Саяхны нэг өдөр сонин гарчиглаж суухнээ Өдрийн сонины нэгэн дугаарт УИХ-ын гишүүн Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан ингэж ярьсан байх юм.

1990 онд малчид малаа, 1996 онд иргэд орон сууцаа өмчлөөд авчихсан байдаг. Энэ хооронд малаа, орон сууцаа алийг нь ч өмчилж аваагүй иргэн олон бий гэжээ. Тэгвэл манайх гээд өмчилчих малгүй, орон сууцгүй иргэдээ өмчтэй болгох цаг энэ зууны энэ цагаас эхэлбэл зохих биш үү, барилгачид аа.

Манай барилгын компаниуд газар үнэтэй болохоор л байшин барьж чадахгүй байна гэх мэдэгдэл хийх боллоо. Фернандо Де Сото гэдэг эрдэмтэн "Монголд эдийн засгийн эргэлтэд ороогүй долоон мяллиард гаруй ам.долларын хөрөнгө байна. Энэ бол мэдээж газар" гэсэн байх юм.

Тэгвэл монголын барилгачдын өнөөх газар байхгүй болохоор хямд үнэтэй орон сууц барьж чадахгүй байна гэсэн залхуу бодлын хариу болгож одоо л хийхгүй бол хэзээ гэж гэсэн асуултыг зөрүүлээд шидчихье.

ДОТООДЫН ҮЙЛДВЭРҮҮД БАРИЛГЫН МАТЕРИАЛ ХЯМД НИЙЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ ЮУ

Айлаас эрэхээр авдраа ух гэдэг дээ. Хятад, Солонгос улсаас өндөр зардлаар барилгын арматур, цемент, тоосго, хадаас алхаа хүртэл чирч байхаар дотоодын үйлдвэрлэлээ дэмжээд түшиглэвэл өнөөх иргэдийг орон сууцжуулах "Шинэ бүтээн байгуулалт" хөтөлбөр тэр дундаа "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийг саадгүй хэрэгжүүлж болмоор.

Мэдээж саахалт шахуу газраас бүтээгдэхүүн, материалаа татаж байгаа болохоор өнөөх аранга болоод байгаа метр квадратын үнэ ч төвөггүй буух юм биш үү.

Бид иргэдээ орон сууцжуулах нь нэн тэргүүний хийх ажил мөнөөс мөн гэх мөртлөө хэрхэн, ямар арга, бодлогоор хямд, чанартай барилга барих тухайгаа нэг их задалж ярихгүй байгаа нь энэ салбарын ажлыг үлгэр болгож харагдуулаад байгааг хаа хаанаа анхаармаар.

Техник, технологи, хүний хөгжил давамгайлсан энэ зуунд та хийж чадахгүй бол би хийнэ гэсэн зарчим үйлчлээд удаж байгааг бизнесийнхэн юу эс андах билээ. Заавал мэргэжлийн инженер ч биш сүйхээтэй жирийн иргэн хүртэл хөөсөөр блок цохиод барилга барьдаг технологийг нэвтрүүлээд байна. Тэр нь дулаан, дуу чимээнээс дээд зэргээр тусгаарладаг, барихад хялбар жишээ татаж болж байна.

Ийм байдлаар нэг хаусыг 10 хоногт барьж байна гэж бодохоор өнөөх төрийн ухаантнууд хийх гээд 20 гаруй жил түнтэгнэсэн орон сууцжуулах аян инээдэм болж хувирч байна. Ийм байдлаар 8-10, 20-25 сая төгрөгөөр л хачин тансаг хаус барьж болж байгааг дээдэсчүүдэд дуулгая. Юун нөгөө метр квадрат нь 1300 ам.доллараас буухгүй байгаа чанаргүй, сантехникийн болон хана, хаалга, шатны асуудалтай барилга вэ. Хэн нь ч мөрддөггүй, хэзээ хаанаас орж ирсэн нь үл мэдэгдэх стандарт ярьж "тусгай зөвшөөрөл" хэрэгтэй хэмээн хэдэн арван гар дамжуулж тамга дардаг хүнд суртал, гаж тогтолцоогоо өөрчлөх цаг нэгэнт болжээ, барилгынхаан.

Ардчилсан гэх орны ардчилагдаагүй салбар танайх болж хувирлаа. Дэлхийн чанарын стандартыг энэ салбарт зөв нэвтрүүлж чадвал заавал хятад, солонгос барилгачидгүйгээр хаус бариад амьдарч болж байна. Нэгэнт хямд, чанартай барилга энэ цагийн хэрэгцээ байгаа учраас дотоодынхоо үйлдвэрлэгчдийн хүч бололцоог энэ салбарт хэрхэн шингээж болох талаар ганц жишээ татъя.

Барилгын материалын үйлдвэр олонтой гэх Дархан-Уул аймаг дахь төмөрлөгийн үйлдвэрийн даргатай ийн ярьж байна. Төмөртэй, Төмөртолгой, Хуст-Уул гэсэн гурван орд эзэмшдэг тус ТӨХК нь 1990 онд сууриа тавьсан үйлдвэрүүдийн нэг. Тиймээс ч "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийн гол ачааг үүрэлцэнэ хэмээн албаныхан онцолдог. Мэдээж барилгын материалын гол тулгуур нь арматур байдаг. Тэгвэл жилд 100 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай Японы технологиор баригдсан тус үйлдвэр байгуулагдсанаасаа хойш бүрэн хүчин чадлаараа өнөөг хүртэл ажиллаагүй. Гол шалтгаан нь түүхий эд, хаягдал төмрийн нөөц багасч, хангалттай төмөр цуглардаггүй байсантай холбоотой гэнэ.

Тэгвэл энэ талаар тус компанийн захирал П.Эрдэнэцогт "Менежментийн шинэ арга барилаар ажилласнаар бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ өсч байгаа. Манайх 2009 онд 49 мянган тн бэлдэц, 37 мянган тонн бүтээгдэхүүн, 2010 онд 62 мянган тн бэлдэц, 60 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн. Энэ жил 52 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаагаас эхний хагас жилийн байдлаар тал хувийг нь үйлдвэрлээд байна. Бидний хүлээгдэж буй гүйцэтгэлээр 63 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, 82 тэрбум төгрөгийн орлого олж, 7.5 тэрбумын ашигтай ажиллахаар төлөвлөсөн" гэж байгаа юм.

Орон сууцны эрэлтийг дагаж үйлдвэрлэлийг нэмж, арматурын үнийг бууруулах боломж бий эсэхийг тодруулахад тэрбээр "Сүүлийн хэдэн жил хаягдал төмрийн үнэ өсч байна. Тухайлбал, 2008 онд төмрийн хаягдал тонн нь 60 мянган төгрөг байсан бол 2011 онд 240 мянга, 2012 онд 300 мянга болсон. Үйлдвэрийн нийт зардлын 38 хувийг эзэлдэг зардал өсөхөөр бүтээгдэхүүнийхээ үнийг бууруулна гэдэг хэцүү.

Яагаад гэвэл, нэгж бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд зарцуулдаг цахилгаан, шатахуун цаашлаад ур чадвартай, мэргэшсэн ажиллагсдаа тогтвортой ажиллуулахын тулд цалин хөлсийг нь нэмэх ёстой. Өдгөө манайх 1300 гаруй ажиллагсадтай. Монгол Улсын гангийн хэрэглээ өсч, жилд 300 мянган тоннд хүрнэ гэсэн судалгааны дагуу барилгын компаниудыг хаягдал төмөр авчирвал арматурыг нь үйлдвэрлэн өгч байгаа" гэв.

Манай улсад тус компаниас гадна арматурын 16 үйлдвэр байдаг аж. Тэд нийлээд барилгын зах зээлд 180 мянган тонн арматур нийлүүлдэг гэнэ. Гэтэл 2011 онд нийтдээ 261.8 мянган тонн арматур ашигласан гэхээр тус үйлдвэр 50-60 хувийг нь хангадаг гэлээ. Тэгвэл энэ мэт орон нутагт үйл ажиллагаа явуулдаг ганц компани барилгын арматурыг үйлдвэрлэж хүчин чадлаа нэмэгдүүлэхээр зүтгэж байхад тоосго, цемент, блок үйлдвэрлэдэг дотоодын компаниуд ч энэ мэт хүчээ нэгтгэвэл гэр хороолол бороо мэт арилж, харин орон сууц л шороо мэт үлдэх боломж ойрхон байна.

ТЭД ДОТООДЫН ХЭРЭГЦЭЭГЭЭ ХАНГАХААР ХИЧЭЭЖ БАЙНА

Барилгын салбарт нэлээд танил болж зах зээлд бүтээгдэхүүнээрээ өрсөлдөөд эхэлчихсэн "Силикат" хөнгөн блокны үйлдвэр БНПАУ-ын техник эдийн засгийн тусламжаар 1966 онд шохой ба цагаан тоосгоны үйлдвэр нэртэй байгуулагдаж байжээ.

Тус компани гэхэд л өдөрт 80-100 шоо метр хөнгөн блок үйлдвэрлэдэг ба барилгын зах зээл дэх бүтээгдэхүүний нийлүүлэлт ямар байдаг тухайд тус үйлдвэрийн үйлдвэрлэл хариуцсан захирал Ц.Сэргэлэн "Барилга, уул уурхайн салбарын хөгжилтэй холбоотойгоор манай үйлдвэрийн бүтээгдэхүүн эрэлт хэрэгцээтэй, 100 хувь зарагддаг. Жилд 22 мянган тонн хөнгөн блок үйлдвэрлэх ёстойгоос одоогоор 16 мянган тонныг нийлүүлдэг. Манайх өөрийн шохойн ордтой болохоор үйлдвэрлэлийн өртөг маш хямд гардаг. Удахгүй өргөтгөл хийхээр үйлдвэрлэлийн хэмжээ өсч, зах зээлийн багахан хувийг ч гэсэн хангана" гэсэн юм.

Тэгвэл дотоодын зах зээлд бүтээгдэхүүн нь ховордсон гэгддэг "Эрэл" компанийн хувьд жилдээ 185 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай. Өдгөө 50-55 хувийг нь ашигладаг буюу жилд 100 мянган тонн цемент үйлдвэрлэдэг аж. Нэг үеэ бодвол цементийн хэрэглээ 10 гаруй дахин өссөн ч зах зээлийг бүрэн хангах боломжгүй гэдгийг үйлдвэрийн удирдлага хэлсэн.

Тэрбээр "Цементийн хэрэглээ уул уурхай, барилгын салбарын хөгжилтэй холбоотойгоор өсч байна. Үндэсний үйлдвэрүүд зах зээлд нийлүүлж буй нийт цементийн тонн нь 420 мянга. Үүний 30 хувийг нь манайх, 20 хувийг нь Хөтөл, үлдсэнийг нь бусад үйлдвэр нийлүүлдэг. Тиймээс саалиа бэлтгэхээр саваа бэлтгэ гэдэгчлэн барилгын компаниудыг барилгын "талх" гэгддэг цементээр тасралтгүй хангая гэвэл агуулах саваа бэлдэх хэрэгтэй байна" гэдгийг онцлов.

Харин зах зээл дэх цементний хэрэглээний 50 хувийг нийлүүлнэ хэмээн зорилт тавьсан Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн хувьд нойтон аргаас хуурайд шилжихээр ажиллаж байгаагаа гүйцэтгэх захирал А.Шоовдор хэлж байна. Тус үйлдвэр нь жилд 650 мянган тонн шохой олборлож, 500 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай аж.

Энэ онд хуурай аргын үйлдвэр ашиглалтад орсноор жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх боломжтой болж байгаа гэв. Тус үйлдвэр шинэчлэлээ эхлүүлбэл цементийн үнэ одоогийнхоос бараг хоёр дахин хямдарна гэнэ.

Тэгэхээр дотоодынхоо үйлдвэрүүдийг дэмжээд өгвөл маш хямдаар материалаа нийлүүлж орон сууцтай болох боломж байна. Бид жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжье гэх мөртлөө "Сэрэлт" киноны Думаа шиг гадныхан руу "хуушуур хайрч" гүйдэг байдлаа халж чадвал өнөөдрийн өндөр үнэтэй орон сууцууд жагсаалтаас гарах гарц энд байна.

М.Мөнхтунгалаг
Нийслэлийн удирдлагын зөвлөл өчигдөр хуралдаж Зөвшөөрөлгүй барилгуудад авах зарим арга хэмжээний талаар хэлэлцлээ. Өнгөрсөн жил зөвшөөрөлгүй барилгын уршгаас олон хүний амь эрсдсэн. Тиймээс зөвшөөрөлгүй барилгуудын үйл ажиллагааг даруй зогсоож ус, дулаан, цахилгаанаар хангахгүй байх үүргийг нийслэлийн Засаг дарга холбогдох албаныханд өгсөн.

Гэтэл зарим газрууд хулгайгаар цахилгаанаа авч барилгын ажлаа эхлүүлээд байгаа аж. Тиймээс зөвшөөрөлгүй орон сууцанд захиалга өгөх, санхүүгийн байгууллагууд хөрөнгө оруулалт хийхгүй байхыг нийслэлийн Засаг даргын Тамгын газраас анхааруулж байна. Удирдлагын зөвлөлийн хуралд Улаанбаатар хотын ерөнхий архитектор Н.Нацагдорж зөвшөөрөлгүй 44 барилгын талаар танилцууллаа.

Тус барилгууд нь барилга эхлүүлэх болон газрын зөвшөөрлийн аль нэгийг аваагүй, техникийн нөхцөлгүй, ажлын зураг хийлгээгүй байна. Барилга эхлүүлэх зөвшөөрөл авахын тулд олон шат дамжиж, хугацаа их алддаг байна. Тийм учраас хүнд суртал, авлига, хариуцлагагүй тогтолцоо бий болж байгааг олон хүн шүүмжилж байгаа юм.

Тиймээс барилгын зөвшөөрлийг 15 хоногийн дотор гаргах, нэг цонхны үйлчилгээ үзүүлэхээр хөнгөвчилөөд байгаа билээ. Түүнчлэн зөвшөөрөлгүй барилга, орон сууцанд захиалга өгч олон иргэн хохирч байгааг үгүйсгэх аргагүй юм. Тиймээс иргэд хохироод зогсох биш энэ асуудлын цаана байгаа хариуцлагагүй албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцохыг нийслэлийн Засаг дарга холбогдох албаныханд үүрэг болголоо.

Өчигдрийн байдлаар 44 барилга танилцуулсан ч цаана нь зөвшөөрөлгүй 50 гаруй барилга байгаа аж. Тиймээс банк, санхүүгийн байгууллагууд зөвхөн зөвшөөрөлтэй барилгад хөрөнгө оруулалт хийдэг болох хэрэгтэйг хуралдааны үеэр хотын дарга онцолсон юм. Мөн өнгөрсөн намар нэлээд асуудал дагуулсан "Авзага трейд" ХХК-ийн орон сууцны барилга, “Тэмүүлэнбаатар” ХХК-ийн орон сууцны барилга, Хан-Уул дүүргийн II хороо, орон сууцны 14, 15 дугаар байрны урд талд “Адоре пропертиз” ХХК-ийн Зочид буудлын барилга нь газар эзэмших зөвшөөрөлгүй бөгөөд нэг ёсондоо төрийн өмчид халдаад байгаа билээ.

Тиймээс тус барилгуудыг буулгах эсвэл улсын өмч болгох юм байна. Харин үлдсэн барилгууд нь техникийн нөхцөлөө авахаар нийслэлийн Хот төлөвлөлтийн газарт хүсэлтээ гаргаад байгаа аж. Нэгэнт зөвшөөрөлгүй барилга эхлүүлсэн учир торгууль, төлбөрийн асуудлыг тавих хэрэгтэй  хотын дарга санууллаа.

Зөвшөөрөлгүй барилгуудын жагсаалт

1. Сүхбаатар дүүрэг V хороо хуучин тээврийн товчоо, Энгельсийн гүүрний зүүн хойд талд, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны конторын барилга

2. Сүхбаатар дүүрэг I хороо Улсын төв номын сангийн хойд талд “Бат трейд си” ХХК-ийн Үйлчилгээний барилга

3. Сүхбаатар дүүрэг I хороо “УБ буян” ХХК-ийн хойд талд “Юу Би Эйч проперти” ХХК-ийн орон сууцны барилга

4. Сүхбаатар дүүрэг I хороо хуримын ордны хойд талд Иргэн Ж.Шуумаржав, “Мон Аз” ХХК-ийн конторын барилга

5. Сүхбаатар дүүрэг XI хороо, VII хороолол, УБЕГ-ын баруун хойд талд “Жинст олом” ХХК, иргэн О. Батсүрэн, Л.Бат-Оол нарын Худалдаа үйлчилгээний барилга

6. Сүхбаатар дүүрэг I хороо Г адаад харилцааны яамны зүүн талд “Юнайтэд файнанс” ХХК-ийн Конторын барилга

7. Сүхбаатар дүүрэг VIII хороо хуучин Ардын эрх сонины байрны зүүн талд “Монгол ньюс” ХХК-ийн үйлчилгээ, конторын барилга

8. Сүхбаатар дүүрэг XI хороо, УБЕГ-ын баруун талд тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн албан хаагчдын орон сууцны барилга

9. Сонгинохайрхан дүүрэг XIV хороо 81 дүгээр дунд сургуулийн баруун талд “Сүнжин гранд” ХХК-ийн орон сууцны барилга

10. Сонгинохайрхан дүүрэг XX хороо, Орбитын цэргийн хотхоны зүүн талд “ЖСКМ” ХХК-ийн 72 айлын орон сууцны барилга

11. Сонгинохайрхан дүүрэг XVIII хороо, “Монхурд” ХХК-ны хашааны хойд талд “Хишиг арвин индустриал” ХХК 72 айлын орон сууцны
 барилга

12. Сонгинохайрхан дүүрэг XIX xopoo, СХД-ийн Эрүүл мэндийн нэгдлийн хойд талд иргэн Н.Хосбаярын конторын барилга

13. Сонгинохайрхан дүүрэг ХХ хороо, Орчлон хорооллын урд “Өгөөмөр цэрэн” ХХК-ийн 72 айлын орон сууцны барилга

14. Сонгинохайрхан дүүрэг I хороо Баянголын аманд “Ти Си Ди” ХХК-ийн Монгол морьтон хотхоны 500 айлын орон сууц

15. Чингэлтэй дүүрэг II хороо, Найман шарга төвийн баруун талд иргэн З.Омбоогын контор, үйлчилгээний барилга

16. Чингэлтэй дүүрэг II хороо, ХИД-1 дэлгүүрийн зүүн урд талд Иргэн н.Одгэрэлийн үйлчилгээний барилга

17. Чингэлтэй дүүрэг IV хороо, НОБГ-ын зүүн талд “Естан” ХХК-ийн үйлчилгээний барилга

18. Хан-Уул дүүрэг II хороо, “Хийморь” зочид буудлын хойд талд “Баянтцэцэрлэг” ХХК-ийн үйлчилгээний барилга

19. Баянгол дүүрэг VII хороо, 77-р сургуулийн замын урд Иргэн Д.Баатарын орон сууцны барилга

20. Баянгол дүүрэг VII хороо, Гэмтлийн эмнэлгийн ар талд Иргэн Т.Алтангадасын цэцэрлэг бүхий орон сууцны барилга

21. Баянгол дүүрэг VII хороо, Говь сауны баруун урд талд Иргэн Д.Магсаржавын үйлчилгээтэй орон сууцны барилга

22. Баянгол дүүрэг V хороо, 3 дугаар эмнэлгийн замын урд талд “Дашваанжил” ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны барилга

23. Баянгол дүүрэг V хороо, 3 дугаар эмнэлгийн баруун талд иргэн Б.Батболдын үйлчилгээтэй орон сууцны барилга

24. Баянгол дүүрэг III хороо, 100 дугаар цэцэрлэгийн зүүн урд талд “Далан даваа” ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны барилга

25. Баянгол дүүрэг XI хороо, Эх нялхсын эмнэлгийн урд талд Монголын үндэсний дээд сургуулийн өргөтгөлийн барилга

26. Баянгол дүүрэг XVIII хороо, орон сууцны 46-р байрны урд талд Иргэн Б.Баатарын Үйлчилгээний барилга

27. Баянзүрх дүүрэг V хороо, Монгол цэргийн музейн хашаан дотор Батлан хам-гаалах яамны ажилчдын орон сууцны барилга

28. Баянзүрх дүүрэг V хо-роо, Батлан хамгаалах яамны харьяа Төв госпитапын өр-гөтгөлийн барилга /А, Б блок/

29. Баянзүрх дүүрэг XII хороо; Нарны зам, “М-Ойл” ШТС-ын зүүн талд “Би Ти Эс Эм” ХХК-ийн сендвичэн засварын барилга

30. Баянзүрх дүүрэг XIII хороо, 14-р сургуулийн урд талд “Хатан болор” ХХК-ийн оюутны дотуур байрны барилга

31. Баянзүрх дүүрэг XXV хороо, Натур төвийн урд талд Иргэн Ц.Бямбын 40 айлын орон сууцны барилга

32. Баянзүрх дүүрэг XXV хороо, Цагдаагийн албан хаагчдын орон сууцны баруун талд Гаалийн Ерөнхий Газрын ажилчдын орон сууцны барилга

33. Баянзүрх дүүрэг XXV хороо, Натур төвийн баруун урд талд иргэн Д.Дашдаваагийн орон сууцны барилга

34. Баянзүрх дүүрэг XXV хороо, Натур төвийн баруун урд талд, Иргэн Ш.Батцэнгэлийн орон сууцны барилга

35. Баянзүрх дүүрэг XXV хороо, Натур төвийн баруун урд талд “Цаст констракшн” ХХК-ийн орон сууцны барилга

36. Баянзүрх дүүрэг XIII хороо, MIU дээд сургуулийн өргөтгөлийн барилга

37. Баянзүрх дүүрэг. XVI хороо, “Саруул тэнгэр” хотхоны зүүн урд талд Иргэн Ж.Энх-Оргилын 9 давхар орон сууцны барилга

38. Баянзүрх дүүрэг III хороо, “Зохиомж” дээд сургуулийн өргөтгөлийн барилга

39. Баянзүрх дүүрэг VII хороо “Оргилуун” төвийн зүүн талд “Ай Эм Жи Си” ХХК-ийн үйлчилгээ конторын өргөтгөлийн барилга

40. Баянзүрх дүүрэг III хороо, Зохиомж дээд сургуулийн баруун урд талд "Топуна” эмнэлэгийн хашаан дотор иргэн С.Чинзоригийн орон сууцны барилга

41. Баянзүрх дүүрэг XXV хороо, Нарны зам, Шинэ дөл хотхоны зүүн талд иргэн С.Жаргалын орон сууцны барилга

42. Сүхбаатар дүүрэг V хороо, 6 дугаар сургуулийн урд талд “Авзагатрейд”ХХК-ийн орон сууцны барилга

43. Сонгинохайрхан дүүрэг XVIII хороо, “Алтанбулаг трейд” ХХК-ийн орон сууцны барилгын зүүн хойд талд “Тэмүүлэнбаатар” ХХК-ийн орон сууцны барилга

44. Хан-Уул дүүрэг II хороо, орон сууцны 14, 15 дугаар байрны урд талд “Адоре пропертиз” ХХК-ийн Зочид буудлын барилга

Ж.Ганцэцэг

Ноднин жилийн  яг энэ өдөр буюу  2012 оны 02 сарын 21-ний битүүний өдөр “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр 100 мянган айлын орон сууцны  хүрээнд  хэрэгжих,  жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийн журмыг Сангийн сайд Д.Хаянхярваа, ЗТБХБСайд Ц.Дашдорж, Нийслэлийн засаг дарга Г.Мөнхбаяр нар гарын үсэг зурж баталсанаас хойш 1 жил болжээ.

2016 он гэхэд бүрэн хэрэгжээд дуусах ёстой энэ хөтөлбөр маань  маш олон асуудал бэрхшээлтэй  тулгарч байгааг та бүхэн мэднэ. Тэр байтугай хөтөлбөрт хамрагдаж хохирсон гэх  хүмүүс хэвлэлийн бага хурал зарлаж байсан. Би энэ нийтлэлдээ  хувийн үзэл бодол, дүн шинжилгээ хийхийг хүссэнгүй. Тухайн үед хөтөлбөрийг  хэрэгжүүлэхэд  гар бие оролцож байсан яамны сайд нар болон  бусад салбарын нөлөө бүхий албан тушаалтан захиралуудын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагын тоймоос хүргэж  байна.

Орон сууцыг 6-8 хувийн зээлээр авах боломжтой.

ЗТБХБЯ сайд асан Х. Баттулга /Нийгмийн толь сонинд  өгсөн ярилцлага/  

2011 оны 3 сарын 9

-"100 мянган айл орон сууц" хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулагдлаа. Ингэснээр хөтөлбөрийн явц хурдсана гэсэн үг үү?
-Нийт 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулах хороо байгууллаа. Анхны хурлыг нь өнөөдөр (өчигдөр) хийлээ. Цаашид хөтөлбөрийн хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, шийдвэрлэх шаардлагатай бусад асуудлыг хэлэлцэнэ. Барилга байгууламжийн норм, нормотив, ажиллах хүч, бүс нутгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тал дээр тодорхой эрхзүйн орчин бүрдүүлж ажиллах байр суурьтай байна. Орон сууц барихад гол нь санхүүжилт хэрэгтэй.

-Санхүүжилтийн ямар механизмаар хөтөлбөрийг хэрэгжүүлэх вэ?
-Нэг хэвшмэл загвараар хийхгүй. Дэд бүтцийн асуудал байна. Нийслэл 470 мянган га хавтгай дөрвөлжин нутаг дэвсгэртэй. Үүний 25-30 орчим хувьд барилга барихаар төлөвлөгдсөн. Манай иргэдийн ихэнх нь дунд түвшний буюу 400 мянган төгрөгийн цалинтай. Иймээс тэдний орлогыг тооцоолж зээл олгосноор бага, дунд орлоготой иргэд байрандаа орж, үүнийг дагаад бусад салбар дэмжигдэнэ. Өөрөөр хэлбэл, 18 их наяд төгрөгтэй тэнцэх ажлын эхлэл бий болно. Үүн дотор төмөр зам, авто зам, орон сууц багтана. Иргэд өөрсдөө орлогожоод эхэлбэл орон сууцны борлуулалтад санаа зовохгүй болно. Энэхүү төсөл Засгийн газраар дэмжигдэж, санхүүжилтийн асуудал тойрч яригдсаар нэлээн удсан шүүмжлэл бий. Гэсэн ч ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа. Санхүүжилтийн хувьд уул уурхайгаа түшиглэж, Хөгжлийн банк байгуулаад түүнээс иргэддээ бага хүүтэй, урт хугацаатай зээл олгох гарц хайж байна...

Хөтөлбөр хэрэгжээд дуусахад 100 гаруй мянган айлын орон сууцыг ашиглалтад оруулах бүрэн бололцоотой

ЗТБХБЯ сайд асан Ц. Дашдорж /www.vip76.mn орсон ярилцлага/

2012 оны 4 сарын 23

-100 мянган айлын орон сууц хөтөлбөр 2016 оныг хүртэл үргэлжилнэ. Тэр болтол хэчнээн иргэнийг орон сууцжуулна гэсэн тооцоо гарсан байдаг вэ?

-Хөтөлбөрт 159 мянган орон сууцыг хамруулах хүсэлт ирснээс Засгийн газар 79486 айлын орон сууцыг хөтөлбөрт хамруулсан. Зөвхөн энэ онд ашиглалтад орох орон сууцны 9000 нь бидний тавьсан шаардлагад нийцсэн. Компаниудын барьж байгаа барилгын явцыг судлаад үзэхэд 1,6 жил буюу 18 сарын дотор 28 мянган айлын орон сууц ашиглалтад орохоор байна. Хөтөлбөр хэрэгжээд дуусахад 100 гаруй мянган айлын орон сууцыг ашиглалтад оруулах бүрэн бололцоотой.

-Засгийн газраас жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл хэрэгжүүлж эхэлснээр орон сууцны үнийг хөөрөгдөж байна гэх юм. Үүнээс бага хүүтэй зээлийн ашиг гарахгүй байх тал руу хандаж байна ч гэж байна.Орон сууцны үнийг тогтвортой байлгахын тулд ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Барилгын компаниудад яагаад тодорхой шалгуур тавьж гэрээ байгуулсан гэхээр үндсэндээ орон сууцны үнийн хөөрөгдлийг зогсоох бодлогыг барьсан хэрэг. Өнөөдрийн байдлаар манай улс нийт цементийн хэрэглээний 35, арматурын хэрэглээний 30 хувийг дотоодоосоо хангаж байгаа. Энэ нь барилгын үнэ өсөх үндсэн шалтгаан болсон. Үндсэндээ барилгын материалын үйлдвэрлэлийг төрөөс бодлогоор зайлшгүй дэмжих цаг ирсэн. Удахгүй асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Хөтөлбөр хэрэгжээд эхний орон сууцууд жигд ашиглалтад ороод эхлэхээр эрэлт, нийлүүлэлт тэнцвэржээд үнэ дагаад буух ёстой.

Зургаан хувийн хүүтэй зээл тооцоо, үндэслэл муутай юм билээ

БХБ-ын сайд Ц.Баярсайхан  /Үндэсний шуудан сонинд өгсөн ярилцлага/

2012 оны 12 сарын 06

-100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хэрэгжилтийн явц ямар шатандаа явж байна вэ?

-Өнгөрсөн сарын 30-ны байдлаар ОССК-д 4083 иргэн орон сууцны зээл хүсч материалаа өгсөн байна. Үүнээс шаардлага хангасан 3965 иргэний хүсэлтийг ОССК зөвшөөрч, материалыг нь Төрийн банкинд хүргүүлээд байгаа юм билээ. Харин 1081 иргэнд Төрийн банкнаас зээл өгч, 970 иргэний материалыг дахин судлуулахаар хойшлуулсан гэсэн. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн банкнаас өгсөн 50 тэрбум төгрөгийн санхүүжилт нь дуусч, урьдчилгаа төлбөрөө төлсөн 705 иргэн "Зээлийн эх үүсвэргүй" гэсэн шалтгаанаар зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдах бололцоогүй байна.

-Энэ хүмүүс зээл нь батлагдсан ч Төрийн банк санхүүгийн эх үүсвэргүйгээс байрандаа орж чадаагүй байгаа. Тиймээс Засгийн газар нэмж мөнгө гаргах боломж бий юу?

-Энэ 705 иргэний зээлийн асуудлыг 30 тэрбум төгрөг байвал шийдчих бололцоотой юм билээ. Тиймээс Засгийн газарт асуудал оруулж, ирэх бямба гаригт хуралдах Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдүүлэхийг зорьж байна.

-Цаашдаа яах вэ. Зургаан хувийн хүүтэй орон сууцны зээлийг Шинэчлэлийн Засгийн газар үргэлжлүүлэх үү?

-Зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл тооцоо үндэслэл муутай юм билээ. Ер нь УИХ-ын сонгуулийн шоу байдлаар хийсэн учраас цаашид энэ тогтолцоогоор явахад хүндрэлтэй. Учир нь, Хөгжлийн банкнаас авсан 50 тэрбум төгрөг таван жилийн хугацаатай 5,75 хувийн хүүтэй зээл. Үүнийг ам.доллараар тооцож эргүүлэн төлж байгаа. Гэтэл олгож байгаа зээл нь төгрөгөөр тооцсон зургаан хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай, Энэ нь Монгол Улсын эдийн засагт нөлөөлнө гэж үзэж байгаа. Тиймээс Засгийн газар орон сууцны зээлийн механизмыг боловсронгуй болгох зорилгоор ажлын хэсэг байгуулсан. Ерөнхий сайд өөрөө Иргэдийгорон сууцжуулах үндэсний хороог ахалж байгаа. Харин миний бие орон сууцны шинэ хотхон, хороолол барих болон ашиглалтын шаардлага хангахгүй байгаа орон сууцыг дахин төлөвлөлтөд оруулах ажлыг зохион байгуулах үүрэг хүлээсэн. Мөн Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат орон сууцны санхүүжилтийн тогтолцоо, зээлийн механизмыг боловсронгуй болгох талаар санал боловсруулах ажлын хзсгийг ахалж байгаа. Үүнээс гадна Гэр хорооллыг барилгажуулах ажлын хэсгийг хотын мээр Э.Бат-Үүл ахалж байгааг хэлэх хэрэгтэй.

100 мянган айл хөтөлбөр иргэдэд ачаа болсон

Төрийн банкны гүйцэтгэх захирал Д.Батсайхан /“NEWS” агентлагт өгсөн ярилцлага/

2013 оны 1 сарын 30

-Иргэдэд хүлээлт үүсгэсэн 100 мянган айлын орон сууцны хөтөлбөр одоо ямар хэрэгжилттэй байгаа, өнгөрсөн хугацаанд хэдэн хүнд зээл олгосон тухай асуултаар ярилцлагаа эхэлье.

-Төрийн банк байгуулагдаад дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. Бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийг Засгийн газраас батлаад, иргэд материалаа бүрдүүлж өгөөд зургаан хувийн зээл авах байдлаар хэрэгжиж байгаа. Ингэхэд хамгийн хүндрэлтэй байгаа нь хүлээлт, дарааллын тухай асуудал байна. Энэ нь Төрийн банкнаас шалтгаалсан гэлтгүйгээр ОССК-д иргэдийн материал нь хэр зэрэг хугацаанд ирсэн гэдгээс болж байна. Ингээд ОССК-иас 4000 гаруй материал ирсэнээс өнөөдрийн байдлаар 1200 хүний зээлийг олгоод байна. Хөтөлбөрийг цаашид хэрэгжүүлэхийн тулд үүлд 30 тэрбум төгрөгийг төрөөс шийдлээ. Ингээд иргэдэд бага багаар зээл олгоод л явж байна.

-Цаашдаа банкны зүгээс харахад орон сууцжуулах хөтөлбөрийн зээлийн нөхцөл өөрчлөгдөх үү. Энэ хэвээрээ үргэлжлэх үү?

-Зургаан хувийн зээл гэдэг нь бага, таатай мэт сонсогдож байгаа хэдий ч иргэдийн нуруун дахь ачаа нэмэгдэж байна гэсэн үг. Тухайлбал, нэг м/кв-ын үнийн өсөлт нөлөөлж байна. 55 м/кв талбайтай байрыг зургаан хувийн зээл гарахаас өмнө зарж байсан үнийн зөрүү 30 сая төгрөг болж байгаа юм. Үндсэндээ иргэд 30 сая төгрөгөөр өссөн үнэтэй байр зээлээр авах болж байна. Тиймээс энэ байдлыг зөв голдиролд нь оруулах шаардлагатай.

100 мянган айлын эргэн тойронд иймэрхүү сонин хачинтай. Харин 6% хүү гэж гарсанаар орон сууцны үнэ өссөн гэж  таамаглаад байгаа. Энэ талаар...

Орон сууцны үнэ хүссэн хүсээгүй буурна

Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч  М.Батбаатар /Ардын эрх сонинд өгсөн ярилцлага/

                                                                                                                                                                        2012 оны 3 сарын 1

-Засгийн газраас “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс сар шинийн өмнөхөн зургаан хувийн хүүтэй  зээлийн асуудлыг шийдвэрлэлээ. Монголын мянга мянган өрхөд энэ шийдвэр итгэлийн оч төрүүлж байх шиг байна. Гэхдээ бас үнэхээр бүтэх болов уу гэсэн эргэлзээ ч бас дагуулж, худлаа хуурч байгаа юм биш биз гэсэн яриа ч бас сонсогдож л байна?

-Яагаад худлаа гэж. Монгол Улсын Засгийн газраас “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллыг орон сууцжуулахаар “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Гэр хороололд амьдарч байгаа өрхүүдийн дийлэнх нь бага дунд орлоготой иргэд байгаа. Тэднийг орон сууцтай болгохын тулд бага хүүтэй, урт хугацааны зээл олгох ёстой юм. Тэгэхгүйгээр арилжааны банкны өндөр хүүтэй зээл авах боломж тэдэнд байхгүй шүү дээ. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр зургаан хувийн хүүтэй зээлийг хэзээ шийдэхийг монголчууд бүтэн жил хүлээсэн. Бүтэн жил хэрэгжих болов уу үгүй юу гэж  эргэлзсэн байх. Одоо “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр хэрэгжих юм байна, зургаан хувийн хүүтэй зээлд хамрагдаж болох юм байна гэсэн итгэл олон нийтэд төрж эхэллээ. Надаас олон хүн асууж байна. Яаж энэ зээлд хамрагдах вэ, ямар шалгуур тавьж байгаа юм бэ гээд л. Хэрвээ худлаа даа гэж бодсон бол хүмүүс ингэтлээ сонирхохгүй байсан биз дээ...


-Зээлийг нь гаргахаар болчихлоо. Харин орон сууцны нийлүүлэлт байна уу. Хүн болгон зээл авах гээд хөөцөлдөөд эхлэхээр орон сууцны эрэлт ихэснэ. Зээлд ямар нэгэн квот тогтоохгүй гээд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ асуудлыг хэрхэн зохицуулах юм бэ. Магадгүй үүнээс болоод үнэ өсчих вий гэсэн эмзэглэл иргэдийн дунд байна?

-Үнэ өсөхгүй ээ. Зээлийг анх удаа байр авч байгаа бага дунд орлоготой иргэдэд өгөхөөр болсон. Энэ бол том боломж шүү. Орон сууцжуулах үндэсний хороонд хандаж “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн 300 орчим компани байна. Эхний ээлжинд өөрсдөө хөрөнгөө гаргаад орон сууц барья гэсэн 70 орчим компани байгаа.  Бидний хийсэн судалгаагаар эхний ээлжинд энэ ондоо багтааж баригдчих 2500 орчим орон сууц байна. Тэгэхээр зургаан хувийн хүүтэй зээлээр энэ ондоо багтааж 2500 айл байртай болох боломж байгаа гэсэн үг. Одоогоор барилгын гүйцэтгэл нь 50 хувьтай байгаа юм билээ. Үнэ өснө гэдэг орон сууц наймаалдаг хэдэн ченжүүдээс гаргаж байгаа цуу үг. Монголчууд жаахан л тэвчихвэл орон сууцны үнэ хүссэн хүсээгүй хямдарна. Ирэх намраас орон сууцны үнэ тогтворжино гэдэгт итгэлтэй байна. Бид ер нь орон сууцны үнийг 850 мянгаас нэг сая төгрөгийн хооронд барихаар төлөвлөж байна.

Орон сууцны үнэ буухгүй

Барилгын үндэсний ассоциацийн захирал Ц.Эрдэнэбаяр /www.assa.mn өгсөн ярилцлага/

2012 оны 12 сарын 13

-“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн талаар та бид хоёр ярилцаж байсан. Тэр үед судалгаа, тооцоогүй эхэлж байна гэсэн таны үг өнөөдөр биелэлээ оллоо?
-Үнэхээр Засгийн газраас гарч байгаа шийдвэр хүмүүсийг хөлдөө чирж балламааргүй байна. Зургаан хувийн хүүтэй зээл өгөхөд ассоциац хатуу байр суурьтай байсан. Өнөөдөр барилгын нийлүүлэлт бага байхад зургаан хүүтэй зээл олгоно, тэрийгээ 100 мянган хүнд өгчихмөөр, хүн болгонд хүртээмжтэй байх юм шиг ярьж болохгүй. Дээр нь, зөвхөн шинэ барилга гэж битгий туйлшир. Ингэвэл чанаргүй олон барилгыг эзэнжүүлчихнэ. Цөөхөн баригдаж байгаа байрныхаа үнийг өсгөнө. Ингэж болохгүй гэж эсэргүүцэж байсан. Тухайн үед Засгийн газар сонгуулийн өмнө шаардлагатай гэж шийдвэр гаргасан байх. Үүнээс болж олон хүнийг хөлдөө чирлээ, үнийн хөөрөгдөл бий болголоо. Одоо орон сууцжуулах хөтөлбөрийг хэрхэн, яаж, хэрэгжүүлэх, санхүүжилт, моргейж очих талаар хоёр ажлын хэсэг гараад ажиллаж байна. Эндээс арай нэг эрүүл бодлого гарах болов уу гэж найдаж байна. Гэхдээ ямар ч тохиолдолд төр дэд бүтцийн хөрөнгө оруулалтаа тууштай хий. Тэрийг дагаад ажил байр бий болно, барилга баригдана, амьдрал бий болно шүү дээ.

-Орон сууцны үнийг барилгын компаниудын захирлууд нэмдэг гэж ярих юм?
-Ер нь, хомсдол байвал үнэ өснө. Огцом, олуулаа өсгөсөн байна уу гэхээсээ илүү эрэлт нь байгаа цагт үнэ нь өсөөд л байна. 2-3 жилийн өмнө нь “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр хэрэгжихээр орон сууцны үнэ буурна гэж хүмүүс яриад байсан. Өнөөдөр үнэ нь буурах ямар ч нөхцөл бүрдээгүй. Ямар ч ажил хийгдээгүй. Ирэх жил өснө шүү, энэ ондоо яаран байр аваарай гэж хэлж байсан. Одоо ч гэсэн үнэ нь буурах нөхцөл огт бүрдээгүй. Ирэх жилийн бүтээн байгуулалт эхлэхээр ахиад л өснө. Хэзээ үнэ тогтох уу, буурах уу гэхээр дэд бүтцийн их ажил хийгээд олон зуун барилга зэрэг баригдахын цагт үнэ буурна. Хоёрд, барилгад шинэ технологи орж байж карказан байшингийн үнэтэй өрсөлдөнө. Тэр үед үнэ нь буурна. Харин хотын төвд баригдаж буй байрны үнэ буурах байх гэж найдах хэрэггүй. Учир нь, Улаанбаатар хөгжиж яваа ирээдүйтэй хот учраас захынхаас төвийн орон сууцны үнэ өндөр байх нь дэлхийн л чиг хандлага. Гэхдээ хотоос зайдуу цоо шинэ орон сууц хямдхан байх ёстой. Авахын тулд моргейжийн бага хүүтэй зээл үйлчилдэг. Маш олон хүний орон сууцны асуудлыг ингэж шийдвэл сая ажлын байрны тогтвортой байдал, хариуцлага яригдана.

Нэгэнт ийм болсон гацааг бид эерэгээр бодож, өөдрөгөөр хүлээж авахаас өөр замгүй. Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч М. Батбаатар гуай удаа дараа орон сууцны үнэ буурна гэдгийг хэлээд байгаа. Магадгүй 2 жилийн дараа гэхэд  орон сууцны мкв үнэ 1 сая дотор багтах ч юм билүү. Хэн мэдэхэв

П. Наранмандах
БАРИЛГЫН САЛБАРТ ЭРҮҮЛ ЗАХ ЗЭЭЛИЙГ ТӨР ЯАГААД БИЙ БОЛГОЖ ЧАДАХГҮЙ БАЙНА ВЭ

Сүүлийн үед орон сууцны үнэ эрчимтэй өсөж байна. Өнөөгийн байдлаар энгийн орон сууцны метр квадратын үнэ бараг хоёр сая төгрөгт дөхөв. Энэ нь 30 метр квадрат буюу багахан талбайтай орон сууц худалдан авахын тулд 60 сая төгрөг хэрэгтэй гэсэн үг. Эсвэл 20 жилийн хугацаатай, дор хаяж сарын 600 мянган төгрөг төлөх нөхцөлтэйгээр банкнаас зээлээр авч болно. Энэ нь олон улстай харьцуулахад дундаж цалин харьцангуй бага манай орны иргэдийн хувьд хүнд сорилт билээ.

Гэлээ ч хэрэгцээ шаардлага байгаа учир иргэд урт хугацаанд өндөр хүү төлөөд ч болов орон сууцанд орохыг эрмэлзсээр байна. Мэдээж орон сууцны үнийг өсгөхөөс өөр аргагүй хэмээдэг барилгын компаниудын хувьд ядуурсан уу гэвэл үгүй. Тэгвэл орон сууцны үнэ яагаад өсөөд байна вэ. Үнийг хямдруулах боломж бий юу. Үнэндээ энэ талаар сүүлийн хэдэн жил тасралтг үй ярьж ирсэн. Үр дүнд нь сууцны үнэ буурах бус нэмэгдсэн билээ. Бүр яамнаас анх 4000 айлын орон сууц хөтөлбөрийг зарлаж байхад орон сууцны метр квадратын үнийг 650 мянган төгрөг байх бололцоотой хэмээн мэдэгдэж, тооцоо судалгаатай нь танилцуулж, компаниудаас үнээ буулгахыг шахаж шаардаж байсан.

Гэвч энэ дүнг нэг ч компани мөрдөөгүй. Ядахдаа энэ шахалт нь орон сууцны үнийг тогтвортой барихад ч нөлөө үзүүлж чадаагүй юм. Энэ нь орон сууцны үнийг буулгах ёстой хэмээн яриад эсвэл шахаж шаардаад хэрэгжүүлэх бололцоогүйг харуулж байна. Өөрөөр хэлбэл, ардчилал хөгжсөн оронд барилгын компаниудыг “үнэ нэмлээ” гэж чичилж муулахаас бус “буулга” хэмээн хүчилж болдоггүй аж. Энэ тохиолдолд бид яах ёстой вэ. Товчхондоо үнэ буурах нөхцөлийг бүрдүүлэх нь сууцны үнийг хямдруулах хамгийн боломжит алхам билээ. Үүний тулд төрөөс ихээхэн зүйл шалтгаалах нь дамжиггүй. Харамсалтай нь барилга, орон сууцны салбарт төрийн бодлого хэрэгжиж байна уу, үгүй юу гэдэг нь ихээхэн эргэлзээтэй байна. Хамгийн сүүлийн жишээ бол 100 мянган айлын орон сууц хөтөлб өрийн хэрэгжилт юм. Засгийн газраас тус хөтөлбөрийн хүрээнд зургаан хувийн хүүтэй зээл гаргаж байгаагаа зарласан. Үүнийг дагаад бараг өрх бүр ОССК-ийн үүдийг сахиж, барилгын компаниуд харин ч нэг үнээ дураараа өсгөсөн дөө. Бүр өмнө нь гэрээ хийгээд урьдчилгаагаа төлчихсөн байсан иргэдийг зарим барилгын компаниуд мөнгө нэмж өгөхийг шаардаж, хэрэв өгөхгүй бол гэрээгээ цуцлах асуудлыг хүртэл ярьж байсан. Арга ч үгүй юм. Цаана нь зургаан хувийн хүүгээр сууц авъя гэсэн өч төчнөөн иргэд байхад заавал хямдхан зараад байх шаардлаа барилгынханд байхгүй.

Нэг үгээр хэлбэл, нийлүүлэлтийг зохицуулж чадаагүй байж эрэлтийг өсгөж зээл олгосон нь төрийн алдаа байв. Алдаа гэхээс илүү сонгуулийн шоу байсан гэвэл хилсдэхгүй. Өнөөдөр өмнөх Засгийн газрын шийдвэр бүдгэрэн арилж, зургаан хувийн хүүгээр зээл авах мөрөөдөл дашийн шог болж байна. Эндээс төрийн бодлого шийдвэр иргэдийг хямд орон сууцтай болгох чиглэл рүү яваад байна уу эсвэл эсрэгээр хэрэгжээд байна уу гэсэн эргэлзээнд хүргэж байна. Засгийн газраас иргэдийг хямд сууцтай болгох асуудлыг хөндөж байхад зарим төрийн албан хаагч нь хотын төвийн газрыг ханцуйн доогуур наймаалцаж байдаг. Нөгөө талд хотын захирагч нь барилга барих зөвшөөрлийг түдгэлзүүлж, зарим зөвшөөрөл аваагүй сууцыг нураах асуудлыг хүртэл хөндөж байна.

Мөн барилгын материалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудлыг олон жилийн өмнө ярьсан. Хэрэв тухайн үед гаргасан шийдвэр хэрэгжсэн бол томоохон үйлдвэр үүд шаваа тавьчихсан. Гадаад зах зээлээс барилгын материал өндөр зардлаар авчирах боломж хязгаарлагдах хэмжээнд хүрэх байв. Харамсалтай нь төр засаг, яамдын ажлын уялдаа холбоо гэж алга. Үүнээс хамаарч барилгын салбарт баримтлах бодлого хоосон уриа лоозон төдий байна. Үүн дээр нь барилгын компаниуд тоглож, үндсэндээ ямар ч хяналтгүйгээр энэ зах зээлд ноёрхож байгаа юм. Уг нь барилгын салбарын бодлого зөвхөн салбарын яам бус хотын захиргаа, Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Уул уурхайн яам, Эрчим хүчний яам, Сангийн яам, Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн газрын алба зэрэг төрийн олон байгууллагын нягт уялдааны үр дүнд хэрэгжих ёстой.

Хотоос барилга орон сууц барих төлөвлөлтөө гаргадаг, газрын албанаас зохих талбайн зөвш өөрлийг чирэгдэлгүй олгодог, мэргэжлийн хяналт нь шаардлагатай хяналтаа тавьдаг, ҮХАА яам нь барилгын материалын үйлдвэрүүдээ хөгжүүлдэг, Эрчим хүчний яам нь цахилгаан, дулааны эх үүсвэрийг шийддэг, Сангийн яам нь энэ бүхэнтэй уялдуулж зээлийн эх үүсвэрээ шийддэг бол төр барилгын салбарын бодлогын хэрэгжилтээ хянаж, үүнийг дагаад салбарын хөгжил цэгцтэй болох учиртай. Тиймээс орон сууцны үнэ яагаад өсөөд байна хэмээн барилгын компаниудаас буруу хайхаас илүү эрүүл зах зээлийг төр яагаад бий болгож чадахгүй байгааг асуух нь зүйтэй болов уу. Үнэндээ барилгын компанийн эзэд бизнес эрхэлж байгаа. Бизнест ашиг нэн тэргүүнд эхэнд тавигддаг нь зүйн хэрэг юм. Хүний хамгийн анхдагч амин чухал хэрэгцээ нь орон гэр. Тэгвэл гэр хорооллынхон бидэнд гэрээ засах боломж хайрла, ирээдүйн Ерөнхийлөгч өө.

Энэ бол монголд амьдарч байгаа болон гадны улсаас эх орноо зорихоор зэхэж буй хүн бүрийн хүсэл. Монголд янз бүрийн сонгуулийн мөчлөг дагаж ажил ундардгийг, ажил хэрэг болдгийг бид мэддэг болсон. Тиймээс л энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн гол сценарийн сэдвийг орон сууцны үнийн зад хямдрал байх болов уу хэмээн хардаж дээр, доорг үй жиргээд эхэлчихлээ. Олны үг ортой гэдэг дээ. Сонин юм шүү хөөсөрсөөр тогооноосоо хэдийнэ хальсан орон сууцны метр квадратын үнийг сая төгрөгт барих боломжтойг ШӨХТГ-ын дарга О.Магнай л саяхны нэгэн өдөр бусдаасаа түрүүлж дуулгаснаар иргэдийн дунд жаахан ч гэсэн энэ салбар руу инээмсэглэж харах итгэл төрүүлэв. Тэгэвч энэ сэдэв царцав уу, цаанаас нь царцаав уу юутай ч намжчихлаа. Сонгуулиар яригдах сэдэв учраас хав дарчихав уу. Магнай дарга аа, орон сууцны үнийг зад буулгая. Метр квадрат нь монголд үнэтэй байх боломжгүйг хамтдаа бодъё.

ХЯМД ҮНЭТЭЙ ОРОН СУУЦЫГ ИНГЭЖ БАРЪЯ

Элс, хайрга, тоосго, блок, мод гэх мэт барилгын гол түүхий эд манайд ямар ч үнэгүй. Хаанаас л бол хаанаас ухаад, ачаад авчихаж болно. Монголд юу л байна шороо, ус, ажиллах хүч байна. Орон гэрийнхээ хана, баганыг хүртэл гадныхнаар түшүүлэхээ болъё манайхаан. Монгол хүн бүрийг эх орныхоо бүтээн байгуулалтад дуудъя. Ажилгүй иргэдийг барилгын салбарт бүртгэж, оюутнуудаар тоосго цохиулж, шавар зууруулж сургая. Эх орныхоо төлөө тангараг өргөсөн цэргүүдийг дайчилъя. Үүн дээр нэмээд байр сав нь хүрэлцэхгүй, багтаж шингэхгүй байгаа өнөөх хоригдлуудыг ашиглая.

Ингэж чадвал харийнхан руу цацдаг цалин хөлс дотооддоо үлдэнэ. Зайлшгүй энэ салбарт чухал хэрэгтэй мэдлэг боловсролтой ажилчдад үлдэнэ. Ингэснээрээ бид ажиллах хүчинд зориулдаг мөнгөө асар их хэмнэх боломжтой болж байна. Юун хятад, солонгос барилгачид вэ. Тэд мартагдана. Нийслэлд барилга байтугай ундны ус хүрэлцэхгүй байна гэсэн дүн мэдээ хэн бүхнийг сэрдхийлгэсэн. Тэгвэл бодоод үзье. Бидэнд цас, борооныхоо усыг тосож, өнөөх муу усаа цэвэршүүлээд барилгын ус болгож ашиглах боломж байна. Бохир ус болон бороо цасныхаа ус ашиглалтаараа Сингапурыг жишээлдэг юм билээ. Тэд Малайзаас бохир усыг нь авч цэвэршүүлээд усны хэрэглээндээ зарцуулдаг байдлаас нь суралцъя.

Ус ашиглалтаараа үргүй зардал гаргадаг орон сууцныхны хэрэглээг цэгцэле. Өглөөнийхөө өлөн хирнээс салахдаа л хэдэн тонн цэвэр ус гоожуулж сул асгачихдаг тэдний усыг үнэлгээжүүлье. Ийм байдлаар цэвэр усаа хэмнэсний үр ашиг гарч л таарна. Ерөөсөө л бороо, цас, бохир усаа барилгын салбар руу нийлүүлье. Ингэж чадвал усанд зарцуулах зардлаа хэмнэж орон сууцны үнээс ангид болж хувирна. Мэдээж мод бэлтгэлийн асуудал хөндөгдөнө. Манай улс жилд дунджаар 850-950 мянга орчим шоо метр мод бэлтгэхийг зөвшөөрдөг байна. Үүн дээр гадагшаа вагон вагоноор нь зөөдөг болон өнөөх хууль бус мод бэлтгэлийг тооцвол энэ салбарт мод дахиад л үнэгүй. Тэгвэл одоо яах вэ. Тоосго, блок, шавар, элс, цемент, ус, мод, ажиллах хүч...бүгд үнэгүй байх боломжтой байхад чанаргүй, өндөр үнэтэй орон сууц Монголд моод болох хэрэг байна уу.

ДӨНГӨЖ ЦУХАЛЗАХ ҮНЭ ХААНААС ҮҮСЭХ БОЛОМЖТОЙ ВЭ

Магнай даргаас орон сууцны үнэ хямд байх боломжтой тухай сонсоогүй бол барилга, байшин шүтэх тэнэглэлтэйгээ зууралдсаар үлдэх байлаа.

Түүний энэхүү мэдэгдлийг батлах гэсэн шиг Орон сууц санхүүжилтын корпорацийн гүйцэтгэх захирал А.Гантулга ингэж байна. “Бидний хийсэн судалгааны үр дүнд орон сууцны метр квадратыг нэг сая төгрөг байж болно гэсэн үр дүн харагдсан. Мөн түүнээс гадна Барилга, хот байгуулалтын яам Монгол банк хамтраад энэ онд баригдах барилгууд дээр хөнгөлөлттэй зээл олгох талаар санамж бичигт гарын үсэг зурсан. Орон сууцны үнийг бууруулах хамгийн зөв алхам бол барилгын компаниудыг төрөөс бодлоготойгоор дэмжиж нийлүүлэлтийг нэмэгдүүлэх юм. Өмнө нь иргэдэд бага хувийн хүүтэй зээл олгож байна гээд эрэлтийг нэмсэн нь үнэ өсөх нэг шалтгаан болсон. Тэгэхээр эхлээд бид чанартай, үнэ боломжийн орон сууцнуудыг баръя, тэгэхээр үнэ аяндаа тогтворжино” гэчихлээ.

ОССК 40 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд бүх аймгуудад 650-700 мянган төгрөгөөр, Улаанбаатар хотод 730 мянган төгрөгөөр орон сууц барьсан түүхтэй. Тэгвэл дэд бүтэц, газрын асуудлыг үнэгүй шийдвэл дээрх үнээр байртай болох боломжтой аж. Сайхан мэдээ шүү. Жишээ болгож Баянхонгор аймагт 30 айлын орон сууцыг метр.квадратыг нь 656 мянган төгрөгөөр, Говь-Сүмбэр аймагт 80 айлын орон сууцыг метр. квадратыг нь 239 мянган төгрөгөөр борлуулснаа ярьж байна. Тэгвэл барилгын салбарт 25 жил ажилласан “Дельта констракшн” компанийн Ерөнхий захирал, Монгол Улсын зөвлөх инженер Ц.Эрдэнэбат ингэж ярьж байна. “Би Нийслэлийн захиргаанд “Инженерийн шугам сүлжээтэй газрыг нь үнэгүй гаргаад өгчих, би мкв-ыг нь 650 мянгаар бодоод дөрвөн жилийн хугацаанд 4000 айлын орон сууц бариад өгье” гэж захидал бичсэн.

“Барилгачдын холбоо”, “Монголын барилгын инженерүүдийн холбоо”-нд ч энэ саналаа хэлсэн. Би бүх хариуцлагыг өөрөө үүрье, болохгүй бол намайг “цаазын тавцанд” аваачна биз. Би юу хэлж байгаагаа мэдэх хэмжээний инженер хүн шүү. Хэрвээ моргэйжийн зээлээр бариад эхэлбэл угаасаа мкв нь 650 мянга болоод эхэлнэ. Дунд орлоготой хүмүүстээ зориулаад ийм арга хэмжээ авах боломж төрд байгаа. Хэдэн тэрбумаа зүгээр цацчихдаг биз дээ. Би барилга барьдаг хүн болохоос зардаг хүн биш”. Тэрбээр монголд хэрэгтэй хүний нэг яах аргагүй мөн гэж бодож байна. Энэ мэт хийдэг хүнээ төр нь дэмжээд өгвөл өнөөдрийн үнэ нь тэнгэрт хадчихсан барилгын үнэ навс унана биш үү, Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээр зэхэгчид ээ. Дөрвөн уулынхаа хонхорт багтаж шингэхгүй утаа, угаартаа хахаж цацсаар байгаа иргэдээ энэ мэт бодлогоор зохицуулаад орон гэрийг нь засаад өгөөч. Гэрээ засаад төрөө засдаг гэдэг биш билүү. Тэгэхээр орон сууцны үнэ хаанаас дөнгөж цухалзах боломжтой вэ.

Мэдээж манайд үйлдвэрлэх боломжгүй, гадны улсаас оруулж ирдэг дотоод гадаад засал чимэглэлтэй холбоотой бараа материал, сантехникийн асуудалд үнэ бодогдох нь гарцаагүй. Тэгэхээр иргэдэд эхний байдлаар мэдээллээд байгаа сая төгрөг ч үнэтэйд тооцогдож байна.

М.Мөнхтунгалаг
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж  НИТХ-ын ээлжит бус хуралдааныг зарлах, ээлжит бус хуралдаанаар  хэлэлцэх асуудал болох гэр хорооллын дахин төлөвлөлтийн журам батлах тухай, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах журам батлах тухай зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэн тогтоол гаргалаа.

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга, Улаанбаатар хотын ерөнхий архитектор Н.Нацагдарж гэр хорооллын дахин төлөвлөлтийн журам болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах журмын төслийг НИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулсан юм.

Энэхүү журмыг Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, гишүүдийн саналыг тусган НИТХ-ын Тэргүүлэгчдэд өргөн барьж байна гэдгийг тэрээр онцоллоо. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийг 3 бүсэд хувааж эхний ээлжинд 1, 2 дугаар бүсийн 12 байршилд дахин төлөвлөлт хийхээр НИТХ-аар баталсан юм.

Нэгдүгээр бүсэд инженерийн шугам сүлжээтэй ойр, дэд бүтцийн асуудлыг хялбар шийдэх боломжтой Дэнжийн мянга, долдугаар хороолол зэрэг 5 байршлын газар хамрагдаж байгаа бол хоёрдугаар бүсэд инженерийн шугамаас алслагдсан, дэд бүтцийн асуудлыг шинээр шийдвэрлэх Хайлааст, Ханын материал, Баянхошуу зэрэг 7 байршлын газар хамрагдаж байгаа юм байна.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журмаар ИТХ-аас батлагдсан байршлуудад дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтөд оролцох иргэн, аж ахуйн нэгж, төрийн байгууллагын эрх, тэдгээрийн хооронд үүсэх харилцааг зохицуулах юм. Журамд зааснаар төсөл хэрэгжүүлэгч нь хууль ёсны газар, үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, ашиглагчтай нэг бүрчлэн тохиролцоо хийн зохих гэрээ байгуулж, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу барилгажуулах ажлыг эхлүүлэх юм байна. Нийслэлийн Засаг дарга дахин төлөвлөлтийн дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ авто зам, замын байгууламжийг улс, нийслэлийн төсвөөр барих ажлыг эхлүүлнэ гэж заажээ.

Мөн төсөл хэрэгжүүлэгч нь төсөлд шаардагдах хөрөнгийг хариуцахаас гадна гэр хорооллын дахин төлөвлөлтийн сонгосон талбайн газар чөлөөлөх ажлыг төсөл хэрэгжүүлэгч хариуцна гэж журамласан аж.

Харин төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах журамд төслөөр хэрэгжүүлэх ажлын даалгаварыг нийслэлийн Засаг дарга батлахаас гадна төсөл шалгаруулалтыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулна гэж тусгасан байна.

Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж, хоёрдугаар бүсийн дахин төлөвлөлтийн төслийн хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулахдаа тухайн байгууллагын санхүүгийн чадавхи, техникийн чадавхи, шаардлагатай тохиолдолд нүүлгэн шилжүүлэх байртай байх зэрэг шалгуурыг тавьж үнэлнэ гэж журамд тусгасан гэлээ.

НИТХ-ын Тэргүүлэгчид энэхүү журам нь дахин төлөвлөлтөд орох байршилд оршин суугаа иргэн болон төсөл хэрэгжүүлэгч нарын гарын авлага болохуйц эрх зүйн акт учраас дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны зохицуулалтыг бүрэн хангасан, хууль эрхзүйн бусад зүйл заалтуудад нийцсэн журам байх ёстой. Тиймээс редакцийн засварыг сайн хийж, журмын агуулгыг сайжруулах хэрэгтэй гэсэн  саналыг хэлж байлаа.  

Мөн гэр хорооллын дахин төлөвлөлт хийх байршлуудыг тогтоож, төсөв хөрөнгөө шийдэж, журмаа боловсруулсан учраас энэхүү журмыг НИТХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлах нь зөв гэсэн саналыг Тэргүүлэгчдийн олонхи нь дэмжсэн юм.

Дараагийн ээлжит бус хуралдаан хоёрдугаар сарын 25-нд болох бөгөөд хуралдаанаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн журам, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах журмыг хэлэлцэн батлах аж.

Р.Мишээл
Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл  нийслэлийн Засаг даргын орлогч нартай Удирдлагын үр дүнгийн, Дүүргийн Засаг нартай Засгийн газрын чиг үүргийг дүүрэгт төлөөлөн хэрэгжүүлэх, төсвийн шууд захирагч нартай үр дүнгийн гэрээг тус тус  байгууллаа.

Энэ гэрээг хуульд заасны дагуу байгуулснаар  санхүү, төсвийн сахилга  хариуцлага нэмэгдэж, төрийн байгууллагын үйл ажиллагаа иргэдэд ил тод, нээлттэй байх боломж бүрдэж байгаа юм.

Хотын захирагч нийт удирдах ажилтанд үр дүнгийн гэрээ байгуулсны дараа хандаж хэлсэн үгэндээ “Хүн бүр өөрийн хөлс хүчээ шавхаж олсон орлогоосоо нийслэлийнхээ сайн сайхан, бүтээн байгуулалтын төлөө, аюулгүй тав тухтай орчинд амьдрахын тулд татвар төлж байгаа.

Тиймээс та бүхэн  зөв зохистой зарцуулж, нийслэл  хотын хөгжил цэцэглэлт, бидний ирээдүй хойч үе болсон үр хүүхдүүддээ хот шиг хот хүлээлгэн өгөхийн төлөө нэгэн сэтгэлээр хамтдаа зүтгэе.Та бүхэн ч ийм сэтгэлтэйгээр ажлаа эхлүүлж байгаа гэдэгт би итгэлтэй байна” гээд ажлын амжилт хүслээ.

Б.Номин
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж НИТХ-ын ээлжит бус хуралдааныг зарлах, ээлжит бус хуралдаанаар хэлэлцэх асуудал болох гэр хорооллын дахин төлөвлөлтийн журам батлах тухай, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах журам батлах тухай зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэн тогтоол гаргалаа.

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга, Улаанбаатар хотын ерөнхий архитектор Н.Нацагдарж гэр хорооллын дахин төлөвлөлтийн журам болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах журмын төслийг НИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцууллаа. Энэхүү журмыг Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, гишүүдийн саналыг тусган НИТХ-ын Тэргүүлэгчдэд өргөн барьж байна гэдгийг тэрээр онцлон хэлсэн юм. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийг гурван бүсэд хувааж эхний ээлжинд 1, 2 дугаар бүсийн 12 байршилд дахин төлөвлөлт хийхээр НИТХ-аар баталсан юм. Нэгдүгээр бүсэд инженерийн шугам сүлжээтэй ойр, дэд бүцтийн асуудлыг хялбар шийдэх боломжтой Дэнжийн мянга, долдугаар хороолол зэрэг таван байршлын газар хамрагдаж байгаа бол хоёрдугаар бүсэд инженерийн шугамаас алслагдсан, дэд бүтцийн асуудлыг шинээр шийдвэрлэх Хайлааст, Ханын материал, Баянхошуу зэрэг долоон байршлын газар хамрагдаж байгаа юм байна.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журмаар ИТХ-аас батлагдсан байршлуудад дахин төлөвлөлтийн ажлыг эхлүүлэх, гэр хорооллын дахин төлөвлөлтөд оролцох иргэн, аж ахуйн нэгж, төрийн байгууллагын эрх, тэдгээрийн хооронд үүсэх харилцааг зохицуулах юм.  Журамд зааснаар төсөл хэрэгжүүлэгч нь хууль ёсны газар, үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигч, ашиглагчтай нэг бүрчлэн тохиролцоо хийн зохих гэрээ байгуулж, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу барилгажуулах ажлыг эхлүүлэх юм байна. Нийслэлийн Засаг дарга дахин төлөвлөлтийн дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ авто зам, замын байгууламжийг улс, нийслэлийн төсвөөр барих ажлыг эхлүүлнэ гэж заажээ.

Мөн төсөл хэрэгжүүлэгч нь төсөлд шаардагдах хөрөнгийг хариуцахаас гадна гэр хорооллын дахин төлөвлөлтийн сонгосон талбайн газар чөлөөлөх ажлыг төсөл хэрэгжүүлэгч хариуцна гэж журамласан байна.

Харин төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах журамд төслөөр хэрэгжүүлэх ажлын даалгаварыг нийслэлийн Засаг дарга батлахаас гадна төсөл шалгаруулалтыг зохион байгуулах ажлын хэсгийг байгуулна гэж тусгажээ.

Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж, хоёрдугаар бүсийн дахин төлөвлөлтийн төслийн хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулахдаа тухайн байгууллагын санхүүгийн чадавхи, техникийн чадавхи, шаардлагатай тохиолдолд нүүлгэн шилжүүлэх байртай байх зэрэг шалгуурыг тавьж үнэлнэ гэж журамд тусгасан гэв.

НИТХ-ын Тэргүүлэгчид энэхүү журам нь дахин төлөвлөлтөд орох байршилд оршин суугаа иргэн болон төсөл хэрэгжүүлэгч нарын гарын авлага болохуйц эрх зүйн акт учраас  дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны зохицуулалтыг бүрэн хангасан, хууль эрхзүйн бусад зүйл заалтуудад нийцсэн журам байх ёстой. Тиймээс редакцийн засварыг сайн хийж, журмын агуулгыг сайжруулах хэрэгтэй гэсэн саналыг хэлж байлаа. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлт хийх байршилуудыг тогтоож, төсөв хөрөнгөө шийдэж, журмаа боловсруулсан учраас энэхүү журмыг НИТХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлах нь зөв гэсэн саналыг Тэргүүлэгчдийн олонхи нь дэмжсэн юм. Ингээд НИТХ-ын Тэргүүлэгчид НИТХ-ын ээлжит бус хуралдааныг хоёрдугаар сарын 25-ны Даваа гарагийн 09:00 цагт зарлан хуралдуулахаар болж, хуралдаанаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн журам, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах журмыг хэлэлцэн батлахаар шийдвэрлэлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Хөрсний бохирдол гэх чимээгүй тахал улаанбаатарчуудын эрүүл мэндэд утаанаас илүү заналхийлж эхэллээ. Та бидний хашаандаа ухсан жорлон, муу усны нүх бүр амьсгалах агаар төдийгүй хөрс шороог бохирдуулж, гүний усыг хордуулж байна.

Ялгадас хөрс борддог гэсэн ойлголт бий. Гэтэл энэ “бордоо” өнөөдөр байх ёстой хэмжээнээсээ хэтэрч, хамаа замбараагаа алдсанаас нийслэлчүүдийн эрүүл мэндэд тахлаас дутуугүй заналхийллийг бий болгоод байна. Газар шороо, тэр дундаа хөрс бол ундны усны ариун хэвлий байх учиртай. Гэтэл хөрс шороогоо хог хаягдал, ялгадас шавхруу, химийн бодисоор хордуулсаар байгаа нь цацраг идэвхт бодисоос илүү чимээгүй хорыг дэгдээж байна. Хөрсний бохирдол нүдэнд харагдаж гарт баригдахгүй. Утаа шиг суунаглаж, хамар, цээж хорсгохгүй. Харин бохирдсон хөрснөөс дэгдсэн хорт агаар та бидний уушгинд нэвтрэн, жорлонгийн ус нь гүний хэмээн нэрлэгддэг ундны цэвэр устай холилдсоноос эрүүл мэндийг маань ямх ямхаар хордуулсаар байгаад л аюулын гол уршиг нуугдаж буй.

Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хөрсний бохирдол аюулын хэмжээнд хүрснийг Засгийн газрын нээлттэй хуралдааны үеэр мэдэгдсэн. Нийслэлийн ойр орчимд хэдэн арван жилийн турш оршсоор, хүрээгээ тэлсээр буй гэр хорооллын хөрс угандаа тул тал бохирдсоныг хүлээн зөвшөөрсөн. Хөрсөн дээр нь байшин барилга барьж, орон сууцжуулаад ч цэвэр усны асуудлыг шийдэхэд хүндрэлтэй болсон талаар онцолж байсан. Гэтэл албаны хүмүүс өнөөдөр усны үнийг зур гаан төгрөг болгон нэмснээр цэвэр усаа хайрлаж, гамнана хэмээн ярих нь амьдралд хэр нийцэх бол. Тэртэй тэргүй бохир хөрсөн дор буй гүний ус ч цэвэр байдлаа нэгэнт алдаж эхэлсэн тул нийслэлчүүдийг ус дагасан их нүүдэлд хөтөлж мэдэхээр болов. Байгаль орчны мэргэжилтнүүдийн хэлж буйгаар нийслэлийн нийт хүн амын бараг гуравны хоёр хувь нь амьдарч буй гэр хорооллын хөрсний бохирдлыг техник, технологиор цэвэршүүлэх боломж тун бага гэнэ. Харин үүний оронд хамгийн их хөрсний бохирдолтой газрыг нь 10-20 жилээр чөлөөлөн, цэцэрлэгжүүлснээр гүнийхээ цэвэр усыг хамгаалж үлдэх боломжийг илүүд үзэж байна. Энэ тохиолдолд хөрс нь цэвэршихээс гадна гүний усны нөөц ч нэмэгдэх магадлалтай гэнэ.

Нийслэлд 180 гаруй мянган өрхийн 800 орчим мянган хүн модон жорлон хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Өөрөөр хэлбэл, нийслэлийн сая гаруй иргэний 60 гаруй хувийнх нь бохир хөрсөнд шингэж байна. Дэлхий дээр 2,6 тэрбум буюу ертөнцийн нийт хүн амын 40 хувь нь жорлонгийн гачигдалтай амьдардаг. Тийм дээ ч жил бүрийн арваннэгдүгээр сарын 19-нийг Дэлхийн жорлонгийн өдөр болгон тэмдэглэдэг уламжлал тогтсон. Жорлон бол амьдралын салшгүй нэг хэсэг. Хүн бүхэн өдөрт хамгийн багаар 3-4, түүнээс ч олон удаа бие засах зайлшгүй шаардлагатай тулгардаг гэнэ. Харин амьдралын салшгүй хэсэг болсон энэ хэрэгцээг эко бодлогоор шийдсэн нь хэд билээ. Улаанбаатар хот өнөөдөр нэг сая 200 мянга хол давсан хүн амтай. Тэдний дийлэнх нь буюу 60 гаруй хувь нь гэр хороололд амьдарч хамгийн багаар тооцоход 200 гаруй мянган ил жорлонд бие засч байна. Энэ бол бид ний бодит амьдралын үнэн. Энэ бол нийслэлийн хөрс, гүнийн ус ямар их бохирдсоныг харуулах тоон баримт.

Өнөөдөр энэ хэмжээний айл өрх, хүн ард сайжруулсан ариун цэврийн байгууламжгүй, бохирын шугамд холбогдоогүй амьдарч байна. Өөрөөр хэлбэл, нийслэлийн иргэдийн дийлэнх нь “ялгадсан” орчинд амьдарч байна. Энэ нь Үндсэн хуулиар олгогдсон эрүүл, аюулгүй орчинд амьдрах Монгол хүний эрх хангагдахгүй байна гэсэн үг. Өнөөдөр нийслэлийн Зайсан орчмын орон сууцнууд харьцангуй өндөр үнээр үнэлэгддэг. Эрүүл агаар, эрүүл орчинд, эрүүл амьдрах боломж нөхцөлийг хангасан хэмээн сурталчилдаг. Гэтэл үнэндээ энэ хавь, ялангуяа Улаанбаатар сувиллын урд талын, арьс ширний үйлдвэрүүд байрлаж байсан хэсгийн хөрс шороо химийн янз бүрийн бодис, арьс ширний хаягдалд бохирдсон. Үүнийг нь үл тоон орон сууцны хороолол босгосноос оршин суугчид нь грантнаасаа гоожих “ногоон” ус, үмхий саймхай агаараар амьсгалан байнгын хортой нөхцөлд амьдарч байна. Энэ мэтчилэнгээр Улаанбаатарын хөрс, ус, агаарын бохирдол хүрээгээ тэлсээр эко орчин, эрүүл агаарыг хумисаар байна.

Амьдралын эх -чандмань эрдэнэ цэвэр байх ёстой. Гэхдээ ус цэвэр байхын тулд газар эхийн хэвлий ч бас цэвэр ариун байх учиртай. Эрх мэдэлтнүүд нийслэлийн ойр орчмын гүн бохирдолд орсон гэр хорооллыг орон сууцжуулснаар агаарын бохирдлыг багасгана гэдэг. Гэтэл утаа багассан ч хөрснийх нь бохирдлыг арилгаж чадах уу. Хөрсөнд нэгэнт шингэсэн хорт бодис, бохирдол байшин барьснаар цэвэрлэгдэхгүй. Харин ч дээр жишээ дурдсан “Улаанбаатар” сувиллын урд талын сайхан сайхан хорооллууд шиг хүн амьдрах аргагүй хортой орчинтой, хоосон хэдэн байшин болж үлдэх вий. Холбогдох байгууллагуудын мэдээлснээр Хар усан тохойгоос Зайсангийн гүүр хүртэлх Туул голоос баруун тийших өргөн уудам, тэгш талбай бол Улаанбаатарчуудын ундны эх үүсвэрийн гол сав газар. Энд одоогоор 92 худаг ажиллаж, нийслэлийнхны нийт хэрэгцээний 60 гаруй хувийг хангадаг. Энэ эх үүсвэр газрын дорх усны урсацаар тэжээгддэг.

Бидний хэрэглэж буй усны 90 гаруй хувийг ийм цэвэр усаар хангадаг бөгөөд хоол унд, ахуйн хэрэглээ, үйлдвэрлэл гээд бүх л зүйлдээ зарцуулдаг. Нийслэлчүүдийн төвлөрсөн усан хангамжийн эх үүсвэрийн батлагдсан усны нөөц хоногт 278,4 мянган шоо. метр. Гэтэл судалгаагаар нийслэлчүүдийн өдөрт хэрэглэх усны хэмжээ жилээс жилд нэмэгдсээр байна. 2010 онд 323 мянган шоо.метр байсан бол 10 жилийн дараа 438 мянган шоо.метрт хүрнэ гэсэн тооцоо бий. Гэтэл хөрсний бохирдол гүнийн усанд нөлөөлж эхэлсэн нь усны шинэ эх үүсвэр хайж, шинэ нөөц тогтоох зайлшгүй шаардлагыг бий болгов.

Д.Оюун-Эрдэнэ
Орон сууц санхүүжилтын корпорацийн гүйцэтгэх захирал А.Гантулгаас дараах тодруулгыг авсан юм.

-Удахгүй барилгын ажил эхлэх нь. Иргэдийн хувьд орон сууцны үнэ буурах болов уу гэсэн хүлээлт их байна?
-Ер нь орон сууцны үнийг бууруулах, чанартай байлгах талаар хаана хаанаа анхаарч байна. Бидний хийсэн судалгааны үр дүнд орон сууцны метр квадратыг нэг сая төгрөг байж болно гэсэн үр дүн харагдсан.

Мөн түүнээс гадна Барилга, хот байгуулалтын яам Монгол банк хамтраад энэ онд баригдах барилгууд дээр хөнгөлөлттэй зээл олгох талаар санамж бичигт гарын үсэг зурсан. Орон сууцны үнийг бууруулах хамгийн зөв алхам бол барилгын компаниудыг төрөөс бодлоготойгоор дэмжиж нийлүүлэлтийг нэмэгдүүлэх юм. Өмнө нь иргэдэд бага хувийн хүүтэй зээл олгож байна гээд эрэлтийг нэмсэн нь үнэ өсөх бас нэг шалтгаан болсон. Одоо бидний барьж буй бодлого эхлээд хангалттай, чанартай, үнэ боломжийн орон сууцнуудыг баръя тэгэхээр аяндаа үнэ нь тогтворжино.

-Өмнө нь зургаан хувийн хүүтэй зээл олгоод тодорхой үр дүнд хүрч чадаагүй учраас иргэдийн дунд эргэлзээ байгаа. Гэхдээ салбар яам, ОССК-аас олон талын арга хэмжээ авч ажиллах нь?
-Одоо иргэд нэг метр квадратын үнийг нэг саяас доош байна гэдэг итгэж болно. Бодит жишээ болгож Буянт-Ухаад баригдсан орон сууцыг хэлэх байна. Дээр хэлсэн өнгөрсөн Засгийн газрын үед эрэлтийг дэмжсэн бодлого түлхүү барьснаас болж үнэ хөөсөрсөн, одоо нийлүүлэлтийг дэмжээд өгөхөөр тэр “хөөс” хагарна. Түүнээс гадна салбар яамны зүгээс хүртэл барилгын материалыг дэмжих хөтөлбөр хүртэл явж байгаа. Түүнээс гадна Орон сууц санхүүжилтын корпораци 40 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд бүх аймгуудад 650-700 мянган төгрөгөөр, Улаанбаатар хотод . 730 мянган төгрөгөөр орон сууц барьсан түүх байна. Мөн дэд бүтэц, газрын асуудлыг үнэгүй шийдэхэд бодит үнэ сая төгрөгт багсах нь тодорхой. Өмнө нь газрын үнэ барилгын үнэд маш их нөлөөлдөг байсан. Одоо энэ асуудал цэгцэрнэ гэж ойлгож байгаа.

-Танайх 100.000 айлын орон сууц хөтөлбөр дээр бичиг баримт бүрдүүлэх хэмжээнд оролцов уу гэж харагдаж байлаа?
-100.000 айлын орон сууц хөтөлбөр дээр зуучлагчийн үүрэгтэй оролцсон. Өмнө нь дөрөв болон 40 мянган айлын орон сууц хөтөлбөрүүд дээр амжилттай ажилласан туршлага бидэнд бий. Сүүлийн 40-өөд жилийн хугацаанд аймгийн төвд 5 давхар байшин бариагүй юм билээ. Тэгвэл ОССК 40 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд бүх аймгуудад таван давхар орон сууц барьсан. Жишээ нь: Баянхонгор аймагт 30 айлын орон сууцыг метр.квадратыг нь 656 мянган төгрөгөөр, Говь-Сүмбэр аймагт 80 айлын орон сууцыг метр.квадратыг нь 239 мянган төгрөгөөр борлуулсан. Ингэхээр дундаж үнэлгээ гарч байгаа биз. Барилга барихад арматур, цемент бүгд л адилханыг хэрэглэж байгаа. Тиймээс сая төгрөгт багтаж
босох боломж бий.

-Орон сууцны хөтөлбөрийг зургаан хувийн хүүтэй зээлээс өөр хэл-бэрээр хэрэгжүүлнэ гэж байгаа. Бас л танайхаар дамжаад явах уу?
-Олон мянган айлын орон сууцны асуудлыг шийдсэн туршлага бидэнд бий. Банк эрсдлээ бодоод давхар баталгаа шаардах, судалгаа хийх зэргээр иргэдийг их чирэгдүүлнэ. Тиймээс ОССК-аар дамжуулаад энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бид өөрсдийн туршлага дээрээ тулгуурлаад ард иргэдэд чирэгдэлгүйгээр амжилттай хэрэгжүүлнэ гэж бодож байна.

-Буянт-Ухаа хорооллын орон сууцыг анх 850.000 төгрөгөөр худалдана гэж байсан. Одоо яагаад 950.000 төгрөг болсон юм бэ?
-Буянт-Ухаа хорооллын дэд бүтцийн асуудлыг Барилга Хот Байгуулалтын Яам шийдэж байсан. Хөгжлийн Банкнаас орох мөнгө нь бүтэхгүй байснаас болоод нэг хэсэг зогссон. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ашиглалтад орох байсан ч ийнхүү дэд бүтцийн асуудлаас болж хойшиллоо. Энэ хугацаанд хүү нэмэгдсээр 950.000 төгрөгөөр борлуулахаас аргагүй болсон. Энэ хорооллыг бид улсын бондоор бариулж байгаа учраас бондын хүү нэмэгдээд ийм болчихож байгаа юм. Түүнээс биш 850.000 төгрөг гэж анх яригдаж байсан.

-Намар ашиглалтад орохдоо үнээ дахиад нэмсэн байх юм биш биз?
-Нэмэгдэхгүй гэдгийг би баталгаатай хэлнэ. Улсаас дэд бүтэц шийдээд өгсөн. Одоо 85 хувийн гүйцэтгэлтэй яваа. Улсаас дэд бүтэц шийдээд өгөх юм бол орон сууцыг хямд үнээр, цаг хугацаанд нь барьж болох бололцоо байна.

-Хэзээнээс иргэдийн захиалгыг авах вэ?
-Яг одоогоор тодорхой хэлж чадахгүй. Учир нь 1764 айлын орон сууцны эхний ээлж болох эхний гурван блок нь ирэх есдүгээр cap гэхэд бэлэн болно. Түүнээс наана шийдэх асуудал байгаа. Тэнд хямд үнэтэй орон сууцны хороолол босч байгаа.

-Өнөөдөр жишээ болгож байгаа орон сууц бол ОССК-ын бариулж байгаа орон сууц. Бусад компанийн орон сууц хямдрах баталгаа байгаа юу?
-Буянт-Ухаа бол нэг жишээ. Энэ онд баригдах барилгууд дээр хөнгөлөлттэй зээлийг бүрэн шийднэ гээд БХБЯ-тай Монголбанк гэрээ байгуулсан. Дараагийн байгуулах гэрээ нь БХБЯ, ШӨХТГ, барилгын компанийн гурвалсан гэрээ. Эдгээр компаниуд шинээр барих орон сууцныхаа үнийг сая төгрөгт багтаана гэсэн гэрээ байгуулах юм билээ.

П.Дөлгөөн
Монгол Улсын 21 аймгийн Газрын харилцаа, бодлогын албаны удирдлагууд хийсэн ажлаа тайлагнаж, хийх ажлаа төлөвлөлөө.

Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон аймаг бүрийг хот болгон хөгжүүлэх, аймаг бүрт мянган айлийн орон сууц барих ажлын зураг төслөө аймгууд Барилга, хот байгуулалтын яаманд өчигдөр танилцуулсан юм.

Цаашдаа Газрын харилцаа геодиз зураг зүйн газраас аймгуудын газрын харилцаа, барилга хот байгуулалтын үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээ хийх аж. Хяналт шинжилгээний шалгуур үзүүлэлтийг найман төрлөөр хийх гэнэ.

Барилга хот байгуулалтын чиглэлээр хийх ажлын төсвийн 73.8 хувь нь хөрөнгө оруулалтын зардал, 5.8 хувь нь урсгал зардал, 20.2 хувь нь төсвийн зээлийн санхүүжилтэд зарцуулагдах гэнэ. Нийт хөрөнгө оруулалтын 57.6 хувь нь худалдан авах ажиллагааны газраар зохион байгуулагдах юм байна. Ингэснээр хөрөнгө оруулалтын ажил нээлттэй, ил тод, шударга болох аж.

Уг уулзалтын үеэр танилцуулагдсан аймгуудын хөгжлийн төлөвлөлт, зураг төслөөс харахад Сүхбаатар аймаг илүү бодит ажил хийсэн байна гэдгийг яамнаас онцоллоо.

Тус аймаг 2030 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөгөө гаргасан бөгөөд өнөөдрийн байдлаар 10 га газрыг чөлөөлж 100 авто машины гараж барьсан байна. Мөн аймагтаа асфальтын үйлдвэртэй болж, орон нутгийн чанартай хэд хэдэн замыг асфальтаар бүрсэн, орон сууцны хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу канад дүнзэн байшингуудыг барьж эхэлсэн байна. Үүнээс гадна Баруун-Уртад “Жавхлант" жишиг хороолол байгуулан дэд бүтцийн асуудлыг нь бүрэн шийдэж, дахиад дөрвөн суманд жишиг хороолол байгуулж эхэлснээ аймгуудын газрын алба, БХБЯ-ныханд үзүүлэхээр төлөвлөөд байгаа юм байна.

Харин Хэнтий аймагт энэ онд “Чингис цогцолбор”-ыг байгуулахаар Соёл урлаг аялал жуулчлалын яамтай хамтран зураг төслийн уралдааныг хоёрдугаар сарын 1-нээс зарласан байна. Зураг төсөл гарсны дараа бүтээн байгуулалтын ажлууд дээрээ тендер зарлан, барилгын ажлыг эхлэх гэнэ.

Үүний дараа салбарын яам нь аймгууд дахь Газрын харилцаа, бодлогын албадуудтайгаа гэрээ хийж, гэрээний хэрэгжилтэд яамны зүгээс хяналт тавьж ажиллах юм байна. Энэ талаар Барилга хот байгуулалтын яамны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Р.Эрдэнэцэцэгээс тодрууллаа.

1000 АЙЛЫН ОРОН СУУЦТАЙ ХОЛБООТОЙ ИНЖЕНЕРИЙН ДЭД БҮТЦИЙН ЗУРАГ ГАРЧ, БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛУУД ЭХЭЛНЭ

-Энэ онд БХБЯ-наас ямар ажлуудыг хийхээр төлөвлөөд байна вэ?
-Бүх аймгуудыг хөгжүүлэх хэсэгчилсэн болон ерөнхий төлөвлөгөө хийгдэнэ. Орон нутагт 1000 айлын орон сууцтай холбоотой инженерийн дэд бүтцийн зураг гарч, барилга угсралтын ажлууд эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор 21 аймагт инженерийн дэд бүтэц, ус хангамж цэвэрлэх байгууламжуудыг барих ёстой. Дээрээс нь орон нутагт барилгын материалын үйлдвэрүүдийг хөгжүүлэх зэрэг ажлыг холбогдох яамдтайгаа хамтарч гүйцэтгэхээр төлөвлөөд байна.

-2012 оны ажлын гүйцэтгэл ямар гарсан бэ?
-2012 онд аймгуудын хөгжлийн зураг төслийн ажил хөрөнгө мөнгөнөөс болоод зогссон байсан бол энэ жил Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамнаас нэлээд анхаарч ажиллахаар болсон. Энэ ажлын хүрээнд БХБЯ-ны дэргэд “Хот байгуулалт зураг төслийн институт”-ыг байгуулсан. Энэ институт орон нутагт барих нэг хэв маягийн зураг төслийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

Б.Нямзул
Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотголын төслийг УИХ намрын чуулганы отгон хуралдаанаараа баталсан билээ.

Энэхүү төлөвлөгөөнд тусгагдсан дахин төлөвлөлт хийх гэр хороолол буюу СХД-ийн 5, 6, 7-р хороо Ханын материал орчим, СХД-ийн 10-р хороо Арьс ширний үйлдвэрийн ажилчдын нийтийн байр орчим, СБД-ийн 15-р хороо Дамбадаржаагийн 58-р сургууль, ЧД-ийн 12, 15-р хороо 72-р сургууль ,7-р хороо МҮОНРТ-ийн орчим, БЗД-ийн 7-р хороо Цэргийн их сургууль ,12-р хорооны Амлгалан орчмын гээд нийт 12  байршилд бүтээн байгуулалтын ажил 4 дүгээр  сард эхэлнэ.

Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл гэр хорооллын дахин төлөвлөлтийн тухай А/99 дугаар захирамжийг гаргалаа.  

Энэхүү захирамжинд: Гэр хорооллын дахин төлөвлөлт хийгдэхээр батлагдсан 12 байршлын нэгж талбарт хамрагдсан газар эзэмшигч, ашиглагч, өмчлөгч иргэд, аж ахуйн нэгжийн судалгааг 2013 оны 02 дугаар сарын 15-ны дотор гаргахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т, Гэр хорооллын хөгжлийн газар /Ш.Ганхуяг/-т тус тус даалгасугай, тухайн байршилд газар эзэмших, ашиглах, өмчлөх эрх шилжүүлэх үйл ажиллагааг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг боловсруулан батлуулах хүртэлх хугацаанд түр зогсоохыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай. Дээрх Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолтой холбогдуулан дахин төлөвлөлт хийгдэх гэр хорооллын байршлын талбайд хамрагдсан иргэдийн шилжилт, хөдөлгөөнийг түр зогсоож, бүртгэлд өөрчлөлт оруулахгүй байхыг нийслэлийн Улсын бүртгэлийн газар /С.Содномдорж/-т, Дүүрэг, хороодын Засаг дарга нарт үүрэг болгосугай гэсэн байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хоггүй хот болох шийдэл

2013 оны 02-р сарын 09 Нийтэлсэн БАТ
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн өчигдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын хаягдлын менежментийг сайжруулах төслийг хэлэлцэж, шийдвэрлэлээ. Зургаан дүүргийн тохижилт үйлчилгээний хэлтсүүдийн хувьчлалыг Нийслэлийн өмч, хувьчлалын комисс тухайн үед төрийн өмчийн хороотой зөвшилцөлгүй шийдвэр гаргасан нийслэлтэй хийсэн гэрээгээ биелүүлээгүй гэх үндэслэлээр өнгөрсөн сарын 30-нд хүчингүй болгосон. Энэхүү шийдвэртэй холбоотойгоор хоггүй нийслэл болохын төлөө холбогдох байгууллагуудаас Улаанбаатар хотын хаягдлын менежментийг сайжруулах төслийг боловсруулсан байна. Энэхүү төсөл хэрэгжиж эхэлснээр нийслэлийн хог хаягдлын асуудлыг хэрхэн оновчтой шийдвэрлэх болсныг дэлгэрэнгүй танилцуулж байна.

Одоогоор татан буугдаад байгаа ТҮК-үүдийн бүх ажилчин зургаан дүүргийн ТҮК-д ажиллаж байгаа  юм байна. “Ямартаа ч ТҮК-үүдийн хувьчлалыг хүчингүй болгосноор нэг ч жолооч, ачигч, цэвэрлэгч ажлаасаа халагдаагүй. ТҮК-үүд хувийн эзэмшилд байхад нэг цэвэрлэгчийн  цэвэрлэсэн метр квадрат газрыг 50 төгрөгөөр үнэлдэг байсан. Харин Тохижилт, үйлчилгээний газрыг дүүргүүдэд хариуцуулж эхэлснээр цалин нь 2014 оноос цэвэрлэсэн метр квадрат газрыг 150 төгрөгөөр, 2016 онд 250 төгрөгөөр үнэлж эхлэх юм. Ойролцоогоор нэг ажилтан өдөрт долоон километр газар цэвэрлэдэг гэж үзэхэд сард 350 орчим мянган төгрөгийн цалин авна. Дүүргүүдэд ТҮК-иудыг хариуцуулан өгснөөр шар хантаазтай цэвэрлэгчдийн цалин гурав дахин нэмэгдэх боломжтой” гэж Хот тохижуулах газрын дарга Д.Энхсайхан ярьсан юм.

Хөрөнгө мөнгөний гачаалаас болж нийслэлийн хог уул мэт овоорч, салхинд толгой дээгүүр эргэлдэж, айлуудын хогийг ТҮК-иуд нь ачдаггүй, гудамж, жалганы хогийг цэвэрлэх эзэн нь олдохгүй болсон гэдгийг нийслэлийн удирдлагууд дэмжиж байв. Хог тээвэрлэхэд одоогоор жилд 4.5 тэрбум төгрөг нийслэлийн төсөвт төвлөрдөг ч тооцоо судалгаагаар бол багадаа л гэхэд 11 тэрбум орчим төгрөгийн санхүүжилтээр нийслэл хоггүй хот байж болох гэх. “Өнгөрсөн жилээс эхлэн хогны мөнгийг цахилгааны төлбөртэй хамтад нь авч эхэлснээр хогны мөнгийг иргэдээс саадгүй хураах арга оллоо” гэж тухайн үед ТҮК-иуд мэдэгдэж байсан. Гэвч айлуудын 50 гаруй хувь нь л цахилгааныхаа мөнгөө төлдөг гэнэ. Үлдсэн хувь нь цахилгаан хэрэглэдэггүй юм болов уу гэтэл бас үгүй юм байна. Учир нь нэг айлын хашаанд гурван айл байлаа гэхэд хашааны эзний цахилгааны, хогны төлбөрийг хамтад нь авдаг байсан гэнэ. Харин энэ хөтөлбөрт хашаанд байгаа айлууд бүгд хогны төлбөр болох сар бүрийн 2500 төгрөгөө цахилгааны төлбөртэй хамт тушааж байхаар шийдвэрлэжээ. Тиймээс хогны мөнгийг нэмэлгүй, төлбөрөө төлдөггүй айлуудын мөнгийг цаг тухайд нь тушааж байхыг дүүргүүдийн ТҮК-ийн удирдлагуудад анхаарууллаа.

Хавар болж дулаарах үед нийслэлийн цасны доороос яргуй биш хог цухуйж эхэлдэг. Энэ асуудлыг яаралтай шийдвэрлэхийн тулд өчигдөр батлагдсан шинэ хөтөлбөрийг ирэх дөрөвдүгээр сараас бус, ирэх сарын 1-нээс эхлүүлэх асуудлыг дахин хэлэлцэх саналыг Хотын ерөнхий менежер Б.Бадрал гаргаж, энэ тухай тусад нь хэлэлцэхээр болсон юм. Мөн дүүрэг, хороодын нутаг дэвсгэр, гуу, жалга бүрийг тусгайлан дүүрэгт нь хариуцуулж өгөх бөгөөд хариуцсан газарт нь хог овоорсон бол торгуулийн арга хэмжээ авч байхаар шийдвэрлэжээ. Мөн 500 хүний бүрэлдэхүүнтэй эргүүлийн хогны байцаагчдыг урамшуулан ажиллуулах, гудамж талбайд камер суурилуулж хянах тухай ч яригдсан юм.  Харин зуслангийн айлуудын хогийг авах 25 төвлөрсөн цэгийг шинээр байгуулж, бүрэн шийдвэрлэх боломжтой гэж хөтөлбөрт тусгажээ.  Мөн дүүргүүдийг хог тээвэрлэгч байгууллагыг сонгон шалгаруулах, хамтран ажиллах, санхүүжүүлэх тухай нарийн зааж өгчээ. Хог тээвэрлэгчийг нээлттэй сонгон шалгаруулах бөгөөд  сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгч нь:
  • Хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадварын талаарх мэдээлэл;
  • Тухайн бүсийн хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх үйлчилгээний нэг сарын санхүүжилтын хэмжээ буюу үнийн санал;
  • Тухайн бүсийн хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх менежментийн санал /хороо, дүүрэг, иргэдийн хамтын ажиллагаа, тухайн бүсийг хоггүй байлгах арга хэлбэр гэх мэт/ ;
  •  Хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх хуваарь, маршрут, хогийн цэгүүдийн байршил;
  • Машин техникийн дэлгэрэнгүй мэдээлэл, одоогийн нөхцөл байдал, сэлгэн ажиллуулах хуваарь ;
  • Машин техникийн засвар үйлчилгээний талаарх мэдээлэл;
  • Сонгон шалгаруулалтад оролцогчийн туршлагын мэдээлэл зэргийг материалыг бүрдүүлэх шаардлагтай аж.
Хэрэв тухайн байгууллага нээлттэй сонгон шалгаруулалтад тэнцвэл Дүүргийн засаг дарга, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тээвэрлэгчтэй “Хог ачиж, цуглуулах гэрээ” байгуулан, хамтран ажиллах юм байна. Тендерт шалгарсан тээвэрлэгчдийг хогийн төвлөрсөн цэгийн диспитчерийн бүртгэл, хог тээвэрлэсэн бүртгэл, өдөр бүр тухайн хорооны хэсгийн ахлагч, хогоо ачуулсан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийн баталгаажуулан гарын үсэг, тамга, тэмдэг бүхий баримт, хог тээвэрлэгч байгууллагын хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэсэн бүртгэл, ил задгай зөвшөөрөлгүй газар үүссэн хогийн цэгүүдийг ачиж, тээвэрлэсэн бүртгэл зэргийг харгалзан үзэж, сар бүрийн эхний 5-ны өдрийн дотор санхүүжүүлэх юм байна.

Д.ЖАРГАЛ

Орон сууцны санхүүжилтийг хэн өгөх вэ?

2013 оны 02-р сарын 07 Нийтэлсэн БАТ
Удтал дуугаа хураасан Н.Батбаяр сайд өчигдөр сэтгүүлчидтэй уулзан, ам уушгиа нээлцжээ. Чингис нэртэй бондын хөрөнгийг чухам юунд зарцуулахаа мэдэхгүй хэсэг хугацаа алдсан ч хүүнд огт санаа зовохгүй байгаагаа бас мэдэгджээ.

Бондоос босгосон мөнгөө авто болон төмөр зам, эрчим хүчний шинэ эх үүсвэр барьж байгуулахад зарцуулах гэнэ. Харин цөөнгүй хүмүүсийн чих тавин хүлээсэн орон сууцны санхүүжилт, моргейжийн зээлийн тухайд сайд “Нийгмийн даатгалын санд нийт 5.6 их наяд төгрөг байгаа. Үүнийг моргейжийн зээл болгон хувиргах замаар бодит эдийн засагт хөрөнгө оруулалт хийнэ” гэсэн хоёрхон өгүүлбэр хэлжээ.  Түрүүчийн Засгийн газрын хэрэгжүүлсэн  бага хувийн хүүтэй орон сууцны хөтөлбөрийн буянаар орон сууцтай болсон нь цөөнгүй ч хөтөлбөрийн балгаар хашаа байшингаа зарчихаад баларч суугаа нь бас бий.

Тэдний амыг хаахын тулд Засгийн газраас 30 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон. Түүгээр нь шалгуурт тэнцсэн ч байрандаа орж амжаагүй 700 өрхийн асуудлыг шийдэхийг Төрийн банкинд даалгасан сурагтай.

Харин хаачихаа мэдэхээ байсан нэгэн газар бол Орон сууц санхүүжилтийн корпораци /ОССК/ юм. Зүгээр суухаар зүлгэж суухын үлгэрээр 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийн дагуу зургаан хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамрагдах нөхцөлийг хангасан хүмүүсийн материалыг хүлээн авсан шигээ зугаацах болжээ. Гэхдээ бүрдүүлсэн материал нь хэнд очиж, хэзээ зээл нь олгох нь тодорхойгүй болохоор үр дүнтэй ажил хийж байна гэхэд бэрх. Салбарын дэд сайдаас зарим зүйлийг лавлахад “Орон сууцны хөтөлбөр үргэлжилнэ. Гэхдээ хэн хэрэгжүүлэх нь одоогоор тодорхойгүй. Орон сууц санхүүжилтийн корпориацийн хувьд бүтцийн өөрчлөлт хийнэ. Тус байгууллага цаашид чухам ямар үүрэгтэй ажиллахыг хэлэхэд эртдэнэ.

Иргэдээ орон сууцжуулахад амжилт гаргасан улс орнуудын туршлагаар Моргейжийн банк байгуулахыг үгүйсгэхгүй. Санхүүжилтийн хувьд дэлхийн зах зээл дээрээс ч хөрөнгө татах боломжтой” гэсэн хариултыг өгч байна.

Харин салбарын яамдын зүгээс ОССК-аа хэрхэхийг мэдэхгүй Засгийн газрын шийдийг харзнан хүлээж байгаа гэх. Ийм л нэг Зэлтэрийн гацаанд таг суусан байгууллага өөрийн сайтдаа “Одоогийн байдлаар Монгол Улсын Засгийн газраас зээл олгохтой холбогдуулан албан ёсны шийдвэр ирээгүй бөгөөд  ОССК  нь ямар нэг урт хугацаат зээл олгохгүй байгааг мэдэгдье” гэсэн сануулга тавиад хэдэн сар болж байна.

Эрэлтийг нийлүүлэлт  дагадаг номтой. Гэтэл эрэлтийг улам дэвэргээд байгаа хэр нь нийлүүлэлтэд нь анхааралгүй орхисноос бага хүүтэй орон сууцны зээл амжилтад хүрэлгүй гацаж орхисон нь энэ. Салбар тэргүүлсэн сайд Нийгмийн даатгалын сангаас санхүүжүүлэн моргейжийн зээлийг үргэлжлүүлнэ гэжээ. Гэтэл тус санд сайдын хэлсэн шиг олон их наяд төгрөг бий эсэх нь эргэлзээтэй. Саяхныг хүртэл УИХ-ын гишүүн С.Эрдэнийн эрж хайгаад олоогүй мөнгийг Засгийн газар нөхөж хийсэн гэсэн мэдээлэл огт сонсогдоогүй.

Орон сууц гэдэг хүний анхдагч хэрэгцээ. Ялангуяа монгол хүнд гэр оронгүй хэсүүчилж амьдарна гэсэн ойлголт байдаггүй. Тиймээс ч орон сууцны зээлд хамгаа хамж өгчихөөд сэтгэл өөдрөг алхаж яваа нь захаас аваад олон бий. Зээлэнд байгаагаа барьж суугаа тэдэнд атаархан яавал зээлээр ч болтугай байртай болох вэ хэмээн зүүдэлж суугаа олонд дуулгах сайн мэдээ өнөө хэр алга байна.

Монголбанкны судалснаар таван өрх тутамд нэг орон сууц ногдож байгаа ч нийслэлийн нийт өрхийн 78 хувь буюу 184 мянган өрх нь гэр хороололд аж төрж байна. Харин 37 өрх тутамд нэг ипотекийн зээлдэгч байгаа нь орон сууцны зээлийг өргөжүүлж байж л орон сууцанд амьдрагчдыг тоог өсгөнө гэдэг нь харагдана. Хорь гаруйхан жилийн өмнө бүгд нэг гараанаас зах зээл рүү орсон монголчуудын хэдхэн хувь нь л өнгөрсөн хугацаанд хөрөнгө хуримтлуулж амжсан. Олонх нь орон сууцтай болж амжилгүй зах зээлд ширвэгдэн амьдарч байна.

Гадаадад ажиллагсдын хувьд ч туйлын мөрөөдөл нь орон сууц л байдаг. Орон сууцтай болчихвол хүний нутагт хоргодоод байх юм тэдэнд үгүй. Ингээд бодохоор сайд дарга нарын хамгийн түрүүн санаа тавих асуудлын нэг нь орон сууцжуулах ажил баймаар. Энэ жилийн нийслэлийн хэд хэдэн газарт дахин төлөвлөлт хийж, орон сууцны хороолол барихаар болсон. Барилга барих компани олдохгүйн зовлон үгүй. Манайхан хэдийнэ хороолол хорооллоор нь бариад сурчихсан.

Харин тэр бөөн бөөн хороололд аж төрөх хүсэл нь байвч “тоолдог” нь дутмаг иргэдээ яах вэ, сайд нараа. Хорооллоо барьж байж дараа нь шийднэ гэж хойшлуулж болох ч өнөө маргаашгүй орон сууцтай болохоор мөрөөдөн суугаа иргэдэд бодитой мэдээлэл ус агаар шиг хэрэгтэй байна.

Д.СУРА
Өнгөрсөн долоо хоногийн Байгаль  орчин, хүнс, хөдөө аж ахуй болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар “Улаанбаатар хотыг  2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд  тодотгол хийх”-ийг батлах тухай  УИХ-ын чуулганы тогтоолын төсөл хэлэлцэх эсэх асуудлыг УИХ-ын гишүүд дэмжлээ.

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийслэл хотыг 7 шийдлээр хөгжүүлэхээр тусгасан байгаа юм. Тухайлбал Хүн амын зохисгүй өсөлт , хотын хэт төвлөрлийг сааруулан суурьшлын оновчтой тогтолцоог бүрдүүлэх , Хотын бүтцийг боловсронгуй болгож, газар ашиглалт, хот төлөвлөлтийн бүсчлэлийн тогтолцоог шинэчлэх гэх мэт  ажлуудыг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Эдгээр шийдлийг дэлгэрэнгүй танилцуулахад:

Хүн амын зохисгүй өсөлт, хотын хэт төвлөрлийг сааруулан суурьшлын оновчтой тогтолцоог бүрдүүлнэ

Монгол улсын нийт хүн амын 40 гаруй хувь буюу 1,2 сая орчим иргэд  нийслэл  Улаанбаатар хотод суурьшин амьдарч байна. Өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа хүн амын өсөлт нь 2020 он гэхэд 1,5 сая гаруй болж нэмэгдэх хандлагатай  байна.Тиймээс хүн амын өсөлтөөс үүдэлтэй хотын хэт төвлөрлөлтийг  сааруулах зорилгоор  нийслэл хотыг 5 түвшинд бүсчлэн  суурьшуулахаар төлөвлөжээ.

1.Улсын түвшинд:
-  Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төслийг боловсруулан, улсын орон зайн хөгжлийг нарийвчлан тодорхойлох
- Бүсүүдийн тулгуур төв хотуудыг хөгжүүлэх
- Стратегийн томоохон орд газрууд болон аж үйлдвэрийн цогцолборуудын хөгжлийг дагасан хотуудыг хөгжүүлэх

2. Төвийн бүсийн түвшинд:
-  Төвийн бүсийг дэд бүсэд, дэд бүсийг бичил бүс, бүлэг суурингийн тогтолцоонд хуваан үйлдвэрлэл, үйлчилгээний кластеруудыг төлөвлөж хөгжүүлэх

3. Нийслэлийн эрчимтэй таталцал нөлөөллийн бүсийн түвшинд:
-  Нийслэлийн эрчимтэй таталцал нөлөөллийн бүсэд босго “буфер” бүсийг хөгжүүлэх

4. Улаанбаатарын бүсийн буюу нийслэлийн түвшинд:
- Дагуул, хаяа хот тосгодыг жигд тэнцвэртэйгээр эрчимтэй хөгжүүлэх
- Алслагдсан Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийг нийслэлийн дагуул хот болгон эрчимтэй хөгжүүлэх   /Багануурыг Стратегийн ач холбогдолтой үйлдвэрийн хот, Багахангайг нийслэлийн татваргүй хот, Налайхыг үйлдвэр, суурьшлын хотын чиг үүрэгтэйгээр тус тус хөгжүүлэх/
- Хотын захын хаяа хот, тосгодыг хотын хаалга үйлдвэрийн төв, хангах нийлүүлэх, суурьшлын чиг үүрэгтэй хөгжүүлэх
- Шинэ дагуул хотуудыг барьж байгуулах  /Аргалант Аж үйлдвэр, технологи, ложистикийн хот, шинэ нисэх онгоцны буудлын Аеросити хот/

5. Улаанбаатарын хотын түвшинд:
- Хотын чанартай 2 төв, дүүргийн чанартай 6 дэд төвийг байгуулж, хотын доторхи төвлөрлийг задлах


Хотын бүтцийг боловсронгуй болгож, газар ашиглалт, хот  төлөвлөлтийн бүсчлэлийн тогтолцоог шинэчилнэ

Нийслэл хотын бүтэц зохион байгуулалт нь хотын төвд  төрийн болон үйлчилгээний бүхий л байгууллагууд төвлөрч , газар ашиглалтын стандарт  алдагдаж  байгаа учир хот төлөвлөлтийн бүсчлэлийн тогтолцоог шинэчлэн дүүрэг бүрийг үндсэн төвтэй болгон хөгжүүлэхээр тусгажээ.

1. Хот, тосгодын эдэлбэр газрын тэг гортигийг тогтоох

2. Хотыг орон зайн хувьд найман төлөвлөлтийн бүсээр зохион байгуулах

3. Нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх
•Хотын чанартай 2 төв
•Дүүргийн чанартай 6 дэд төвийг байгуулах

4. Төлөвлөлтийн бүсүүд нь 47 нэгж хорооллоос бүрдэх
•Орон сууцны 22 хороолол
•Орон сууц, олон нийтийн 10 хороолол
•Сайжруулсан гэр сууцны 10 хороолол
•Үйлдвэрийн 5 хороолол

5. Бизнесийн төв дүүрэг, олон нийтийн, сууцны, үйлдвэр, өндөр технологийн, ложистикийн гэх мэт үндсэн 7 болон дэд 20 бүсүүдтэй байхаар хот төлөвлөлтийн бүсчлэлийн тогтолцоог шинэчлэх


Гудамж зам, тээврийн сүлжээг өргөтгөн хөгжүүлнэ

Дээрх хот төлөвлөлтийн  бүсчилэлийн тогтолцооны дагуу зам тээврийн сүлжээг хөгжүүлэн цогц бодлогоор орчин үеийн түвшинд хүргэхээр төлөвлөсөн байна.

1. Замын хөдөлгөөний менежменттэй уялдуулан оновчтой, нэгдсэн цогц хотын гудамж замын сүлжээг бий болгох
•Төлөвлөж буй хотын төв, дэд төвүүдийг холбосон хотын чанартай тойрог зам, хэвтээ болон босоо чиглэлд 3-5 паралель хотын чанартай замуудыг барих,
•Шинээр хотын хурдны замыг барих
•Хурдны зам, 1-р зэргийн гол замуудын огтлолцол, төмөр замтай огтлолцож буй замын уулзваруудад гүүрэн болон туннель бүхий олон түвшний огтлолцолуудыг, явган хүний гүүрэн болон нүхэн гарцуудыг барих

2. Нийтийн тээвэрт багтаамж ихтэй нийтийн тээврийн төрлийг нэвтрүүлэх

3. Ачаа тээвэр, ложистикийн төв байгуулах

4. Хөдөлгөөний менежментийг боловсронгүй болгох
•Тээврийн хэрэгслийн тооны өсөлтийг хязгаарлаж, чанаржуулах бодлого баримтлах
•Хөдөлгөөн зохицуулалтын менежментийг боловсронгүй болгож, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хязгаарлалтын бүсүүд тогтоох,
•Нийтийн тээврийн бүх төрлийг эрчимтэй хөгжүүлэх
•Хотын хэмжээнд авто зогсоолын ашиглалтын менежментийн арга хэмжээ авах
•Хотын доторх ложистикийн /түгээлт/ асуудлыг зөв оновчтой шийдвэрлэх

5. Ачаа тээврийн төмөр замыг Богд уулын урдуур хот тойруулан шинээр байгуулах, хот доторх төмөр замыг нийтийн тээвэрт ашиглах.


Гэр хорооллыг дахин төлөвлөн үе шаттайгаар хөгжүүлнэ

Нийслэл хотод 184 мянга гаруй өрх гэр хороололд амьдарч байгаа бөгөөд энэ нь нийслэлд амьдарч байгаа нийт хүн амын  78 хувийг эзлэж байна. Эдгээр айл,өрхүүдээс гарч байгаа ердийн зуухны утаа нийслэлийн агаарын бохирдлын 70 орчим хувийг бүрдүүлж байна гэсэн судалгааг Агаарын бохидлыг бууруулах үндсэний хорооноос гаргажээ. Иймд Улаанбаатар хотын экологийн тэнцвэрт байдлыг хангах , хот байгуулалтын зөв бүтэц , хотын оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор гэр хорооллын хэд хэдэн хэсэгчилсэн төлөвлөгөөг урьдчилсан байдлаар боловсрууллаа. Цогц байдлаар хэрэгжих дахин төлөвлөлтийг гэр хорооллын  12 байршилд хийхээр төлөвлөжээ.

-Суурин, хотын амьдралын нөхцөл стандартыг бүрэн хангасан өвөрмөц, монгол дүр төрх бүхий сайжруулсан гэр сууцны хорооллыг байгуулах
-Төлөвлөлтийн механизм, институцийн зохицуулалтыг шинэчлэх
-Гэр хорооллын хувьчлагдсан эдэлбэр газрыг газрын эздийн шууд оролцоотойгоор дахин төлөвлөж, газрыг зүй зохистой ашиглах хот байгуулалтын үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх
-Гэр хорооллын дэд, бичил төвүүдийг хөгжүүлэх
-Ногоон химид суурилсан, цэвэршүүлэх, хаягдалгүй, технологийн хөтөлбөрт арга ажиллагааг хэрэгжүүлэн, хүрээлэн буй орчны бохирдлыг арилгах, хохирлыг багасгах
-Өндөр технологийн бие даасан болон хэсэгчилсэн дэд бүтцийг хөхүүлэн дэмжиж хөгжүүлэх
-Өрхийн болон хоршооны үйлдвэрлэлд үндэслэсэн хөгжлийн хөтөлбөрөөр бие даан хөгжих боломж, нөхцлийг бүрдүүлэх
-Бие даан өөрөө шийдвэрлэж, өөрөө төлөвлөж, өөрөө бүтээн байгуулж, орчин нөхцлөө хөгжүүлж, хоршиж хөгжих ба үүнд нь засгийн газраас дэмжлэг үзүүлэх
-Иргэдийн худалдан авах чадварт нийцсэн төрөл бүрийн орон сууцыг нийлүүлэх
-Төрөөс авч буй арга хэмжээ нь хувийн хэвшил болон ялангуяа бага орлоготой ядуу иргэдийг дэмжихэд чиглэгдэх



Эдийн засаг болон Нийгмийн дэд бүтцийг хөгжүүлнэ

1. Эдийн засгийн бүтцийг боловсронгуй болгож, хэрэглэгч хотоос үйлдвэрлэгч хот болох суурь нөхцлийг бүрдүүлэх
2.Нэг хүнд ногдох ДНБ-ийг 15693 мян. төгрөгт хүргэж, 2010 оныхоос 3.5 дахин нэмэгдүүлэх
3. Ажлын байрыг 2.3 дахин нэмэгдүүлж, ажиллах хүчний байршлыг хүн амын суурьшил, хотын газар нутгийн зохион байгуулалт, эдийн засгийн бүтэцтэй уялдуулан зөв байршуулах
4. Нийгмийн дэд бүтцийн хангамжийг 100 хувьд хүргэх
5. Орон сууцны хангамжийг 32 хувиас 79 хувьд хүргэн, нэг хүнд ногдох орон сууцны талбайг 13.5 м2-д хүргэх

Инженерийн үндсэн бүтцийг хөгжүүлнэ

-Эх үүсвэрийн хүчин чадлыг өсөн нэмэгдэж буй хэрэгцээ, шаардлагын хэмжээнд хүртэл барьж байгуулах,
-Дэд бүтцийн хангамжинд сэргээгдэх эрчим хүч, төвлөрсөн буюу хэсэгчилсэн тогтолцоог хослуулан хэрэглэх,
-Хуучирч ашиглалтын хугацаа дууссан байгууламж, шугам сүлжээг шинэчлэн засварлах
-Тогтвортой үйлчилгээгээр хангах, үнэ тарифыг өөрчлөн менежментийн тогтолцоог сайжруулах
-Дулаан, цахилгааны эрчим хүч үйлдвэрлэл, хангамжийн эрчим хүчний хэмнэлттэй, дэвшилтэт техник технологи, хэрэгслийн хэрэглээг дэмжих,
-Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх, өндөр технологи, цэвэр хөгжлийн механизмыг хөгжүүлж, ногоон эдийн засгийн туршлагыг өргөн нэвтрүүлэх


Хүрээлэн буй орчны тогтвортой менежментийг бий болгоно

- Нийслэлийн нутаг дэвсгэрт ногоон бүсийн аргыг хэрэгжүүлэх, суурьшлыг ногоон бүсээр тусгаарлах
-Усны менежментийг боловсронгуй болгох, бохир усыг цэвэршүүлэн боловсруулж, дахин ашиглах, унднаас бусад хэрэгцээнд гадаргын ба хуримтлуулсан ус болон цэвэршүүлсэн процессийн усыг хэрэглэх
-Экологийн коридорыг хамгалалтанд авах
-Үйлдвэр, ААНБ-д үйлдвэрийн бохир усыг цэвэршүүлэх технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, “бохирдуулагч төлөх” зарчмыг хуульчлан хэрэгжүүлэх
-Голуудыг онцгой хамгаалалтанд авах, хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох, ногоон, цэнхэр сүлжээг байгуулах
-Усан сан барих  /Туул буюу Тэрэлж голуудын хувилбаруудын харьцуулсан ТЭЗҮ хийж сонгох, Сэлбэ, Улиастай зэрэг голууд дээр бага оврын/
-Ногоон химид суурилсан хаягдалгүй, цэвэршүүлэх, өндөр технологийг нэвтрүүлэх
-Хог, хаягдлын менежментийн шинэ тогтолцоог бий болгох
-Ногоон, цэнхэр сүлжээнд суурилан, аялал жуулчлал, спортыг хөгжүүлэх

Эдгээр 7 шийдэл нь шат дараатайгаар хэрэгжих бөгөөд аливаа ажлыг эхлүүлэхдээ нийслэлийн иргэдийн саналыг тусгаж, хууль эрх зүй ,эдийн засгийн хөгжил ,байгаль экологи , шинжлэх ухаан ,технологийн  бодлогын хүрээнд тус тус анхааран ажиллахаар Улаанбаатар хотын 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгажээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл , олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Газар авах нь мөрөөдөл болжээ

2013 оны 02-р сарын 04 Нийтэлсэн БАТ
Ард түмний амьдрал өнөөдөр утаанд "угаартаад" зүг чигээ ч олохоо байчихаж. Гэтэл амьдрал нь ийн утаанд согтож байх хойгуур газрын үнэ "тэнгэрт гарч" жаргахаар, тэдний сачий хүрэхээргүй тийм оронд очихоор улам өөдөө тэмүүлж эхлэв.

Гэхдээ зөвхөн бэл бэнчинтэйд нь л баригдах ордонд очиж байгаа юмсанж. Долоон буудлын Должин эмээ, Яармагийн дэнжийн Ярангай өвгөний сачий энэ насандаа хүрэхээргүй тийм өндөр үнэтэй болчихож, газар.

Өөрөөр хэлбэл эцэг өвгөдөөс улбаалсан газар шороо минь монгол үрсээсээ нүүр буруулаад эхэлчихжээ. Харин хэтэвчнээс нь ногоон мөнгө салдаггүй харийн орны хүмүүнийг эзнээ болгохоор газар орон маань шийдэв бололтой. Үүний хажуугаар газрын наймаа "вансэмбэрүү" цэцэг шиг дэлбээлж байна.

"СУРАГ"-ИЙН ЗАХ ЗЭЭЛТЭЙ МОНГОЛ

Монголд юм бүхний үнэ сургаар нэмэгддэг. Бас үнэ буурна гэх нь үгийн сангийн бүртгэлээс одоо бараг хасагдчихсан. Уг нь зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн хуулиараа бол үнэ бууруулахын төлөө байдаг аж. Гэвч өнөөдөр Монголд телевиз, сонины мэдээнээс чимээ авч ямар ч тооцоогүй, ямар ч хяналтгүй барааны үнэ нэмэгдэж орхино.

Өмнө нь бензин шатахууны өртөг тэгж нэмэгдлээ, төр засгаас тийм шийдвэр гаргалаа гэхэд л сүйхээтэй наймаачид өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний ханшаа мөдхөн нэмчихдэг байв. Ингэхдээ эдийн засгийн орлого, зарлагын бодит тооцоололгүйгээр үнээ хөөрөгдөнө. Яагаад өмнө нь гэж байна вэ гэхээр энэ жил үнэ нь арай гайгүй тогтвортой байгаа учраас тэр.

За өргөн хэрэглээний бараа ч яахав хэвлэлийнхний байнгын бай болдог сэдэв. Харин Монголд тэр ялангуяа нийслэлд газрын үнэ жинхэнэ утгаараа "тэнгэрт хадаж" эхэллээ.

Үнэд ийн жигүүр ургасан нь бас л сургаар. Одоогоос таван жилийн өмнө нь нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 805 дугаар ангийн хойд талын дэнжид хоосон хашаа дунджаар 400 мянган төгрөг байв. Гэтэл одоо 20, 30 дахин нэмэгдэж 8-12 сая төгрөгт хүрчээ. Дотроо байшин, сууцтай бол бүр 20 сая төгрөг. Хотын А зэрэглэлийн бүсэд буюу өнөөх орон сууцны хороолол барих хэсэгт 20 байтугай 100 сая төгрөгт хүрнэ.

Иргэд зах зээлийн хуулийг ойлгосондоо ч тэрүү эсвэл наймаачдын турхиралтаар ч юмуу бүү мэд, газар гэж зүйл ингэж үнэ цэнтэй болов. Гэвч энэ бүхний эцэст хэтийдсэн үнэ худалдан авагчийнх нь хэтэвчин дэх зоосны тоотой дүйх болов уу. Хариулт нь үгүй. Өөрөөр хэлбэл Монголд тэр дундаа нийслэлд эрэлттэйгээ нийцсэн үнэ, ханш гэж ер үгүй гэхэд хилсдэхгүй биз.

Боловсрол дорой зурагтаас авсан мэдээллээр өөрийгөө цэнэглэхээс өөр эдийн засгийн мэдлэг дутмаг ард түмэн газрынхаа үнийг сургаар нэмэхээс өөр яах билээ. Тухайлбал "Өө манай энэ байршил хотын А зэрэглэлийн бүсэд ордог юм гэнэ билээ. Тийм болохоор хүссэн хүсээгүй энд орон сууц барина. Олигтойхон шиг үнэ хэлье байз" гэх зэргээр дурын үнэ хэлдэг болсон нь дээр хэлсэн тооцоогүй, хяналтгүй зах зээлийг бий болгож байгаа юм. Нөгөөтэйгүүр төр засаг нь гэж гаргаж буй шийдвэрээрээ үнэ өсөхөд улам хачир нэмнэ.

ЗУСЛАНГИЙН ГАЗРЫН ҮНЭЭР ЗУГААЦДАГ БОЛОО ЮУ

Миний нэг танил хэд хоногийн өмнө ингэж хэлж байв. Тэрбээр зуслангийн газар авах санаатай бараг жил гаруй явжээ. Харамсалтай нь түүнд газар олдсонгүй. Гайгүй байрлалтай газарт очъё гэхээр тэнд нь дэд бүтэц байхгүй. Харин худалдаж авъя гэхээр байгаа хэдэн төгрөг нь хүрдэггүй гэнэ. Үнэ нь дор хаяж 10 сая төгрөг. Энэ ханшаар тухайн зуслангийн газрыг авлаа гэж бодъё. Гэтэл тэр газарт майхан бариад амьдрахгүй нь ойлгомжтой. Мэдээж хэрэг байшин барина. Тэгтэл барилгын материалын үнэ ханш энэ цагт ямар байгаа билээ.

Хөлсөө урсган байж цуглуулсан хэдэн төгрөгөө бүгдийг нь газар авахад өгчихөөд ард нь амьдрах ганц "овоохой" ч босгож чадахүй болж үлдэж байна шүү дээ. Харин бэнчинтэй нэгэнд нь бол 10 сая төгрөг юу ч биш. Тэр тусмаа гадныханд хэтэвчнийх нь хэдэн ногоон. Яагаад гадныхан гэж байна гэхээр Улаанбаатарын эргэн тойронд байгалийн үзэмжтэй гэсэн байршилд гадаадын иргэд монгол хүний нэр барьж газар авсан байдгийг хэлэх хүн олон.

Түүнчлэн саяхан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Сонгинохайрхан дүүргийн зарим хэсгийг дахин төлөвлөж нийслэлийн төв болгох сураг хэлэхэд тэр хавийн газрын үнэ ханш өмнөхөөсөө бараг хоёр дахин өсчихжээ.

Мөн Зүүнсалааны хойд талын зуслангийн газар гэхэд өнгөрсөн есдүгээр сард дунджаар зургаан сая төгрөгийн үнэтэй байсан бол одоо хоёр оронтой тоогоор үнэлэгдэж байх жишээтэй. Мөн шинээр газар олгож буй хэсгээс 0.7 га-гаа авъя гэхээр хаанаас ч юм үнэн, худал нь мэдэгдэхгүй "Би авчихсан" гэх эзэн гараад ирнэ. Энэ тодорхойгүй, тооцоогүй газрын наймааны ертөнц хэзээ цэгцлэгдэх юм бол оо.

Нөгөөтэйгүүр газраас болж барилгын үнэ дундаж амьдралтай хүний хэтэвчнээс аль хэдийнэ хальчихсан. Уг нь хөгжингүй орнуудад газрын өртөг тухайн хэрэгжүүлж байгаа төслийн нэгж талбайд ногдох барилгын талбайтай харьцуулахад 20 хувиас хэтрэхгүй байх ёстой аж. Гэтэл манай оронд газрын үнийн нөлөө 40 хувийг эзэлдэг гэх судалгаа бий. Үнэндээ өнөөдөр манай улсад, нийслэлд газар гэгч бараа шууд борлогдох бүтээгдэхүүний тоонд орчихсан гэлтэй.

Яагаад гэвэл аятайхан байршилтай газрын эзэд "Тэртээ тэргүй миний газар зарагдах юм чинь" гэх бодлоор үнэд ямар ч уян хатан хандахгүй байгаа юм. Үгүй яахав нэгэнт л хувийн эзэмшил болохоор дуртай үнээ хэлж болох ч зах зээл дэх худалдан авагчийнх нь чадвар ямар байгаа билээ гэдгийг огтхон ч боддоггүй.

Өөрөөр хэлбэл зуслан болоод, бусад газраар тохуурхаж байгааг хэлэх хэрэгтэй. Ер нь хяналтгүй төртэй, тооцоогүй иргэдтэй Монголд дундаж болон ядуу амьдралтай хүн газрын эзэн болох нь тун удахгүй мөрөөдөл болж мэдэх юм.

Л.Баатархүү
УИХ-ын дарга хэлж байна. Дөрвөн уулын дундах Улаанбаатарыг дэд бүтцээр хангах гэж байхаар Төв аймгийн сумдыг дэд бүтцээр нь хөгжүүлчих, их нүүдэл чинь бизнесийн орчин тохилог дэд бүтцэд татагдан ирж байгаа юм.

Хотын дарга хэлж байна. Их нүүдэл дэд бүтцэд л татагдаад ирж байгаа нь үнэн. Түүнээс илүүтэйгээр төр засгийн байшингууд нь төв талбайгаа тойроод шаваад байхаар иргэд нь төв рүүгээ түрээд байгаа юм. Ядаж Улаанбаатар хотын захиргааг Сонгинохайрхан дүүрэг рүү аваачиж тэнд бүх үйлчилгээг төвлөрүүлэх жишээтэй.

Ерөнхийлөгч хэлж байна. Ус, агаар, хөрс нь бохирдож "Гамшгийн хот" болсон Улаанбаатарт иргэд минь битгий нэмж ирээсэй. Нэмж битгий ирүүлээрэй. Монгол оронд газар мундаагүй шүү дээ.

Нэг УИХ-ын гишүүн хэлж байна. Төрийн зарим байгууллагуудыг, их дээд сургуулиудыг хөдөө явуулах хэрэгтэй гэхэд бас нэг гишүүн хөдөөнөөс шилжин ирэгсдийг хот оруулалгүй замд нь тосон суурьшуулах юмсан гэв.

Хотын иргэд ярьж байна. Хувийн газартай, дулаан тохилог сууцтай бол заавал хот руу шаваад байх хэрэг алга. Хотоос холдож утаанаас зайлах минь. Одоо Улаанбаатарт нэг сая иргэн өөрт нь хуулиар оногдсон 0,07 га аваагүй байна.

Гэтэл Улаанбаатарын төвд байтугай уул овоон дээр нь метр газар олдох нь өнгөрсөн. Яаж байгаад утаа гаргахгүй тохилог сууцтай болгох талаар иргэдээсээ авахуулаад парламент хүртлээ бүгд ярьж байна. Газрын тухай багц хууль хэлэлцэж, Засгийн газар нь том төслүүд уралдуулж, Бат-Үүл баатар гэр хорооллыг барилгажуулна. Шинэ Улаанбаатарыг цогцлооно гэж том амласнаа хэрэгжүүлэх гэж бөөн асуудал. Их ажил ч эхэллээ дээ. Улаанбаатарын иргэд болгон чаддаг мэддэгээрээ оролцож эхэллээ. Сэтгүүлч бидний хувьд хуруу нэмэх биш дээ. Хошуу нэмэрлэе.

Улаанбаатарын түүхээс

Халхын Түшээт хааны хүрээг хаана байгуулах вэ гэж олон сайн мэргэд газар шинжсэний эцэст "Хан уул, Хатан туулыг арлаж дөрвөн уулын дундах хүн чулууны хонхор"-т Түшээт хан аймгийн "ХҮРЭЭ"-г байгуулав. Богд хан уул таван ханы хараачтай. Богд хан уул, Нагал хан уул, Батхан уул, Уулын хан уул, Хүүлэй хан уул. Энэхүү Халхын таван Хан уулын дундах хишиг буян хурсан алтан тэвш шиг нутаг хэмээн 374 жилийн тэртээ газрыг нь шинжин, эдүгээгийн нийслэлийг маань байгуулжээ. Түүнээс хойш одоог хүртэл дөрвөн уулын дундаа хүн чулууныхаа хонхорт даанч багтахаа болилоо доо. Нэг хүнд оногдох нутаг дэвсгэрийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлэх Монгол орны хувьд газар олдохгүй гэж ярихааргүй буурлын үлдээсэн буянт их газар нутаг минь байна даа. Халхын түшээт ханы хүрээ хожмоо нийслэл Улаанбаатар хот болж, Төв аймгийн төв 1944 онд Улаанбаатараас хөөгдөн Богд уулын өвөрт Зуун мод буюу Манзушир хутагтын зуны өргөө байсан газар төвлөрчээ.


Газаргүй нэг сая хүнд Төв аймагт газар олгож хаяа хот байгуулбал

Хэнтийн нуруунаас эх авсан Туул гол Төв аймгийн Мөнгөн морьт, Эрдэнэ, Батсүмбэр сумын нутаг дахь их уулсын горхиор тэжээгдэн Улаанбаатар хот, Төв аймгийн Алтанбулаг, Өндөрширээт, Лүн Заамар сумын нутгаар урссаар Сэлэнгэ аймгаар дамжин хил гардгийг бид мэднэ. Туул голын энэ үржил шимт хөндийгөөр Улаанбаатар хотын маань хаяа хотууд баригдан тэлэх цаг болсон. Төв аймаг Улаанбаатар хотыг тойрсон 27 сумтай. Зүүн хойд сум нь Мөнгөнморьт сум Улаанбаатараас 200-гаад км. Багануур дүүргээс чанх хойно 60-70 км-т оршино. Хачин нь Улаанбаатар хотын Багануур дүүргийн наана хар замд Төв аймгийн Эрдэнэ, Баяндэлгэр жаахан зүүн урагшаа Нагал хан уулын дэргэд Ар хуст сум оршдог.

Төв аймгийн хамгийн зүүн урд сум нь Төв аймгийн Баянжаргалан сум хотоос 170 км. Хэнтий аймагтай Хэрлэн голоор хиллэж байдаг. Хэрлэн гол Мөнгөнморьт сумаас урагшаа урсч Багануур дүүргийн цаахнуур Баянжаргалан сум өнгөртөл урд зүг урсч байгаад зүүн тийшээ эргэн зүүн хязгаарыг зорино. Хэрлэн гол дагасан энэ сайхан талд хэдэн ч Улаанбаатар ёстой “Ганнам” дүүрэг баригдаж болноо доо. Богд уулыг л давчих тунилдчих юм бол урагшаа хар зам, төмөр замаар Чойр хүртэлх их тал Төв аймгийн нутаг. Энэ их талд үйлдвэр барихад хөрөнгө нь дутна уу гэхээс газар нь дуусахгүй. Тал нутаг ч харин байнаа. Төв аймгийн хамгийн урд, баруун, баруун урд зах нь дэндүү уудам. Дундговь, Өвөрхангай аймагтай хиллэн Баян-Өнжүүл, Бүрэн, Дэлгэрхаан сумууд бий. Эндээс Өвөрхангайн Батхаан уул хүртэлх их тал нутаг цэлийнэ. Улаанбаатараас баруун тийшээ хар зам үржил шимт хөндийгөөр Аргалант, Баянхангай, Лүн, Эрдэнэсант сумын үзэсгэлэнт сайхан нутаг бий. Элсэн тасархай хүртэл нийслэлийн нутаг болно гэж бод доо. Хойгуураа бол Заамар, Угтаал, Баянцогт, Баянчандмань, Жаргалант, Борнуур, Батсүмбэр сумын алттай бол алттай, уултай бол уултай, устай модтой бол модтой, тариатай бол тариатай эрдэнийн сайхан хангай байхад энэ дөрвөн уулынхаа дунд утуулаад сууж байх ч гэж дээ. Монгол Улсын иргэн та ийм нутагт амьдар, өөрт оногдсон газар ав гэхэд хэн үгүй гэх юм бэ. Товчхон дүгнэж хэлбэл Төв аймгийн одоогийн нутаг дэвсгэрийг Улаанбаатарынх болговол хааш хаашаагаа 100-250 км-ээр тэлнэ.

Төв аймгийн сумдууд балгас болж байна

Төв аймгийн 27 сум Улаанбаатарыг бүслэн оршдог. Хотоос хойш 72 км оршдог Баянчандмань суманд Төв аймгаас сонгогдсон нэг эрхэм гишүүн уулзалт хийгээд асуух юм байна уу гэв. Сонгогч "Бид даанч хотыг алгасаад аймгийн төв орох хэрэг алга. Мань мэт нь шоронд орох гэж аймаг орох юм. Манай дарга нар дэвших гэж аймгийн төв орох юм. Биднийг энэ зовлонгоос салгаж өгөөч" гэв. Мань гишүүн Мөнгөнморьт суманд уулзалт хийвээ. Нэг сонгогч "Бид хаяандаа байгаа Багануурын эмнэлэгт үзүүлэх гэхээр хаа хол 200 км газар байгаа аймгийнхаа эмнэлэгт очиж үзүүл гэх юм. Ядаж энэ дүүргийнхээ эмнэлэгт үхэх эрх олгооч ээ. Унаа унаш, бензин тосны гарз болгомооргүй байна" гэлээ. Төв аймгийн 27 суманд долоон хүүхэдтэй ерөнхий боловсролын дунд сургууль, ердөө хоёрхон өвчтөнтэй эмнэлэг, зам дагуу хуушуурын гуанз гаргахаас өөр орлогогүй сумын төвүүд балгас болж байна. Гэтэл Улаанбаатараас 50-100 км газар очоод хот тосгон төлөвлөөд, бариад өгчихөж чадахгүй эрх баригчид нь хэрэлдэнэ. Үүнийг утааны бохирдол биш сэтгэлгээний бохирдол, машины түгжрэл биш тархины түгжээ гэдэг юм. Хотын хаяанд байгаа Төв аймгийн сумдын төвүүд балгас болж байна.

Нийслэлийн Тамгын газрыг Төв аймгийн төвд барихын учир Хотын мэр Бат-Үүл баатарт тулгарсан хамгийн том асуудал бол жилд нэг жижиг аймгийн дайны хүн хотод шилжин ирж байна. Улаанбаатарт нэг сая хүн хуулиар оногдох газраа хувьчилж аваагүй байна гэв. Гэтэл хотод газар байхгүй гэж зүрх муутайхан шиг халган байж хэлэв. Хэрэв Төв аймгийн одоогийн нутгийг Улаанбаатарын шинэ суурьшлын хоёрдугаар бүс болговол бүх асуудал нь шийдэгдэх юм шиг ээ. Төв аймгийн сумдыг ядаж 20-30 мянган хүнтэй хот тосгон болгож чадвал хот руу тэмүүлээд байх иргэн байхгүй дээ. Дэлхийд хамгийн цэвэр сайхан хот тосгон 20-30 мянган хүнтэй л байдаг. Үүнээс цөөхөн хүнтэй бол өөрийгөө тэжээж чадахгүй балгас болдог. 30 мянган хүнээс олон бол хот бохирддог гэдгийг судалгаагаар тогтоосон байна. Улаанбаатар хаяагаа хааш юун хотын нэг сая иргэнд маань газар дутах, монголчууд бүгдээрээ ирээд суусан ч хүрэлцээтэй газар нутаг Улаанбаатарыг хүрээлж гоё сайхан хот байгуулах удирдагч, газраа өмчилж авах эздээ хүлээж байна. Бат-Үүл дарга бас ингэж хэлэв. Энэ барилгын бизнесийнхэн чинь шинэ газар барилга барина, хуучин гэр хорооллынхон дунд барилга барихад дургүй байна гэв. Халгаад хэрэггүй ээ. Харин ч сайн биз Тэр дурлаад байгаа олон зуун мянган айлын орон сууц барих, бүх төрлийн үйлчилгээтэй тосгон байгуулах барилгачдаа хөрөнгийг нь өгөөд Төв аймгийн сумд руу хөөгөөд явуулчих. Харин Нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг хоёрын хооронд Сонгинохайрхан дүүрэгт барина гэж байхаар шууд Богд уулын энгэрт Зуунмодод барьж Улаанбаатарыг дөрвөн уулын дундах хонхороос гаргаач. Төв аймаг маань яах вэ аймгийн төв нь унаган нутаг Улаанбаатартаа ирнэ биз.

Г.Дашрэнцэн

Памперсныхаа хог, хаягдлыг яах гэж байна

2013 оны 02-р сарын 02 Нийтэлсэн БАТ
Аль ч улиралд нийслэлээс харж болох нийтлэг төрх бол хог, хаягдалдаа дарагдсан гудамж талбай. Орц, хонгил, гэр хорооллын гудамж, талбай, гуу жалга, за тэгээд хаа, сайгүй л хог, новшиндоо дарагдсан байх вий.

Уг нь ТҮК-ийн ажилчид өвлийн хүйтэн, зуны халуунд өглөөнөөс үдшийн бүрий хүртэл борив бохис хийлгүй цэвэрлэдэг ч атгаж яваа чихрийн цаас, тамхины ишээ хээвнэг хаяж орхино. Тэгээд гэр хорооллынхон бол хүний нүд хариулж байгаад сэмхэн үнс, угаадсаа гудамжиндаа гаргаад ил асгачихна. Үдшийн бүрийг далимдуулаад ойролцоох гуу жалгандаа хогоо хаячихна. Уг нь хогны машин ирж ачдаг боловч хотын хог бахь байдгаараа л хаврын салхи, шуурганд хийсч харагдана. Мэдээж хог хаягдал бол бидний хүрээлэн буй орчны “заналт” дайсан. Гэхдээ эдгээр хог хаягдлаас хамгийн их анхаарал татаж, асуудал болж байгаа нь хүүхдийн живх юм.

Орчин цагийн ээжүүдийн сонголт, үнэнч нөхөр нь памперс болоод удаж байна. Хэчнээн бага орлоготой иргэн байсан ч ядахдаа шөнө нойртой хонохын тулд өдөрт 2-3 живх хэрэглэж байгаа. Ингээд бодохоор 0-3 насны хүүхэдтэй өрх бүр памперс хэрэглэж байгаа гэсэн. Харин хэрэглэж байгаа тоо ширхэг нь өөр хоорондоо харилцан адилгүй. Харин АНУ-д жил бүр 3.5 сая, дэлхий даяар хэдэн тэрбум памперс хаягдал болдог аж. Хамгийн аюултай нь хүүхдийн живх байгаль орчныг бохирдуулахад хамгийн их “хувь нэмэр“ оруулдаг гэнэ. Тиймээс ч олон удаа хэрэглэдэг памперс эрэлттэй бүтээгдэхүүний нэг болоод байгаа аж. Нэг удаагийн памперсийг хөгжилтэй орнуудад 1942 оноос эхлэн хэрэглэж эхэлжээ.

Шведийн компанийн санаачилсан шингэн уусгадаг материал бүхий хүүхдийн живхний технологийг сайжруулсаар 1961 онд одоогийн бидний хэрэглэж байгаа живх бий болсон байна. Дэлхийн хог хаягдлын хамгийн хортой, удаан задардаг гэх үзүүлэлтийг хүүхдийн живх тэргүүлж байна. Мөн хотын хатуу хогны дөрвөн хувийг эзэлдэг гэнэ. Тэр тусмаа энэ хог, хаягдал бидний үр, ач тэдний үр, ач төрөх үед ч газрын хөрснөөс алга болоогүй байх юм. Хэрэв памперс импортлох гэж байгаа бол хаягдал боловсруулах үйлдвэрээ барь Дэлхий дахинаа хүүхдийн живхний хог хаягдал толгойн өвчин болоод байна. Тэд жилд хаягдаж байгаа олон тэрбум ширхэг памперсийг хэрхэн боловсруулах тухай зөвлөлдөж эхэллээ. Харин Монголын хувьд яах вэ.

Өнөөдөр хүүхэдтэй айл бүхэн их бага хэмжээгээр памперс хэрэглэж байна. Улмаар бид хэрэглэсэн живхний хаягдлаа гуу жалга, гудамж талбайд хаячихдаг. Түүнийг нь нохой, шувуу энд тэндээс нь зулгааж, хог болгон тараах нь бий. Гэтэл бидний ийнхүү хайхрамжгүй хаясан хүүхдийн живх 90 жилийн дараа задардаг байна. 90 жилийн туршид хөрс, ус, агаар орчныг бохирдуулна гэдэг бол аюулын харанга. Бидний хог түүдэг хэмээн ад үздэг хүмүүсийн ачаар хаягдал хөнгөн цагаан, шил, хуванцар болон цаасны 1/3-ыг дахиж ашигладаг байна. Хаягдал хөнгөнцагаан савыг дахиж хэрэглэсэнээр нэг сав шинээр хийхэд зарцуулах энергийн тавхан хувийг хэрэглэдэг, нэг тонн хаягдал цаасыг дахин хэрэглэсэнээр 60 хүртлэх хувийн тог хэмнэдэг, 17 мод, 26.5 литр ус авардаг, 27 кг агаарын бохирдол үүсэхээс хамгаалдаг байна. Энд мөн хаягдал- агаарт цацагдах карбоны хэмжээг багасгах-бодирдол сүлжээ явагддаг аж. Гэтэл нэг хүүхэд жилд дунджаар 6000 памперс хэрэглэдэг байна.

Жил бүр хүүхдийн памперс хийхийн тулд 150 мянган тонн цаас, 12 мянган тонн хуванцар хэрэглэдэг байна. Хүүхэддээ памперсны оронд даавуу хэрэглэсэнээр, даавуугаа цуглуулж байгаад олноор нь, багахан угаалгын нунтагтай, бүлээн усанд угаасанаар, хэцэн дээр тохож хатаасанаар бодирдол, агаарт цацагдах карбоны хэмжээг багасгаж болох юм. Хамгийн аюултай нь өнөөдөр биш ч маргааш та бидний гудамж, талбай, гуу жалганд хаясан хүүхдийн живх та бидний ирээдүйд заналхийлж эхэллээ. Дэлхийн бусад улс орнууд эх дэлхийгээ аврахын тулд хүүхдийн живхнээс татгалзах арга зам эрэлхийлж эхэлсэн байна. Тухайлбал, Бразилд хүүхдийн живх хэрэглэж, байгаль орчин бохирдуулахыг хуулиар хориглох тухай яригдаж эхэлсэн байна.

Тиймээс манай улсын хувьд ч гэсэн одоо зах зээлд монополчилж буй “Таванбогд”, “Макс групп” зэрэг компаниудыг хэрэв хүүхдийн живх импортлох гэж байгаа бол хаягдал боловсруулах үйлдвэрээ барихыг шаардъя. Эсвэл импортолсон бүх живхнийхээ хог хаягдлыг устгалд оруулж байхыг сануулъя. Бүр болохгүй бол татварын аргаар энэ асуудлыг зохицуулж ч болно шүү дээ.

Дэлхий дахинд “шүдний өвчин” болоод буй хүүхдийн живхний хаягдлыг бид ч гэсэн анхаарах цаг болжээ.

Х.Өнөр


Нийслэлд цэцэрлэггүй 45, сургуульгүй 19 хороо бий
Улсын хэмжээнд энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын 755 сургуульд 496.123, 945 цэцэрлэгт 180.969 хүүхэд суралцдаг.

Харин нийслэлийн ерөнхий боловсролын 207 сургуульд 186.822, 342 цэцэрлэгт 65.665 хүүхэд суралцаж буй. Гэсэн хэдий ч нийслэлийн хэмжээнд цэцэрлэггүй 45, сургуульгүй 19 хороо байна.

Эдгээрээс Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны Тахилтын аманд, Хан-Уул дүүргийн зургадугаар хороо буюу Яармагт 100 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг тус тус нэгийг барьж байгаа аж.


 Э.Эрдэнэ