WE CAN CHANGE

Нийслэлийг хөгжүүлэх төслийн уралдаан зарлав

2011 оны 09-р сарын 29 Нийтэлсэн БАТ
Нийслэлийн нутгийн зөвлөлөөс нийслэлийн хөгжлийг тодорхойлох төслийн талаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн нутгийн зөвлөл нь Улаанбаатар хотоо дэлхийн жишигт хүрсэн хот болгох зорилгоор өдгөөгөөс дөрвөн сарын өмнө байгуулагдсан. Эл зөвлөл нь эрүүл мэнд, боловсрол, зам тээвэр, бүтээн байгуулалт гээд амьдралын таатай орчин бүрдүүлэх 39 салбар зөвлөлтэйгээр үйл ажиллагаагаа явуулах юм байна.

Эдгээр 39 салбар зөвлөл бүртээ дэд ерөнхийлөгч томилж, хариуцсан асуудлаа дагнан ажиллах ажээ. Эхний ээлжинд зөвлөлийн ерөнхийлөгчөөр нь н.Буд ажиллаж байгаа бөгөөд дэд бүтэц хариуцсан ерөнхийлөгчөөр “Комик сервис”-ийн захирал н.Тамир, барилга хариуцсан дэд ерөнхийлөгчөөр “Монгол глобал” компанийн захирал н.Ганбаяр, гэр хороолол хариуцсан дэд ерөнхийлөгчөөр “Гацуурт” компанийн н.БатЭрдэнэ, гадаад харилцаа хариуцсан дэд ерөнхийлөгчөөр “Тоска” компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал н.Цэнгүүн нар ажиллаж байгаа юм байна.

Харин цаана нь 35 салбар дэд ерөнхийлөгчийн албан тушаал эзнээ хүлээж байгаа ба цаашид тууштай ажил хийх, нийслэл хотоо гэсэн сэтгэлтэй залуусыг сонгон шалгаруулах гэнэ. Мөн энэ 39 салбарт чухам ямар ажил хийж, бүтээх талаар судалгаа, тооцоотой чиг хандлага гаргахын тулд “Миний мэргэжил нийслэлийн хөгжилд” шилдэг санааны төслийн уралдаан зарласнаа дуулгалаа.

Энэхүү уралдаан нь бүх хүнд нээлттэй бөгөөд “Хотын ерөнхий төлөвлөлт”, “Нийслэлд хэрэгцээтэй, нийслэлийн эрх зүйн орчинг сайжруулах төлөвл өгөө”, “Эрүүл нийслэлийг бүтээн байгуулна”, “Дэд бүтцийг хөгжүүлэх нь”, “Нийслэлийн иргэний ёс суртахууны үнэ цэнэ” гэсэн ерөнхий таван сэдвийн дор болох юм байна.

Төслийн бүтээл авах хугацаа аравдугаар сарын 20-нд дуусгавар болж 29-нд тохиох Нийслэлийн өдрөөр төслийн ялагчдыг тодруулах ажээ.

Харин арваннэгдүгээр сарын 1-нээс хоёрдугаар шат эхлэх ба реалити хэлбэрээр телевизүүдтэй хамтран явуулах юм байна. Улмаар гуравдугаар шатанд шалгарсан төслүүдийг хэрэгжүүлэн ажиллах гэнэ.

Мөн 21 аймгийн нутгийн зөвлөлийг нийслэлийнхтэй хамтарч, нэгдсэн зөвлөл байгуулах санал тавихаар зэхэж байгаа юм байна.

Түлшний үнэ нэмэгдлээ

2011 оны 09-р сарын 29 Нийтэлсэн БАТ
Монгол Улсын экспортын нүүрсний үнэ тонн тутамд 112.2 ам.долларт хүрчээ.

Гадагш нь борлуулж буй нүүрсний үнэ өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ онд өссөн үзүүлэлт ажиглагдаж байгаа аж. Харин дотоодын зах зээлд борлуулж буй нүүрс, түлээний үнэ өссөөр байна.

Цаг агаар эрс хүйтэрч эхэлсэн энэ өдрүүдэд шуудай түлшний үнэ даруй 200-400 төгрөгөөр нэмэгджээ. Нэг шуудай нарс мод 6000, жижиглэнгээр 1500 төгрөгөөр зарагдаж байна. Харин хар мод 1300 төгрөгт хүрсэн бол шуудай нүүрс 1500 төгрөг болжээ.

Улаанбаатар хотын баруун хэсэгт амьдарч байгаа иргэдийг түлшээр хангадаг "Хангай" зах дээр Алагтолгойн нүүрс "портер" нь 160000-190000 мянган төгрөг, Налайхын нүүрс 160000-180000 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна.

"Цайз", "Хангай", Түшиг" зэрэг захад нүүрсний үнэ дунджаар "Зил-130" машин буюу таван тонн нь 470, "портер" буюу хоёр тонн нь 270, нэг тонн нь 150-180 мянган төгрөг байна. Харин "Цайз" захын зам дагуух нүүрс борлуулагчдаас нүүрсний үнийг сонирхоход шуудай нүүрс, нарс модны үнийг 1400 төгрөгөөс буулгахгүй гэлээ.

Мөн Налайхын нүүрс үнэтэй болсон учраас ихэвчлэн Алагтолгойн нүүрс авч байгаа аж. Энэ жил Налайхын хэдэн амыг хаасантай холбоотойгоор түлшний үнэ "хөөрчээ". Нүүрсний үнэ өсөх болсон шалтгааныг ченжүүд "Бид нэмэгдсэн үнээр авдаг. Ер нь мэдэх юм алга. Цаашид ч үнэ нэмэгдэж магадгүй" гэж хариулсан юм.

Хөлдөж үхэлтэй биш, нүүрс түлээгээ үнэтэй ч гэсэн авахаас яахав гэж иргэд ярьж байлаа. Түлшээ худалдаж авахдаа ихэвчлэн "Түшиг", "Хангай" захыг зорьдог ч үнийн судалгаагаар хамгийн хямд гэгддэг "Цайз" захад тонн нүүрсний үнэ 40 мянган төгрөгөөр нэмэгдсэнд иргэд бухимдаж байлаа.

Дээрх захуудын түлшний үнэ урьд жилийнхээс 80-90 мянган төгрөгөөр нэмэгдсэн бөгөөд эрэлт, хэрэгцээ нь урьдын адил их байна.

Т.Аз
Өнгөрсөн баасан гарагт болсон Гаалийн тарифын зөвлөлийн хуралдаанаас импортын барилгын материалын гаалийн албан татварыг улирлын ялгаваргүйгээр 20 хувиар нэмэх шийдвэр гаргасан.

Манай улсад 500 гаруй барилгын материалын үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаагаас импортын бүтээгдэхүүнээс шалтгаалан үндэсний үйлдвэрлэгчид бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байгаа тул ижил нэр төрлийн импортын бараанаас хамгаалахаар үндэсний үйлдвэрлэгчдээ шийдсэн нь энэ аж.

Гэтэл шийдвэр гараад ганц хоноогүй байхад үнэ өссөн байна. Энэ оны долдугаар сарын байдлаар хятад цемент тонн нь 148 мянга байснаас 220 -240 мянга болж, элс портер нь 60 мянга байсан нь 80 мянгад хүрсэн байна. Барилтын материалын гаалийн албан татвар нэмэхээр болсон ч хараахан ажил болж амжаагүй байна. Энэ хэвээр барилгын материалын үнэ өсвөл шинээр барьж байгаа орон сууцны үнэ "тэнгэрт гарах” биз.

“Орон сууцны үнэ өсчихвөл яаж гэр хороолол багасах юм” хэмээн иргэд ярьж байсан. Яагаад барилгын материалын үнийг нэмсэн талаар ченжүүдээс тодруулахад "Бид сайн мэдэхгүй. Гаалийн татвар нэмэгдэнэ гэхээр нэмсэн" хэмээсэн. Энэ талаар эдийн засагчдын бодлыг хүргэе.

Эдийн засагч Ц.Даваадорж: Гаалийн татвар нэмэх нь буруу

Гаалийн албан татварыг нэмнэ гэдэг нь бараа бүтээгдэхүүний үнэ өсөхийн эхлэл. Барилгын материалын гаалийн албан татварыг нэмсэнээр барилгын материал, орон сууцны үнэ өсөх суурийг тавьж байна. Ийм шийдвэр нэгэнт гарсан бол удахгүй орон сууцны үнийг нэмэх байх. Энэ өсөлт нь иргэдэд хүндээр тусна. Иргэдийн орлогыг нэмээгүй атал ингэж гаалийн албан татварыг нэмэх нь буруу.

Гаалийн ерөнхий газраас улсын төсөвт хөрөнгө оруулсан гэж хэлэхийн тулд ийм ажил хийж байна. Гэхдээ бүх эрсдлийг урьдчилан тооцсон байх.


Эдийн засагч Н.Дашзэвэг: Уг нь үнэ хямдрах ёстой

Гаалийн албан татвар нэмж байгаа нь үндэсний үйлдвэрлэлээ хамгаалж байгаа хэрэг. Тодруулбал, импортын барааны үнэ 20 хувиар өсч, дотоодын бүтээгдэхүүний үнэ 20 хувиар хямдарна гэсэн үг. Тэгэхээр энэ нь манай дотоодын үйлдвэрлэлд ашигтай.

Гаалийн албан татварыг нэмж байгаа учир барилгын компаниуд ч мөн орон сууцны үнээ нэмнэ. Гэхдээ гадаадын бүтээгдэхүүн үү, дотоодынх уу гэдгээс хамаарч иргэдэд нөлөөлнө.

О.Гэрэлцэцэг

Саяхан хэд хоног хүйтрэхэд л нүүрс түлээ, зуух халаалт нь нийслэлийн гэр хороололд амьдарч байгаа хүн бүхний толгойны өвчин болсон. Засгийн газраас "Утаагүй Улаанбаатартай болно" гэж иргэдээ уяраасаар л ... Европын стандарттай зуух гээчийг нийгмийн хариуцлага хүлээдэг гэж өөрсдийгөө рекламддаг "М-Си-Эс" групп Улаанбаатар хотын захиргаа, Мянганы сорилтын сан, Хас банк, "Сэлэнгэ констракшн" компанитай , хамтран бүрэн шаталтат зуухны төслийг хэрэгжүүлсэн. Харамсалтай нь энэ зуух сурталчилгаа, шахаа сайтай л болохоос биш чанар сайтай биш аж. Европын стандартын "Дээрээс шаталттай зуух" гээчийг айл өрх болгонд хүргүүлж "Заавал ав, авахгүй бол хорооны дарга нар чинь харж байгаад нүүлгэн хотоос хөөнө шүү" гэж айлган шахаа хийж байгаа. Тив алгасан заларсан шинэ зуухаа хэд хоногийн хүйтэнд зуухаа галлаж ид шидийг нь үзэх гэсэн ЧД-ийн иргэн Ж.Цоггэрэлийнхэн гэр бүлээрээ угаартан хордлого тайлах төвд хүргэгдсэн байна. Дахиад хэдхэн л минут болсон бол бүгд өнгөрөх байсан гэж хохирогчид ярьж байна лээ. "М-Си-Эс"-ийнхний идэвхтэй оролцоотой шахаж буй зуухны балаг энэ. Турк улсад бодит үр дүнгээ өгсөн гэж магтагдсан тус зуухыг Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 3100 өрх түлшээ хэмнэж, дулаанаа удаан барина хэмээн итгэж гэртээ тавиулаад байгаа. Одоогийн байдлаар Чингэлтэй дүүргийн 7-18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 9, 11-18 дугаар хорооны иргэд энэ арга хэмжээнд хамрагдаад байгаа юм. Иргэдийн худалдан авах чадварыг харгалзан, байж болох хамгийн доод төвшинд хүртэл үнийг эрс хямдруулсан болохоор гэр хорооллын иргэдэд ч энэхүү зуухыг тавиулахад хүндрэл учрахгүй байгаа гэж төсөл хэрэгжүүлэгчид магтдаг. Гэвч яг хэрэг дээрээ маш их хүндрэл бэрхшээл дагуулж байгаа гэнэ. Адгийн наад зах нь л талхныхаа мөнгийг яая гэж байгаа гэр хорооллын айлууд зуух авахгүй бол гал түлэх ч эрхгүй болох тул хорооны даргын дарамтанд орж байгаа аж. Засгийн газраас дэмжлэгтэй зуух "шахах" төслийг "М-Си-Эс" групп, "Сэлэнгэ констракшн" компаниуд хамтран гүйцэтгэж байгаа гэдэг ч үнэн хэрэгтээ "Сэлэнгэ констракшн" нь"М-Си-Эс" группын охин компани юм. Зайсангийн наана байрлах үйлдвэрийх нь хашаанд байрладаг юм билээ. М-Си-Эс маягийн магтаал М-Си-Эс групп, Сэлэнгэ констракшн компанийн хамтран хэрэгжүүлж буй зуух нийлүүлэх Үйл ажиллагааг хариуцсан захирал Л.Ганболд: -"Манайд одоо гөлмөн төмөр зуухыг түлхүү хэрэглэж байна. Шаталт дутуу, бас хорт утаа ихээр ялгаруулдаг. Харин Турк улсад Монголын захиалгаар хийсэн энэ зуух бол утааг 90 хувь бууруулж, түлшний зардлыг наад тал нь 30 хувь хэмнэх бололцоотой. Зуухны эд анги нь өөрөө Европын холбооны улсуудын өндөр шаардлага хангасан. Шаталтын горим нь дээрээсээ доошоо галлах зориулалттай, ширмэн хийцтэй тул түүхий нүүрсийг бүрэн шатааж, утаа нь цэвэршиж гардаг юм. Нүдэнд үзэгдэх болон үл үзэгдэх хорт бодисыг бүрэн шатааж, мөн дулаанаа удаан барьдаг. Иргэд түүхий нүүрсэнд өгч байгаа мөнгөө ч хоёр дахин хэмнэх юм. Мөн манай компани зуухандаа хоёр жилийн баталгаа өгч байгаа. Одоо манай зуухыг тавиулаад байгаа 3100 өрх халуунаа удаан барьж байна, өвөлд олон гал түлэх шаардлагагүй боллоо гэхчилэн сайхан мэдээг бидэнд дуулгаж байгаа. Энэ бол төр засаг, хотын захиргаа, олон улсын хандивлагч байгууллага, хувийн хэвшил гээд бүх талууд хамтран хэрэгжүүлж байгаа ажил. Зуухны үнийг хамгийн боломжийн, доод үнэд хүргэж, татаас, хөнгөлөлт олгож байна. Бидний зүгээс 70 мянган айлыг хангах зуухны нөөц, хүн хүч, машин техникээ хангалттай бүрдүүлсэн, утаа буурах эсэх нь одоо иргэдийн идэвх, санаачилгаас ихээхэн хамаарна. Иргэд зуухаа захиалахад л хангалттай, бид гэрт нь хүргэж, суурилуулж өгнө" гэх мэтчлэн зуухаа магтсан. Харин утаагүй зуух аваад гэр бүлээрээ угаартан эмнэлэгт хүргэгдсэн ЧД-ийн 12-р хорооны иргэн Батчимэг ийнхүү ярьж байна. -Танайх "М-Си-Эс" групп, "Сэлэнгэ констракшн"-ы хэрэгжүүлж буй төслийн гэгдэх зуухыг худалдаж аваад гэр бүлээрээ угаартсан юм байна. Хэдэн хүн угаартсан бэ? -Манайх энэ зуухыг аваад арваад л хонож байна. Сурталчлаад байхаар нь утаа тортог бага гайгүй юм байх гэж бодсон чинь бүүр тэрнээсээ эс юм болсон. Өнгөрсөн бямба гаригт өглөө таван цагийн үед эмнэлэгт хүргэгдсэн. Урьд орой нь хүйтэн байхаар нь жаахан мод түлж байгаад унтахдаа нүүрс хийсэн чинь утаа гарч байгаад гайгүй болчихоор нь унтаад өгсөн чинь ийм юм болсон. Манайд зургаан хүн байсан бүгд угаартсан. Хүүхдүүд маань бүүр татчихсан байсан. -Одоо биеийн байдал чинь гайгүй юу? -Одоо бол гайгүй ээ. Хордлого тайлах эмчилгээ хийлгээд байхад л хоёр хоног манаралтын байдалтай байсан. -"М-Си-Эс" групп, "Сэлэнгэ констракшн"-ы төсөл хэрэгжүүлэгч хүмүүстэй холбоо барьсан уу. Юу гэж байна. -Холбоо барьсан. Хүмүүс ирээд үзээд явсан. Би тэр хүмүүст нь ханан пийшинд суурилуулах хэрэгггүй юм байна гэдгийгхэлсэн. Намайгхэвлэлээр битгий тараагаарай гэж байна лээ. -Та тэгээд пишингээ яасан ? Пийшинг нь буцааж өгч байгаа. Энүүгээр яахав. Мөнгийг маань буцааж өгнө гэсэн. Уг нь их л үнэтэй юм гэсэн. Тэгээд засгийн газраас дэмжээд арай хямд үнээр зарж байгаа. Манайх л гэхэд "Хас" зуухыг нь 60,000 аар авсан. -Энэ хавийн айл өрх бүгд зуух авсан уу? -Тэгсэн. Байшинтай айлд ханан пийшинд бол таарахгүй л юм байна. Энэ хавийн айлуудаас дандаа л утаа саагаад байна лээ. Л.ОЮУНТУНГАЛАГ

Ахуйн түймэр ихсэх хандлагатай боллоо
ЭБЭХЯам, Хотын захир-гаатай хамтарч хэрэглэгчдийн цахилгааны төлбөр дээр хогны мөнгийг суутгахаар тохиролцов. Дөрвөн талаасаа модон хашаагаар хүрээлүүлсэн нийслэлийн өнгө төрхийг гэр хороолол чимдэг. Гэтэл дээд албан тушаалтнуудын баталсан шийдвэр борчуудын татварын амьдралыг цэгцтэй болгохоос илүү нууцаар хог хаях байдал газар авахад хүргэжээ.

Энд, тэнд ухсан жалга, шуудуунд айлууд хог, хаягдлаа хийснээс гудамж талбай өнгө төрхөө алдах нь энүүхэнд. Хорооны өнгө төрх алдагдахаас гадна бас нэг асуудал байна. Юу гэхээр, айлууд хогны мөнгөө төлөхөөс зайлсхийх хялбар арга “сэджээ”.

Улаанбаатарын утаа дээд цэгтээ хүрдэг өвлийн улирал айлчлахын сацуу гэр хорооллынхон ч мөн хогоо зайлуулах хялбар арга бодож олсон нь шатааж, устгах явдал болжээ. Угаасаа сарын амьжиргаагаа залгуулж ядаж байтал цахилгааны төлбөр дээр нь хогны мөнгө суутгачих гээд байхаар тэгэхээс ч яахав.

Харин шатсан хог, шатаасан эзэндээ тус биш ус болох нь багагүй. Сүүлийн хоёр сарын хугацаанд ахуйн галын дуудлага ихсээд байгааг нийслэлийн гал унтраах ангиудын удирдлагууд ярих болов. Энэ ч аргагүй биз. Шатаасан хог нь хашааруу ноцсоноос гэнэтийн аюул нүүрлэдэг болохыг манайхан ойлгохгүй нь бололтой.

Нөгөө талаас нь авч үзвэл шатаахаас аргагүй. Учир нь бэлэн мөнгөөр тооцоо хийхээ больсноос зарим хувийн том тэргүүд үйлчлэхээ больжээ. Бас хогны машинууд сард хоёр удаа хог ачдагаа ч больчихсон байна. Энэ байдал Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул дүүргийн зарим хороодод энгийн үзэгдэл болжээ.

Нэгэнт ирж ачихгүй хогийг хашаандаа хадгалахаас илүүтэй шатаах нь хялбар байдаг аж. Үүнээс үүдэж гал түймрийн дуудлага нэмэгдэх болоод байгаа юм байна. Шуудай хог шатаах гэж байж байшин, саваа түймэрдээд тавьчихсан жишээ борчуудын амьдралд тохиох болсон нь цахилгааны төлбөр+хогны мөнгө бодлогын алдаа болоод байх шиг.


Худалдааны төвүүд галын аюулгүй байдал сахьдаггүй


Хэд хоногийн өмнө “Нарантуул” захын баруун хэсэгт гал гарч олныг сандаргав. Үүнээс болж наймаачдын найман чингэлэг бүхий бараа, таваар шатаж багагүй хохирол учрууллаа. Нэг чингэлэгт ойролцоогоор 30 гаруй сая төгрөгний бараа, таваар агуулагдаж байсан гэх.

Хилийн дээс алхаж, хойно урдаас “гахай” чирсэн ганзагын наймаачны гарах юм нь гарлаа гэж бодьё. Гэтал бас тийм биш юм. “Нарантуул” захын зохион байгуулалт урд хойноосоо урт гудамжаар хирсэн чингэлэгүүдээр дүүрэн. Өөрөөр хэлбэл өчүүхэн сэрэмж алдахад “Нарантуул” бүхэлдээ шатах аюул ойрхон.

Хэдхэн жилийн өмнө Эрээн хотын төв зах шатаж хэдэн зуун хятад худалдаачин үнсэн дотроос хөл дээрээ босч байсан жишээ байдаг. Тухайн үед Эрээний захиргаа шатсан захын туурин дээр илүү орчин үеийн эмх цэгцтэй худалдааны төв байгуулсан. Урд хөршийн жишээнээс харахад бид ч мөн “Нарантуул”-аа шинэчлэх хэрэгтэй мэт.

Сүүлийн үед томоохон худалдааны төвүүд галд өртөх боллоо. Тухайлбал энэ оны нэгдүгээр сард “East” худалдааны төвийн дээвэр шатсан бол одоогоос нэлээд хэдэн жилийн өмнө “Алтжин” компанийн “Бөмбөгөр-2″ худалдааны төв бүхэлдээ түймэрт өртсөн байдаг.

Мөн “Барс” төвийн гуравдугаар давхарт хоёр ч лангуу жагсаалаас гарсан жишээ бий. Энэ бүгд үйлчилгээний томоохон төвүүдэд галаас хамгаалах систем учир дутагдалтай байдгийг хангалттай харуулсан. Гэхдээ “Нарантуул” захын баруун хэсэгт ассан гал чухам юунаас болсныг хэн бүхэн гайхаж байлаа.

Гэтэл харьяалах орон гэргүй гудамжны хүмүүсийн орогнодог жижигхэн булангаас гал дүрэлзсэн байжээ. Бүр тодруулбал шатаасан хогноос “дээж” авсан гал явсаар наймаачдын эд хөрөнгөд заналхийлсэн байх. Ингээд гал сөнөөгчид асч буй галыг 4-6 цагийн дараа унтраажээ.

Нэгэнт гал унтарснаас хойш “Нарантуул” бүхэлдээ дүрэлзчихээгүйд баярлаад өнгөрөхөөс яах билээ. Ассан гал унтравч хот, хөдөөгүй чихэлдсэн олны хөл тасардаггүй Монголын хамгийн том “хар зах”-ын удирдлагуудад энэ явдал гэнэтийн ташуур болсон нь гарцаагүй.

Т.Батсугар
Эх сурвалж: “Нийгмийн толь”

Автобусанд айдас, хэрүүл тэмцэл дүүрэн

2011 оны 09-р сарын 27 Нийтэлсэн БАТ
“Амьдрал алалдах дайсантай адил” гэдэг дээ. Гэтэл сүүлийн үед “Автобусанд явахад алалдах дайсантай адил” хэмээх шинэ зүйр үг гарчээ.

Нийслэлийн замд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг том оврын автобусаар үйлчлүүлсэн хэнбугай ч энэ үгийн утгыг төвөггүйхэн ойлгоно. “Галзуу хулгана”-д суусан мэт нааш цааш найгаж, хойш, урагшаа ханарахад хүүхдүүд уйлалдаж, хүмүүс ёолох нь энгийн үзэгдэл.

Нэг жишээ дурдахад, өчигдөр Дарь-Эхээс ажилдаа явахаар “Дарь-Эх Мишээл- Экспо”-гийн чиглэлийн автобусыг 30 минут хүлээсний эцэст 09.00 цагийн орчимд ирлээ. Ид ажил, хичээлийн цаг болохоор унаа хүлээсэн хүмүүс буудлаар дүүрэн. Цагаасаа хоцорсондоо тэр үү байнга л яарч, хурдалж давхидаг жолоочийн занг андахгүй болохоор автобус зогсоогүй байхад хаалгыг нь бараадан гүйлээ. Учир нь, сүүлчээр яваа нь сууж чадалгүй хоцордог болохоор тэр.

Арай гэж хаалгаар чихэлдэн ортол автобусны танхим ч дүүрэн хүн. “Урагшаа, хойшоо чихээд өгөөрэй” хэмээн кондукторын дуу хаддагаараа хадсаар угтлаа. Үүнтэй зэрэгцээд автобус гэнэт ухасхийснээ тоормослох нь тэр. Энэ үед бүх хүн элдэв өнгөөр орилж, би хаалганаас урагш хоёр алхам хэртэй үсрээд ойрхон зогссон залуугийн хөл дээр гишгэж, харин миний хөл доор нэг эмээ уналаа. Эвгүйхэн унасан эмээ маань жолоочид хандаж “Чи ямар мах ачиж яваа юу. Үүнээс болж хэн нэг зорчигч бэртвэл хариуцлагыг нь хэн хүлээх юм” гэж их л бухимдангуй өгүүлэв.

Иргэд нийтийн тээвэрт үйлчилж буй автобус бүрээс энэ мэт шийтгэлийг хүртдэг гэхэд хилсдэхгүй. Уг нь Нийтийн тээврийн тухай хуульд нийтийн тээвэрт үйлчилж байгаа автобусны жолооч хурд хэтрүүлэх, гэнэт тоормослох, хөгжим чанга тавьсан тохиолдолд таван мянгаас дээш төгрөгөөр торгоно гэж заасан байдаг. Харамсалтай нь, үүний мөрөөр төдийлөн торгоод байдаггүй, торгосон ч энэ нь тэдэнд нөлөөлөхүйц шийтгэл болж чаддаггүйг Нийслэлийн нийтийн тээврийн хяналт шалгалтынхан хэлдэг. Тэгээд ч Нийтийн тээврийн газраас 20 байцаагч 07.00-15.00, 15.00-22.00 цаг гэсэн хоёр ээлжээр ажилладаг ч тэр болгон зөрчилд хүрч, зохицуулж чаддаггүй байна.

Тэр байтугай нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх үедээ автобус цагт 20-25 километр цагийн хурдтай явах ёстой гэсэн дүрэмтэй. Энэ дүрмийг баримталдаг нийтийн тээврийн хэрэгслийн жолоочийг олно гэвэл өвсөн дундаас зүү эрэхтэй адил. Үүнд бүх жолооч ийм гэж гоочлохыг зорьсонгүй.

Өнөөдрийн байдлаар нийслэлд 26 аж ахуйн нэгжийн 800 гаруй том оврын автобус 53 чиглэлд үйлчилж байгаа. Тэдний дунд хууль дүрмээ баримталдаг, зорчигчдоо хүндэтгэдэг нь нэг бус нэлээн хэд. Гэхдээ хууль дүрмээ барьж, үйлчлүүлэгчдээ хүндэтгэнэ гэдэг зарчмыг мэддэггүй, мэдэхийг ч хүсдэггүй нь түүнээс олон болохоор ийн өгүүлж буй хэрэг.

Автобусны жолооч нарын нэрлэдгээр “чихээс хийх” буюу гэнэт тоормослосноор хөгшчүүлийн даралт ихсэх, унаж бэртэх, жирэмсэн эхчүүд доргилт авах зэрэг олон хохирол учирдгийг албаны хүмүүс хэлдэг.

Түүнчлэн зорчигч жолоочид шаардлага тавихаар “Цаг хоцроод байна. Хурдлахгүй бол болохгүй, сайн барьж яв”, “Тэр соёлтой таксиндаа суу” гэх мэтээр хариулт өгдгийг хэн ч үгүйсгэхгүй.

Сүүлийн үед автобусны эцсийн буудлуудыг тохижуулж, амралтын өрөөтэй болгосон нь жолооч, кондукторууд архидах, хөзөр тоглож цаг нөгцөөх газар болсныг ч нуух юун. Үүнээс болж цагаасаа хоцорчихоод хурд хэтрүүлэх нь энгийн үзэгдэл. Алслагдсан хорооллын зарим буудал дээр ганц, хоёр хүн харагдвал зогсолгүй шууд давхих ч энхүүхэнд. Тийм атлаа буух байсан хүмүүсийг “Түрүүний хэлэхгүй яасан юм, дараагийн буудалд буу” эсвэл зогссон үедээ “Хурдал, хурдал” хэмээн чанга яригчаараа зандчина. Үүнийг зарим хүн шинэ орж ирсэн автобуснуудыг микро автобусны жолооч нараар бариулсантай холбон тайлбарладаг юм билээ.

Уг нь том оврын автобусыг “Д ангиллын жолооны үнэмлэхтэй, жолоочийн мэргэшсэн зэрэгтэй, 21-ээс дээш насны жолооч барина” гэж заасан байдаг. Гэтэл зарим тохиолдолд кондуктортоо жолоо шилжүүлж байна гэсэн гомдол иргэдийн зүгээс холбогдох газарт ирэх болжээ.

Ер нь энэ мэт байдлаас үүдэж нийтийн тээврийнхэнд талархал илэрхийлсэн, баярласан үгийг иргэд төдийлөн дайдаггүй. Арга ч үгүй биз. Зарим нь согтууруулах ундааны зүйл хэрэглээд үйлчилгээнд гарсан байхад нөгөө нэг нь хэнэггүй, хайхрамжгүй зангаасаа үүдэж осол гаргаж, хүний аминд хүрэх тохиолдол үе үе гарсан шүү дээ. Тэр байтугай кондуктор нь хүний аминд хүрч байсан удаатай.

Тухайлбал, өнгөрөгч гуравдугаар сард Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Баянхошууны эцсийн зогсоол Жанцангийн буудалд “Тэнүүн-Огоо” ХХК-ийн автобусанд суух гэж байсан согтуу үйлчлүүлэгчээ кондуктор түлхэн унагааж, амь насанд нь хүрсэн. Уг нь Нийслэлийн нийтийн тээврийн газрын журамд мөрдвөл зохих олон заалт бий. Үүнд, хөдөлгөөний үед жолоочийн бүхээгт хүн суулгах, ярилцахыг хориглоно. Мөн хурд хэтрүүлэх, зогсоолын бус газарт хүн буулгаж, суулгахгүй, шугамын үйлчилгээний үед зорчигчдыг автобуснаас бүрэн бууж, суусны дараа хаалгаа хааж, кондукторын дохиогоор хөдөлгөөнийг үргэлжлүүлнэ гэж заасан. Гэвч заалтыг мөрдөх биш үргэлж зөрчдөг жолооч дийлэнх нь байдаг аж.

Нийтийн тээврийн том оврын автобусыг зүүн дөрвөн замаас баруун дөрвөн замын хооронд нэгдүгээр эгнээгээр явуулж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрсөн. Гэтэл зөвшөөрсөн эгнээгээр явахгүй, авто замын голд хөндөлсөх, авто замын голд суудлын автомашинтай шүргэлцээд, шар гэрлээ анивчуулан зогсох нь нүдэнд дасал болсон үзэгдэл.

Нийтийн тээврийн газраас нийслэлийн авто замд шугамын үйлчилгээ үзүүлдэг аж ахуй нэгжүүдэд саяхан шалгалт хийсэн байна. Энэ үеэр давхардсан тоогоор 4402 тээврийн хэрэгслийг шалгахад 4746 зөрчил илэрчээ. Тухайлбал автобусанд буудал зарлах төхөөрөмж, чанга яригч суурилуулаагүй 1273, кондуктор буудал зарлаагүй 461, жолооч буудлын зогсоолд оролгүй зам дээр зогссон, хурд хэтрүүлсэн 258 зөрчил илэрсэн байна. Мөн автобусны гадна талын өнгө үзэмж хангалтгүй 209, дотор тал бохирдолттой 359 зөрчил гарчээ. Ер нь зөрчилгүй тээврийн хэрэгсэл бараг гараагүй бололтой.

Шалгалтаар хангалтгүй дүнтэй гарсан долоон аж ахуйн нэгж, байгууллагад 950, есөн албан тушаалтанд 480, жолооч, кондукторийг 350 мянга, нийт нэг сая 785 мянган төгрөгийн торгууль ногдуулж, захиргааны арга хэмжээ авсан байна.

Ер нь том оврын автобусны жолооч нар хурд хэтрүүлэх, архи согтууруулах ундаа хэрэглэх нь хэрээс хэтэрснийг замын цагдаагийнхан ч шүүмжилдэг. Өөрөөр хэлбэл, оны эхний хагас жилд нийслэлийн нийтийн тээврийн салбарын хэмжээнд гарсан 70 удаагийн зам тээврийн ослоор зургаан хүн амь насаа алдаж, 36 хүний биед хөнгөн, хүндэвтэр гэмтэл учирчээ. Зарим компани жолоочоо өдөржин ээлжгүйгээр явуулдаг нь осол гарах шалтгаан болдог гэж жолооч нар үздэг. Нэг талдаа үнэний ортой ч автобуснуудын “үйлчилгээ”, жолооч, кондукторын харилцааны доголдол хэрээс хэтэрсэнтэй хэн ч маргахгүй билээ.

М.Наранболд

Орон сууцанд оршин суугчдын холбоо байгуулъя

2011 оны 09-р сарын 26 Нийтэлсэн БАТ
Улаанбаатарт Монгол Улсын хүн амын тэн хагас нь амьдарч байна. Хот гэ­дэг нь гэр хороолол, орон сууцны хороололтойгоо холилдсон ийм л орчин. Орон сууцны хороололд амьдардаг хүмүүс утаа тарьдаггүй, харин гэр хорооллынхны тарьсан утаанд хорддог. Төр засгийн зүгээс ч утаа тарьдаггүй хүмүүстээ нэг их анхаарал хандуулдаггүй. Харин ч эсрэгээрээ утаа гар­гадаг хүмүүстээ их ан­хаа­рал хандуулдаг. Утаагүй зуух, түүнд таарсан коксжих нүүрс, гэрийн дулаан алд­даггүй дээвэр туурга, тог цахилгааны үнээс 50 хувь хямдруулах шийдвэр гээд бүх л зүйлийг утаа гаргадаг гэр хорооллынхонд өгч байна. Гэтэл зорьж хөдөлмөрлөж байгаад орон сууцтай болсон нэг хэсэгт ямар ч урамшуулал алга. Гэр хорооллынхонд тэр олон боломжийг өгчихөөд орон сууцны хороололд амь­дарч байгаа бидэнд яагаад ямар ч боломж амлахгүй бай­гаа юм бэ. Ардчилсан ний­гэмд хүн бүр тэгш эрхтэй гэдэг биш билүү. Тэгш эрхийн талаарх ойлголт зөв­хөн Үндсэн хуульд л бичигдээд хэрэгжилгүй мартагдах ёстой юм болов уу. “Монгол хүн хоёр түвшинд амьдарч байна”, “Монголын шүүх, цагдаа ард түмэнд хоёр янзаар хандаж байна” гээд олон шүүмжлэл явдаг. Энэ олон шүүмжлэлд итгэж, өөрийгөө зовоолгүй, төрийг үзэн ядах сэтгэлгүй өдий хүрчээ. Гэтэл гэр хо­рооллынхонд сүжирч байгаа энэ төрийн бодлогыг хараад дээрх бодол маань  өөрчлөгдөж байх шиг. Ер нь энэ төрийг үзэн ядах ёстой юм байна. Бид орон сууцанд амьдардаг ч гэсэн Монгол Улсын иргэн. Тийм учраас бидэнд ч адил тэгш боломжийг олгож болно шүү дээ. Орон сууцанд амьдрагсдын цахилгааны мөнгийг 50 хувь хямдруулж, Сууц өмчлөгчдийн холбоонд өгдөг төлбөрөөс хөнгөлж болохгүй гэж үү. Бид ч гэсэн тэр олон хөнгөлөлт урамшууллаас чинь хүртэх эрхгүй гэж үү. Ерөөсөө “Орон сууцанд амьдрагсдын холбоо” ТББ байгуулаад тэмцье, байз. Алдагдсан эрх ашгаа хамгаалж СӨХ-ны төлбөрөөсөө чөлөөлөгдөж, ца­­хилгааны төлбөрөө 50 хувь хямд­руулах шийдвэр гар­гуу­лахын төлөө тэмцэнэ ээ. Үнэндээ УИХ-ын гишүүд, хотын удирдлагууд та бүхэн бүгд орон сууцанд амьдарч байгаа. Тэгэхээр та бүхэнд ч энэ асуудал хамаатай юм шүү.

Б.Энхмөнх

"Улс төрийн тойм" сонин

Манай үндэсний хө­рөн­гөтнүүдийн элэг өөр юмаа. Тэд үр хойчоо бод­сон ч тэр,  сэтгэлд нь эх орон нь явдаг. Саяын бямба гаригт “Энержи Ресурс” компани Өмнөго­вийн Цогтцэций суманд ду­лааны цахилгаан станц барьж дуусган нээлтээ хийлээ. Энэ цахилгаан станцын ерөнхий гүйцэтгэгчээр М-Си-Эс Интернэйшнл компани ажиллаж зөвхөн монгол­чуудынхаа нөөц болол­цоог дайчлан хоёрхон жилийн дотор аварга том бүтээн бай­гуулалт хийж байнгын тогны эх үүсвэр­тэй бо­лоод­охов. Хэмжээ дам­жаа­ны хувьд баруун гур­ван аймгийг цахилгаа­наар өлхөн хангах тийм станц гээд бод. Гэтэл төр засаг зөвхөн Завханыг тогтой болгох гэж ярьсаар байгаад Ардын хувьсга­лын ерэн жилийн ойтойгоо золгож байна.

“Ухаа худаг”-ийн ха­жуу­ханд Далан­зад­гадын станц гэж солонго­счууд барьж өгсөн нэг та­мын хуурай байдаг. Өвөл бо­ло­хоор л тэс хөлдөж Өмнөговийнхныг осгоон тэрбум тэрбумаар хөрөн­гө цацдаг тэр станц зур­гаан мBт хүчин чадалтай гэдэг. Тэнд 300 гаруй хүн ажилладаг. Тэгвэл “Ухаа худаг” станц түүнээс гурав дахин их хүчин чадалтай атлаа 200-гаад ажилчин­тай, нүүрсийг хоёр дахин бага зарцуулдаг, маш бага усаар өөрийгөө хөр­гөх сүүлийн үеийн техно­логийг тавьсан гэж тайл­барлав. Станцад ус их чухал гэнэ. Дамаа говьд бол бүр чухал нь тодор­хой. Цахилгаан станцуу­дын дэргэд нэрмэлийн бүрхүүр хэлбэртэй аварга юмнаас уур савсаж бай­гаа харагддаг. Маш их усаар тэр трубинуудыг хөргөж байж тог авдаг аж. Энэ шийдлийг гайхал­тай хийчихэж гэж мэргэ­жилт­нүүд ам амандаа магтаж байна билээ.

“Энержи Ресурс” ХХК Таван толгойд олборлох нүүрсээ дахин боловс­руулж өндөр үнээр зах зээлд гаргахын тулд да­вын өмнө томоохон ца­хилгааны эх үүсвэртэй болох шаардлагатай бай­­сан. Хэрэв гадаадын буюу төрийн мэдлийн байгуул­лага байсан бол цахил­гааны асуудал өөрөөр шийдэгдэх бай­лаа. Улс төрөөс арай хол байсны хүчинд “Энержи Ресурс” цахилгаан стан­цаа бариад авлаа. Том ч ажлын ард гарлаа. Зэргэлдээх говийн хэд хэдэн сум байнгын цахилгааны эх үүсвэртэй болж, тэнд янз бүрийн үйлдвэрлэл үйл­чилгээ хийх бөөн боломж бүрдэв. Баруун тийш өндөр хүчдэлийн шугам татаж Даланзадгадад эрчим хүчээ илүүч­илнэ гэж байна. Яваан­даа хот руу бас шугам татах гэнэ. Нүүрсэн далай дунд байгаа “Ухаа худаг” түүхий эдийн гачаалд орох­гүй болохоор дахиад станцаа цааш нь өргөжүүлэхээр тооцоол­жээ. Дулаа­ны цахилгаан станцыг барих хурд дэлхийн жишигт 25-30 сард баг­таадаг болсон гэнэ. Гэтэл монгол бизнесмэнүүд 25 дахь сар дээрээ нээл­тээ хийлээ. Тэр том тоног төхөө­рөмжүүдийг машинаар олон зуун км зам туулж зөөх, төрөөс зөвшөө­рөл авах зэрэг саад бэрхшээл их байсан. Гол санаа зоволт бол станц барьж байсан туршлага манай инженерүүдэд байгаагүй. Энд барилгын, эрчим хүчний зэрэг чиглэл тус бүрийн 80 гаруй компани хамжиж дэмжиж байж уг станцыг босгож байгаа юм. Тэдгээр нь зөвхөн монголчууд. Тийм боло­хоор энэ өдрийн тууз хайчлах ёслолд олон хүний сэтгэл хөдөл­сөн. Бид одоо болтол гадаа­даас эрчим хүчний хараат хэвээрээ байгаа. Түүнээсээ салахын тулд V цахилгаан станц барина гээд ярь­саар л. Тэр хооронд манай залуу­чууд өөрсдөдөө аль хэдийнэ дэл­хийн жишгээс дутахгүй үйлдвэр барьдагаа бариад ажиллуулаад эхэлдэг байна шүү. Хэдий амар биш байсан ч шийдэж болох асуу­дал гэдгийг үүнээс илүү яаж ойл­гуулах вэ. Тэр тусмаа энэ станцыг дөнгөж гуч орчим насны залуу­чуудын оюун ухаан, хөдөлмөрөөр боссон гэж байгаа. Сая ШУТИС төгссөн хүүхдүүдийг гололгүй ажилд аван дахин сайн сургаж инженерээр тавилаа. Олон хүүхэд ажлын байртай боллоо. Бас үлэмж туршлага суулаа. Эднээр тэр яриад байгаа тав дахь станцыг бариад өгөөч гэвэл чадна гэж байна. Мөнгө нь байвал амархан юм байна билээ. Энэнд заавал гадаадын мэргэжилтэн, гадаадын компани залж урих ямар ч шаард­лага байхгүй гэцгээж байна. Уг станц цаашид хэр найдвартай юм болсныг нь энэ өвлийн улирал шалгах байх. Юутай ч мэргэжлийн комисс нягталж үзээд өө олсонгүй.  “Ухаа худаг”-т зэрэгцээд нүүрс тээвэрлэх өндөр стандартын зас­мал зам ашиглалтад орж буй сайхан мэдээ байна. Үндэсний бизнесменүүд маань ёстой ярал­зуулж өгч байна. Төр засаг минь ажилд нь саад болохгүй байвал хамгийн том дэмжлэг тэр юм даа. Улсаа хөгжүүлэх тухай янз бүрээр ярьж, төрийн нүсэр аппарат түүнд зо­риул­сан дүртэй ажилладаг. “Та­ван Толгой” гэх нүүрсний энэ том бас­сейнд гадаадын хөрөнгө оруу­лал­тыг нэгнийг нь гомдоолгүйгээр хэрхэн оруулах, эрдэнийн хишгийг яаж түгээх, төрийн мэдлийн стра­тегийн уурхайгаа хэзээ ухах вэ хэмээн эцэс төгсгөлгүй маргаан, эргэж буцсан шийдвэрүүд хөвөр­сөөр л байна. Дэргэд нь өчүүхэн газрын зөвшөөрөл авсан “Энержи Ресурс” аль хэдийнэ үндсэн ажлаа хийчихлээ. Илүү дутуу зардалгүй нарийн тооцоотой хувийн хэвш­лийн аж ахуй ийн цаг хожсон, хэмнэлттэй үйл ажиллагаа явуу­лаад эхлэхээр дундаас нь ашиг хүртэх гэж байсан хүнд сурталт­нуудын дургүй яасан их хүрч бай­гаа бол. Одоо яг ийм зардлаар улсын уурхай бас ийм хурдаар баригдах ёстой ш дээ. Хэрэв энэ­нээс илүү өртөг ба цаг гарзадвал төрийн эрх мэдэлтнүүдийг гэмт хэрэгт сэрдэх үндэслэл нь болно.


Ж.Гангаа




































































































































Бид ундны ус зөөх шар, цэнхэр хуванцар сав хорт бодис агуулж байдаг тухай бид өмнөх дугаартаа нийтэлсэн билээ.

Арьс, ширний үйлдвэрийнхэн түүхий эдийнхээ боловсруулалтад ашиглахаар 25-200 хүртэлх литрийн савтай химийн бодисыг хилээр вагон вагоноор оруулж ирдэг. Оруулж ирснийхээ дараа хороо юүлж аваад савыг нь худалдаачдад хямд үнээр зарна. Худалдаачид түүнийг нь хагас дутуу цэвэрлэсэн болоод ундны ус зөөх сав болгон иргэдэд зардаг юм.

Бид "Нарантуул" худалдааны төвд худалдаалж байсан 25-60 литрийн дөрвөн савыг лабораторийн шинжилгээнд оруулж өгөхийг хүссэн албан бичгээ өчигдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт илгээлээ. Тухайн хуванцар сав хүний эрүүл мэндэд яг ямар хор учруулах ямар хүнд металл агуулж байгааг тогтоож өгөхийг хүссэн юм.

Хүсэлтийг маань тус албаныхан уриалгахан хүлээн авч "Нарантуул" худалдааны төвийн хуванцар савыг худалдаалж байгаа хэсэгт хамтран шалгалт хийхийг санал болгов. Хор агуулсан хуванцар сав хилээр хэрхэн орж ирдэг тухай Нийслэлийн мэргэжлийн хяналтын Экспорт, импортын хяналтын хэлтсийн стандарт чанарын улсын байцаагч Ч.Отгонтөртэй ярилцлаа.

"ЭНЭ ОНД 6135 ТОНН ХИМИЙН ХОРТ БОДИС ОРУУЛЖ ИРСЭН"

-Хил гаалиар орж ирдэг химийн бодист ямар хяналт тавьж байна вэ?
-Бид импортын бүтээгдэхүүнд стандарт чанараас эхлээд эрүүл ахуйн бүх шалгалтыг явуулж байна. Химийн бодис оруулж ирэхэд химийн мэргэжилтэй улсын байцаагч хянадаг. Тэр хүн Химийн болон хорт аюултай бодисын хууль болон бусад дүрэм журмын хүрээнд хяналт тавьж шалгалт хийнэ.

-Ямар шалгалт юм бол. Сүүлийн үед хилээр их хэмжээний химийн бодис оруулж ирэх болсон гэдэг шүү дээ?
-Энэ онд манай улсад 86 аж ахуйн нэгж 6135 тонн химийн бодис оруулж ирсэн байна. Жилийн жилд ийм хэмжээний химийн хорт бодис орж ирдэг. Үүнийг ихэвчлэн арьс ширний үйлдвэрийнхэн оруулж ирнэ.

-Арьс, ширний үйлдвэрийнхэн химийн хорт бодистой оруулж ирсэн хуванцар саваа юүлээд худалдаачдад зарна. Үүнийг нь худалдаачид усны савны зориулалтаар иргэдэд худалдаалж байна шүү дээ?
-Экспорт, импортын хяналтын хэлтэс нь зөвхөн гаалийн хяналтын талбайгаар нэвтэрч байгаа бүтээгдэхүүнд хяналт тавина. Худалдааны төвд зарж байгаа химийн хор агуулсан хуванцар савны талаар мэдэхгүй. Үүнийг дотоод хяналт шалгалт болон дүүргүүдийн мэргэжлийн хяналтын хэлтсийнхнээс асуух хэрэгтэй.

-Тэгвэл хуванцар саванд ямар хяналт тавьж байаа вэ?
-Хуванцар саванд өөрийн гэсэн баримтлах стандарт бий. Бид стандарт нь мөрдөгдсөн, хууль тогтоомж баримталсан эсэхэд хяналт тавьдаг. Тэгээд ч хуванцар сав том хэмжээгээр орж ирэхгүй шүү дээ. Алгынхан чинээ орж ирээд тусгай үйлдвэрлэлд орж хийлэгддэг. Хийлэхээс нь өмнө мэргэжлийн хяналтынхан шалгаж байж үйлдвэрлэлд оруулдаг юм.

Д.Болормаа

Шуудай нүүрс 1500, хар мод 1300 төгрөгт хүрчээ

2011 оны 09-р сарын 23 Нийтэлсэн БАТ

“Хангай”, “Цайз” захад өнгөрсөн өвөл Налайхын нэг шуудай нүүрсийг 800-1000 төгрөгөөр зарж байсан бол өчигдөр 1300-1500 төгрөг болж өсчээ. Мөн 100-120 мянган төгрөгийн үнэтэй байсан “Портер” нүүрс 160-190 мянган төгрөг болж нэмэгдсэн байна. Харин шуудай хар мод 1000-1100 төгрөг байсан нь 1300 төгрөгт хүрчээ. Нүүрсний үнэ өсөх болсон шалтгааныг ченжүүд “Уурхайгаасаа нэмэгдсэн үнээр авч байгаа. Бензин шатахууны үнэ өссөн, бас уурхайгаас нүүрс бага гарч байгаа. Бид нүүрс авах гэж хоёр хүног хүлээж байна” хэмээн тайлбарласныг эх сурвалж өгүүллээ. Тэдний өгүүлснээр цаашид ч түлээ, нүүрсний үнэ өсч болзошгүй гэнэ.

Д.Эрдэнэтуяа/www.now.mn/

"Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл"-ийн хүрээнд барилгын компаниуд орон сууцаа иргэдэд танилцуулах үзэсгэлэн худалдаа өчигдөр боллоо.

Улаанбаатар хот утаанаас салах хамгийн сонгодог арга бол гэр хорооллыг орон сууцжуулах билээ. Нийслэлийн гэр хорооллыг орон сууцны хороолол болгон хөгжүүлэх Засгийн газрын 27 дугаар тогтоол 2008 онд батлагдаж байсан. Харин эдүгээ гэр хорооллын айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, газар чөлөөлөх, барилгажуулах томоохон төсөл хэрэгжиж эхлээд байна.

Сүхбаатар дүүрэгт босох VII хорооллын бүтээн байгуулалтын эхний алхам болох айлуудыг нүүлгэн шилжүүлэхэд зориулж нийслэлийн зүгээс энэ онд 20 тэрбум төгрөгийн санхүүжилт баталсан билээ.
Сүхбаатар дүүргийн 9, 10, 11,12 дугаар хорооны газар нутаг дахь 210 га газарт 46 мянган хүн амыг орон сууцаар хангах ёстойгоос одоогоор 55 айл өрх орон сууцанд орох гэрээгээ хийжээ.

Мөн 22 айл гэрээ хийхээр хүлээж байгаа юм байна. VII хороолол 11040 сурагчтай ерөнхий боловсролын сургууль, 2760 цэцэрлэг, өдөрт 1610 хүн үзэх өрхийн эмнэлэг, иргэдийн амралт чөлөөт цагаа өнгөрөөх цэцэрлэгт хүрээлэн бүхий 10956 айлын шинэ орон сууцтай болно.

Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Мөнхбаатар "Улаанбаатар хотын хамгийн том ажил бол гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөр. Төсөлд хамрагдсан нийт 280 өрх байна. Дэлхийн томоохон хотууд ийм аргаар утаанаасаа салсан байдаг. Гэр хорооллын газрыг айлууд нь өмчилдөг учраас бид шууд захиргаадан нүүлгэж хөөхгүй байгаа. Хамгийн чухал нь төр захиргааны байгууллага, иргэд хоорондоо ойлголцож байж ажил бүтэмжтэй байх болно" гэлээ.

Гэр хорооллын нэг метр квадрат талбайг 100 мянган төгрөгөөр үнэлж байгаа бөгөөд 300 метр квадрат талбай хоёр өрөө байр, 500 метр квадрат талбай гурван өрөө байрны үнэд дөхөх гэнэ. Үүнээс гадна нүүлгэн шилжүүлэлт хийх үед иргэдийн өмчилдөг газар болон тухайн газарт барьсан барилга, үйлчилгээний төв зэрэг үл хөдлөх хөрөнгийг хэрхэн үнэлэх асуудал тун ээдрээтэй байгаа аж.

Бүтээн байгуулалт өрнөх уг талбайд эдүгээ 300-500 метр квадрат талбайтай айл ховор байгаа юм байна. Учир нь газраа таллаад худалдсан эсвэл анхнаасаа жижиг газартай байсан гээд орон сууцны хөтөлбөрт хамрагдахад ярвигтай байгаа гэнэ.

"Бид зөрүү мөнгө төлөх юмуу, нэг ерөө байранд ч орж чадахгүй нь байна, яах вэ" гэх иргэдийн бухимдал их байлаа. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар Сүхбаатар дүүргийн Иргэдийн хурлын дарга А.Амарсайханаас тодрууллаа. Тэрээр "Одоогоор 2800 айл нүүхээр болсон. Эхний ээлжинд 400 айл хамруулах санаа байна. Та нүү, та энэ байранд ор гэж шахахгүй. Түр суурьшуулах 300 айлын орон сууц энэ оны 12 дугаар сард ашиглалтад орно. Баригдаж байгаа орон сууцууд иргэдийн сэтгэлд нийцэхгүй бол түр суурьшуулах уг 300 айлын сууцанд гэрээ хийгээд амьдарч болно. Газрын маргаантай байгаа өрхүүд болон үнэлгээний асуудал дээр тохиролцоонд хүрээгүй, жижиг газартай иргэдийн хөрөнгө дутсан тохиолдолд бид иргэдэд төсөл санал болгоно, санаа зоволтгүй" гэв.

Хуулинд зааснаар Монгол Улсын иргэн 0.07 га газрыг хувьлан авах эрхтэй. Тэгэхээр 0.07 га газрын нөхцөлийг харж байгаад иргэдэд нөхөн олговор олгох нь ойлгомжтой. Иргэд үл хөдлөх хөрөнгөө үнэлээд нөхөн төлбөр авах, эсвэл шинээр баригдах орон сууцанд амьдрах хоёр сонголт бий. Гэхдээ хүссэн болгон нь шинэ баригдах орон сууцанд амьдрахгүй ба энэ нь үнэлгээний зөрүүгээс гарах тусдаа асуудал болж байгаа юм байна.

Мөн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд баригдаж буй 300 айлын оршин суух байр нь 27-35.5 метр квадрат талбай нэг өрөөнүүд аж.

Нийслэлд анх удаа гэр хорооллыг орон сууцаар солих ажил явагдаж байна. Энэ нь цаашдаа Улаанбаатар хотын хойд чиглэлийг барилгажуулах дэд бүтцийг шинэчлэх гээд олон ач холбогдолтой.

VII хороолол нь дулаан хангамжийн дулааны нийт ачаалал 59.9 Гкал байх бөгөөд 150-500 голч бүхий 2.5 км урт дулааны гол шугам, дулаан дамжуулах 11 төвийг барьж дулаанаар хангана. Харин усан хангамжийн хувьд нийт 11640.0 мкуб цэвэр ус шаардагдах ба ф300 мм-ийн голч бүхий 2.3 км урт цэвэр усны шугам фЗ00-500 мм-ийн голч бүхий 1.8 км урт ариутгах татуургын шугам барьж 21 дүгээр коллекторт холбох ажээ.

Нийт цахилгааны ачаалал 22.7 мВт байх бөгөөд "Од" дэд станцаас тус хорооллыг цахилгаан эрчим хүчээр хангаж хорооллын дэргэд 35 кВ дэд өртөө барин дамжуулах сүлжээгээр хангах юм байна. Түүнчлэн авто зам нь 4.5 км урт хорооллын төв замыг барих гэнэ.

Т.Аз

Их бүтээн байгуулалт дагасан гундуу төрх

2011 оны 09-р сарын 22 Нийтэлсэн БАТ
ШҮДНИЙ ЭМЧИЙН ХАЙГУУЛД

Цогтцэций сумын төвийн хүнсний дэлгүүрээс цэвэр ус авах зуур гаднаас нэгэн эрэгтэй хүн аахилсаар гүйж орж ирэв. Тэрбээр “Ёох, шүдээ авахуулах газар олддоггүй. Зөндөө гүйлээ” гээд духныхаа хөлсийг арчлаа. Лангууны ард зогсож байсан дэлгүүрийн эзэн “Яагаад шүдийг чинь авдаггүй юм бэ” гэж асууж амжихад мөнөөх эр “Миний энэ шүд ёзоор болчихсон юм аа. Тэгээд авах хүн олдохгүй байна” гэж тайлбарлах аж. “Би бахиар татаад, аваад өгөх үү” хэмээн дэлгүүрийн худалдагч наргиан болгож, чанга инээлдэв.

ЦОГТЦЭЦИЙ СУМ ХААНА БАЙДАГ ВЭ?

Инээдтэй мэт санагдах энэхүү болсон явдлын цаана эмгэнэлтэй дүр зураг нуугдаж байна. Учир нь, ийм инээдэмтэй юм шиг хэрнээ гунигтай дүр зураг манай орны, ялангуяа хөдөө, орон нутагт тохиолдож болзошгүй ч их бүтээн байгуулалт өрнөж, хөгжил цэцэглэх энэ газарт хүн эмнэлгийн үйлчилгээ ийм дор түвшинд байгаа нь нүд орой дээр гарахаар зүйл мэт санагдсаныг тэмдэглэе. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд нэг дор гурвын гурван том уурхайн орд байрладаг.

Өмнөговь аймгийн төв Даланзадгадаас 100-гаад км-ийн зайтай орших энэ суманд суурин 4000, хөдөлгөөнт 8000, нийт 11000 орчим иргэн амьдарч байна. Хүн амын төвлөрөл, шилжих хөдөлгөөн улам нэмэгдэж буй Цогтцэцийд ажилгүйдлийн түвшин харьцангуй бага, таван хувьтай гэж Тамгын газрын дарга Б.Цэцмаа ярилаа. Тус суманд үйл ажиллагаа явуулдаг 80-аад аж ахуйн нэгжийн ихэнх нь уул уурхайн салбарынх. Уул уурхайгаас гадна мал аж ахуйг түшиж хөгжүүлэх концепцтэй сумын нийт малын 60 гаруй хувь зуданд  хорогдож, одоогоор 40 гаруй мянган малтай.

Цаашид эрдэс баялгийн салбарыг түшиглэсэн хот суурин барих, эрчимжсэн мал аж ахуй, дэд бүтцийн салбарыг хөгжүүлэх, боловсрол, эрүүл мэнд, соёлын салбарын хүртээмжийг сайжруулах, шинээр сургууль, эмнэлэг барьж байгуулах гэхчлэн хийх ажил тус суманд ундарсаар.

ДЭД БҮТЦИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

Шинээр барьж байгаа улаан тоосгон барилгууд, энд тэндгүй овоолсон шороо, засвартай зам биднийг Цогтцэций суманд ирэхэд угтсан юм. Сум зочилсон хүн бүрт ус гэдэг нандин эрдэнийн үнэ цэнийг ирсэн өдрөөс эхлэн яван явтал ягштал ойлгуулдаг онцлогтой. 500 гаруй км донсолгоотой замыг машинаар туулсан бидэнд замын тоосноос салахад балга ус л ногдсон юм.

Дотроо усгүй, ариун цэврийн өрөөгүй зочид буудлын хажуухан талд харин халуун усны газар ажиллах бөгөөд замын тоосонд даруулсан хүмүүс, нутгийн иргэд тасрахгүй үйлчлүүлдэг  байна.
Цогтцэций суманд төсвийн байгууллагуудыг холбосон халаалтын шугамыг 498 сая төгрөгийн өртөгтэй хийж байгааг Засаг дарга Г.Цог-Өрнөх дурдлаа. Тэрбээр суманд тулгарч буй хамгийн гол асуудал бол зам, усны хангамж болоод байгааг онцлон тэмдэглэв.

ТООСЖИЛТ, ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Зам барих асуудал шийдэгдэх хүртэл нүүрс тээвэрлэдэг том машинуудын тоос сул хөрстэй нутгийг битүү утаагаар бүрхсээр л байх нь. Мал эмнэлгийн хүрээлэнгийн мэргэжилтэн нүүрсний тээврийн зам дагуу бэлчээрлэдэг малыг шинжилж үзэхэд, уушгинд нь уут үүсэж, элсээр дүүрсэн байсан үнэмшихэд ч бэрхтэй шинжилгээний хариу гарсан байна гээд бод доо. Нүүрсний тээврийн их тоос шороо малд төдийгүй тэнд аж төрж буй хүмүүс, нэн ялангуяа бага насны хүүхдэд ч нөлөөлж байгаа тухай Цогтцэций  сумын хүн эмнэлгийн  их эмч Д.Дэлгэрмаа хэллээ.

Тус эмнэлгээр энэ оны хагас жилийн байдлаар 0-2 хүртэлх насны 80 гаруй  хүүхэд хэвтэж эмчлүүлснээс 75 хувь нь тоосжилт болон бохирдсон агаартай холбоотой харшил, бронхит гэх мэт амьсгалын замын өвчнөөр өвдсөн тухай зүрх шимшрүүлсэн баримт байна.

Утаа тоосгүй уул уурхай гэж байхгүй. Гэсэн ч ард иргэдийнхээ эрүүл мэндийг жаахан ч болов хамгаалъя гэвэл ногоон бүс байгуулж, сул хөрстэй талбайг зүлэгжүүлж моджуулах шаардлага  Цогтцэций суманд тулгамдсан асуудал болжээ. Хүн амын суурьшил нягтаршиж, төрөлт ихэссэн сумын төв эмнэлэгт дөрвөн их эмч, таван бага эмч, мөн тооны  сувилагч ажиллаж байна. Нэг их эмч 50-60 хүн үзэж, ачаалалтай ажилладаг гэж Дэлгэрмаа эмч ярив.

Одоогийн эмнэлгийн байр олон хүн үзэж, хэвтүүлэх хүчин чадал дутмаг тул удахгүй шинэ эмнэлэгтэй болох юм байна. Дэлгэрмаа эмч нарийн мэргэжлийн дагнасан эмч нар, багаж тоног төхөөрөмж, рентген лаборатори, бариа заслын эмчилгээ, шүдний эмчийн үйлчилгээ нэн даруй шаардлагатай байгааг онцлон тэмдэглэв. Шүдээ авахуулах газар олдохгүй байна гэж ярьсан эрэгтэйн асуудал руу эргэж оръё. Сумын төвд шүдний хоёр хувийн эмнэлэг байдаг ч тогтвортой ажилладаггүй гэнэ.

Цоожтой хаалга мөргөсөн шүд нь өвдсөн хүмүүс хаачих ёстой болж байна вэ? Эсвэл байсан ч ёзоор авахгүй гэж хэлэх шүдний эмчийн мэргэжлийн түвшин ямар байх вэ?

Ямартай ч шүд нь өвдөж орох байхаа олж ядсан эр нэгэнт эмнэлгийн үйлчилгээ авах аргагүйд цөхөрсөндөө эцсийн арга хэмжээ нь дэлгүүрээс лонх сархад сугавчлаад гарч одлоо.

СУМЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ

Цогтцэций сумын төвд есдүгээр сарын 1-нд “Орчлон” сургуулийн салбар үүдээ нээхээр зэхжээ. Ийнхүү шинээр нээгдэх төлбөртэй цэцэрлэг, төлбөргүй бага сургууль олон эцэг, эхчүүдийг баярлуулж байгаа нь лавтай. Одоогийн байдлаар 75 хүүхдийн цэцэрлэгт 120, 400 хүүхэд суралцах сургуульд 800-гаад сурагч багтаах гэж зовдог тухай Б.Цэцмаа хэлсэн. Сумын иргэн С.Отгонбаяраас энэ талаар асуухад “Хүүхдүүд цэцэрлэгт явж чадахгүй, гэртээ сууцгааж байна. Гэр цэцэрлэг ажиллуулахыг зөвшөөрдөггүй юм” гэлээ.

Иймээс хүрэлцээг сайжруулах үүднээс цэцэрлэгт өргөтгөл хийж, сургуулийг харин шинээр барихаар төлөвлөж байна. Дашрамд дурдахад 85 км-ийн зайтай орших Цогт-Овоо сумын төвийн сургуулийн гадна талбайд ургах цэцэг, мод уул уурхайн салбарыг зөв хөгжүүлж чадвал говийн эдгээр сум  хөгжилд хүрэх болов уу гэсэн найдлагаар сэтгэл цэлмээнэ.

ОРОН НУТАГТ ХУВЬ НЭМЭР ОРУУЛДАГ УУ?

Нэгэнт газар нутаг дээр нь үйл ажиллагаа явуулж, ашиг орлого олж улсын төсөвт хөрөнгө оруулж байгаагийнхаа хувьд уул уурхайн компаниуд орон нутгийн хөгжилд гар бие оролцох ёстой. Цогтцэций  сум уул уурхайн компаниас дэмжлэг авдаг талаар засаг, захиргааны албаны хүнээс асууж дараах мэдээллийг олж авав. “Энэржи Ресурс” сумын эмнэлэгт “Фургон” маркийн авто машин, сургуульд 15 компьютер өгч, байгаль орчны асуудалд анхаардаг гэнэ.

“Таван толгой” компани малчдад өвс тэжээлийн тусламж, “Таван толгой транс” харин эмнэлгийн өвчтөний өрөөг тохижуулахад хувь нэмрээ оруулжээ. 2011 онд 4.7 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа “Таван толгой” компанийн гүйцэтгэх захирал Х.Түмэнбаяр энэ талаар “256 км зам тавих үйл ажиллагаанд манай компани бүх хөрөнгийн 50 хувийг, “Энержи Ресурс” талыг нь гаргасан.

Мөн бетонон хучилттай зам тавих зураг хийлгээд, маршрут тавих ажилд ороод явж байна” гэлээ. Энэ мэтээр уул уурхайн компаниуд хөгжлийн төлөө орон нутагтай хамтарч, ард иргэдийн амьдрах орчныг сайжруулж, юуны өмнө нутгийн иргэдийн эрүүл мэнд, боловсрол, дэд бүтцэд хөрөнгө оруулах нь чухал билээ.

Х.Хулан
Хөдөө хотгүй айл болгоны ус, айраг, цагаагаа хийдэг торх болж заларсан химийн хорт бодисын хуванцар савнууд хүн амын эрүүл мэндэд аюул даллаж байна.

Хэн ч анзаарахгүй, холбогдох байгууллагын хараа хяналтад тордоггүй хорны сав яаж яваад иргэдийн ус, айраг, цагаагаа хийдэг торх болж хувирсныг нэхэн сурвалжилбал урт түүх өгүүлнэ. Ямар ч байсан манай улсын хил, гаалиар чөлөөтэй нэвтэрч, доторх хорыг нь арьс ширний үйлдвэрүүд ашигладаг бол савыг нь "Нарантуул", "Хархорин" зах дээр чөлөөтэй худалдан борлуулж байна. Хонь, ямааны арьсны үсийг зумлахад хэрэглэдэг химийн хорт бодисын савыг нэг нь зарж, нөгөө нь гэртээ аваачин хагас дутуу цэвэрлэсэн болоод ундны усаа хийчихдэг. Нөгөөх нь хүнсний бүтээгдэхүүнтэй химийн урвалд орж, хоол биш хор болж байгааг өнөөдөр хэн ч анзаардаггүй юм байна.

Гаднаас нь харахад хэн ч анзаарамгүй жирийн нэг хуванцар сав дотроо ямар аюул тээж явааг сэрэмжлүүлэх үүднээс манай сэтгүүлчдийн баг эхний ээлжинд "Нарантуул" захаас сурвалжлага хийснээ уншигчдад хүргэж байна.

Хорны савыг /хоосон сав орж ирсэн гэхэд итгэмээргүй/ хэн ямар зорилгоор оруулж ирдэг, ямар сүлжээгээр худалдан борлуулдаг болохыг бид нэхэн сурвалжилна. Мөн та бидний ундны усаа хийдэг саванд ямар бодис агуулагдаж байгаа талаар судлуулахаар мэргэжлийн байгууллагад хандаж, хариуг олон нийтэд хүргэх юм.

Техникийн зориулалттай бүтээгдэхүүн, химийн хор агуулсан хэрэглээнээс татгалзахыг манай сониныг удаа дараа сануулж ирсэн билээ. Үүний тод жишээ 2010 онд дэвшүүлсэн "Хүүхдийн тоглоом SOS зарлаж байна. Багачуудын тоглоомыг стандарттай болгоё" гэсэн санаачилга байв. Бидний санаачилга биеллээ олж, Засгийн газраас энэ асуудалд анхаарал хандуулснаар манай улс өнөөдөр хүүхдиин тоглоомд баримтлах стандарттай болсон.

Энэ удаа бид усны сав химийн хорт бодис, хүнд металуудыг агуулж байгааг хэрэглэгчдэд анхааруулж түүнээс татгалзахыг, нөгөөтэйгүүр ундны усны стандарттай болгоход идэвхтэй оролцож саналаа нэмэрлэхийн зэрэгцээ өөрт байгаа баримт, мэдээллүүдийг манай редакцийн хаягаар илгээхийг хүсч буй юм.

"БИД ТЕХНИКИЙН ЗОРИУЛАЛТААР АШИГЛАНА ГЭЭД ОРУУЛЧИХДАГ ЮМ"

Нарантуул худалдааны төвийн усны сав зарах хэсэгт 10 гаруй худалдаачин эгнэн зогсчээ. Тэд "Та юу сонирхож байна. Усны савыг олноор нь авбал хямдруулаад өгчихнө" хэмээн давтан хэлж байв.

Өмнө нь ашигласан цэнхэр, шар өнгийн 25 литрийн сав болон айрагны гэдгээр нь уншигчид сайн мэдэх 100-200 литр хүртэлх цэнхэр савыг эгнүүлэн өржээ. Худалдагчтай цөөн хором ярилцлаа. Түүнээс хариулт авахын тулд өөрийгөө шинээр байгуулагдсан арьс, ширний үйлдвэрийн ажилтан гэж худал танилцуулав.

-Манайх саяхан арьс ширний үйлдвэр нээсэн юм. Тэгээд эхний ээлжинд хэрэглэсэн 25 литрийн олон тооны сав хэрэгтэй байна.
-Өө, бололгүй яахав. Тэгээд яг хэдийг авах юм?

-Байгааг тань авъя.
-Өнөөдөр олноороо арай гарч амжихгүй. Маргааш гэхэд 100-г гаргачихна байх.

-Та нийлүүлэгч түнштэйгээ намайг танилцуулж болох уу. Би өөрөө тэднээс авчихъя?
-Хувь хүн нийлүүлдэг учраас түүнийг хэлэх боломжгүй. Надаас л авах боломжтой.

-Химийн хортой бодисыг нь угаагаагүйгээр авбал үнэ хямдрах уу?
-Нэг савнаас 500 төгрөг л хасагдана. Бид угаагаагүй авах тохиолдолд хүмүүс хөлслөөд угаалгачихдаг юм.

-Хаана тэр вэ?
-Хайлаастад нэг угаадаг нууц газар бий. Чи тэгээд авах юм уу?

-Үнэ нь хэд вэ?
-25 литрийнх нь 6000-8000, харин айрагны цэнхэр сав 16-18 мянган төгрөг.

-Энэ сав чухам хаанаас ирдэг юм бол. Арьс ширний үйлдвэрээс нийлүүлдэг юм уу?
-Тэр ойлгомжтой шүү дээ. Ихэвчлэн БНХАУ-ын арьс ширний үйлдвэрт ашигласан савнуудыг галт тэргээр авчирдаг. Ингэхдээ нэгийг нь 1000 төгрөгөөр ачуулчихдаг юм.

-Хил, гааль, мэргэжлийн хяналтын шалгалтыг яаж давдаг юм бэ?
-Энэ савыг ундны ус хийнэ гэж оруулахгүй шүү дээ. Бид техникийн зориулалтаар хэрэглэнэ гэдгээр нь мэдүүлчихдэг юм. Чи ямар сүрхий асуудаг юм. Авах юм уу даа, тэгээд хэмээн худалдагч Нарангэрэл гэх бүсгүй ихэд бухимдуу асуулаа. Энэ мэтчилэн усны сав худалдаалах наймаачидтай ярилцахад дээрх хариултыг бүгд хэлэх боловч, нийлүүлэгчээ дурьдахаас татгалзаж байв.

Дээрх ус зөөх зориулалтаар худалдаалж байгаа 25-200 литрийн багтаамжтай савнаас амьсгал боогдом эхүүн үнэр үнэртэнэ. Худалдагчид "Ганц хоёр угаачихад үнэр нь гарчихна. Тэгээд ус хийж болно шүү дээ" гэх боловч, хүний биед ороод ямар хор болох нь ойлгомжтой.

Ундны ус зөөхөд ашиглаж байгаа 20-25 литрийн цэнхэр, шар болон 100-200 литр буюу айрагны цэнхэр савыг арьс, ширний үсийг нь зумлах зориулалттай бодисийг нь суллаад зардаг ажээ. Өөрөөр хэлбэл, химийн хүнд металуудыг тус саванд агуулаад дараа нь арьс ширний хагас боловсруулалтад ашигладаг байна. Үүнийхээ дараа худалдаачдад нэг саваа 3500 төгрөгөөр худалдана. Түүнийг нь худалдагч нар нэг удаа угаасан болоод усны сав болгон хэрэглэгчдэд түгээж байгаа юм.

"ШИНЖИЛГЭЭ ХИЙСЭН, ХИЙГЭЭГҮЙ ХОРТОЙ"

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд хариуцсан нэгэн дарга "Худалдаалж байгаа усны хэрэглээний цэнхэр, шар өнгийн савыг хураах эрх байхгүй, Энэ сав хортой хүнсний хэрэглээнд зарж болохгүй гэхээр "Техникийн зориулалтаар зарж байна" гэж хариулна. Нөгөө талаас хориглох, таслан сэргийлэх эрхзүйн орчин, хууль нь алга. Иргэд өөрсдөө л худалдаж авахаа болих хэрэгтэй" гэв.

Түүнээс эдгээр саванд лабораторийн шинжилгээ хийж байсан эсэхийг лавлахад,"Шинжилгээ хийсэн, хийгээгүй ойлгомжтой шүү дээ. Тэр чигээрээ химийн хүнд метал байгаа. Иргэд өөрсдөө л худалдаж аваад хүнсний хэрэглээнд ашиглаж байгаа нь буруу" хэмээв.

Ч.Үл-Олдох, Д.Болормаа

"Хөдөө"-ний араншин ба хотын соёл

2011 оны 09-р сарын 20 Нийтэлсэн БАТ
Би жинхэнэ Монгол
Билэг танхай хөдөөний хүн /дууны үгнээс/

...Хөдөө нутаг сайхан. Нүүдэлчин амьдралын хэмнэл дор, ээлжлэн ээлжлэх дөрвөн улирлын элдэв араншинг аялдан дагаж, унасан нутаг, угаасан усаа эзний сэтгэлээр хайрлан хамгаалж, энэ л амьдралын нугачаан дор бие биенээ түшиж амьдрах хөдөөнийхөн мундаг. Тэд л цагийн хатууд хацар нүүрээ хөлдөөн байж үржил шимт мал сүргээ өсгөн, орон нутагтаа "эзэн" шиг эзэн байж, урин дэлгэр цагт таван хошуу малынхаа сүүн буянг түмэн олонтойгоо хуваалцаж, уламжилж ирсэн Монгол зан заншлаа бүхнээс илүү дээдэлж ирсэн хүмүүс.

Намар цагийн түм түжигнэж, бум бужигнах цагаар хонины мах, цагаан идээгээ шуудайд хийн үүрч, газар мэдэхгүй будилаандаа бусдын инээдийг хүргэж, урсах хөлсөө нударгаараа арчин, цагаан сэтгэлээр сүлсэн хөдөөх зангаараа олны анхаарлыг татан байж, таньдаг айлдаа эрүүл салхи ханхлуулан хан зорин очдогсон тэд. Хэд хоногийн хүндлэлд нь сэтгэл ханан, хотын агаарын бүгчимийг, гудамж талбайн дуу чимээ ихтэйг гайхаж, зах хэсэн хот айлын хэддээ захисан бүхнийг нь цуглуулан авч гэртээ буцаж харина.

Тэдний сэтгэлд эх нутаг нь хэдэн малтайгаа хамтад уяатай байдаг болохоор, эрх чөлөөт зоргоороо амьдрал нь түүнд таалагддаг болохоор, хэн нэгнээс хамааралгүйгээр өөрөө бүхнийг шийдэж чаддаг болохоор, хамтдаа тоглож уралдаж өссөн багын хэдэн найзуудаа санадаг болохоор, эцэг эхээс өвлөж үлдсэн Монгол зан заншлаа эрхэмлэдэг болохоор хөдөөдөө дуртай. Эмнэг хангалыг сургаж номхруулдагтаа, ээж аавын буяныг арвижуулж явдагтаа, уламжлалыг өргөж заншлыг сахиж чаддагтаа, уул ус, байгаль дэлхийгээ аргадаж, бас хэвээр нь байлгаж
чаддагтаа тэд омог бардам байдаг юм.

Яг л хөвчийн хөх чоно шиг эр чадал, ухаан самбаа, овсгоо чадлаараа амьдардаг болохоор тэд мундаг бас хийморьлог хүмүүс.

ХОТЫНХОН ба ХӨДӨӨНИЙХӨН

...Нэгэн үед хотынхон хотдоо байж хөдөөнийхөн хөдөөдөө байж бие биенээ нөхөн сүлж амьдарч байсан нь нүүдэлчин уламжлалт Монголчуудын хамгийн зөв сайн зохицолдоон байж.

Зуны дэлгэр цагт хөдөөгөө зорин, зочлон очсон хотынхон 3 усаар авсан нэрмэл, шар тос хөвсөн айрганд халамцуухан сууж, таана амтагдсан хонины тарган мах огтолж, өрөм загсаасан будаатай сүүг амталж байхдаа үгээр хэлэхийн аргагүй "жаргал"-ыг мэдэрнэ. "Ажаа", "Даадай", "Баавай" гэхчилэн хүндэтгэн "авгайлж" "намар та нар манайхаар заавал очно шүү, та хэдийгээ юм үзүүлж нүд тайлуулан жаргаах"-аа амлаж сүжирнэ.

Үүдийг нь дэлгэж, хаяаг нь шуусан гэрийн хойморт тухлан сууж, тэртээх алсад сүүмэлзэх байгалийн үзэсгэлэнг гайхан биширч, уяан дээр үүрсэх морьдын янцгаалт, хотонд дуурсах малын чимээнд уяран, гадаа хөөцөлдөн тоглох хүүхдүүд өөрийнх нь авчирч өгсөн бэлгээр "гангарч', "гайхуулахыг" харах бүрдээ л өөрөө энэ нутгийн "эзэн" мэт хэрдээ маадгар.

Буцахад нь бэлдэж өгсөн мах цагаан идээг хараад "үгүй яахнав дээ?, яасан ч их юм бэ дээ" хэмээн цааргалавч, чадах чинээгээрээ хотдоо авч очин найз нөхдөө дайлан тухлахдаа бас ч баяртай.

"Манай хөдөөнийхөн ч бас сайхан хүмүүс шүү, эдний энэ л араншингаар л Монголчууд биднийг зочломтгой гэж нэрлээд байгаа юм шүү дээ" хэмээн бахархан магтахаа мартахгүй.

...Сүүлийн хэдэн жил дараалан болсон их ган зудаас болж малаа барсан хөдөөнийхөн хот руу их нүүдэллэн ирцгээх болжээ. Хэдийгээр "байгалийн гамшиг" гэж бид өөрсдөө тайлбарлаж байгаа хэдий ч энэ нүүдэлд:

-Өдийг хүртэл хөдөөг хөгжүүлэх ямар ч бодлого, анхаарал халамж үгүй төрийн мунхаглалаас,
-Өдийг хүртэл энэ өргөн уудам нутгийн дэд бүтэц болон эрчим хүчний хангалтыг зөв зохистойгоор шийдэж чадаагүйгээс,
-Уул уурхайн их солиоролд мансуурч, бэлчээр нутгийг их хэмжээгээр сүйтгэн газар нутгийг гадныханд ашиглуулах болсноос,
-"Алт" хөтөлбөрөөс хойш газрын баялагт шунахайран, хамгийн муу технологи болон гар аргаар олборлолт хийж байгаагаас үүдэн гол мөрнүүд ширгэж, байгаль орчин  бохирдож байгаагаас
-Харсаар байтал харах нүдэн дээр илт баяжин гайхуулж, хамаг бүхнийг мөнгөөр хэмжин, мөнгөөр арилжиж, мөнгөөр шийдэж байгаа харалган солиорлоос,
-Юу юунаас илүү тэд өөрсдийн өсөж, амьдарч байсан газар нутаг дээрээ "хэн ч биш" болж, бусдын дарамт шахалт дор айдас түгшүүртэй амьдрах болсон "Нийгмийн гамшиг"-т нэрвэгдэн нүүцгээж байна.

Мэдээж тэд бас л хүн юм болохоор хотынхонтой адилаар гоёж гангалан бааранд сууж, дисконд орж бүжиглэхийг хүсч байгаа болохоор буруутгах аргагүй юм. Бас сайн сургуульд суралцан бусдаас дутахгүй боловсрол эзэмшихийг хүсч байгаа. Баян хүнтэй сууж амар сайхнаар жаргахыг ч хүсч байгаа. Ийм боломжийг тэдэнд олгохгүй болохоор тэд нүүцгээж байна.

...Зориг гарган хот руу нүүж ирсэн нь авлигалын золиос болж хот төлөвлөлт үгүй болсноос тааралдсан газраа, тэр ч бүү хэл "талийгаачдын газар"-т хүртэл бууж, нутаглаж байна. Бууж суурьших ч яах вэ? гэхэд гэнэт өөрчлөгдсөн соёлын ялгаанаас болж ихээхэн маргаан дэгдэх болж. Хөдөө амьдралд дассан зарим хэсэг нь суурин амьдралд орж ирээд мөнөөх л хөдөө зангаараа бүх л зүйлд хандаж байгаагаас, хөдөөнийхөнд таагүй хандах хандлага ихэд газар авч байгаа нь мэдрэгдэх аж. Сүүлийн үед энэ маргаан хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдээр нилээд илэрч байна. Мэдээж бүгдээрээ биш л дээ. Гэхдээ дийлэнх олонхид нь "Хөдөө" араншин илэрч энэ нь хотын хөгжил болон соёлд муугаар нөлөөлж байгаа нь үнэн.

ХӨДӨӨ АРАНШИН

..."Усыг нь уувал ёсыг нь дагана" гэдэг үг бий. Суурин иргэншлийн соёлд хөдөөнөөс орж ирсэн цөөхөн хүн амархан суралцдаг. Харин хэт олноороо орж ирэхээр бие биендээ нөлөөлөөд тэгтлээ амархан суралцдаггүй байж болох талтай.

Хаашаа л харвал "нутгийнхан" нь байж, сайн таньж мэдэх хүмүүс олноор байвал, тэд хөдөө ямар л байсан тэр л араншингаараа байж бие биенээ "дэмжих" нь зөндөө. Энэ нь тэдэнд өөрсдөд нь төдийгүй нэгэн хотод амьдарч байгаа бусад олон хүмүүст муугаар нөлөөлөөд байгаад л хамаг учир оршиж байгаа юм.

1. Соёлжоогүй араншин

-Хөдөө нутагт боловсон бие засах газар байхгүй л дээ. Тэд гэрийнхээ ойр орчимд ил задгай бие засч байхдаа өтгөн ялгадас нь газрын хөрсөнд "бордоо" болдог, хөнгөн ялгадсыг нь "сансрын салхи ариулчихдаг" гэдэгт үнэн голоосоо итгэдэг. Тэгээд ч хотжиж байгаагаа харуулах гээд бааранд хэрээ мэдэхгүй их ууж, үүнээсээ болж чинэрсэн давсгаа  хаа ч хамаагүй суллаж орхидог, Эрхбиш хот газар байгаа болохоороо "хүний нүдийг хариулахаа" нэг муу юм мэдээд байгаа юм даа.

-Хөдөө газар битгий хэл хотод ч хогийн сав тэгтлээ байхгүй. Хөдөөд бол хаясан хогийг нь салхи хийсгээд оддог бол хотод байшингийн нөмөрт очоод эргэлдэн эргэлдсээр тогтож орхидог. Нээрээ хотод аятайхан хогийн сав гудамжинд тавихаар хэн нэг нь гэртээ аваачаад тавьчихдаг гэсэн. Гэхдээ л ямар ч байсан гудамжиндаа хогийн сав тавьж, түүнийг хэрэглүүлж сургах л хэрэгтэй байгаа юм л даа. Цөмсөн самрынхаа ясыг хогийн сав байхгүй болохоор хаа ч хамаагүй хаяж орхино. Бүх хүн л адилхан ингэж хаяхаар хэн нь ч хэнээсээ ч ичих билээ.

-Хөдөөгийн сумын төв дээр ихэд харагддаг, аль нэгэн хөндлөвч дээр хөлөө савлуулан суугаад өөр хоорондоо "буу халах" зуураа шүлсээ хаа сайгүй хаялж, хааяа нусаа чанга гэгч нийж байгаа залуусыг хотод зөндөө харна. Аргагүй шүү дээ. Шүлс цэрийг "Сансрын салхи ариулдаг" гэж итгэдэгээс гадна тэд нусны алчуур ердөө хэрэглэж сураагүйд хамаг учир байгаа юм. Бетонон болон цардмал зам дээр хаясан шүлс, цэр, газрын хөрсөнд шингэдэггүй болохоор нэг л таагүй ул мөр үлдээнэ. Түүнийг ч хүмүүс тэгтлээ анзаардаггүй юм даа.

-Хөдөөгийн уул талд өссөн болохоор хотын гудамжинд их чанга дуугаар ярилцаж, адуу малдаа чимээ өгч байгаа мэтээр бие биенээ хашгирч дуудна. Хүмүүс цочиж гайхахыг адуу мал тургилах дайны л үзнэ. Хэн нэг нь шүүмжлэн сануулбал "сүртэй юм" гэх маягаар хачирхан харах мөртөө үл тоох аж. Нөгөө талаар чанга дуугаар хашгирч ярилцах нь бусдын анхаарлыг өөр дээрээ татах нэгэн арга байж болох. Бас тэдний эрээ цээргүй хэлэх хараалын үгс хэнийг ч залхаам.

-Хөдөө нутагт үзэж харах юм ховор болохоор тэд ихэд сониуч. Аятайхан бүсгүй хүн харвал гөлрөөд зогсчихно. Хэн нэгэн хүн танимхайран уулзвал дал мөрөн дээр нь падхийтэл алгадахаас эхлээд дотно сэтгэлээ илэрхийлэн сүвээ рүү  нь  ч хатгаж ч магадгүй. Хэрэв сониуч сэтгэл нь хөдөлбөл өмсөж яваа хувцасын чинь чанарыг шалгах гэж хиртэй хуруугаараа имэрч үзэж ч болох. Бүр сайхан сэтгэл нь хөдөлбөл таны дуртай эсэхийг үл анзааран юуг ч юм бэлэг болгон өгөхийг оролдоно.

2. Хэнэггүй араншин

-Тэдний зүгээс хүмүүсийн дургүйг хамгийн их хүргэдэг зүйл нь бусдын юмыг зөвшөөрөлгүй авч хэрэглэдэг зан. Айлд зочилж очихдоо хэнээс ч асуулгүйгээр үүдэнд байгаа улавчийг огтоос хэнэггүйгээр өмсөж орхино. Цай хүлээх зуураа айлын бүх л эд хогшлыг сониучирхан бүртгэж, таалагдсан зүйлээ шууд л авч үзнэ. Гэрийн эзэгтэйн уруулын будгийг түрхэж үзэх, гэрийн эзний үнэртэй усыг өөртөө цацаж байх нь ердийн л үзэгдэл. Заримдаа өөртөө хэрэгтэй зүйлээ шууд л авч орхихдоо ёс юм шиг "би үүнийг чинь авлаа шүү"хэмээн албархуу мэдэгдэх жишээтэй. Тэд өөрсдийн зүйлээ бусдад харамгүй өгдөг зангаараа бусадтай ингэж л харьцдаг. Үүнийгээ "хээгүй зан" гэж нэрлэхээс гадна энэ чанараараа бахархан өхөөрдүүлэх дуртай.

-Хөдөөнийхөн их ч найр наадамч зантай. Одоо ч энэ араншин хот хөдөө гэлтгүй адил болж дээ. Найрлахдаа дуулж хуурдахаас эхлээд зочдоо "нохой гурав харагдтал" уулгах, хуримын найранд худын талаа "дөрвөн хөллүүлж" гаргах зэрэг үйлдлүүдээ асар хүндэтгэл үзүүлж байгаа хэрэг хэмээн тооцно. Тэд хэн нэгнийг архиар шахахдаа үнэн гаргуун. За тэгээд дуулж хуурдахтай бол зүйрлэх зүйл бага даа. Яг энэхүү найрсаг зан болон заншил дээр зохиолын олон дуучид "од" болон гялалзах авай. Харин ямар нэгэн найран дээр хэн нэгэн ихээр согтож, агсам тавин бужигнуулах нь бол байдаг л үзэгдэл. Үүний төлөө хуулийн газарт хандвал жаахан "жудаггүй"-д тооцогдож магадгүй. Одоо согтуу хүнийг нойтон эсгийд боох нь хүний эрхэнд халдаж байгаа хэрэг болохоор энэ асуудал жаахан төвөгтэй.

-Хөдөөнийхэн хааяадаа найз нэгнээ гэртээ урин данх цай дундаа тавин хол ойрын хов жив ярих зуршилтай. Энэ нь нилээдгүй эрт үеийн уламжлал юм уу даа. Дондог эхнэрээсээ салсан тухай, Дулмаа дахиад төрөх гэж байгаа тухай, Нөгөө хэний хүү том албанд очсон тухай, хэний эхнэрийн сая оёж өмссөн шинэ дээлийн тухай гээд их өргөн хүрээтэй асуудлууд ар араасаа хөврөх. Мэдээлэл ихэд хөгжсөн энэ цаг үед уншихаас илүү, ам дамжсан хов яриа ихэд амттай хэвээрээ байгаа. "Тэр тэгсэн гэнээ " гэх хачиртай яриа үндсэн дүгнэлттэй, зөвлөмжтэйгээр өндөрлөх мөчид духны хөлс чийхарч байх нь үүний амтыг мэдрүүлнэ. Гэхдээ л амнаас ам дамжсан ийм төрлийн ярианууд бусдыг өөр хооронд нь муудалцуулах, хэн нэгнийг эвгүй байдалд оруулах тохиолдол зөндөө.

ХОТЫН СОЁЛ

...Нүүдэлчин соёл иргэншлээс суурин соёл иргэншилд шилжинэ гэдэг л хот болон хөдөөгийн хүмүүсийн ялгаанд нөлөөлнө гэсэн үг. “Усыг нь уухдаа ёсыг нь дагана” гэдэг үг л энэ ухагдахууны илэрхийлэл. Хотод олон хүмүүс ажиллаж амьдардаг учраас нэг хүний эрх ашиг болон сонирхол нь нийт олны эрх ашигт захирагдах учиртай. Та өөрийн гэртээ юу дуртайгаа хийж болох боловч, гудамжинд гараад үүнийгээ үргэлжлүүлэн хийх эрхгүй л гэсэн үг. Яагаад гэвэл тэнд тантай адил, танаас огт өөр маш олон хүмүүс байж байгаа. Хүн болгон юу дуртайгаа хийхгүйгээр бүгдээрээ нэгэн зарчимд захирагддагт хотын соёлын учир нь байгаа юм.

...Хүмүүс бүгдээрээ хогоо хаа ч хамаагүй хаялгүй хогийн саванд хийж, нам дуугаар ярилцаж, бие биенээ хүндэтгэн соёлтой харилцаж, хаа газар урдуур нь дайраад байлгүй дарааллаар үйлчлүүлж, гудамжинд шүлс цэрээ хаялгүй алчууранд шингээж, өөртөө зам тавьж тусалсан нэгэнд талархлаа илэрхийлж, хүнээс юм гуйхдаа заавал зөвшөөрөл авч, олон нийтийн газарт биеэ сайнаар авч явах зэрэг нь бүгд л хотын соёлд хамаатай. Тэр хүн чамд таалагдахгүй байсан ч инээмсэглэж байх нь, согтуу нэгэнтэй хэрэлдэж зодолдоод байлгүй цагдаа дуудаж асуудлыг нь шийдүүлж байх нь, үйлчилгээний бүдүүлэг, заваан байдлын төлөө шаардлага тавьж байх нь, өрөөл бусдын хийсэн сайн зүйлийг дэмжиж урам өгч байх нь, өөр хоорондоо бид ямагт бие биенээ хүндэлж байх нь хотын соёлд төдийгүй Монголчууд бидний эв нэгдэлд хэрэгтэй.

...Ийм болохын тулд гадаадаас "мэргэжилтэн урилгүйгээр" бид өөрсдөө хичээж хийх олон зүйл байнаа:

-Хотын соёлд суралцахын тулд хүн болгон л өөрсдөө хичээх учиртай. Ядаж л нус цэр болон хог хаягдлаа гудамжинд хаа хамаагүй цацаад байхгүй байх нь зөвхөн танаас л өөрөөс тань шалтгаална. Бусдад инээмсэглэж, уурлаж хараахгүйгээр зам тавьж өгөх нь тийм ч хэцүү биш. Хоорондоо хэрэлдэж, зам таглан хэдэн цаг болсноос хэдэн минут хүлээж нэгийг өнгөрөөх нь үүнээс ч илүү цагийг хэмнэх төдийгүй, бухимдаж цухалдахгүй сайн талтай. Хэн нэгнийг хүндэтгэснээс болж та "доошоо орно" гэж үгүй. Чулууг чулуу хагалж, голын ус мөлийлөгдөгтэй нэгэн адил найрсаг эелдэг харилцаа нэг л мэдэх дор бусдын хариу хүндэтгэлийг авч ирэх болно.

-Ямар ч хот болон суурин өөрсдийн оршин суугчдын мөрдөх дүрэм журам болон хэм хэмжээтэй байдаг. Газрыг байршлаар нь үнэ хүргэн худалдаж байхын оронд, 8 нэрийн барааны дэлгүүрийн зөвшөөрлийг авилгал авч хэн нэгэнд хууль бусаар өгч байхын оронд, баар цэнгээний газраа олноор байгуулан залуу үеийг самууруулж байхын оронд, барилгын зөвшөөрлийг чанаргүй нэгэнд олгож, олон нийтийг хохироон бухимдуулж байхын оронд хотын соёлоо сурталчилж, хэм хэмжээ дүрэм журмаа олон нийтэд сурталчлан таниулж байх нь Хотын Захиргааныхны үүрэг юм шүү дээ.

-Хотын соёл болон хэм хэмжээг санаатайгаар зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагаа чангатгах хэрэгтэй байна. Хог хаягдлыг гудамжинд хаясан хэн нэгнийг, нус цэрээ тургисан хэн нэгнийг, согтуурч солиорон олон нийтийн амгалан байдлыг алдагдуулсан нэгнийг, мөрөөрөө яваа хүнийг айлган сүрдүүлж дарамталсан нэгнийг, дүрэм зөрчиж гэрээгээ биелүүлээгүй үйлчилгээний газруудыг маш өндөр торгуулиар шийтгэж байх хэрэгтэй байна. Ихэнх өндөр хөгжилтэй орнуудад ийм асуудлыг эдийн засгийн аргаар, торгууль шийтгэлээр шийдэж чаддаг. Гэхдээ торгууль гэдэг нь төсөвт оруулах мөнгө биш, тухайн хүнд сайтар ухааруулах арга гэдгийг мартаж боломгүй.

-Нэгэн хотод хамтдаа амьдарч байгаа хүмүүс бие биедээ шаардлага тавьж сурах хэрэгтэй байна. Ядаж л газар хаясан хог хаягдлаа авахыг шаардахаас эхлээд биеэ муугаар авч яваа нэгний тухай холбогдох газарт нь мэдээлж арга хэмжээ авахыг шаардах, үйлчилгээ болон бүдүүлэг, заваан байдлын төлөө шаардлага тавьж байх нь өөрийнхөө төлөө төдийгүй өрөөл бусдын сайн сайхны төлөө санаа тавьж байгаа сайн үйл. Нэгэн хотод хамтдаа амьдарч байгаа хүмүүсийн бүх л зүйлс бие биедээ хамааралтай байдаг. Айж ичихгүйгээр муу бүхнийг засч байх нь хотын соёлыг хамтдаа хэрэгжүүлэх нэгэн боломж. адил таатай орчинд амьдрахын нэгэн баталгаа болно. Бусдаас айж төвөгшөөгөөд дуугүй өнгөрөөгөөд байх нь бухимдаж, тухгүй амьдрахын нэгэн шалтаг нь болно.

ТӨГСГӨЛ

...Хөдөө нутаг сайхан. Нүүдэлчин уламжлалтай монголчууд бидний амьдралын нэгэн сайхан хэв маяг хөдөөд байдаг. Гадаадынхан ч бидний нүүдэлчдийн соёл, ёс зан заншлыг илүүтэй сонирхдог. Бас мал маллах уламжлалт аргаараа бид бусдаас ихээхэн ялгаатай.  Хөдөөнийхний найрсаг зочломтгой, тусархуу, итгэмтгий занд бид дуртай байсан.

Гэхдээ одоо олон зүйл өөрчлөгдөж байна. Юу юунаас илүү хөдөөнийхнийг хот руу дүрвэхэд хүргэж байгаа олон шалтгааны ихэнх нь ган зуд биш, монголчууд бид өөрсдөө юм шүү дээ. Газар нутгаа баялагтай хэмээн гайхуулж, гадныханд үнэ хүргэн худалдаж байхдаа газрын хөрсөн дээрх ямар их баялгаа үнэгүйдүүлж бас устгаж байгаагаа анзаарахгүй. Тэд яг үнэндээ өөрсдийг нь шахаж байгаа шунал, сүйтгэлээс л дайжиж байгаа юм.

Хотод ирээд тэд, хөдөөний зангаасаа ангижирахгүй байгаа нь монголчууд бидний сэтгэлгээний их хоцрогдлоос улбаатай. Бид урьдын адил бие биенээ хайрлан дэмжиж, талархан урамшуулахаа больжээ. Бид бие биендээ чин сэтгэлээсээ хайрлан дэмжиж тусалж чадахаа больж байна. Хөдөөнийхэн нэгэн цагт үнэлдэггүй байсан мах, сүү цагаан идээгээ үнэ хүргэн зарах тусам, хотынхон тэдэнд туслахыг ч хүсэхээ больж байна.

Мөнгөнд аргамжигдсан энэ л сэтгэл дор монголчууд бид өөрсдийн мөн чанараа гээж байх шиг...Мөнгө ихээр олох тусмаа хүн чанараа тэр хэмжээгээр алдаад байх шиг санагдах.

Нүүдэлчин уламжлалтай монголчууд бидний амьдрал болон хөгжлийн хэмнэл хот болон хөдөө дээр оршдог. Хөдөөнийхэн нь хөдөөдөө байж, хотынхон хотдоо байж бие биенийхээ дутууг нөхөж дундуурыг дүүргэж байвал юутай сайн сан. Үүний тулд хөдөөдөө чиглэсэн холч бодлоготой байж, хотод ирсэн хөдөөнийхнээ дэмжиж, зааж, хэлж тусалж байх сан. Бид бие биегүйгээрээ хэн ч биш билээ.

Г.Галбадрах gala_mn@yahoo.com

СУМД МӨХӨЖ БАЙНА

2011 оны 09-р сарын 20 Нийтэлсэн БАТ
Та хотод сурдаг хүүхдэдээ яаралтай мөнгө шилжүүлэхийн тулд аймаг руугаа хурдлах, аав, ээж тань “тэтгэврийн хэдийг минь аваад ирээрэй” гэж хүнд дайх, найз чинь машиныхаа хагарсан дугуйг нөхүүлэх гэж мотоцикль хөлслөн дор хаяж 20 км газар давхихыг хүлээн зөвшөөрч байна уу. Энүүхэнд, нийслэлээс 60-аад км-ийн цаана биднийхээс өдөр шөнө шиг ялгаатай ийм амьдрал байх юм. Төв аймгийн Сэргэлэн сумынхан түлш шатахуунтай залгахын тулд 50 км газар явахаа юман чинээ санахгүй нь хачирхалтай. “Хүний хөгжил” сангаас олгож байгаа 21 мянгын ачаар өнгөрсөн дөрөвдүгээр сард “Хадгаламж” банкны салбар нээгдсэнээр тэд тэтгэвэр, тэтгэмжээ явдал чирэгдэлгүй дэргэдээсээ аваад жаргаж суугаа юм байх.

Эмнэлэг дотроо байрлах ганц эмийн сан, дэлгүүр нь сургууль, дотуур байр, цэцэрлэгийн бүх барааг татдаг аж. Өрсөлдөөн байх ёстой гээд дахиж нэг дэлгүүр нээхээр өнгөрсөн хавар эрхээ авч, байр саваа барьсан боловч архи, шар айраг худалдах зөвшөөрөл энэ тэрээсээ болдог юм уу, хойшилсоор өнөө хүрчээ. Ядаж сумын төвдөө дугуй засварын газар ажиллуулъя, ШТС-тай болъё гэж хэд хэдэн газарт хүсэлт тавиад “Танай суманд ажиллуулаад ямар ч ашиг байхгүй” гэсэн хариу сонсчээ. Дээр үед Сэргэлэн сум аймгийнхаа бараг л төвд байрладаг, Зуунмод хо тоос ганц гол л тус гаарладаг байжээ. Нэг найзын минь аав, ээж хоёр хоёулаа одоогийн Зуун мод суманд төрсөн байтлаа голын наана, цаана гэдгээрээ нэг нь Сэргэлэнгийнх, нөгөөх нь Зуунмодынх гэж явдаг нь ийм учиртай аж. Энэ бол 1960, 70-аад оны үйл явдал.

Харин одоо газар нутгийн хувьд хааш хаашаа дор хаяж 100 км дамнан оршдог Сэргэлэн суманд цэргийн анги, төмөр замынхан, алтны уурхайн ажилч дыг оролцуулаад 2000 га руй хүн оршин суудаг. Сумын төв буюу ЭрдэнэУул багт л гэхэд хүн ам, орон сууцны тооллогоор 500 орчим хүн бүртгэлд хамрагдсан нь сүүлийн хэдэн жилийн “дээд амжилт” гэсэн. Сумын тө- вийн үндсэн оршин суугч гэх 200 хүрэхгүй хүн байдаг нь тэндхийн төрийн алба хаагчид. Хот суурин газартай ойр учраас айл өрхийн ихэнх нь төв бараадаад явчихдаг, үлдсэн хэд нь юм юмнаас хоцрогдож “гээгдсэн түүх” болдог үзэгдэл зах зээлийн шилгээлтээс хойш Монголд газар авсны бодит жишээ нь Сэргэлэнгийнхэн ажээ. Өнгөрсөн хавар сургууль төгсөж шинээр ирсэн Ерөнхий эмчийнхээ эхнэрийг сумын атаманууд морин дээрээ дүүрч зугтаах нь холгүй юм болсон гэнэ. Хэтэрхий уйтгартай, тэвчээрийн хүлээс хэр бөх болохыг сорих мэт аймшигтай ч гэмээр нам гүм тэнд ноёлжээ. Навчсын сэрчигнээн, “намрын дууч” царцааны чимээнээс өөр аниргүй “мартагдсан” сууринд бид очсон юм.

600 САЯАР ЗАХИРГААНЫ БАЙРТАЙ БОЛЧИХВОЛ БҮХ ЮМ ОК

10.50 цагт биднийг Сэргэлэн сумын захиргаагаар ороход Засаг дарга нь аймгийн төв рүү ажлаар явсан, орлогчийнх нь бие чилээрхсэн, Тамгын газрын дарга нь амралттай, ИТХ-ын дарга нь бас ямар ч билээ шалтгаанаар байгаагүй. Сумын захиргаа нь сургуулийнхаа дотуур байранд үйл ажиллагаа явуулаад багагүй хугацааг ардаа орхижээ. Аль ч суманд очсон, хэнбугай ч байсан эхлээд захиргааны тугтай байшинг хайж, тэндээс зүг чигээ гаргадаг. Гэтэл бүхэл бүтэн таван багтай сумын “үүд хаалга” болох захиргааны байр дэндүү тохь муутай, арай л ядмаг санагдсаныг нуух юун. Хаалга нь түгжээгүй цөөхөн өрөөгөөр ороход ажилтнууд нь бүгд дэргэдээ халаагч ажиллуулчихсан сууна. “Нэг цэгийн үйлчилгээ” гэсэн өрөөнд хэн ч байхгүй тул үйлчлүүлэхээр ирсэн хоёр хүн “Эд ингээд ажлаа хийдэггүй юм ш дээ. Гэрээс нь очиж авчирдаг юм бил үү” гэцгээж байв. Уг нь эндхийнхэн Төрийн сангийн болон Малчны зээл хөөцөлдөх, сургуулийн тодорхойлолт, хүүхдийн шилжүүлэг гэсэн хүмүүсийн хөлд дарагдаж баймаар юм.

Сумын ЗДТГ 17 ажилтантай бөгөөд тэдний цалин болон бусад урсгал зардалд өнгөрсөн жил 158.4 сая төсөвлөгджээ. Сэргэлэн сум 17, 18 алтны уурхайтай учраас аймгийнхаа төсвийн 12-15 хувийг бүрдүүлдэг гэдгээрээ Заамарын дараа ордог. Төсвийн бас нэг эх үүсвэр нь шонхор шувуу. Хамгийн анхны алтны уурхай үйл ажиллагаа явуулж эхлээд 20-иод жил болж байгаа гэхээр энэ хугацаанд чамгүй мөнгө төсөвт орсон гэсэн үг. 2011 оныг хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын жил болгосноор өнгөрсөн өвөл хан дивлагчдаасаа тэрбум төгрөгийн мөнгө татсан бөгөөд 600 саяыг нь Нутгийн захиргааны ордон (өөрсдийнх нь нэрлэснээр) барихад зар цуулах гэнэ. Гэхдээ энэ байр хэзээ босох нь одоогоор тодорхойг үй байгаа аж. Үлдсэн 400 сая төгрөгөөр “Ээж хад”-ны хийдийн тэнд байдаг хоёр багийн төвийг цахилгаанд холбохоор болжээ.

Захиргааныхны бидэнд “олзолж” өгсөн ганц хүн болох сумын төвийн IV багийн Засаг дарга Ү.Ганбаяртай хэдэн хором хөөрөлдлөө. Тэрбээр “Багийн төсөвт цалин голлодог. Гэхдээ яг тэр багт тийм хэмжээний төгрөг гэсэн төсөв байдаггүй. Багт оногдсон төсвийг зарцуулах эрх мэдэл ЗДТГ-аас бүрэн хараат байдаг. Сумын төвийнхөө хүүхдүүдийг ядаж ганц тоглоомын талбайтай болгох гэж их хөөцөлдсөн ч өнөөг хүртэл бүтээгүй л байна. Дондог гишүүн 1.5 сая төгрөг өгнө гэсэн. Түүгээр тоглоомын талбайгаа босгох санаатай гэж бидэнд ярьсан. “Аль нэгэн нам дагаж гүйсэндээ бус, өвөг дээдсээсээ энд нутаглаж ирсэн болохоор ард түмнийхээ сонголтоор би гарч ирсэн. Харин одоо иргэддээ багийн дарга нэртэй болохоос ЗДТГаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэг л хүн болчихоод байна” хэмээн урам муутайхан өгүүллээ.

ДӨРВҮҮЛЭЭ ЗУРГАА ЗУРЖ, ГУРВУУЛАА ЖАГСАНА

Хүслийн цэнхэр тэнгэрт Хүний дэлхий инээж байг Хүүхэд бүрийн ширээн дээр Зураг бүхэн нартай байг... гэж дунд сургуульд дуулж өсөөгүй хүн ховор. Энд ч мөн хүүхдүүд нар зурж байна. 12.00 цагт бид “Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Догсомын Бодоогийн нэрэмжит Сэргэлэн сумын дунд сургууль” гэсэн хүндтэй хаягаар угтуулан сургуулиар нь орлоо. Захирал нь мөн л аймаг руу ажлаар явсан гэнэ. Бүхэл бүтэн хоёр давхар байранд долоон сурагч, хоёр багш л хичээллэж байсан бөгөөд хичээлийн эрхлэгч нь үүнийг “Хоёр багш маань жирэмсний амралттай байгаа учраас энэ долоо хоногт манайх зохицуулсан хуваариар хичээллэж байна. Өглөөний ангиуд 11.00 өнгөрөөгөөд тарсан, одоо үдээс хойших ангийн хичээл орж байна” гэж тайлбарлав.

Тус сургууль есөн багштайгаас хоёр нь ийн чөлөөгөөр суусан тул сургалтын менежер гэсэн албыг давхар хашдаг хичээлийн эрхлэгч нь хоёр ч ангид багшилж байгаа аж. Эрхлэгчийн хичээл орж байгаа хоёрдугаар ангид гурван хүү, нэг охин “Манай сургууль” сэд вээр зураг зурж байв. Биеийн тамирын ханхайсан том зааланд тавдугаар ангийн гурван сурагч хичээллэж, “Зэр гээц, номхон” командын дор жагсаж байна. Би Архангай аймгийн Өндөр-Улаан сумынх. Манай суманд нэгдүгээр ангийн дөрвөн бүлэгт тус бүрт 40 гаруй хүүхэд жил бүр ордог. Гэтэл Сэргэлэнгийн бүхэл бүтэн нэг сургуульд тэндхийн нэг ангийн хүүхдүүдийн тоотой дүйхээр 44 сурагч сурна гэдэг арай л биш ээ.

Есдүгээр ангийн гурав, дөрвөн хүүхдийн хонхны баяр хэрхэн болдгийг, хэдэн биенээсээ уйдах шахуу юм болсон тэнд анхны хайр, анхны догдлол, анхны үнсэлт... гээд сурагч насны ариун дурсамж үлдэх эсэхийг төсөөлөхөд хэцүү аж. Бусад газарт нэг ангид хэчнээн хүүхэд хичээллэдгийг, компьютер, интернэт гэж юу байдаг, хүн төрөлхтний хөгжил хаашаа явж байгааг мэдэхгүй өсөж байгаа бяцхан үрсийн ирээдүйг хэн хариуцах вэ. Тэнд сургууль хичээллэж байгаа нэрээр цалин авч, амьдралаа залгуулж буй 22 хүн лав тэгж чадахгүй нь тэдний буруу биш л дээ. 1935 оны 5-9 дүгээр сарын хооронд тус сургууль 20 гаруй сурагчтайгаар анхны хичээлээ эхэлж байсан бөгөөд тухайн үед дотуур байранд таван хүүхэд амьдарч байжээ.

Дотуур, гадуур бүрээсгүй, үхэр, адууны адсага дэвссэн дөрвөн ханатай гэрт хар гөлмөн төмөр дээр монгол бичиг зааж байсан тухайн үеийнхээс ялгаатай нь суралцах орчин өөрчлөгдсөнөөс өөр үнэндээ юу ч алга. Хүүхдийн тоо нь 1935 он руугаа очих нь. Уг нь цагтаа 320 хүүхдийн багтаамжтай хичээлийн энэхүү байранд 420 гаруй хүүхэд хичээллэж байжээ. Гэтэл одоо зургадугаар ангид нь бүр ганц ч хүүхэд байхгүй учраас 1-9 хүртэлх найман ангид 44 хүүхэд хичээллэдэг. Дотуур байранд есөн хүүхэд амьдарч байна. Сэргэлэнгийн сургуульд манлай уяач Д.Онон, даян аварга А.Сүхбат гээд нэртэй, төртэй олон хүн суралцаж байсан гэдэг.

ХОЁРХОН ХҮҮХДЭД ВАКЦИН ХИЙХИЙН ТУЛД 80 КМ ЗАМ ТУУЛДАГ

Сумын эмнэлэгт нь ЭМШУИС-ийг саяхан төгссөн шижигнэсэн хоёр залуу ирж, зунжин засвар хийсний ачаар хүний нүдэнд өнгөлөг харагдахаар болсныг эмнэлгийн ажилтнууд олзуурхан ярьж байсан. Эднийгээ алдчихгүйн төлөө нэг хэсэг нь хичээж, мэрийж байгаа гэнэ. Гэтэл бас олон жил ажилласан зарим бага эмч нөгөө хоёроо хавчиж шахаад, шүүх цагдаадаа тулчихсан аймаг руу байсхийгээд дуудагддаг ажилтай болсон гэнэ. “Энэ эмч нарынхаа хүчээр “Сэргэлэнгийн эмнэлэг хүн төрүүлдэггүй” нэрнээсээ салах байх гэж найддаг. Гэхдээ манайх хүн ам нь хэтэрхий тархай бутархай суурьшдаг болохоор эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд түлш шатахуунаас эхлээд асуудал их бий. Тухайлбал, V багийн хоёрхон хүүхдэд вакцин хийхийн тулд 80 км газар явдаг” гэж эмнэлгийн Нийгмийн ажилтан Ч.Ичинхорлоо ярилаа.

СЭРГЭЛЭНГ МӨХӨХИЙГ ЗҮГЭЭР Л ХАРААД СУУЖ БАЙХ ХЭРЭГ ҮҮ

“Манайх уг нь хөгжвөл хөгжихөөр баян сум шүү дээ” гэдэг үг олон хүний амнаас гарч байв. Тэгээд сэхэхгүй байгаагийн шалтгааныг долоон жил сум толгойлсон дарга нь уул овоо тахиж, баяр наадам зохиохоос өөр ажил хийхгүй байгаатай холбон тайлбарлах хүн ч байсан. Баруун хойд талд нь холгүй олон улсын нисэх онгоцны буудал баригдахаар болсон, хот суурин газартай ойр учраас зуслангийн зориулалтаар энд газар авахыг хүмүүс чухалчилдаг тул Сэргэлэнд харин газар овоо үнэд орж, багагүй маргаан үүсдэг болсон гэнэ. “2004 онд намайг ажил хүлээж авахад Сэргэлэн сум ийм л байсан. Угаасаа ч тийм л байдаг. 2006 оны үед иймэрхүү сумдыг татан буулгах санал гарсан. Бид ч Сэргэлэн сумыг хуучнаар нь аймгийн төвтэй нэгтгээд “Зуунмод хот, Сэргэлэн сум” гэж нэрлэхээр санал оруулж, ИТХ-аар нь хэлэлцүүлээд нэмэр болоогүй. Эрх ашгийн зөрчил ч байдаг юм шиг байна лээ.

Иргэд нь “Бид гал голомтоо сахиж үлдсэн цөөхөн хүмүүс. Даян аварга, Манлай уяачийн сумаа татан буулгуулахгүй” гээд халгаадаггүй” хэмээн Төв аймгийн Засаг дарга Ц.Энхбат ярьсан. Ардчилсан намаас сонгогдсон Засаг дарга нь Тамгын газрын даргаараа ангийн бүсг үйг томилж, Ардын намын хүнийг ИТХ-ын дарга болго сон гэхчлэн тэднийхний зохицлын талаар энд ярьж байв. Сэргэлэнгээс дуулсан ганц сайн мэдээ нь гэмт хэргийн тоо 2009 онд 41, 2010 онд 32 байсан бол энэ жилийн эхний найман сарын байдлаар 12 болж буурчээ. Гэмт хэрэг, зөрчил ийн буурч байгаа нь улам бүр цөөрсөөр байгаа хүн амын тоотой холбоотой аж. Бас хэсгийн төлөөлөгч нь гарсан хэрэг болгоны араас тэр бүр хөөж илрүүлээд байж чаддаггүйтэй холбоотой байж магадгүй гэнэ. Хэсгийн төлөөлөгчийг нь ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн гэх шалтгаанаар ажлаас нь халаад сар гаруй болж байгаагаас харахад энэ үнэний ортой байж мэдэх л юм.

Дундговь аймгийн Цагаандэлгэр сумынхан цаашаа Чойр руу нүүгээд Сэргэлэнгийн адил мөн эзэнгүйдсэн гэнэ. Намрын цагаан салхинд сэнсэрсэн нүцгэн моддын адил эзэнгүйрч мартагдан, мөхөж сөнөхийн ирмэг дээр ирсэн сум Хэнтийд, Баянхонгорт, Увсад, Баян- Өлгийд гээд хаа сайгүй бий. Улиран одож буй цаг хугацаа, хувьсан өөрчлөгдөж буй нийгмийн хөгжлийн тэртээ буланд хүмүүс орхигдож, гээгдэж байхад нүдэн балай чихэн дүлий суусаар байх уу.

Л.ГАНЧИМЭГ

Нийслэлд шилжин ирэгсдийн тоо жилээс жилд нэмэгдэж үүнийгээ дагаад ундны усны хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа. Мөн иргэдийн шилжилт хөдөлгөөнтэй холбоотойгоор хөрсний бохирдол зургаа дахин нэмэгдсэн. Үүнийг дагаад ундны усны бохирдол нэмэгдэж байгаа. Тиймээс нийслэлийн Засаг даргын захирамж гарч ундны усны бүсийг тогтоож хамгаалж байгаа. Гэсэн ч гэр хороолол, зуслангийн айлууд хашаандаа өөрийн дураар худаг гаргаж байгаа. Үүнээс үүдэн хүрээлэн буй орчны бохирдол хот, суурингуудад эрс нэмэгдэж, усны бохирдол, хомсдолоос шалтгаалсан эрсдэлт хучин зүйл хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байна. Манай улсын хүн амын дунд зонхилон тохиолдож буй гэдэсний халдварт өвчний 25 орчим хувь нь усны бохирдол гачаалаас шалтгаалж байгааг судлаачид тогтоожээ. Тиймээс Мэргэжлийн хяналтын газраас усыг халдваргүйжүүлж хэрэглэж байхыг анхааруулж байна. Ингэснээр дээрх өвчнөөс өөрийгөө бүрэн хамгаалах боломжтой юм. Тус газрын мэргэжилтнүүд зөвлөхдөө "Усыг халдваргүйжүүлэх гэдэг нь усанд байгаа амьтны гаралтай органик бодис, нян, вирусыг халдваргүйжүүлэх бодисоор болон физикийн бусад аргуудаар устгахыг хэлнэ. Хүн амын төвлөрсөн ус хангамжийн сүлжээний усыг хлоржуулах, озонжуулах, ионжуулах, туяагаар шарах зэрэг тусгай төхөөрөмж ашиглан халдваргүйжүүлдэг. Энгийн гар худаг, уурхайн худаг, гол, горхи, нуур, цөөрөм, булаг, шанд, гүний худгаас усыг унд ахуйн зориулалтаар хэрэглэх тохиолдолд халдваргүйжүүлж хэрэглэх шаардлагатайг" хэлж байсан юм. Түүнчлэн төв суурин газрын хүн амын унд ахуйд хэрэглэж байгаа гол, горхи, булаг, шанд, энгийн гар худгийн ус нь ихэнх тохиолдолд баталгаагүй, тоноглож тохижуулаагүй, унд ахуйд хэрэглэх улсын бүртгэл, хяналтад ороогүй байдгийг хэрэглэгч байгууллага, иргэд анхаарах нь зүйтэй. Усыг халдваргүйжүүлэхэд хлор агуулсан бодисуудыг ашигладаг бөгөөд усны бохирдолтын зэргээс шалтгаалан түүнд шаардагдах хлорын хэмжээ эх үүсвэр тус бүрт харилцан адилгүй гэсэн юм. Тиймээс гар худаг, тоноглосон худаг, булаг, шандны ус, ус тогтоох хашлаганд байгаа усыг урьдчилан шавхаж цэвэрлэсний дараа 3-5 хувийн хлорын шохойн уусмалаар угааж, зайлж цэвэрлэх хэрэгтэйг анхааруулсан юм. Э.Пагма
Сүүлийн үед орон сууцны барилга тойрсон эцэс төгсгөлгүй маргаан маш ихээр гарч эцэст нь иргэд хохирох явдал маш ихээр гарч байгаа.

Иймд ард иргэдэд зарим зүйлийг анхааруулах, туслалцаа үзүүлэх зорилгоор дараах сэрэмжлүүлгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Барилга байгууламж, эрчим хүчний хяналтын хэлтсээс өгч байна.

Тухайн барилгын газар олголтын захирамж, гэрээ, гэрчилгээ хүчин төгөлдөр эсэх, техникийн нөхцлийг холбогдох байгууллагуудаас бүрэн авсан байдлыг нэг бүрчлэн нарийвчлан үзэх хэрэгтэй. Түүнчлэн барилгын зураг төслийг батлагдсан зургийн даалгаврын дагуу боловсруулсан байдал, хуулийн дагуу зураг төсөлд бүрэн магадлал хийгдсэн эсэхийг үзэж, гаргасан дүгнэлтүүдтэй нь танилцах, барилга угсралтын ажлаа эхлэхдээ мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвшөөрөл авсан эсэхийг шалгах нь зүйтэй.

Сүүлийн үед зарим барилгын компаниуд мэргэжлийн байгууллагаас зөвшөөрөл аваагүй байж барилгын ажлыг эхлүүлэх болжээ. Тиймээс дээрх баримт бичгийг шалгах хэрэгтэйг анхааруулж байна. Мөн захиалагч, гүйцэтгэгчийн эдийн Засгийн чадамж, дадлага, туршлага зэргийг нарийвчлан судалж мэдсэн байх.

Тухайлбал, өмнө нь барьж ашиглалтад оруулсан орон сууцны барилгын одоогийн чанар байдал, оршин суугчдын санаа бодлыг судалж мэдэх нь зүйтэй. Захиалагч, хөрөнгө оруулагч нь тухайн барилгын газрын зөвшөөрөл, техникийн нөхцөл олгогдоогүй, зураг төсөл нь боловсруулагдаж дуусаагүй орон сууцны барилгад иргэдээс хөрөнгө төвлөрүүлэхийг хуулиар хориглосон байдгийг онцгой анхаарах хэрэгтэй.

Мөн санал болгож байгаа гэрээний төслийг сайн судлахгүйгээр шууд гарын үсэг зурж баталгаажуулах нь танд эцэст нь эрсдэл авчрах өндөр магадлалтай гэдгийг онцгой анхаарч байх нь чухал. Гэрээг хянаагүйгээс болж дээрх тохиолдол амьдрал дээр маш их гарч байна. Гэрээнд заасан орон сууцны талбай бодит байдал дээрээ зөрүүтэй байгаа талаар сүүлийн үед маргаан их гарч байгаа. Иймд тухайн барилгыг барьж байх явцад буюу дотор ханын өрлөг өрөгдөх үед зураг төсөл зохиогч, захиалагч, гүйцэтгэгчийг байлцуулан хэмжилт хийж, гэрээнд заасан талбайн хэмжээг баталгаажуулж авах хэрэгтэйг анхааруулж байна.

Э.Дулам
Улаанбаатар хотын утааг хоёр жилийн дотор бууруулах томоохон зорилтыг нийслэлийнхэн тавьсан. Хуульд ч энэ талаар тусгасан билээ.

Эхний ээлжинд агаарын бохирдлыг 30 хувиар бууруулахаар болсон. Улаанбаатар хотыг утаагүй болгоё гэвэл мөнгөтэй байх хэрэгтэй. Тодруулбал, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөөнд тусгаснаар 4.2 их наяд төгрөгтэй бол Улаанбаатарыг утаанаас салгах тооцоо, судалгаа хийсэн байдаг. Гэвч нийслэл, улсын төсвөөс ийм их хэмжээний мөнгө утаанд зориулж гаргахад хэцүү юм. Тиймээс нийслэлийн Засаг даргын санаачилгаар энэ өвөл нийслэлийн гурван дүүргийн 18 хорооны өрхүүд утаагүй түлшээр зуухаа галлаж байж хотын хонхорт тогтдог утаа сарних ёстой гэсэн гаргалгаа хийсэн юм.   

Эдгээр хязгаарлалтын бүсэд буй өрхүүд заавал утаагүй түлш түлэх ёстой. Ийм түлш хэрэглэж байгаа өрхүүд бүтэн шаталттай тусгай зуух гэртээ тавиж байж утааны эсрэг ажил үр дүнтэй болно. Энэ өвлөөс эхлэн айл бүрийн хаалгыг онголзуулж нүүрс, шахмал түлш хэрэглэж байгаа эсэхийг тухайн хэсгийн ахлагч шалгахаар болсон. Нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд 484 хэсгийн ахлагч бий. Тэд үндсэн ажлынхаа зэрэгцээ утааны байцаагчаар ажиллаж нийслэлийг утааг бууруулахад анхаарна.

Тэдний ажлын хөлс нэмэгдэж байгаа тул хоёр дахь ажлаа сайн хийх ёстой. Хэрэв дээрх айл өрхүүд утаагүй түлш түлэхгүй нүүрс өрдөж байвал байгууллагын дагаж мөрдөх журмын дагуу хариуцлага хүлээлгэх аж. Удаа дараа нүүрс түлсэн айлуудыг цаашлаад тухайн дүүргийн нутаг дэвсгэрээс хөөх гэнэ.

Агаарын тухай хуулийн 26 дугаар зүйлд утаагүй түлш түлээгүй айл, өрхийн эзнийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол захиргааны арга хэмжээ авах талаар тусгасан байдаг. Агаарын тухай хуулийн 26.1.1-д журам зөрчсөн айл өрхийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин, аж ахуйн нэгж, албан байгууллагыг дөрвөөс тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох аж.

ИРЭХ САРЫН 1-НЭЭС УТААГҮЙ ТҮЛШ ХУДАЛДАНА

Нийслэлийн Агаарын чанарын албаны дарга Л.Мөнхцог утааны эсрэг хийж байгаа ажлынхаа талаар мэдээлэл хийсэн. Тэрээр ярихдаа, Улаанбаатар хотод шахмал 1745 тн түлш нөөцөлсөн. Энэ нь нийлүүлэх ёстой түлшний 46,3 хувийн нөөцтэй гэсэн үг.

Энэ сард 64700 тн нүүрсийг Баянзүрх дүүргийн агуулахад буулгаж, нөөцөллөө. Түлш нийлүүлэлтээ хүйтний байдлыг харзнаж байгаад нийлүүлэхгүй бол ноднингийнх шиг явдал болох вий. Өнгөрсөн жил угаагүй түлшийг зах зээлд гаргангуут эзэндээ очихгүй ченжүүдийн гараар орсон байх юм.

Хүйтний байдлыг харгалзаж байгаад ирэх сарын 1-нээс утаагүй шахмал түлшийг гэр хорооллын өрхүүдэд худалдан борлуулна. "Шарын гол Энержи" компани нийслэлийнхэнд шахмал түлш нийлүүлж байгаа. Баянзүрх дүүргийн Амгалан, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн зургаан агуулахад утаагүй түлшээ нөөцөлж байна.

Дан ганц утаагүй түлшийг иргэд хэрэглээд үр дүнд хүрэхгүй. Утаа бага ялгаруулдаг зуухтай бол сайн үр дүн гарна. Одоогоор 1430 зуух эзэндээ очоод байна. 6881 зуухны гэрээ нь хийгдэж эзэндээ очиход бэлэн болсон. Нийтдээ 8311 айл утаагүй зуухтай болсон. Агуулахад 33 мянган зуух хадгалж байгаа.

Түлшний үйлдвэрүүдээр өнгөрсөн хугацаанд Нийслэлийн өмчийн харилцааны газар, манай алба, ЗДТГ-аас ажлын хэсэг явж түлшний, хадгалалт, хамгаалалттай танилцсан. Энэ жил нийслэлийн өрхүүд стандарт хангасан түлш хэрэглэнэ. Найман үйлдвэртэй гэрээ байгуулсан. Хоёр нь хагас коксжсон түлш нийлүүлэх юм. Коксжсон нүүрс түлэхээр айлуудын ердийн зуух хайлах магадлалтай. Тиймээс үртэстэй холих маягаар /70x30 хэмжээтэй/ түлшээ үйлдвэрлэсэн хэмээв.

Д.Сүрэн

Монголд нийгмийн идэвхжүүлэлт хэрэгтэй байна

2011 оны 09-р сарын 16 Нийтэлсэн БАТ
Монголчууд хүний насыг ерөнхийд нь хүүхэд, идэр, өтөл хэмээн ангилдаг. Ингэхдээ 0-18 насныхныг хүүхэд гэнэ. 18-60 гаруй насыг идэр насанд хамааруулах нь бий. 65 болон түүнээс дээш насныхныг өтөл нас хэмээн ойлгодог. Энэ ойлголт зөвхөн Монгол Улсад ч байдаг ойлголт биш юм.

Ер нь хүн төрөлхтөн нийтээрээ насны ангиллаа дээрх гурван хэлбэрт хуваадаг бололтой. Орчин үеийн шинжлэх ухаанд хүний амьдрах хугацааны дээд боломжийг 140 нас хүртэл хэмээн үздэг байна. Зарим оронд ийм настай хүмүүс амьдарч байсан тухай мэдээлэл ч бий ажээ.

Хүмүүс биологийн боломжоо бүрэн ашиглах нөхцөл бололцоо хүн бүрт харилцан адилгүй байдагтай уялдаж наслалт харилцан адилгүй байдаг аж. Хүн амын дундаж наслалт өндөртэй дэлхийн арван оронд Япон 79, Хонконг, Исланд, Швед, Швейцар тус бүр 78, Австрали, Испани, Грек, Итали, Нидерланд тус бүр 77 насалдаг хэмээн бичигдсэн байх юм.

Харин Монголчуудын дундаж наслалт 2000 онд 64 хүрсэн гэх судалгаа байна. Түүнчлэн 2050 он гэхэд 76 болж Монголын дөрвөн хүн тутмын нэг нь 60 ба түүнээс дээш насныхан болох төлөвтэй гэжээ. Дэлхийн хүмүүсийн насжилт харилцан адилгүй байгаа нь байгаль цаг уур, хүмүүсийн амьдралын хэвшил, амьдралын түвшинтэй нь салшгүй холбоотой гэнэ. Түүнчлэн дундаж нас гэдэг нь олон хүчин зүйлээс хамаардаг байна. Нийгмийн хямралгүй, хөгжилтэй орнуудад урт наслах боломж ихэсдэг хэмээн үзэх тохиолдол ч бий аж.

Дэлхийн олон орон хүн амынхаа дундаж наслалтаас улбаалан тэтгэврийн насыг тогтоодог байх юм. Тухайлбал, Их Британи, Грек улсад эмэгтэй хүн 60, эрэгтэй хүн 65 настайдаа тэтгэвэрт гардаг байна. Харин ХБНГУ эмэгтэй, эрэгтэй гэж ялгалгүйгээр 65-тайд нь, Франц улс аль алийг нь 60-тайд нь тэтгэвэрт гаргадаг аж. Швейцарт эмэгтэй 64 , эрэгтэй 65 настайдаа тэтгэвэрт гардаг бол Норвеги хоёуланг нь 67-тойд нь тэтгэвэрт гаргадаг байна. Харин ОХУ эмэгтэй хүнийг 55, эрэгтэйг нь 60 настайд нь тэтгэвэрт гардаг ажээ. Энэ нь манай оронтой адилхан юм. Гэхдээ манай улсад өөрөө төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв ба түүнээс дээш хүүхдээ зургаан настай болтол нь өсгөсөн эх 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй байдаг билээ. Үүнээс үзвэл Монголд эмэгтэй хүн хэдэн хүүхэд төрүүлснээсээ улбаалан 50, эсвэл 55-тайдаа, эрэгтэй хүн 60 настайдаа тэтгэвэрт гардаг байна.

Гэвч сүүлийн үед ажиглагдаад байгаа нэг зүйл нь манай улсын идэр нас өтөл насныхны завсар бас нэгэн үе бий болчихоод байна. Өөрөөр хэлбэл, Монголд тэтгэвэрт гарах нас нь болоогүй хүмүүсийг тэр нас руу "шахах" явдал ажиглагдаад байна.

Монгол Улсад 45-аас дээш насныхныг ажилд авахаа больж. Уг нь энэ насныхан идэр насны ангилалд багтах учиртай. Гэвч ажил олгогчид 20-35 насныхныг ажилд авах сонирхол өндөр байна. Хэдийгээр энэ тухайгаа ажлын чадамжтай холбон тайлбарладаг ч энэ нь батлагдсан зүйл биш. Угтаа бол Монголд гологдоод байгаа энэ насныхан бусад оронд туршлага сайтай, чадварлаг ажилтан хэмээгддэг юм билээ. Хэрэв хүн ямар нэг байгууллагад ажиллаж байгаад тэтгэврийнхээ настай залгаж байгаа бол асуудалгүй байж мэднэ. Гэхдээ яг ийм дардан замаар урагшилсан хүн Монголд цөөн байдаг учир ажлаас завсардсан хүн дэндүү олон. Тиймээс ажилгүйчүүдийн багагүй хэсгийг 45-аас дээш насныхан эзэлдэг. Ажлын талбараас насаар шахагдаад байгаа хүмүүсийг Монголчуудын тэтгэвэрт гардаг настай харьцуулбал энэ хоёр насны хооронд бараг арваад жил гарч байна. Нэгэнт эдгээр хүнд ажил олдохгүй байгаа учир тэтгэврийн нас хүртлээ мөн л гэртээ суух сонголт тэднийг хүлээх нь дамжиггүй.

Манай улс ядуу байна, халамжаар амьдрагсад дэндүү олон байна хэмээн Монголчууд шүүмжилдэг. Гэхдээ хөдөлмөрийн насныхныг бүрэн дүүрэн ажилд хамруулж чадахгүй байгаа нь ийм байдалд хүргэсэн байж ч болох юм. Энэ байдлаас гарахын тулд манай оронд нийгмийн идэвхжүүлэлт хэрэгтэй байна. Хүнийг насаар ялгаварлаа больж, хөдөлмөрийн насныхныг ажлын байраар хангая.

Ж.Тагтаа
Бага, дунд орлоготой иргэдийн байртай болох
"Бухын доодохыг харж үнэг турж үхнэ" гэгчээр байрны үнэ буурахыг хүлээж, бага хүүтэй зээлд хамрагдахыг мөрөөдсөөр суутал орон сууцны үнэ тэнгэрт хадаж, гэр хороолол тэлсээр байна.

Нэгэн танил маань банкны зээлээр байр авах гэснээ түр хүлээснээ сонирхуулав. Засгийн газраас хэрэгжүүлэхээр баталсан "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрт хамрагдах сонирхолтой учраас тэр. Хэрэв хөтөлбөрт хамрагдаж чадвал жилийн ердөө зургаан хувийн хүүтэй зээл авна. Харин өнөөдөр банкны зээлээр байр авбал сарын 1.25-1.35 хувийн хүү төлнө.

Өндөр хүүтэй зээлд хамрагдахыг хүсэх хэн байх билээ. Дээр нь тогтсон ажлын байртай бол урьдчилгаа төлбөр төлөхгүй, 30 хүртэлх жилээр зээлд хамрагдах гэхчилэн боломжийн нөхцөлтэй. Бас болоогүй гэр хороололд амьдардаг, анх удаа байр худалдаж авах бол зээлд хамрагдахад илүү дөхөм гээд сайхан амлалтууд бий. Үнэхээр л нэг бага, дунд орлоготой хүмүүст зориулсан нөхцөл.

Харамсалтай нь, цаасан дээр буусан "мөрөөдлийн байр" амьдрал дээр хэзээ буух нь өнөө хир тодорхойгүй байна. Засгийн газрын төсөл хэрэгжихийг хүлээж суух зуур байрны үнэ ам.метр тутамдаа 100, 200 мянгаар тогтохгүй бүр 600, нэг сая төгрөгөөр өсчээ.

Гэтэл байртай болохыг мөрөөдсөн олон айл өрх 100 мянган айлын орон сууцыг хүлээсээр сууна. Уг нь "100 мянган айлын орон сууц хөтөлбөр"-ийн хүрээнд ам.метр нь дээд талдаа 650-750 мянган төгрөгийн үнэтэй 75 мянган айлын орон сууцыг Улаанбаатарт, 25 мянгыг нь орон нутагт эмнэлэг, сургууль, цэцэрлэг, үйлчилгээний болон мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, спорт цогцолбор, инженерийн дэд бүтцийн хамтаар барьж ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Үүнд 6608.6 тэрбум төгрөг зарцуулах тооцоо ч гарсан.

Ингэхдээ нэгдүгээр үе шат буюу 2010-2012 онд нийслэлийн 11 шинэ суурьшлын бүсэд 6100, гэр хорооллыг дахин төлөвлөж 4850 айлын орон сууц барина гэсэн. Харин хөтөлбөрийн хоёрдугаар үе шат буюу 2013-2016 онд Улаанбаатарт 11 шинэ суурьшлын бүсэд 17810, гэр хорооллыг дахин төлөвлөж 16190 айлын орон сууц барьж ашиглалтад оруулна гэсэн амлалт салбарын сайдын амнаас гарсан нь саяхан.

Гэтэл өнөөдрийг болтол 100 мянган айлын орон сууцны бүтээн байгуулалт шав тавих төдийхнөөс хэтэрсэнгүй. Сүхбаатар дүүргийн IX, X, XI, XII хорооны нутаг дэвсгэрт 10956 айлын орон сууц барих төлөвлөгөөг нийслэлийн ИТХТ-ийн 2008 оны 47 дугаар тогтоолоор баталсан байдаг. Гэтэл тэр цагаас хойш гурван жил өнгөрөөд байхад юу хийсэн нь үнэндээ тодорхойгүй.

9200 сурагчтай сургууль, 4600 хүүхдийн цэцэрлэг, өдөрт 1610 хүн үзэх өрхийн эмнэлэг, 3600 хүн ажиллах худалдаа, үйлчилгээний барилга байгууламж гээд орчны өнгө төрх үндсээрээ өөрчлөгдөх уг төлөвлөгөөг үлгэр биш байгаасай гэж нийслэлчүүд залбирах нь холгүй сууна. Цаашилбал, "Ногоон нуур"-ын одоогийн тогтцыг түшиглэн парк, амралт, зугаалгын бүс болгон хөгжүүлэх гээд л сайхан, сайхан амлалт их бий.

Гэтэл энэ хэсэгт оршин суугаа гэр хорооллын 512 айлаас өнөөдрийн байдлаар ердөө 275 нь газраа чөлөөлж, 60 айл орон сууцандаа нүүж оржээ. Мөн ОССК-аас гурван га газарт 1000 айлын үйлчилгээтэй орон сууцны барилгын зориулалтаар газар олгосон байдаг. Барилгын техникийн төсөл боловсруулах, инженер геологийн судалгааны ажил хийсэн гэдэг. Энэ асуудал юу болж байгаа талаар санхүүжилтийн корпорациас тодрууллаа. Гэтэл уг асуудлыг тэднийх мэдэхээ болиод удаж байгаа аж.

"Долдугаар хороолол манайд хамаагүй, ЗТБХБЯ асуудлыг шийдэхээр болсон" гэв. Холбогдох яамнаас мөн л тодруулах гэсэн ч "Бид мэдэхгүй, Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газар мэднэ" гэлээ. Барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газарт хандахад "Айлуудыг нүүлгэж, газар чөлөөлөх ажлыг тэр төслийнхөн, барилгын гүйцэтгэгч "Бээжин констракшн"-ы ажлыг энэ төслийнхөн хянаж байгаа, бид сайн мэдэхгүй" хэмээх нь тэр.

Эндээс ямар ч байсан VII хороололд орон сууц барих асуудлыг хариуцаж байгаа төрийн байгууллага өнөөдөртөө алга байгаа нь харагдлаа. Өвлийн улирал хаалга тогшсон цаг үед өнөө, маргаашгүй сүндэрлэн босох барилга байгууламжийн тухай яриад яахав. Гэхдээ өнгөрсөн хугацаанд хийж бүтээснийг нь харахад амласан амлалтаасаа дэндүү чамлам зүйлийг хийжээ.

Ер нь сүүлийн үед хувийнхны бизнес цэцэглэж, төрийнхний хөтөлбөр гацаж, Монголд хэн ажил хийж, хэн ярьдаг нь илэрхий тод энэ мэт байдлаас болж иргэд хохирсоор л. Энэ янзаараа гацаатай, түгжээтэй удвал иргэдийн хувьд байртай болох, энэ засгийн утаанаас салах мөрөөдөл зэрэглээ мэт замхрах шинжтэй.

XIV хорооллын ажил ч ялгаагүй. НИТХТ-ийн 2007 онд баталсан төлөвлөгөөгөөр 15 мянган айлын орон сууц энд сүндэрлэнэ. Харин одоогоор ерөнхий хөрөнгө оруулагч Тайван-Монголын хамтарсан "Кей энд Ти", "Бэрэн констракшн", "Эрхэс" ХХК нь иргэдийн газрыг орон сууцаар солих болон зах зээлийн үнээр худалдан авах замаар чөлөөлөх ажлаа явуулж байгаа аж.

Мөн 790 айлын орон сууцны барилга угсралтаа эхлүүлжээ. Хөтөлбөрийг нэг өдөр яриад шийдчихээгүй нь тодорхой ч хэдэн жилийн өмнөөс хэрэгжүүлэх яриа өрнөсөн. Тийм атал өнөөдөр бодит ажил биеллээ олж бага, дунд орлоготой айл орох оронтой болсон нь хуруу дарамхан. Цалингаас цалингийн хооронд амьдарч, байр, орон сууцтай болохыг хүссэн олон хүний хэрэгцээг хангах боломжийн үнэтэй, боломжийн байршилтай байр үгүй болохоор тэр.

Барьж байгуулах ёстой хэд нь хэдэн бие рүүгээ ажлаа чихээд яст мэлхийн хурдаар явахаар бага дунд орлоготой иргэдийн орон сууцтай болох мөрөөдөл зүүд зэрэглээ болох вий дээ. Эрх баригчид нь ч иргэдээ бодоод хөтөлбөрийнхөө түлхүүрийг түлхүүрдэх ажлаа түргэвчлэхгүй бол иргэд хэдэн зун, намрыг горьдлого хүлээлтэн дунд өнгөрөөхийг хэлж чадах хүн алга аа.

Ж.Сүрэн

Тансаг брэндийн оронд

2011 оны 09-р сарын 14 Нийтэлсэн БАТ
- Иргэдийнх нь тал хувь нь эсгий гэрт амьдардаг Улаанбаатарт “Burberry” хоёр дахь салбараа нээхээр бэлтгэж байна -

"Wall Street Journal" сонины сурвалжлагч Маурин Орт саяхан Монгол орны тухай томоохон нийтлэл бичжээ. Уул уурхайн орон гэгдэх болсон Монголын амьдралын тухай бичсэн түүний нийтлэлийг тоймлон хүргэе.

Монголын тэнгэрт 131 фүүтээс багагүй өндөртэй аварга хөшөө цойлон харагдаж байдаг. Их Монгол улсыг байгуулснаас хойш 800 жилийн дараа Чингис хаан ийнхүү 250 тонн цэвэр гангаар бүтсэн хөшөө болон тал нутагтаа дахин мэндэлжээ. Түүний хөшөө Улаанбаатар хотын төвөөс 20 милийн зайтай оршдог. Гэхдээ яг уул уурхайн орон Монгол улс хүчирхэг хоёр хөршийнхөө өөдөөс дунд хуруу гаргаж байгааг илтгэх гэсэн мэт харагдаж байв.

Чингис хааны үед гайхалтай түүхийг бүтээж байсан Монголчууд Хятадын эрхшээлд 200 жил, ЗХУ-ыг дагалдан 70 жил болжээ. Өнөөдөр ашигт малтмалын асар их нөөцтэй Монгол Улс Нигериа, Венесуэл болох уу, эсвэл Чили, Австрали болох уу гэдгээ сонгох салаа замын уулзвар дээр иржээ. Яг одоогийн байдлаар өөр ямар ч оронд ийм сонголт хийх боломж байхгүй.

Монголд өдөр ирэх бүр шинэ барилгууд босч, хөгжил цэцэглэлт эхэлж байна. Хэдийгээр зам байхгүй боловч Монголчууд спорт загварын автомашиныг олноор нь худалдан авах болж. Тэр хэрээрээ нийгэм дэх давхаргын ялгаа нь ихэсч эхэлжээ. "Louis Vuitton''-ы дэлгүүр 2009 оны аравдугаар сард Улаанбаатарт нээлтээ хийсэн. "LV”-ийнхэн үрэлгэн үйлчлүүлэгчиддээ VIP өрөөнүүдийг санал болгодог. Гэтэл энэ дэлгүүрийн гадна талд нь орон гэргүй хүмүүс зогсож байх аж.

Өнгөрсөн хавар "LV”-ийн дэлгүүрээс хэдэн метрийн зайтай байрлах төв талбайд тэрс үзэлтнүүд эсгий гэр барин эрх баригчдаа эсэргүүцэн тэмцэж байв. Тэд "Бидэнд ажил хэрэгтэй байна" гэж хашгирцгааж байсан юм. "LV"-ээс гадна "Burberry", "Zegna", "Emporio Armani", "Hugo Boss''-ийн тансаг зэрэглэлийн дэлгүүрүүд ч Улаанбаатарт байдаг. "Burberry" бол бүр хоёр дахь салбараа нээхээр зэхэж байна.

Монгол Улс дөнгөж 2.8 сая хүн амтай. Тал хувь нь нийслэл хотдоо байдаг. Гэвч Улаанбаатарчуудын олонх нь нүүдэлчдийн эсгий гэрт амьдардаг. Ихэнх нь өвлийн хүйтэнд түүхий нүүрс, хуванцар сав түлж дулаацдаг. Ийм хэрэглээтэй Монголын зах зээлээс тансаг зэрэглэлийн брэндүүд ашиг олсоор байгаа нь хачирхалтай.

Би Монголын Сангийн дэд сайд Ч.Ганхуягтай уулзахад тэрбээр Монголыг "Чонын эдийн засагтай" хэмээн тодорхойлж байв. Зөвхөн чоно л Монголын өвлийн 40 хэмийн хүйтэнд амьдрах чадвартай юм. Харин тансаг брэндүүдийн тухайд гэвэл Монголын эдийн засгийн хэмжээ 2-5 жилийн дотор хоёр дахин нэмэгдсэн гэдэг утгаараа шинэ зах зээл бий болно хэмээн тооцсонтой холбоотой бололтой.

Монголчууд өмнө нь бүх нийтээрээ нүүдэлчин соёл иргэншилтэй байсан. Өнөөдөр энэ уламжлалаа хадгалж үлдсэн хүмүүс эсгий гэрийнхээ гадаа тавган антен, нарны зай хураагуур зоогоод тал нутагтаа одоо ч гэсэн амьдарч байна. Тэд эхлээд газар нутаг, мориныхоо тухай дуу дуулдаг. Дараа нь ээжийгээ, хамгийн сүүлд хайр дурлал, нөхөрлөлийн тухай дууг аялдаг. Энэ нь Монголчууд байгаль, дэлхийтэй ойр байдгийг илтгэж байгаа юм.

ЗХУ-ын дагуул орон байсны ачаар Монголчуудын 98 хувь нь бичиг үсэгт тайлагджээ. Харин Монголын 151 их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудын 70 хувь нь эмэгтэй байдгаас хүйсийн харилцааны тэнцвэр алдагдаж байгааг харж болох юм. Эмэгтэйчүүд суралцаж байх хооронд эрчүүдийнх нь 25 хувь нь архины донтой болжээ. Монголчууд социализмыг өөрчилснийхөө дараа архидалтаар "шартаж" эхэлсэн байна.

Би Монголын хоёр дахь том хот болох Дарханд очиж, өнчин хүүхдийн асрамжийн газраар орсон юм. Тэнд амьдарч байгаа 40 хүүхдийн нэлээд нь гэр бүлийнхнийхээ архидалтаас зугтаж, орон гэрээсээ дайжсан байж билээ. "Энэ бүхний шалтгаан болсон 100 грамм архи нэг аяга кофеноос илүү үнэтэй байдаг" Монгол дахь Азийн хөгжлийн сангийн төлөөлөгч Мелоин Ц.Линдбэрг ярьсан юм.

Хэрэв чи Улаанбаатарын гудамжинд зүрхний шигдээсээс болоод ухаан алдаж унавал хэн ч чамайг тоохгүй. Учир нь зөрж өнгөрч байгаа хүмүүс чамайг "Согтуу байна" гэж бодно. Архидалт гэдэг зүйл ийм их газар авчээ.

Нийслэл Улаанбаатар хотыг хөдөөнөөс ирсэн, амьдралын боломж тааруу хүмүүс бүчиж байна. Тэд нийслэлийнхээ ойр орчимд эсгий гэрээ барин амьдарцгааж байгаа. Харин энэ нь улстөрчдөд сайхан боломж олгодог бололтой. Монголд ардчилал бүрэлдэх явц одоо ч гэсэн үргэлжилсээр байна. Өөрөөр хэлбэл, ЗХУ задарсны дараах хүнд үе одоо ч гэсэн тодорхой хэмжээнд үргэлжилж байгаа гэсэн үг юм.

Улаанбаатарчуудад утааны нэмэгдэл олгоё

2011 оны 09-р сарын 14 Нийтэлсэн БАТ
МАН-ын удирдлагууд, УИХ дахь бүлгийн гишүүдийнхээ хамт Завхан аймагт очиж, “Ард түмнээ сонсъё” уриатай аянаа зохион байгуулжээ.

Энэ үеэр тус аймгийн иргэд “Завхан аймаг нийслэлээс мянга гаруй км алслагдсан, Монгол Улсын хамгийн хүйтэн цэгт оршдог тул “хүйтний нэмэгдэл” олгох”-ыг хүсчээ.

Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нэг хүйтний улмаас эмнэлгийн үйлчилгээ тэр бүр хүрдэггүй зэрэг бэрхшээлийг тэд тоочжээ. Завханчуудад хүйтний нэмэгдэл олгоно гэдэг байж болох зүйл. Ямар тэднийг дулаан газар очиж амьдар гэлтэй биш. Үүнтэй адил төстэй бэрхшээл Улаанбаатарчуудад цөөнгүй бий.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2-т “эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэсэн заалт бий. Улаанбаатарчуудад энэ эрхийг эдлэх ямар ч боломж алга. Агаар, хөрс, усны бохирдол нь дээд цэгтээ хүрчихсэн.

Эндээс хамгийн их хөрөнгө зарж буй нь утаа. Төр, засаг хотын угаарыг багасгах гээд тэмцээд л байдаг, тэмцээд л байдаг. Гэтэл тэр тэмцэл нь учир дутагдалтай нь хэнбугайд ч ил харагддаг. Урин цаг ирэхэд утааг мартаж, налайж найрласаар зун намрыг барчихдаг. Тэгээд хүйтэрч, нийслэлийн агаарыг бохирдуулагч эх үүсвэр болох “яндан” утаагаа үйлдвэрлээд эхлэхээр утаа, угаараа хэн хүнгүй ярьж эхэлдэг.

Утаагүй, угааргүй түлш, зуух нийлүүлж байна, төдөн ширхэг бүрээс, туурга үнэгүй өглөө гэж ярина, хэдэн тэрбумаар хөрөнгө мөнгө зарлаа гэнэ. Гэвч энэ бүхэн нь ямар ч үр дүнгүй. Ийм байдал олон жил давтагдаж байна.

Улаанбаатарын утаа угаар гамшигийн хэмжээнд хүрчихсэнийг холбогдох мэргэжилтнүүд хэлээд яриад байдаг. Агаарын бохирдол хүний наслалтад нөлөөлж, 8-11 сараар богиносгодгийг эрдэмтэд нотолсон байдаг. Нийслэлчүүдийн амьд явах хоногийн тоог цаг минутаар залгидаг хорт утааг байхгүй болгодоггүй юм аа гэхэд багасгаж чаддаггүй төр, засгийнхан Улаанбаатарчуудад утааны нэмэгдэл олгох шаардлага байна.

Агаарын бохирдол эрүүл мэндэд ямар хор нөлөөтэйг мэдэхгүй хүн бараг үгүй. Эм, эмчилгээнд багагүй мөнгө зарцуулах шаардлага гарна. Улаанбаатарын хүүхдүүдийг орон нутгийнхтай харьцуулахад гуурсан хоолойн үрэвсэл өвчнөөр 5-15 дахин илүү өвчилж байна гэсэн судалгаа байдаг.

Мөн нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байгаа зүрх судасны өвчлөл ч агаарын бохирдолтой холбоотой гэх болсон. Бохир агаар дахь хар тугалга хүүхдийн бие бялдрын өсөлт, дархлааны байдалд нөлөөлдөг гэх зэргээр өвчлөлийн талаар бичих зүйл их бий.

Энэ бүхнээс хамгийн их байгаа нь амьсгалын замын өвчлөл. Хорт агаарын нүүрстөрөгчийн дутуу ислийн хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс 50-100 дахин их, тоосны агууламж 2- 45 дахин их. Ийм хортой агаарын бохирдлын нөлөөгөөр амьсгалын эрхтний өвчлөл нийт өвчлөлийн 40 гаруй хувийг эзлэх болсон.

Тодруулбал, жил бүр амьсгалын замын өвчлөлөөс болж 4-5 тэрбум төгрөгийг эмчилгээнд заавал зарцуулдаг гэсэн судалгаа бас бий. Үүнээс гадна агаарын бохирдол гадна хавдрын өвчлөлд ч нөлөөлж байгаа гэнэ. Уушигны хавдар үүсэх шалтгаанд азотын исэл 11.9 хувийн жин эзэлдэг байна.

Агаарын бохирдолд дарлуулсан улс орны дунд манайх шиг нийслэлдээ хүн амынх нь талаас илүү нь амьдарч байгаа газар цөөн. УИХ-ын эрхэм гишүүн, сүмоч Д.Батбаярын япон эмч найз нь Улаанбаатарт ирчихээд ямар сайндаа “Батбаяр аа, одооноос эмч бэлтгээд уушигны эмнэлэг байгуулаач. Хэдхэн жилийн дараа толгой дараалан эмчлүүлэхээр очно” гэж хэлж байхав.

Бохир агаараас болж хүний нас хорогдож, элдэв өвчлөлийн улмаас нэг жилд чамгүй мөнгө цацдаг нь дээрх жишээнээс тодорхой харагдаж буй биз ээ.

Ихэнх хүн ам нь нийслэлдээ төвлөрсөн, нийслэлийнх нь утаа гамшгийн хэмжээнд хүрсэн Монголын талаар дэлхийн том хэвлэлүүд мэдээлдэг болоод байгаа. Нийслэлчүүдэд эрүүл цэвэр орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж чадталаа энэ мэт зардлыг төр, засаг хариуцах учиртай.

Чадахгүй бол утааны нэмэгдэл олгох нь зүйтэй. Эрдэнэт хүмүүний эрүүл мэндийг утааны нэмэгдэл бүрэн нөхөхгүй ч эм дом авахад нь бага ч гэсэн нэмэртэй байж таарна. Улаанбаатарын хот утааны улмаас хичнээн хүн хорт хавдраар өвчилж, хэдэн хүүхэд гаж хөгжилтэй гэсэн шалтгаанаар амьд явах эрхээ хасуулж, хэдэн хүүхэд амьсгалын замын цочмог үрэвслээс болж шаналахыг одоо төр, засгийнхнаас хэн ч хэлж чадахгүй.

Нийслэлчүүд Үндсэн хуульд заасан эрхээ эдлэхийг хүсч буй нь хэнд ч ойлгомжтой.

Д.Навчаа
Өнөөдөр Нийслэлийн Онцгой байдлын газар дээр гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын бүх байцаагчдыг хамруулсан хоёр өдрийн бүсчилсэн сургалт эхэллээ.

Уг сургалтыг Онцгой байдлын ерөнхий газрын харьяа салбар, нэгжийн гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын байцаагчдын мэргэжлийн ур чадварыг сайжруулах, 2011 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх талаар үүрэг чиглэл өгөх, тэдний хяналтын арга барилыг сайжруулах үндсэн зорилгоор 21 аймагт бүсчилсэн хэлбэрээр зохиожээ.  

Тодруулбал зургадугаар сард Орхон аймагт төвийн бүсийн аймгуудыг, долдугаар сард Хэнтий аймагт зүүн бүсийн аймгуудыг, наймдугаар сард Баянхонгор аймагт баруун бүсийн аймгуудын Онцгой байдлын газар, хэлтсүүдийн байцаагчдыг тус тус хамруулсан бол өнөөдрөөс Нийслэлийн Онцгой байдлын газрын байцаагчдыг сургалтандаа хамруулж байгаа нь энэ юм.

Өнөөдөр 470 мянган га талбай нутаг дэвсгэртэй, 1,2 сая хүн амтай нийслэлийн есөн дүүрэгт гал түймрийн болон гамшгаас хамгаалах 50 орчим улсын хяналтын байцаагчид ажиллаж байна. Энэ нь нэг дүүрэгт дунджаар гурван байцаагч ногддог гэсэн үг бөгөөд тэд аливаа гамшигт үзэгдлээс иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг урьдчилан сэргийлэх, тэдний аюулгүй байдалд Монголд Улсын хууль, дүрмийн дагуу хяналт тавин ажилладаг гэсэн үг юм. Тиймээс улсын хяналтын байцаагч нарын тулгамдсан асуудлыг сонсож, хяналт, шалгалтын ажлын арга барилыг нь өөрчлөх зорилгоор зохиогдож буй уг сургалт нь цаг үеэ олсон явдал гэж алба хаагчид үзэж байна.  

Сургалт гамшгаас хамгаалах улсын хяналт, гал түймрийн улсын хяналт гэсэн хоёр чиглэлээр явагдах юм. Гамшгаас хамгаалах улсын хяналтын чиглэлийн хүрээнд хууль эрхзүйн хувьд гарсан баримт бичиг, түүний хэрэгжилт, нутгийн захиргааны болон аж ахуйн нэгж байгууллагуудын гамшгаас хамгаалах төлөвлөгөөний боловсруулалт, хэрэгжилтэнд хяналт тавих, гамшгаас хамгаалах алба, штаб, мэргэжлийн ангийн бэлтгэл бэлэн байдлыг сайжруулах зэрэг сэдвүүдээр яриа хэлэлцүүлэг явагдана.  

Харин гал түймрийн улсын хяналт сэдвийн хүрээнд холбогдох хууль, дүрэм, журам, стандартын хэрэгжилт, барилга байгууламжийг байнгын ашиглалтанд хүлээн авахад тавигдах хяналт, галын аюулаас урьдчилан сэргийлэх хяналт, гал түймрийн хэрэг зөрчил, захиргааны хэрэг бүртгэл зэрэг сэдвүүдийн дор мэдээлэл, санал бодлоо солилцох юм байна. Сургалт маргааш өндөрлөнө.        

М.Жаргал
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хязгаарлалтын бүс тогтоож, тус бүс дэх айл өрхүүдэд утаагүй зуух, дулаан алдахгүй гэрийн бүрээс туурга нийлүүлэх ажил эхлээд байгаа.

Энэ зуух, дулаалгыг хэрэглэснээр Улаанбаатар хотын утаа 80 хувь багасах боломжтойг ажлын хэсэг онцолж байгаа юм.

Үүнээс гадна утаагүй зуух, дулаалга хэрэглэж байгаа айл өрхүүдийн цахилгааны төлбөрийг 50 хувь бууруулах талаар яригдаж байгаа билээ. Энэ ажлын талаар Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Эрчим хүчний бодлогын газрын дарга Т.Цэрэнпүрэвээс тодруулсан юм.

-Хязгааралтын бүсэд байгаа айл өрхийн цахилгааны төлбөрийг 50 хувь хөнгөлөхөөр яригдаж байгаа. Энэ ажлын явц хэр байгаа вэ?
-Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль гарсан. Энэ хуулиа дагаж УИХ-ын 11 дүгээр тогтоол гарсан байгаа. Үүн дээр тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг салбарын яам, Улаанбаатар хотын захиргаа, бусад холбогдох талуудад үүрэг болгосон. Энэ хүрээнд бид холбогдох тооцоо, үндэслэлийг гаргаад явж байна. Мэдээж хязгаарлалтын бүсэд байгаа айл өрхүүдийн цахилгааны төлбөрийг 50 хувь хөнгөлөх, шөнийн тарифыг мөрдөж байгаа цаг хугацааг сунгах гэх мэт тодорхой зорилтот ажлыг хийх үүрэг бүхий хурлын тогтоол гаргасан. Энэ ажлыг хангуулах тооцоо үндэслэлийг гаргах чиглэлээр журам боловсруулаад явж байна.

-Тэгэхээр хэзээнээс эхэлж бодит ажил хэрэг болох вэ?
-Энэ долоо хоногт Засгийн газрын хуралдаанд журмаа оруулж батлуулна. Нэг ёсондоо хуулийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэн яаж хариуцах журмыг батлуулна гэсэн үг. Энэ нь эргээд эзэн холбогдогч нь тодорхой болно. Ажлын давхацлыг бий болгохгүйгээр ажлыг зохицуулахад чиглэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл, журмын хүрээнд энэ айл нь цахилгаанаар гэрээ халааж байна уу, 50 хувийн хөнгөлөлт үзүүлэх айл мөн үү, дулаалгатай гэр байна уу, үгүй юу гэдгийг нарийн журмаар зохицуулж өгнө. Шөнийн тарифыг сунгахад ямар үнийн зөрүү гарах, энэ үнийн зөрүүний эх үүсвэрийг хэн хариуцах асуудлыг шийдэх болно. Эсвэл төсвөөс татаас байдлаар өгөх үү, үнэ тарифтаа шингээх үү, Хөгжлийн банкнаас санхүүжилт олгох гадны зээл тусламжид хамруулах юм уу гээд тодорхой болгох зүйл их байгаа.

-Зарим иргэний хувьд хязгаарлалтын бүсэд байсан ч утаагүй зуух, түлш хэрэглэх юм бол цахилгааны төлбөрийг бууруулах уу?
-Эхлээд энэ ажил хязгаарлалтын бүсэд хэрэгжинэ гэж ойлгож болно. Улаанбаатар хотын бүх хэрэглэгчдийн цахилгааны төлбөрийг нэг дор шууд шийдэх боломжгүй. Асар их зохион байгуулалтын ажлыг шаардана. Тоног төхөөрөмж шинэчлэх гэх мэт. Үүнийг үе шаттайгаар зохион байгуулна. Өөрөөр хэлбэл, эхлээд утааны гол цөм бүрдүүлж байгаа хэсэг дээр энэ ажлыг зохион байгуулна.

-Тэгэхээр жил бүр хязгаарлалтын бүсийг тэлнэ гэсэн үг үү?
-Тийм. Дээрх ажлыг хийсний дараа хязгаарлалтын бүсээ жил бүр томсгоод явна. Тэгэхээр 2-3 жилийн дотор энэ асуудал үндсэндээ шийдэгдэх болно. Эхний ээлжинд ингэж шийдэхгүй бол болохгүй байгаа юм. Шөнийн цахилгааны хөнгөлөлтийн цагийг уртасгахаар цахилгааны ачаалал нэмэгдэнэ. Өнгөрсөн өвөл бид нийслэлийн 167 мянган өрхийн хэмжээнд судалгаа, тооцоог хийж үзсэн. Үүгээр 1000 гаруй МВ-тын цахилгааны эх үүсвэр шаардагдсан. Нэг үгээр хэлбэл, одоо байгаа цахилгаан станцуудын хүчин чадлыг 2.5 дахин нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн судалгаа гарсан байгаа.

Э.Пагмадулам

Хөрс, агаар цэвэрлэх 1.5 тэрбум салхинд хийслээ

2011 оны 09-р сарын 12 Нийтэлсэн БАТ
Нийслэлийн хүн амын тоо 1990-ээд оноос хойш эрс нэмэгдэж, одоогийн гэр хорооллын оршин суугчдын тоог тэр үеийнхтэй харьцуулбал гурав дахин нэмэгдсэн гэх судалгаа байна.

Улаанбаатар хотод амьдардаг 176000 орчим өрх ил задгай жорлон ашигладаг ажээ. Түүнчлэн Нийгмийн эрүүл мэндийн газрын судалгаагаар нийслэлд 2004 онд 70 мянган ил жорлон байсан бол 2007 оны эцэст 125 мянга, 2010 оны эцсээр 170000 гаруй болон өссөн нь тогтоогджээ.

Нийслэлийн хөрсийг бохирдуулж байгаа хүчин зүйлсийн нэг нь ил задгай жорлон гэдэгтэй санал нийлэхгүй хүн ховор биз ээ. Ил задгай жорлонгийн хаягдал, түүнээс ялгарах аммиак буюу шивтрийн хий, хүхэр хүчлийн давхар исэл зэрэг хорт бодис нь агаарт дэгдэж, амьсгалаар дамжин хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Эдгээр бодис нь 18 сар хүртэл хугацаанд цагаан хорхой, сүрьеэ зэрэг өвчний үүсгэгч нянг агуулдаг ажээ.

Ил задгай жорлонгийн хаягдлаас ялгардаг шивтрийн хий нь хорт хийний төрөлд хамаарагддаг бөгөөд хорын зэрэглэлээрээ дөрөвдүгээр зэрэглэлд багтдаг юм байна. Шивтрийн хий ихэссэнээр хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхээс гадна эхийн урагт нөлөөлж, гажиг согогтой хүүхэд төрөх, цаашлаад үргүйтүүлэх хор уршигтай гэнэ. Тиймээс нийслэлийн агаар, хөрсний бохирдлыг бууруулах зайлшгүй шаардлага байгаа юм.

Улаанбаатарт "Гэр хорооллын айл өрхүүдийн жорлон, муу усны нүхийг ариутгаж шивтрийн хийг бууруулах төсөл" энэ оны зургадугаар сараас хэрэгжиж эхэлсэн билээ. Тухайн үед нийслэлийн агаар, хөрсний бохирдлыг бууруулах зорилготой энэхүү төслийг хэрэгжүүлэх болсон тухайгаа БОАЖЯ-нд оролцогч талуудыг төлөөлөн БОАЖ-ын сайд Л.Гансүх, Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Бат, "Цэвэр агаарын сан"-гийн тэргүүн Н.Хүрэлсүх, ОХУ-ын эрдэмтэн Шаблин Петр Аюушеевич, Доржиев Николай Георгиевич нар нээлттэй мэдээлэл хийж байсан юм.

Энэ нь Улаанбаатар хотод ил задгай жорлонгоос үүдэлтэй хөрсний бохирдлыг бууруулахаар хийгдэж буй анх удаагийн арга хэмжээ байсан. Тийм ч учраас уг ажилд хүмүүс ам сайтай байсан биз ээ.

Гэр хорооллын ил задгай жорлонг ариутган халдваргүйжүүлэх ажлын үндсэн гүйцэтгэгчээр "Ирвэс-интертрейд" ХХК ажиллаж, айлуудын жорлон, муу усны нүхийг "Тамир ЭМ" био бэлдмэлээр ариутгасан юм. Төсөл хэрэгжүүлэгч компани энэ бэлдмэлийг ариутгалын байгууллагуудад бэлтгэн нийлүүлж, эдгээр байгууллага гэр хороололд уг бодисоор ариутгал хийж эхэлсэн. Ариутгалын ажлыг ЭМЯ-ны тусгай зөвшөөрөлтэй ариутгал, халдваргүйтгэлийн "Ариун орчин" ХХК, "ДДД-Андууд нөхөрлөл", "Цэвэр орчин" ХХК, "Сүүн болор" ХХК, "Орших ирээ-дүй" ХХК, "Хан судар" ХХК гэсэн зургаан компани гүйцэтгэсэн.

Уг нь "Тамир-ЭМ" микро биологийн бэлдмэлийг ариутгалд хэрэглэхэд органик хаягдлыг задалж байгальд хор нөлөөгүй шингэх процессыг түргэсгэх, шивтрийн хий болон бусад муухай үнэрийг задалж дарна, халдварт микробуудыг саармагжуулна гээд олон давуу талуудыг дурдаж байсан. Гэтэл энэ ажлын хэрэгжилт хэний ч санаанд хүрсэнгүй. "Тамир ЭМ" био бэлдмэлийг муу усны нүх, жорлондоо хийлгэсэн гэр хорооллынхноос энэ ажлын үр дүнг сонсож болно.

Энэ ариутгалын бодисыг муу усны нүх, жорлондоо хийлгээд хоёр, гурав хоногтоо үнэр нь гайгүй болсон хэдий ч дөрөв дэх хоногоос эхлэн ахиад л эвгүй үнэр нь тархаж эхэлсэн хэмээн гэр хорооллынхон ярьж байна. Хэрэв үүнтэй санал нийлэхгүй байгаа хүн байвал гэр хороололд очоод аль ч хамаагүй айлын хаалгыг цохиод энэ талаар асуугаарай. Таныг хашаандаа дагуулж ороод муу усны нүх, жорлонгоо үзүүлж, уг ажлын үр дүнг харуулах болно. Энэхүү ариутгалын бодисыг энэ зун дахин давтан хийнэ гэж байсан. Нэгдэхийнх нь үр дүн ийм байхад хоёр дахь давталт үр дүнгээ үзүүлнэ гэдэг юу л бол. Бас л хий дэмий хөрөнгө мөнгө үрсэн ажил болж мэдэхээр байна.

Уг нь энэ био бэлдмэлийг олон оронд ариутгал, халдваргүйтгэлийн ажилд өргөн хэрэглэдэг. Манайд ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний төв лабораториор шинжилж, үр дүнг тогтоосон гэх юм билээ. Гэвч уг бодисыг хэрхэн шинжилж, үр дүнг нь яаж тогтоосныг өнөөдөр асуух хүн олон байна.

"Ирвэс-интертрейд" ХХК төслийн хүрээнд нийт 180000 литр био бэлдмэл бэлтгэн нийлүүлэх ба энэ ажилд 1.3 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. Харин уг бэлдмэлээр айл өрхийн жорлон, муу усны нүх ариутгах ажлыг 200 сая төгрөгөөр гүйцэтгэх юм. Төслийн нийт санхүүжилт 1.5 тэрбум төгрөг ажээ.

Уг нь Улаанбаатар хотын эргэн тойронд байгаа 176000 орчим ил задгай бие засах газрыг Тамир-ЭМ био бэлдмэлээр ариутгаснаар ялгадас, ахуйн хэрэглээнээс ялгарсан органик бохирдол ихтэй өтгөн шингэн ялгадсыг задалж, ялзмагжуулан цэвэршүүлж хүрээлэн байгаа орчинд хортой хий ялгарахаас сэргийлж, агаар дахь шивтрийн хий, хөрс болон усны бохирдлыг цэвэршүүлж эрс багасгаснаар хүн амын амьдрах орчинг эрүүлжүүлнэ хэмээж байсан ч энэ бүхэн талаар өнгөрч байх шиг. Ядаж л ийм хүчтэй бодис хийж байхад өт нь үржих нөхцөлгүй баймаар юм. Гэтэл гэр хорооллын айлуудын жорлон яг л урьдын адилаар өтөөр дүүрэн, эвгүй үнэрээр элбэг байна.

Энэ ажлын явц байдалд НЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтэс, дүүргүүдийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс, хорооны Засаг дарга нар, төслийг хэрэгжүүлэгч "Ирвэс-интертрейд" ХХК, "Цэвэр агаар сан"-гийн хяналт, шинжилгээний багийн төлөөлөл бүхий хамтарсан баг байнга хяналт тавин ажиллана хэмээж байсан. Мөн ариутгалын ажлын үр дүнг холбогдох лабораторт шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тухай ч ярьж байсан юм. Гэтэл өнөө хэр ариутгалын ажилтай биечлэн танилцсан хүн алга. Хэдийгээр энэ ажил төслийн мөнгөөр хэрэгжиж байгаа ч хөрөнгө мөнгө хий дэмий зарсан ажил болоод өнгөрвөл ямар хэрэг байх вэ. Үр дүн нь гардаггүй ажилд хөрөнгө зарснаас утаа бууруулах бүрэн шаталттай зуух авахдаа энэ мөнгийг нэмэрлэж болох л байсан. Арай "Тамир ЭМ"-ний талаар энэ таагүй зүйл зүгээр л дурсамж болон үлдэх юм биш байгаа.

Нийслэлд өрнөөд төд удалгүй усанд хаясан чулуу шиг замхардаг төсөл, хөтөлбөр, ажлуудыг бодвол харин хариуцах эзэнтэй юм байна. Тэрбумаар тоологдох мөнгийг үр дүнгүй ажилд зарцуулсанд холбогдох хүмүүсээс хариуцлага нэхэх хэрэгтэй.

Ж.Тагтаа

Газар тэнгэрийн дундах их бүтээн байгуулалтын эзэддээ  барилгын салбар үүсч хөгжсөний 85 жилийн ойн баярын мэнд хүргье.

Бараг ардын хувьсгалтай үе чацуу 1926 онд байгуулагдсан энэ салбарыг оноор нь тооцох юм бол төлөвшсөн мэт харагдах боловч орос ах нарын 1960-аад онуудад барьсан барилгын эрчимтэй хөгжил их бүтээн байгуулалтуудыг оролцуулаад 1990-ээд оноос л  хувийн хэвшлийн үндэсний компаниудын босгосон хөгжиж  яваа салбар. Анхны компаниудад “Жигүүр гранд” групп, “Модун” ХХК, “Гангар инвест” ХХК, “Эрэл” ХХК, “Заг” ХХК  гэх мэтээр тоологдох цөөхөн аж ахуйн нэгж байсан бол одоо барилгын тусгай зөвшөөрөлтэй 1452 аж ахуйн нэгж бүртгэгджээ.
 
Сүүлийн хоёр жилийн хугацаанд улсын комисс 926 барилга хүлээн  авснаас, өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 384 барилга баригдаж байна. 926 барилгын цаана  өчнөөн айлын  орон сууц   ашиглалтанд орсон нь чамлахааргүй тоо.
 
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын салбарын статистик мэдээгээр  2010 онд 350.8 тэрбум төгрөгийн барилга угсралт, их засварын ажил хийгдсэний 326.5 тэрбум төгрөг буюу 93.1 хувь нь дотоодын, 24.3 тэрбум төгрөг буюу 6.9 хувь нь гадаадын барилгын байгууллагуудад ногдож байна. Барилга угсралт, их засварын ажил өмнөх оныхоос 71.4 тэрбум төгрөг буюу 25.6 хувь, үүнээс дотоодын байгууллагын гүйцэтгэсэн ажил 75.9 тэрбум төгрөг буюу 30.3 хувиар өссөн гэсэн тоон үзүүлэлт гарчээ. Хэдийгээр өссөн мэдээлэл гараад байгаа ч Улаанбаатар хотын талаас илүү өрх нь гэр хороололд амьдарсаар.  

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын зургаан дүүрэгт 130 гаруй аж ахуйн нэгжийн орон сууцны барилга баригдаж захиалга авч байгаа бөгөөд орон сууцны дундаж үнэ мкв нь 1.300.000 төгрөгийн ханштай байна. Хамгийн хямдхан орон сууцны захиалгийг СХД авч байгаа бөгөөд мкв үнэ нь 1.000.000 төгрөгөөс доош байгаа бол хамгийн үнэтэй орон сууц нь ХУД-т баригдаж байгаа “Суруга монгол” ХХК –ийн JAPAN TOWN орон сууцны мкв нь 3.000.000-3.500.000 сая төгрөгийн үнэ ханштай байна. Хан-уул, Баянзүрх дүүрэгт хамгийн олон орон сууцны барилга баригдаж захиалга авч байгаа бөгөөд Сүхбаатар, Чингэлтэй нийлээд 10 ч хүрэхгүй байна. Цөөхөн хэдэн компаниудыг эс тооцвол мкв-ийн үнийг монгол мөнгөөр бодож байгаа нь олзуурхууштай.

Орон сууцны үнэ он гарсанаас хойш  мкв тутамдаа 50-100.000 мянган төгрөгөөр огцом өсөв. Энэ өсөлтийг Засгийн газраас хэрэгжүүлэх 100.000 мянган айлын орон сууцны хэрэгжилттэй холбогдуулан, хямд үнэтэй орон сууц зах зээлд гарахаас өмнө байраа үнэтэй зарах гэсэн барилгын компаниудын бодлого гэж тайлбарлах нь ч бий. Энэ нь арай л өрөөсгөл ойлголт. Ер нь бол орон сууцны үнэ эрэлт нийлүүлэлтийн зарчмаараа л явагдаж байгаа. Гадаадын хөрөнгө оруулалт, уул уурхайн салбарын эрчимтэй хөгжил, мөн арилжааны банкууд орон сууцныхаа зээлийн урьдчилгаа төлбөрөө багасган, хүүгээ бууруулж, хугацааг нь уртасгасан зэрэг нь орон сууц худалдан авах чадварт нөлөөлсөн. Монгол банкнаас гаргасан банкнуудын ипотекийн зээлийн тайланд орон сууцны зээл тасралтгүй өсөлттэй яваа нь үүнийг нотолж байна.
 
“MCS property” ХХК нь бага мкв-тай үнэ хямд 1752 айлын орон сууцыг залуу гэр бүлд зориулан ашиглалтанд оруулахаар ажиллаж байгаа нь таатай санагдаж байна. Хамгийн олон орон сууц зарсан, эрэлттэй компаниудаар “Хурд” групп, “Макс өргөө” ХХК, “Их үйлсийн эрэлд” ХХК, “Орчлон констракшн” ХХК, “Гангар инвест” ХХК, “Жигүүр гранд” групп зэрэг  газруудыг нэрлэж болно. Хамгийн их борлогддог эрэлттэй өрөөний сонголт 1-2 өрөө байдаг бөгөөд бага мкв-тай орон сууцыг “Визард говь” ХХК, “МДТОФ” ХХК, “Ерөө импекс” ХХК, “Цэлмэг ази констракшн” ХХК,  “Моксу” ХХК зэрэг эдгээр компаниуд барьж ашиглалтанд оруулж байна.

Орон сууцны үнийг гурван түвшинд хувааж үздэг бөгөөд дундаас дээш орлоготой иргэдэд зориулсан орон сууц Баянмонгол хороолол. Хороолол гэдэг утгаар хамгийн сайн  тохижилттой газар гэж онцолмоор байна. Харин өндөр үнэтэй тансаг зэрэглэлийн орон сууцанд  яах араггүй япон чанараар бишрүүлсэн JAPAN TOWN-ийг нэрлэж байна.  

Хүмүүс “ямар барилгыг чанартай, шилдэг нь  вэ” гэж асуудаг. Энэ хариулахад маш төвөгтэй асуулт. Шилдэг барилга гэдэг нь ямар шалгуураар үнэлэгдэх ёстой вэ? Барилга.мн жилд хоёр удаа болдог  өөрийн үзэсгэлэнгийн үеэр, мөн шинэ жилийн BARILGA WEST AWARDS- аар, Координат инфо ХХК нь шинэ жилийн АЛТАН ЦАМХАГ-аар, МҮХАҮТанхимаас зохион байгуулдаг шилдэг 100 аж ахуйн нэгжээр, Монголын архитекторуудын эвлэл,  хотын, дүүргийн, татварын газраас гээд л барилгын шилдгүүд шалгарна.

Барилгын компанийн сайт руу орохоор бүгд л ямар нэгэн газрын  шилдэг барилгаар шалгарсан байдаг. Миний бодлоор мэдээж барилга нь чанартай, татвар төлөлтөөр хамгийн сайн,  дээрээс нь монгол залуучуудыг ажлын байраар хангадаг байвал тэр ШИЛДЭГ БАРИЛГА  гэсэн шалгуурыг зүй ёсоор хангах байх. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих 2011 оны жилийн ажлын хүрээнд барилгын 64 аж ахуйн нэгжид 2285 иргэнийг ажиллуулж байна.

Хүмүүс барилгын компанийн нэрийг цогцолбор хотхоны нэртэй хольж хутгах тал бий. Хамгийн анх орон сууцанд  Жаргалан, Нархан хотхон, Оддын хотхон, Хөгжил хотхон, гэх зэрэг нэр өгч эхэлсэн. Одоо бараг бүх барилгууд өөрийн гэсэн утга санаа бүхий нэртэй. Жишээ нь Тэдмэнт ХХК нь барилгаа “Американ дэнж” гэж нэрлэх болсон нь: Ардын хувьсгалаас өмнө  Богд хаант автономит засгийн үед дээрх газарт палентологийн судалгаа хийх зорилгоор ирсэн америкчуудын өндөр шургааган хашаа бүхий хороо байсан нь тэр үеийн хүрээнийхэн “Америк дэнж” гэж  нэрлэж байжээ. Мөн Модун ХХК нь барилгаа “Богдын өндөр”  гэж нэрлэсэн нь зүгээр ч хэрэг биш зүүн талд нь Богдын өргөө байгаа болохоор тэгж нэрлэжээ. K&T констракшн “Аман хуур” дижитал хороолол, “Гангар инвест” “Ногоон төгөл” хотхон, Номин констракшн ХХК “Өнөр” хороолол гэх мэт нэр өгчээ.

 Компаниудын уриа үгээс сонирхуулахад “Жигүүр гранд” группын “Тэнгэрт тэмүүлж, газарт гагнагдсан их бүтээн байгуулалт”, “Гангар инвест” ХХК-ийн “Монголын барилгын мэргэшсэн байгууллага” гэх мэт өвөрмөц содон гоё.   

Гоё реклам шигээ чанартай, сэтгэлд нийцсэн  барилга хайна гэдэг маш хэцүү. Үгүй ядахдаа л манайхаар үйлчлүүлэгчийн нэг нь байр зарахаас илүүтэйгээр олно гэдэг хамгийн хэцүү юм гэж дуу алдаж байх вэ дээ. Орон сууц худалдан авахад дараах гурван хүчин зүйл нөлөөлдөг. Дүүрэг, өрөөний сонголт, мкв үнэ ханш. Энэ гурвыг нэгтгэнэ гэдэг маш хэцүү. Хүмүүс ихэвчлэн байр авах дүүргээ эхэлж сонгодог. Ажил сургууль цэцэрлэг гээд л амьдралынхаа  аль ойрхон газарт орон сууц хайдаг. Дараа нь өрөөний сонголт. Амьжиргааны түвшнээсээ хамааран орон сууцны сонголт гарч ирнэ. Сүүлд нь яах аргагүй хамгийн чухал зүйлийн нэг мкв үнэ. Иргэн сонгосон дүүргээсээ хоёр өрөө орон сууц хайлаа гэж бодъё. Мкв талбай нь болж байна .Даан ч үнэтэй. Эсвэл бүүр эсрэгээрээ мкв нь боломжийн үнэтэй ч хоёр өрөө байр байхгүй. Дээрх хоёр сонголтууд аль аль нь байлаа ч орчин нь таалагдахгүй гээд олон асуудал гарч ирнэ.

Ямар барилгыг хамгийн сайн чанартай гэж хэлэх вэ. Бүрэн цутгамал, найман баллын газар хөдлөлтөд тэсвэртэй барилгыг хэлэх үү. Манай барилгын бүх компаниуд л танилцуулга дээрээ найман баллд тэсвэртэй  гэж бичдэг. Яг үнэндээ газар хөдөлсөн хөдлөөгүй энэ тэр булан тохойгоороо цуурч ховхорч унасан барилга Улаанбаатар хотод байж л байна. Сангийн яамны шинэхэн байрны өнгөлгөөний хавтан хагас жил ч болоогүй хэсэг газраараа унаж ховхорсон.

Хүчтэй салхийг найман баллын газар хөдлөлттэй харьцуулж болохгүй. Үнэхээр л тэр гай нь ирлээ гэхэд хэд нь босоогоороо үлдэхийг хэлэхэд бэрх. Зарим нэг компаниуд борлуулалтын албуудынхаа дэргэд загварын байр гэгчийг гаргасан байдаг. Донж төрхийг нь гаргасан интерьер, экстерьер засалтаар сайхан ханын цаас наагаад, маркетинг талаасаа авууштай бодит реклам.

Гэхдээ миний бодлоор загварын байрыг ханын цаас нааж гоё чамин харагдахаас нь илүүтэйгээр цаасны цаадах ханыг ямар орц найрлагатай бүтээгдэхүүнээр босгосон бэ гэдгийг оригоор нь харуулах хэрэгтэй. Манай барилгийн компаниуд мөнгө төгрөгөө хэмнэх зорилгоор  захиалагч нь гүйцэтгэгчээр ажиллаж байгаа нь хөндлөнгийн хяналт үгүй болж чанарт нөлөөлж байна.

Барилгын компаниудад орон сууцны борлуулалтын мэргэжилтэн боловсон хүчин дутмаг байдаг.  Манайд ийм мэргэжил байхгүй болохоор ямар ч мэргэжлийн хүн хамаагүй энэ салбарт  ажилладаг гэсэн үг. Борлуулагчийн ерөнхий шаардлага нь зөв боловсон харьцаатай, ярианы чадвар сайн, ухуулах авьяастай нэг ёсондоо сэтгэл зүйч мэргэжил энэ салбарт дөхөж очих  юм шиг санагддаг. Хамгийн сайн орон  сууцны борлуулалтын мэргэжилтэнтэй газар “Аман хуур” хотхон, Визард говь, “Инэл” гэх мэт газрууд байгаа бол хамгийн муу газар нь БЗД-ийн 2-р хороонд баригдсан нэгэн барилга байна. Саяавтархан би тэр газар зорьж очлоо.

Учир нь тэр барилгын талаар хүмүүс их таагүй ярьцгаадаг. Нэг мкв нь 900.000 мянган төгрөгийн үнэтэй хирнээ нэг жилийн хугацаанд зарагддаггүй. Барилга дээр нь очоод борлуулалтын албыг нь хаана байдгийг утасаар нь залгаж асуулаа. Нэг залуу авч байна. “Хойшоо харсан бүргэд хаалга” гэнэ. Цоожтой, байдаггүй. Тэр залуу руу залгалаа. Тэгсэн хажуу талын дэлгүүрээс асуу гэж байна. Дэлгүүрт хүүхэд сууж байсан болохоор мэдэх хүн алга. Дахиад залгалаа. Хоёр давхарт гараад тэдэн тоотоос асуу гэж байна. Айл юм шиг байна лээ. Тогшлоо хүн алга . Гурав дахиа залгаад би уурласан байдалтай тэр борлуулалтын алба чинь хаана байдаг юм вэ? ерөөсөө энд мэдэх хүн алга гэсэн чинь “Новш минь юундаа уурлаад байгаа юм. Албатай юм шиг хүнд уурлаад. Байх газруудыг нь зааж өглөө. Болоо юм биш үү” гэж байна. Барилга нь чанаргүй борлуулалт нь хаана байгаа нь мэдэгдэхгүй, харьцаа муутай ийм газар  цөөхөн л байгаасаа гэж бодсон доо. Дээрээс нь энэ компани мкв-аа  илүү бодож захиалагчаа хохироосон гэж байгаа.

 Орон сууцанд мкв-ийн зөрүү зарим нэгэн компани дээр мэр сэр гараад байгаа. Уг нь бол 2009 онд Стандартчилал хэмжил зүйн үндэсний төвөөс баталсан “Орон сууцны барилгын доторх талбайг тооцох аргачилал”-ийг бүх барилгын компаниуд мөрдөх ёстой. Төр засаг баталсан баримт бичиг стандартынхаа хэрэгжилтэнд анхаардаггүйгээс болж иргэд тодорхой хэмжээгээр хохирч байна. Нөгөө талаас иргэд гэрээнийхээ заалт бүрийг  маш сайн уншиж гарын үсэг зурах хэрэгтэй. Иргэний захиалгын дагуу хэмжилт хийх аж ахуйн нэгж ч хомс байна.  Нэг мкв-ийн зөрүү гэдэг 100.000 мянган төгрөгний асуудал биш  саяар тоологдох мөнгөн дүн. Тагтны мкв-ийг 0.3 гэсэн итгэлцүүрээр тооцон бодож орон сууцны захиалга авах байтал зарим газрууд тэр чигт нь оруулна. Барилгын компаниудын танилцуулгыг судалж үзэхээр нэг их гоё цогцолборын нэр, autocad 3d max дээр зурсан зураг, өрөөний мкв-ийн зураг, тэгээд манай давуу талууд гэсэн урт жагсаалт, утасны дугаарууд байдаг.

Барилгын компаниудын хайхралгүй орхидог хамгийн чухал зүйлийн нэг борлуулалтын утасны дугаар. Хөлөө олсон том газрууд ч яахав утасны дугаарууд нь бүгд ижилхэн компанийн дугааруудтай. Харин тэр болгон олонд танигдаагүй газрууд ажилтан авахдаа тухайн хүнийхээ утсан дээр захиалга авдаг. Тэр хүн нь гурван сарын дараа  ажлаас гарсан ч  нөгөө утсан дээр орон сууцны захиалга авах тухай сонин, сэтгүүл, сайт мэдээллийн хэрэгслээр нь яваад байдаг. Тухайн газартайгаа өс хонзонтой гарсан бол  тэр компанийнхаа талаар мэдээлэл утсыг нь өгнө гэдэг гонж. Энэ нь манай байгууллагын хувьд  маш их мэдрэгддэг. Тиймээс жижиг гэлтгүй энэ асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй.

Манай барилгын тухай хууль хэр мөрдөгдөж байгаа бол. Та юу гэж бодож байна. Барилгын тухай хуулийн Гуравдугаар бүлгийн есдүгээр зүйлийн 9.1.3-д заасан Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хэрэгцээг хангасан

9.1.4 – д заасан Зэргэлдээ барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөл байдлыг алдагдуулаагүй зэрэг нь хэр  мөрдөгдөж байгаа бол. Миний мэдэхийн хөгжлийн бэрхшээлтэй тэргэнцэртэй иргэдэд зориулж шатны дэргэд  налуу бууж өгсөх зам бараг байдаггүй. Уг нь барилгын тухай хуулийн 12.4-д  Барилгын чанарын баталгаат хугацаа гурван жил байна гэж заасан ч барилгын компаниуд иргэдтэй хийдэг орон сууцны захиалгын гэрээндээ нэг юм уу хоёр жил гэж тусгасан байдаг.

Дөнгөж барилга барих  газар шорооны ажлаа эхлэнгүүт иргэдээс захиалга авч эхэлдэг. Барилгын тухай хуульд гүйцэтгэл өндөр хувьтай болж байж захиалга авна гэсэн заалт байдаггүй. Энэ нь орон сууц захиалагчдыг маш их хохироодог. Жижиг компаниуд орон сууц барих 50%-тай хөрөнгөөр барилгаа эхлүүлээд орон сууц захиалагчдын мөнгөөр дуусгадаг гэвэл хилсдэхгүй байх. Хэрэв орон сууцны захиалга үлдсэн 50% нь хангалттай орж ирэхгүй бол яах вэ. Мэдээж түрүүлж захиалсан иргэд мөнгөө түгжүүлж дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу үетэй тулгарна. Энэ мэт барилгын салбарт дутуу талууд их бий. Тэр хэрээр ололттой нь ч их.

Ямарваа нэгэн салбарт алдаа оноо, сайн муу алив бүхэн хосолж урагшилдаг болохоор мөдхөн 100 жилийнхээ ойгоор Монголын барилгын салбар дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, гэр хорооллоо цөмийг нь барилгажуулсан сайхан бүтээн байгуулалтаар угтана гэдэгт итгэлтэй байна. Монголын хамгийн өндөр барилгаар 25 давхар BLUE SKY бүртгэгдсэн. Бид монгол барилгачдынхаа  итгэл зүтгэл чадварт нь итгэх ёстой. Бурхан хүнийг бүтээсэн, бусдыг нь барилгачид бүтээсэн гэсэн энэ сайхан үгээр нийтлэлээ өндөрлөе.  

Барилга орон сууц сурталчилгааны төвийн захирал П.Наранмандах

Орон сууцны олон ч үзэсгэлэн боллоо. Даанч...

2011 оны 09-р сарын 05 Нийтэлсэн БАТ

Энэ жил олны хөл бужигнасан орон сууцны үзэсгэлэн яармагууд олон болсон. Гэвч хүссэн байраа олоод буцсан нь цөөхөн-

Жил бүрийн намар барилгачид баяраа тэмдэглэдэг. Энэ өдрүүдэд барилгачдын баяр тохиож байна. Салбарынхаа 85 жилийн ойг угтаж өнгөрсөн сард "Үйлдвэрлэлийн осолгүй, аюулгүй, өндөр бүтээмжтэй ажиллацгаая" аяныг тэд зохион байгуулсан.

Мөн ойн хүрээнд хийж байгаа ажлуудын нэг “Барилга Экспо -2011" үзэсгэлэн яармаг өнгөрсөн баасан гаригт үүдээ нээсэн юм.

Энэ жил байсхийгээд л олны хөл бужигнасан орон сууцны үзэсгэлэн яармагууд үргэлжиллээ. Гэвч эндээс хүссэн байраа олоод буцсан нь цөөхөн. "Мишээл экспо"-д болсон ээлжит үзэсгэлэнд иргэд хэзээ орон сууцны ам метрийн үнэ 700-800 мянга болж, зээлийн хүү 4-6 хувь, хугацаа 30-40 жил болохыг асууж байв. Харин барилгынхан салбарынхаа ирээдүйг нэлээд гэгээлгээр харж байгаа юм.

Ирэх жилийг хямд орон сууцаар угтана

Энэ жил шинэ орон сууцны ам метр талбайн үнэ 1.8 саяд хүрсэн. Дотоодын барилгачид Хятад, Солонгос, Японы хөрөнгө оруулалттай компаниудын эрх мэдлээс бүрэн гарч чадаагүй. Барилгын материалын үйлдвэрлэл хүмүүсийн хэрэгцээг хангахгүй байгаа нь материалын үнэ өсөх гол шалтгаан болсон. Чанаргүй байшин барилгын талаарх гомдол тасрахгүй байгаа.

Мөн мэргэжлийн хяналтынхны шалгалтад тэнцэхгүй байгаа орон сууцнууд ч цөөнгүй. Энэ мэтээр барилгын салбарт санаа зовоож байгаа асуудал цөөнгүй байгааг өнгөрсөн сард болсон Барилгачдын чуулганд ирсэн хүмүүс хэлж байлаа. Харин ирэх онд энэ салбарт олон эерэг зүйл тохионо гэж барилгын компанийн удирдлага, Барилгын холбооныхон хэлж байгаа юм.

2012 онд дотоодын барилгын материалын үйлдвэрлэл өсөж, материалын үнэ буурна. Үүнийг дагаад орон сууцны ханш ч хямдарна. Орон сууцны үнэ буурахад "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийн санхүүжилт, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төслүүд нөлөөлнө гэдгийг Монголын барилгын холбооны тэргүүн М.Батбаатар хэлсэн.

Орон сууцны ам метр талбайн үнийг ирэх оноос эхлэн 700-800 мянган төгрөг болох боломжтой гэж тооцоолж байгаа юм. Гэхдээ өнгөрсөн өвөл болсон үзэсгэлэнд танилцуулж байсан орон сууцны үнэ, банкуудын зээлийн хүү, хугацаа энэ намрын үзэсгэлэнд хэвээр байна. Өвөл хамгийн үнэтэй орон сууцны ам метрийн үнэ 1.8 сая төгрөг байсан бол энэ үзэсгэлэнд ам метр нь хоёр саяын үнэтэй орон сууц ч байсан юм.

Орон сууцны зээлийн хүү буурч, хугацаа 30-40 жил болох уу

Аравхан хоногийн өмнө болсон "Орон сууц 2011 экспо" үзэсгэлэнд зарим банк орон сууцны зээлийн урьдчилгаагаа өөрчилсөн талаар иргэдэд мэдээлж байсан. Гэхдээ тэдний зээлийн хүү 1.3-1.6, хугацаа 15-25 жил хэвээр байгаа.

"Арилжааны банкууд зээлийн орон сууцны үйлчилгээгээр өрсөлдөж, зээлийн нөхцөлдөө өөрчлөлт оруулж байгаа ч дундаж орлоготой өрхөд сонголт хийх боломжгүй байна" гэж үзэсгэлэнд ирсэн иргэд хэлж байв.

Урьдчилгаа төлбөр гэх бэлэн 10-30 сая төгрөгт боогдсон иргэд ах дүү, хамаатан садныхаа газар, байшин хашааг барьцаалъя гэсэн ч банкнаас өрхийн сарын орлого 1-1.5 сая төгрөг байх ёстой гэж заажээ. Тэгэхээр сарын 300-600 мянган төгрөгийн цалинтай иргэд яаж ч хичээсэн байртай болж чадахгүй гэдгээ үзэсгэлэнд ирсэн хүмүүс ярьж байгаа юм.

Харин ирэх жил банкуудын зээлийн хүү буурч 4-6 хувь, хугацаа нь 30-40 жилээр үргэлжилнэ. Учир нь өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа барилгуудад банкууд зээлийн нөхцлөөрөө өрсөлдөж эхэлнэ гэж Монголын барилгын холбооныхон үзэж байна.

Мөн тус холбооноос орон сууцны үнийг бууруулахын тулд барилгын материалын үйлдвэрийг дотооддоо улам нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Э.Солонго