WE CAN CHANGE : Зөвшөөрөлгүй барилгуудыг нурааж, сургууль, цэцэрлэг барья
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл үүрэгт ажлаа авч, багаа бүрдүүлснээс хойш олон шийдвэртэй алхмуудыг хийж, хууль журмыг уландаа гишгэж байгаа нөхдүүдтэй тэмцэж эхэлсэн.

Өнөө цагт Улаанбаатар хотын хамгийн том авлигын сүлжээг газрын наймаачид бүрдүүлж байгаа гээд хэлчихэд буруудахгүй байх. Тиймдээ ч газар шилжүүлэх нэрийдлээр авлига авч, бизнес хийдэг гэж байгаа. Газрын асуудлыг дагаж явдаг нэг зүйл бол барилга. Нийслэлд сүүлийн 10 гаруй жил барилгажилт эрчимжиж, хууль бус газар олголт, түүнийгээ дагасан зөвшөөрөлгүй барилга барих байдал тартагтаа тулчихсан.

Нэг барилга барихын тулд олон албан тушаалтнаас цөөнгүй хэдэн гарын үсэг цуглуулах болдог. Тэр тоолонд их хэмжээний авлига өгөх хэрэгтэй болдог гээд яриад байвал асуудал. Ямар ч шалтгаан байсан өнөөдөр Улаанбаатар хотод зөвшөөрөлгүй барилга барьж, дураараа авирлаж байгаа нөхдүүд маш олон.

Тиймээс хотын дарга энэ бүхэнтэй тэмцэхээр шийдэж, зөвшөөрөлгүй барилгуудын үйл ажиллагааг зогсоосон. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэрийг нь зарласан байгаа. Манай сонин зөвшөөрөлгүй  нэрсийн дагуу сурвалжлага хийж байгаа билээ. Эхний ээлжинд Сүхбаатар дүүрэгт баригдаж байгаа барилгуудын зах зухаар орж, сурвалжилсан.

Тэгвэл өчигдөр Хан-Уул дүүргээр явж, зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгуудын нөхцөл байдал ямар байгаатай танилцлаа. Хан-Уул дүүрэг байгаа хамгийн байрлал сайтай, ашигтай газартай  нь III хороо. Тиймдээ ч тус хороонд олон барилгын компани зай завсаргүй элдэв загвар хийцтэй барилга сүндэрлүүлж байна.

Дүүргийн замын цагдаагийн хэлтэс зөвшөөрөлгүй барилга барьсаар

Манай сурвалжлах хэсэг юуны өмнө Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо, дүүргийн Засаг даргын тамгийн газрын урд баригдаж байгаа “Саруул өглөө” орон сууцны барилга дээр очсон юм. Барилгын карказын ажил аль хэдийнэ дуусч, өрлөгийн шатандаа яваа юм байна. Иргэн Б.Бямбасэлэмийн захиалгаар барьж байгаа уг барилга ямар ч зөвшөөрөлгүй гэдгийг нийслэлээс гаргасан жагсаалтад дурьдсан байна билээ. Харин биднийг талбайн инженертэй нь уулзахад “Манай ном журмынхаа дагуу барилгаа барьж байгаа. Нийслэлээс андуураад биччихсэн байх. Саяхан манай дээр албаны хүмүүс ирээд, бүх бичиг баримтыг маань шалгаад явсан. Тэгэхдээ албаны хүмүүс нь бас гайхаад байна билээ” хэмээн хэлсэн юм.

Ямар ч байсан “Саруул өглөө” орон сууцны хотхоны барилга хэвийн явагдаж байна. Нийслэлийнхэн андуурна гэж баймааргүй юм. Сайн шалгахад гэмгүй байх.

Түүний дараа Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн тасгийн конторын барилга дээр очлоо. Мөн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг юм билээ. Манай сурвалжлах хэсгийг тэнд очиход барилгын ажил хэвийн үргэлжилж байсан. Дүүргийн замын цагдаагийн тасаг гэдэг төрийн байгууллага. Тэд байрлаж байгаа байраа шинэчлээд, тохилог оффист үйл ажиллагаа явуулж, алба хаагчид нь тухлаг суухыг хүссэн биз. Түүнийг нь буруутгах юу байх вэ. Гэхдээ хамгийн түрүүнд хууль дүрмийг мөрдөж байх ёстой төрийн байгууллагийнхан Нийслэлийн Засаг даргын захирамж гаргуулаагүй. Тодруулбал, газрын зөвшөөрөлгүй гэсэн үг. Дээрээс зураг төслөө батлуулаагүй, Ерөнхий архитектортой зөвлөлдөөгүй байгаа юм. Тэгэхээр мэргэжлийн хяналтын газраас яасан гэж барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл өгөх вэ дээ. Тэд ямар ч зөвшөөрөл аваагүй гэдгийг үйл ажиллагаа эхлэх зөвшөөрөлгүй аваагүй барилгын жагсаалт дээр тун ч тодорхой бичсэн байна билээ.

Ямар ч байсан нийслэлээс холбогдох техникийн бичиг баримтаа шалгуулах үүргийг өгчихсөн байгаа аж. Барилгыг барих захиалгыг “Яшилт-Лүн” гэдэг компани өгсөн гэдгийг манаач хэлсэн. Одоогоор барилгын цутгалтын ажил дуусаад, гадна тохижилтыг хийж байна билээ. Барилга хариуцаж байгаа албаны хүмүүс нь хаашаа ч юм явсан гэсэн. Бичиг баримтаа шалгуул гэсэн болохоор ажлаа үргэлжлүүлж байгаа байх. Хамгийн гол нь ямар ч асуудалгүйгээр зөвшөөрөл аваад, байрлаж байгаа байраа нэмж, сунгаж болох л баймаар. Гэтэл ямар ч зөвшөөрөлгүйгээр эхэлсэн нь төрийн байгууллагууд хэзээ ч зөвшөөрөл энэ тэрийг авч чадна гэдэг утгаар ханддаг байж болох юм гэсэн харыг төрүүлж байсан юм.    

Нураагаад оронд  нь сургууль, цэцэрлэг барьвал таарна

Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны газар нутгийг зөвшөөрөлгүй барилга баригчид харин ч нэг эзэгнэх шиг болсон байна билээ. Замын цагдаагийн барилгаас гараад дүүргийн Засаг даргын тамгын газрын зүүн хойд талд баригдаж байгаа “Ди Би Би” ХХК-ийн оффис, орон сууцны барилга дээр очлоо. Аль хэдийн гуравдугаар давхартаа хүрчихсэн барилгын үүдэнд тулгаад том машин тавьчихсан байсан. Харин барилга дээр ажиллаж байгаа хүн огт байгаагүй. Манаач нь ч харагдахгүй байв. Тухайн барилгыг барих захиалга өгсөн “Ди Би Би” компани газрын зөвшөөрөл аваагүй, барилгын зураг төсөлд ямарч шалгалт хийгдээгүй, Ерөнхий архитектортай зөвлөлдөөгүй байгаа юм. Тэр ч битгий хэл өнгөрсөн наймдугаар сарын 17-ны өдөр мэргэжлийн байгууллагуудаас 1665 тоот албан шаардлага хүргүүлсэн боловч барилга угсралтын үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байж.

Мөн албан шаардлагын хариу болгож нэг ч бичиг ирүүлээгүй юм билээ. Манай сурвалжлах хэсгийг барилгын хашаа руу орох хаалга хайж байх зуур хашааны үүдэнд зогсч байсан жижиг тэргийн жолооч хаалгаа онгойлгож, ямар учиртай хүмүүс эргэлдээд байгааг асуув. Бид ч хэрэг явдлаа хэлсэн. Мөн барилгын үйл ажиллагаа үргэлжилж байгаа эсэх, уулзах албаны хүнд суртал “Барилгын үйл ажиллагаа зогссон. Гэхдээ хотын дарга шийдвэр гаргахаас 10-аад хоногийн өмнө зогссон байгаа. Учир нь барилга дээр гэрээгээр ажиллаж байсан хятадуудын гэрээний хугацаа дууссан юм. Тэгээд ажилчид байхгүй болоод зогсчихсон. Одоохондоо хариуцаж байгаа хүмүүс нь байхгүй байна. Манаач л байгаа байх. Тэр хүн нарийн ширийнийг мэдэхгүй” хэмээсэн.

Уг нь тухайн барилга барьж байгаа газар байрлал сайтай, багагүй том юм билээ. Нэг томоохон дунд сургууль, цэцэрлэг барьчихаж болохоор. Зөвхөн Хан-Уул дүүргийн хэмжээнд 2-3 мянган хүүхэд цэцэрлэг хүрэлцэхгүйн улмаас гэртээ хүмүүжиж байгаа тухай албан бус тоо байгаа. Дүүргийн хэмжээнд багадаа л 5-6 цэцэрлэг хэрэгтэй байгаа юм. Гэтэл газар байхгүйн улмаас барьж чадахгүй байгаа тухай албаны хүмүүс өгүүлдэг. Энэ тухай иргэд нь ч ярьж байсан. Тэгвэл энэ мэт зөвшөөрөлгүй барилга барьж байгаа том толгойтнуудад хариуцлага тооцож, барилгыг нь нураагаад, оронд нь цэцэрлэг барьвал яг таарна. Аятайхан байрлалтай газар, подхийсэн цэцэрлэг босоод л ирнэ шүү дээ. Үүнийг хотын дарга анхааралдаа авна буй за.

Өөрийнхөө толгой дээрх бухлыг харах хэрэгтэй байна

Монгол ардын зүйр цэцэн үг байдаг даа, “Өөрийнхөө толгой дээрх бухлыг хараагүй байж хүний толгой дээрх өвсийг харав” гэж. Манай төрийн байгууллагуудад яг ийм хачин зан байгаа юм. Бид түрүүчийн барилгаас хөдлөөд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн оффис, спорт заалны барилга дээр очлоо. Мөн л төрийн байгууллага байж ямар нэгэн зөвшөөрөл авалгүйгээр том барилга бариад, юу юугүй ашиглалтад орох шахаж байна. Нийслэлээс албаны хүмүүс очиж, холбогдох бичиг баримтаа шалгуулах мэдэгдэл өгсөн юм байх.

Манай сурвалжлах хэсэг барилгын талбай дээр очиход УСУГ-аас албаны хүмүүс ирж, шалгаж явсан юм. Барилгын ажлыг гүйцэтгэж байгаа  “Өлзийт чимэг” компаниас нэг эмэгтэй барилгын талбай дээр байсан. Мөн манаач нь албаны хүмүүстэй уулзаж, тайлбар өгч байлаа. Ямар ч байсан шийдвэр гарсан учир барилгын ажил зогссон байсан. Чухам ямар шалтгаанаар зөвшөөрлөө авалгүй, хэл ам татлаад байгааг албаны хүнээс тодруулахаар “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компани руу орсон ч амжилтыг эс олов.

Үүдэнд суух угтагч бололтой хижээл наснаа эр хиг ёг хийж, доог тохуу болгов. “Барилгын ажил хариуцаж байгаа даргатай чинь уулзах гэсэн юм” гэж хэлэхээр эгдүү нь хүрсэн бололтой юм. Манайд дарга гэж байдаггүй маягтай юм ярьсан. Сониноос яваагаа учирлахад “Барилгын ажил зогссон болохоор хариуцаж байгаа хүн нь бөөн бухимдалтай гадуур явж байгаа. Ажлаа хөөцөлдөж байгаа байлгүй. Одоогоор байхгүй байна” гэлээ. Төрийн албаныхан гэдэг жижүүрээсээ авахуулаад хүнд суртал гаргаж, иргэдийг хүндэлдэггүй хэвээрээ л байна.

Энэ ч яах вэ, Хан-Уул дүүргийн төр захиргааны нэгдсэн байрыг хуучин байрныхаа өмнө бариулж байгаа. Нийслэлийн Засаг даргаас газраа авсан. Бусад бүх зөвшөөрлөө авсан ч мэргэжлийн хяналтаас барилга үргэлжлүүлэх зөвшөөрөл өгөөгүй байх юм. Уг нь захиалагч тал нь Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар. Тэгсэн хэр нь төрийн байгууллагууд уялдаа холбоотой ажиллахгүй байна уу, гүйцэтгэгч компани буруу стандартаар барилгаа барьсан уу, ямар ч байсан барилгын ажил үргэлжлүүлэх зөвшөөрөл өгөөгүй байна. Тиймээс бас л зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгуудын жагсаалтад орчихсон тууж явна.

Аль өнгөрсөн жилийн зургадугаар сарын 28-ны өдөр 235 тоот акт гаргаж, суурийг нь бүрэн буулгасан юм билээ. Бүр албаны хүн харж байгаад буулгасан гэсэн. Тэр үед суурийн ажил дуусаад, нэгдүгээр давхартаа орчихсон явж байж. Учир нь барилгын ажил буруу хийгдсэн юм гэсэн. Ингээд л бүхэл бүтэн дүүргийн төр захиргааны нэгдсэн байр зөвшөөрөлгүй баригдаж байна. Дахиад нэг жишээ байна. Бас л төрийн байгууллагатай холбоотой зөвшөөрөлгүй барилга барьж байгаа асуудал.

Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо, 120 мянгатын 19 дүгээр байрны урд талд тус дүүргийн цагдаагийн хэлтсийн ажилчдын орон сууцны барилга баригдаж байна. Бас л ямар ч зөвшөөрөлгүй гэж өнөөх жагсаалтад бичсэн байсан. Гэхдээ биднийг барилга дээр очиход ажил нь хэвийн үргэлжилж байсан. Гэхдээ бидэнтэй уулзах албаны хүн байгаагүй юм. Бас л өнгөрсөн долдугаар сарын 31-нд мэргэжлийн байгууллагаас албан шаардлага хүргүүлсэн ч хариу өгөөгүй аж. Одоо ч барилгын ажил үргэлжилж л байна. Ахиад ч төрийн байгууллагатай холбоотой жишээ.

Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны цогцолбор барилгыг мөн л зөвшөөрөлгүй барьж байна. Зөвшөөрөлгүй гэдэг нь БУАЭҮЗ-гүй гэсэн үг. Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард албан шаардлага хүргүүлсэн ч бас л хариу өгөөгүй.  Энэ мэтээр Хан-Уул дүүрэгт зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгуудын багагүй хувь нь төрийн байгууллагуудтай хамааралтай байна. Дээр нэг зүйр цэцэн  үг дурссан. Тэр үгийг хувийн компаниуд дурсч, барьцах вий гэдгийг энд хэлэх гээд байна.  Уг нь төрийн албан хаагчид, байгууллагууд хууль дүрмээ ягштал мөрдөж, үлгэр жишээ үзүүлээд явбал хувийн хэвшлийнхэнтэй ч хатуухан харьцаж болох учиртай. Гэхдээ одоо ч оройтсон гэсэн үг биш. Тиймээс хотын дарга Э.Бат-Үүл хатуухан шийдвэр гаргасан шигээ эрчимтэй “дайрах” хэрэгтэй.

Нийслэлийн иргэд хүүхдээ цэцэрлэгт явуулж чадахгүйд хүрч байна. Сурагчид гурваараа нэг ширээнд сууж байгаа. Ямар ч сурах аятайхан орчин алга. Гэтэл төрийн албан хаагчид том оффис барьж, биеийн тамирын заал байгуулаад, цэнгэх гэж байна шүү дээ. Юун дураараа хүмүүс вэ, тэд. Түүний оронд нэг томхон сургууль бариад, Хан-Уул дүүргийн ачаалал нь хэтэрсэн сургуулиудыг бага ч болов “амраах” хэрэгтэй. Тэд тэгж л их заал хүсээд байгаа юм бол сургуулийн зааланд хичээлгүй үеэр нь үнэ төлбөргүй сагс, гар бөмбөг тоглоод, биеийн тамираар хичээллээд байсан ч яадаг юм.  

Нэгэнт нийслэлийн “өвчин” хүндэрсэн учраас “гашуун” эм хэрэглэнэ гэж ИХ-ын дарга Д.Баттулга мэдэгдэж байсан. Тэгвэл Хан-Уул дүүрэгт лав “гашуун эм” хэрэглэх хэд хэдэн барилга байна. Байрлал нь ч аятайхан юм. Оронд нь сургууль, цэцэрлэг барих ч боломжтой юм билээ. Тиймээс дарга нар тэмцлээ үр дүнд хүртэл, авлигын сүлжээ тасартал зүтгэнэ байгаа. Одоо барилгын ажлаа зогсоолгосон компаниуд дээгүүр, доогуур хөөцөлдөж, эрх мэдэлтэй, албан тушаалтай хүмүүсийг “найрах” арга хайж яваа байх. Түүнийг ч бас бодолцоно буй за.

Н.Пунцагболд
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)