэр хорооллын өрхийн зуухнаас /169 мянган өрх/,
-III цахилгаан станциас зургаан хувь,
-авто машинаас 20 хувь,
-барилга, үйлдвэрлэлийн салбараас 14 хувь,
-бусад 10 хувь байна гэж судлаачид тогтоосон байна.

Түүнчлэн агаарын бохирдол болоод бусад шалтгаанаар манай улсад жилд 90.7 мянган хүн амьсгалын замын өвчнөөр өвчилж түүнд 4.8 тэрбум төгрөг зарцуулдаг гэсэн дүн гарчээ.

Мөн 0-16 насны  хүүхдүүд багтраа тусах хандлага сүүлийн жилүүдэд илүүтэй нэмэгдэх болсон байна.

Үүний гол шалтгаан нь агаарын тоосжилтоос болдог аж. Агаарын тоосжилт нь зам, барилга,  утаа зэргээс  үүддэг талаар өнөөдөр мэдээлэл хийсэн хүмүүс ярилаа.

Өнгөрсөн гурван жилд зарцуулсан 8.7 тэрбум төгрөгний 6.6 нь хотод төсөвлөгдсөн байна.
Хийсэн ажлын тухайд дийлэнх нь шахмал түлш үйлдвэрлэх, энэ хүрээнд дэх ажлын судалгаа зэрэгт зарцуулжээ.

Түүнээс гадна өнгөрсөн гурван жилд агаарын бохирдлын эсрэг 12 хуулийн төсөл боловсрогдсон ч УИХ-д өргөн баригдаагүй байна. Гол шалтгаан нь өнөөх санхүүжилттай л холбоотой гэнэ.

Одоо утааны эсрэг ажлыг Ерөнхий сайд ахалж байгаа болохоор  энэ төрлийн ажлын санхүүжилт шийдэгдэх магадлал өндөр болж байгаа талаар холбогдох хүмүүс мэдээлж байна.

Гэхдээ энэ жилийн улсын төсөвт 12 орчим тэрбум төгрөгийг агаарын бохирдлыг арилгах ажилд төсөвлөгдөөд байгаа гэнэ.

Үүнээс таван тэрбум нь дулаан цахилгааны шинэ эх үүсвэр барих, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах тендер зарлагдсан байна.

Ч.Болортуяа

Жаахан ч гэсэн шударга байя, барилгынхаан

2010 оны 05-р сарын 04 Нийтэлсэн БАТ
Манай улсад орон сууцны метр квадратыг хэрхэн тооцох аргачлал тодорхой бус байгаагаас иргэд хохирч байна. Өөрөөр хэлбэл, ихэнх компани орон сууцны метр квадратыг тооцохдоо барилгын ханын зузааныг оруулж байгаа юм. Гэхдээ үүнийг иргэд тэр бүр мэддэггүй.

Барилгын компанийнхан ч байраа сурталчлахдаа энэ талаар үг унагадаггүй. Ингээд л иргэд тухайн метр квадрат нь амьдрах зай хэмээн ойлгож байраа худалдан авдаг. Тэгээд ч иргэд байрныхаа талбайг метр бариад тэр бүр хэмжээд байхгүй. Нөгөөтэйгүүр, том байранд 2-3 метр квадрат дутуу байхад иргэд тэр бүр анзаарахгүй.

Тэгвэл ханын зузааныг оруулбал хэдэн метр квадрат талбай дутаж байгааг жишээн дээр тайлбарлъя. Та 49 метр квадрат талбайтай байр (квадрат метрийн үнэ нь 1.2 сая төгрөг гэвэл 58 сая 800 мянган төгрөг болно) худалдан авлаа гэж бодъё. Угсармал барилгын ханын зузаан ойролцоогоор 64 см байдаг. Тэгвэл уг зузааныг оруулж тооцвол 49 метр квадрат байрны цэвэр зай нь 46 болж байна. Өөрөөр хэлбэл, гурван метр квадрат талбай нь хана гэсэн үг. Энэ нь 3 сая 300 мянган төгрөг болж байна.

Барилгын бүх компани ханын зузааныг оруулж тоолдог юм болов уу хэмээн судалж үзвэл үгүй юм. Ханын зузааныг метр квадратад тооцдоггүй цөөнгүй компани байна. Тэгэхээр ханын зузааныг оруулж тооцох нь тухайн барилгын компанийн үзэмжийн асуудал байдаг бололтой. Эндээс үүдэж барилгын компаниуд тодорхой аргачлал мөрдөгдөхгүй байгааг далимдуулан ханын зузаанаас мөнгө унагаж байна гэвэл хилсдэхгүй болов уу.

Учир нь үнэхээр л ханын зузааныг заавал оруулж тооцох ёстой бол бүх компани энэ жишгийг дагана. Харин ханын зузааныг тооцдоггүй компани цөөнгүй байгааг дээр дурьдсан билээ. Уг нь барилгын компани иргэдэд амьдрах орон зайг бүрдүүлж өгөхийн тулд мөнгө авч хана босгож байгаа. Гэтэл дээр нь нэмээд ханын зузааныг тооцон мөнгө авч байгаа нь ойлгомжгүй.

Одоо байтлаа шатны зузаан, дээврийн зузаан тэд гээд мөнгө авах нь л дээ. Магадгүй үүнийгээ аль эртнээс тооцоод эхэлчихсэн ч юм билүү. Иргэд хэдхэн сарын цалингаараа байртай болдоггүй. Бүхэл бүтэн 10-20 жил хөдөлмөрлөж байж ганц өрөө байрны мөнгө цуглуулдаг. Гэтэл мөнгөө бариад ирсэн хүнийг барилгын компаниуд доромжлохоо больё.

Саяхан нэгэн хүнд тохиолдсон жишээг хэлье. Энэ удаад барилгын компанийн нэрийг дурьдахаас татгалзав. Б нэг өрөө 25 метр квадрат байрыг 26.5 сая төгрөгөөр зарна гэсэн зарын дагуу очиж үзэхээр болов. Чамлахаар чанга атга хэмээн бодож хөлсөлж буй 12 метр квадрат байртайгаа дээрх орон сууцыг харьцуулан төсөөлж, хэр том байх бол хэмээн барагцаалсаар очиж гэнэ. Ингээд 25 метр квадрат нэг өрөө байранд нь орж үзтэл хөлсөлж буй умгар өрөөнөөс ялгагдахгүй байжээ. Гайхсан залуу инженерээс энэ талаар лавлахад "Хана нь их зузаан шүү дээ" хэмээн хариулсан аж. Залуу хариуд нь "Би тэгээд ханыг нь ухаад амьдрах юм уу" гэж хэлээд гарч оджээ.

Үнэхээр ч иргэд ханыг нь ухаад амьдрахгүй. Тиймээс барилгын компаниуд орон сууцны метр квадратыг танилцуулахдаа ханын зузааныг оруулж хэлэх ямар ч шаардлагагүй юм. Иргэдэд амьдрах орон зайн бодит тоо л хэрэгтэй. Түүнээс биш ханын зузаан ямар байх нь хамаатай асуудал биш. Тэртээ тэргүй барилгын компани чанартай барилга барьж өгснийхөө төлөө иргэдээс мөнгө авч байгаа бус уу.

Дашрамд сануулахад, орон сууцны метр квадратын үнэ өндөр байгааг мэргэжлийн зөвлөлөөс сануулдаг. Гэтэл дээр нь ханын зузаан гээд мөнгө нэмж авах нь хэр шударга бизнес вэ.

Г.Батзориг http://niigmiintoli.mn/
Нийслэлчүүдийн хамгийн их гомдоллодог зүйлийн нэг бол гэр эзгүй байхад тогны мөнгө гарлаа, манайх бараг цахилгаан хэрэглээгүй байхад тогны мөнгө хэтэрхий их гарлаа гэсэн гомдол байдаг. Энэ асуудлаа шийдвэрлүүрэх гэхээр Улаанбаатар шугам сүлжээ компанийхан бидэнд хамаагүй тоолуур гарсан л бол та нар төл, үгүй бол тогийг чинь тасална  гэж айлгаад  иргэдийг явуулчихдаг. Ингээд хаашаа хэнд хандахаа мэдэхгүй иргэд хэлсэн аманд нь багтан  тогоо таслуулчихгүйн тулд хэрэглээгүй тогныхоо мөнгийг төлж тогоо таслуулахаас аврагддаг.  Энэ маягаар иргэдээс мөнгө завшсаар байна. Заримдаа бүр танайх тогныхоо мөнгийг төлөөгүй байна, гээд мөнгөө төлчихсөн айлын  тогийг тасдаад хаячих нь энүүхэнд. Бид энэ талаар Эрчим хүчний зохицуулах газрын үнэ тарифын албаны мэргэжилтнээс тодруулахад “Тоолуурынхаа баталгаажилтанд эргэлзээтэй байгаа бол шалгуулж болно. Шалгуулах бүрэн эрхтэй. Холбогдох дүүрэг, хорооныхоо тоолуурын төв, хэрэглэгчдэд үйлчлэх төв дээр гомдлоо гаргаад, шалгуулна. Тэгээд хэн буруутай нь хариуцлагаа хүлээдэг. Нөгөө талаас бас айлууд манайд хүн байгаагүй л гээд байхаас биш тог хэрэглэдэг, хөргөгч, хөлдөөгч зэргээ залгаатай үлдээснээ мартаад манайх хүнгүй байсан гээд байдаг тал бий” гэлээ. Тиймээс тог цахилгаааны тал дээр асуудал үүсгээд байгаа хүмүүс гомдлоо дүүргийнхээ хэрэглэгчдэд үйлчлэх төвд гаргаж асуудлаа шийдвэрлүүлж болох юм байна.
Л. Оюу

Орон гэргүй, хаяггүй 400 хүн шинээр бүртгүүлжээ

2010 оны 05-р сарын 03 Нийтэлсэн БАТ
Улаанбаатар хот дахь орон гэргүй, траншейны гэх тодотголтой иргэдийг Хүний хөгжил сангаас олгож байгаа мөнгөн тэтгэмжид хамруулахдаа Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Амьдрах ухаан” сургалт үйлдвэрлэлийн төвөөр дамжуулах юм.

Тус төвөөс Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай хамтран нийслэлийн хэмжээнд тэнүүчлэн амьдарч байгаа иргэдийн судалгаа, бүртгэлийг нарийн гаргаж бичиг баримтжуулах ажлыг хийж байна.

Өнгөрсөн 14 хоногт Нарантуул, Хархорин зах, Бөмбөгөр худалдааны төв, Төмөр замын вокзал, Сансар, Улаанчулуутын хогийн цэг, 19 дүгээр хорооллын үйлчилгээний төв зэрэг тэнэмэл иргэд төвлөрдөг газруудад зарлал тарааж, бүртгэхэд 400 орчим иргэн шинээр бүртгүүлсэн нь бүгд ямар ч бичиг баримтгүй байжээ.  

Одоогоор тус төвд орон гэргүй 1200 орчим иргэн бүртгэлтэй байна. Цаашдаа тэнэмэл, орон гэргүй иргэдийг бүгдийг бүртгэж, тухайн иргэний талаарх бүх мэдээллийг, нэгдсэн сан үүсгэн хадгалахаар төлөвлөн ажиллаж байна.

Б.Нар

Орон сууц ам метр нь 960-1300 “ногоон”

2010 оны 05-р сарын 03 Нийтэлсэн БАТ
Гэр орондоо засвар хийхээс эхлээд зуслангийн байшин, орон сууц гээд бүх төрлийн барилгын ажлын улирал эхэлж байна. Барилгын салбарт гарсан шинэ, дэвшилтэт технологи, бүтээгдэхүүний үзэсгэлэн Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимд үргэлжилж байна.

Гэртээ засвар хийх гэж байгаа, барилга барихаар хаана хамгийн хямд, өргөн сонголттой бараа бүтээгдэхүүн байгааг мэдэхгүй бол та энэхүү үзэсгэлэнг зориод очоорой. Дотооддоо үйлдвэрлэдэг цемент шохойноос эхлээд гадаадаас импортолдог дээврийн хавтан, наалт, обой, орон сууцны хороолол гээд барилга, орон сууцтай холбогдох 70 гаруй компани үзэсгэлэнд оролцсон.

Гүйцэтгэл нь бүрэн дуусч, эзнээ хүлээж байгаа олон сууцны хороолол байсан. Байршил, чанараас шалтгаалан үнэ янз бүр байна. Дунджаар ам метр нь 960-1300 ногоон"-ы ханштай байв. Иргэн Б.Мөнхтуяа "Ирэх намраас хувийн байшин барихаар төлөвлөсөн. Барилгын материалын үнэ ханш судалж явна. Олон байгууллага оролцож байгаа нь таалагдаж байна.

Танилцуулга, үнийн саналыг харьцуулж судалж байж сонголтоо хийнэ" гэв. Мөн барилгын салбарын боловсон хүч, шинэ дэвшилтэт технологи, бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор барилгын салбарын оюутан, инженерүүд мэдлэг чадвараараа өрсөлдсөн. "Барилга, өндөр технологи" онол практикийн хурал 16 илтгэл тавигдсанаас "Дулааны хэмнэлттэй цонх" илтгэлээр "Цонх" констракшний захирал Л.Гантөмөр тэргүүлсэн.

"Барилга.мн" цахим хуудас, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын  яам. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим Барилгын зөвлөлөөс зохион байгуулж байгаа тус үзэсгэлэн өнөөдөр дуусна.

Б.Нар

-Орон сууц засварын зээлийн дээд хугацаа 36 сар
Орон сууцаа засахаар хэрэглээний зээл хайж байгаа энэ төрлийн зээл олгож буй банкийг танилцуулж байна. Хамгийн урт хугацаатай орон сууц засварын зээл ХААН банк олгож байна. 20 хүртэлх сая төгрөгийг 36 сарын хугацаатай авах боломжтой.

"Голомт", банк хамгийн бага хүү буюу сарын 2.1 хувийг зээл хүсэгч танд санал болголоо. "Капитал" банк нэг жил хүртэлх хугацаанд 2.4-3 хувийн хүүтэй засварын зээл олгож байна. Зээл авахад дараах материал бүрдүүлнэ.

Зээл хүсэгчийн өргөдөл, иргэний үнэмлэхний хуулбар, цээж зураг зээлдэгчийн болон хамтран зээлдэгчийн ажил байдлын тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарууд, орлого олдог болохыг гэрчилсэн бусад баримт, орон сууцны гэрчилгээний хуулбар, хамтран эзэмшигчтэй бол тэдгээрийн барьцаанд тавихыг зөвшөөрсөн итгэмжлэх, засвар хийх төсөв, оршин суугаа хорооны тодорхойлолт зэрэг материал бүрдүүлнэ.

Б.Ариунзул