Дээдсийн нутаг "Шарга морьт"


Дээдсийн нутаг
Улаанбаатар хотын оршин тогтносон "Алтан тэвш"-ийн хөндийд түүхийн дурсгалт газар дэндүү олон. Манайхан зун болохоор хотын чийгнээс салах гэж Шарга морьтын зуслан тийш "бэлчицгээдэг". Хүмүүс Шарга морьт гэдэг нэрийн учрыг төдийлөн мэддэггүй. Үнэхээр байгалийн сайхан цогцолсон үзэсгэлэнт газар байсан билээ.

Одоо энэ газар ямар болсныг нийслэлийнхэн мэдэж байгаа. Шавааралдсан зуслангийн байр, явган хашаа хөглөрч хөрсний бохирдол, хогоор дүүргэснээ иргэд нь мэдэж байх учиртай. Шарга морьтын зуслан, шарга морьтын рашаан хэмээн нэрлэгдсэн энэ газар бол Монголын түүхэн хүн Богд Жавзандамба хутагт, их дагина хоёрыг хөдөөлүүлсэн газар юм. Энэ газрыг эрт дээр үеэс Шамбалын орон хэмээн үзэж ирсэн учир Шарга морьтын хөтөл хэмээн нэрийдэж дээдсийг нутаглуулж иржээ.

Эх дагина Дондогдуламыг таалал төгсөхөд найман шарга морь хөлөлсөн гашуудлын цуваа, их хатныг амьд ахуй цагтаа ууж сууж байсан рашаант уулын аманд шар тосонд хайлуулж чандарлаад, найман шарга морийг нь онголж тавьсанаас "Шарга морьт" хэмээн нэрлэсэн гэдэг. Богдын ордны дуу, хөгжим, цам, майдарын бүжиг наадам, гар урлал, уран хатгамал, зээгт наамал, мужаан, дарханы үйлийг хөгжүүлэхэд их дагинад тусласан, уригдсан хүн бол Дэндэвдулам хатан гэж хүрээнийхэн ярьдаг байжээ.

Дэндэвдулам Дондогдуламыг өөд болоход:
Нарт ертөнцөөс халилаа даа эгч минь
Найман шаргыг хөллөөд одлоо доо
Шарга морьтын аман дахь
Шамбалын аманд очлоо доо
Зуны дунд сардаа хө
Жуузан дундаа холбирвоо хө
Залагдаж ирсэн Дондогдулам эгчдээ
Даншиг мандал өргөе дөө гэсэн үгтэй дуу зохиосон гэдэг.

Ийнхүү бидний Шарга морьт хэмээн нэрлэсэн зуслангийн газрын түүх ийм учиртай ажээ. Өнөөдөр үзэсгэлэнт сайхан Шарга морьтын олны дээдлэн хүртдэг байсан рашаан нь хүмүүний зохисгүй үйлдлээр ширвэгдээд байгаа нь дэндүү харамсалтай. Монголчууд дээдсийг нутаглуулсан газраа эрхэмлэдэг учиртай билээ.

Н.Лхагва
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)