WE CAN CHANGE : С.Батболд: 2020 оноос хог хаягдлаа 100 хувь дахин боловсруулна

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг шийдвэрлэх зорилгоор өнөөдөр НЗД С.Батболд болон Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаныхан нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцаж, Цагаан давааны хогийн цэгтэй танилцав.

Хотын дарга нэн тэргүүнд хаягдал дугуйг буталж, явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбайн хавтангийн “Инархис” компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд орших уг компани байгуулагдаад 8 жил болж буй юм. Энэ хугацаанд нийт автомашины найман сая хаягдал дугуйг буталж явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбайн резинен хавтан үйлдвэрлэжээ.Гэвч бүтээдэхүүнээ борлуулахад хүндрэлтэй байгааг тус компанийн захирал Н.Мөнхбаяр учирлав.

Тэрбээр, “Бид өөрсдөө дугуй засварын газруудаар явж, хаягдал дугуй худалдаж авдаг. Байршлаасаа шалтгаалаад 150-350 төгрөгийн үнэтэй. Манайхтай ижил хоёр ч үйлдвэр байгуулагдсан ч тогтвортой үйл ажиллагаа явуулж чадахгүй байгаа. Энэ нь борлуулалттай холбоотой. Тухайлбал, хүүхдийн тоглоомын талбай байгуулах тендерт ихэвчлэн БНХАУ-аас хавтан оруулж ирдэг аж ахуйн нэгж түрүүлдэг. Шалтгаан нь үнэ хямд. Тухайн бүтээгдэхүүн нь чанаргүй байсан ч тендерийн хуулиар хамгийн хямд үнэ санал болгосныг нь шалгаруулдаг. Би анхандаа бүтээгдэхүүндээ нэг жилийн баталгаа өгдөг байсан бол одоо насан туршийн баталгаа өгдөг болсон. Манай бүтээгдэхүүнээр барьсан хүүхдийн талбайн хавтан гэмтлээ гэхэд бид үнэгүй солиод өгдөг. Гэмтсэн хавтанг үйлдвэртээ авч ирээд дахин боловсруулах юм. Тиймээс хувийн хэвшлийн аж ахуйн нэгж ч, Нийслэлийн удирдлагууд ч гадны чанаргүй бүтээгдэхүүн худалдан авах бус дотоодын аж ахуйн нэгжүүдээ дэмжээсэй гэж хүсч байна” гэлээ.

“Инархис” компани үйл ажиллагаагаа өргөжүүлж, Гурвалжингийн гүүрний ойролцоо дахин нэг үйлдвэр байгуулахаар ажиллаж байгаа аж. Тухайн үйлдвэр нь одоогийнхоос дөрөв дахин их хүчин чадалтай юм. Уг үйлдвэрийг ашиглалтад оруулбал, нийслэл хаягдал дугуйн асуудлаас бүрэн ангижрах боломжтой аж. Үйлдвэрийг байгуулахад 600-700 сая төгрөг шаардлагатай бөгөөд Нийслэлээс хөнгөлөлттэй зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Түүнчлэн хаягдал дугуйг бутлах үед дотроос нь 60 хувийн ган, 40 хувийн төмрийн агууламжтай металл гардаг. Уг металлийг БНХАУ руу гаргаж, тодорхой орлого олдог байсан ч дөрвөн жилийн өмнө төмрийг БНХАУ руу гаргахыг хориглосон. Үүнтэй холбогдуулан их хэмжээний хаягдал төмөр гарч байгаа аж. БНХАУ-д энэхүү төмрөөр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 10 мянга гаруй аж ахуйн нэгж байдаг хэмээн тайлбарлав. Тус компаниас Буриад, Якутын аж ахуйн нэгж ирж туршлага судалсан бөгөөд үйл ажиллагааг нь өндрөөр үнэлсэн байна. ОХУ “Инархис”-тай ижил төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй аж ахуйн нэгжид тонн тутамд нь 300 ам.долларын дэмжлэг үзүүлдэг аж.

Хотын дарга С.Батболдын зүгээс Н.Мөнхбаярт дугуйн дотроос гарч буй төмрийг дахин боловсруулах үйлдвэр байгуулахыг зөвлөв. Мөн түүний өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх боломжийг судлахаа илэрхийллээ.

Дараа нь хотын дарга Баянзүрх дүүргийн 22 дүгээр хорооны иргэн Б.Гантулгынхаар зочлов. Б.Гантулга хувиараа хог хаягдлыг ангилан ялгаж, дахин боловсруулах үйлдвэрт борлуулдаг байна. Хог хаягдлаа өөрийн хашаандаа ангилан ялгадаг бөгөөд энэ нь ойр орчимд нь амьдарч буй өрхүүдэд хүндрэлтэй байдаг гэдгийг хэлээд хүн амын суурьшлын бүсээс гадна газар авах хүсэлтэй байгаагаа Хотын даргад илэрхийллээ.

Тэрбээр, “Би нэг портер хуванцар сав үйлдвэрт тушаагаад 50 мянган төгрөгийн л ашиг олдог. Хуванцар сав хэт хөнгөн тул ачихад овор ихтэй харагддаг. Тэгээд тээвэрлээд явж байхад замын цагдаа нар зогсоож, даацын хэмжээ хэтрүүллээ хэмээн торгууль ногдуулдаг. Өөрөөр хэлбэл, олсон ашгаараа ихэвчлэн торгууль төлдөг хүндрэлтэй тал бий. Тиймээс хотын захад газартай болоод, аж  ахуйн нэгжүүд өөрсдөө очоод авдаг болчихвол асуудлаа бүрэн шийдвэрлэж чадна” гэлээ.

Мөн үеэр С.Батболд дарга Цагаан давааны хогийн цэгийн нөхцөл байдалтай танилцлаа. Нийслэлийн хэмжээнд гурван томоохон хогийн цэг байдгийн нэг нь Цагаан даваа юм. Нийслэлчүүд өдөрт дунджаар 3000 мянган тонн хог гаргадгийн 100 нь энэхүү цэгт ирдэг байна. Ирсэн хогийг Ландфилл буюу булах технологиор устгадаг. Энэхүү аргыг 2020 он хүртэл хэрэгжүүлэх бөгөөд цаашдаа дахин боловсруулах үйлдвэр байгуулах чиглэлд ажиллахаар төлөвлөж байгаа аж. Хог хаягдлыг боловсруулахад нэн тэргүүн анхан шатанд буюу айл өрхүүд хогоо дахин боловсруулах боломжтой болон боломжгүй хэмээн ангилан ялгадаг болох хэрэгтэй гэдгийг Хот тохижилтын газрын дарга Б.Бямбадорж хэлж байв.

Нэг тонн хог хаягдлыг ландфилл аргаар устгахад 2080 төгрөг зарцуулахаар 2006 онд баталсан. Түүнчлэн хог хаягдал булах тоног төхөөрөмж, эвдэрч, хуучирснаас эхлээд олон асуудал тулгарсан тул судалгаа хийж, санхүүжилтийн хэмжээг нэмэх шаардлагатайг албаныхан онцолж байлаа.

Хотын дарга 2020 оноос өмнө айл өрхүүдийг хогоо ангилан ялгадаг болоход анхаарахаа хэлээд, “Надад хог дахин боловсруулах үйлдвэр байгуулах хүсэлтэй олон аж ахуйн нэгж ханддаг. Гэвч нийслэлээс гарч буй хог, түүний онцлогт судалгаа хийж, ТЭЗҮ-гээ боловсруулаагүй байдаг” хэмээв. Хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр байгуулах хүсэлтэй аж ахуйн нэгж судалгаа, шинжилгээгээ сайн хийхгүй бол ашиггүй ажиллах магадлал өндөр байдгийг дурьдсан юм.

БОАЖЯ-ны газрын дарга Г.Нямдаваа, “Өндөр хөгжилтэй орнууд Ландфилл технологиос татгалзаж, дахин боловсруулах чиглэлд түлхүү ажиллаж байгаа. Манайх ч удахгүй энэ системд орно. Гэхдээ айл өрхүүд хог хаягдлаа ангилан ялгадаг болохоос эхлээд эрхзүйн орчиндоо тодорхой өөрчлөлт оруулах хэрэгтэй. Нийслэлийн нийт хаягдлын 59 хувийг барилгын хог эзэлдэг. Үүнийг ахуйн хогтой хамт хаяхаар дахин боловсруулахад ихээхэн хүндрэлтэй.

УИХ-аар Хог хаягдлын тухай хуулийг баталсан. Гэхдээ дахин нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа тул энэ хаврын чуулганаар нэн даруй батлуулахаар БОАЖЯ ажиллаж байна. Хуулийн хүрээнд хог тээвэрлэх, устгах гээд бүх ажлыг журамлаж өгнө. Түүнчлэн аюултай хог хаягдлыг устгах газрыг шийдэх шаардлагатай. Үүнийг шийдвэрлэх чиглэлээр БОАЖЯ, НЗДТГ болон Төв аймгийн ЗДТГ-тай ярилцаж байгаа. Удахгүй Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ” хэмээв.

Түүнчлэн Хэв хашмал хуванцар” компанийн үйл ажиллагаатай танилцлаа. 2014 оноос үйл ажиллагаа явуулж буй тус компани БНСУ-аас анхдагч хуванцар түүхий эд импортлон аяга, ахуйн хэрэглээний сав, хувцан сандал, гутлын тавиур болон Монгол гэрийг дуурайлган хийсэн “Наад” хүүхдийн угсардаг тоглоом зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Мөн хоёрдогч түүхий эдийг дахин боловсруулж, барилгын ажилд өргөнөөр ашигладаг арматур хөндийрүүлэгч, зай баригч болон уян хоолой буюу шланк үйлдвэрлэдэг аж. Монгол Улс аяга, хоолны сав, гутлын тавиур зэргээр жилд 140 сая хуванцар бүтээгдэхүүн импортоор авдаг байна. Харин тус үйлдвэр 70 саяыг нь үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд төрийн байгууллагуудыг дотоодын аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүнийг борлуулах чиглэлд дэмжлэг үзүүлэхийг хүсч буйгаа тус комапнийн захирал Э.Хүдэрбат илэрхийлэв.

Тэрбээр, “Манай байгууллагын үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнүүд маш чанартай. Тухайлбал, БНСУ-д үйлдвэрлэсэн арматур хөндийрүүлэгч 350 кг даацтай бөгөөд нэг ширхэг нь 250 төгрөгийн үнэтэй байдаг. Харин манайх 470 кг даацтай, 190 төгрөгийн үнэтэй. Одоогоор “Хурд”, “Оюу толгой” зэрэг аж ахуйн нэгж худалдан авч байгаа. Цаашдаа өөрсдийн чанартай бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилготой.

Тиймээс өөрсдийн бүтээгдэхүүнийг БНСУ-д туршиж, стандарт тогтоон батламжлуулсан. Одоо уг стандартаа Монгол Улсын Үндэсний стандарт болгох зорилт тавин холбогдох албаныхантай хамтран ажиллаж байна. Энэ асуудлыг 2017 онд багтаагаад шийдчих байх. Харин төрийн зүгээс дотоодод үйлдвэрлэж буй бүтээдэхүүнтэй ижил төрлийн барааны гаалийн татварыг нэмэх хэрэгтэй. Ингэж байж бид дотоодын зах зээлээ хамгаалж чадна” гэлээ.

Мөн үер Сонгинохайран дүүргийн 20 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй “Сайн цаас” компанийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Билгүүндарь “Манай үйлдвэр 2014 онд байгуулагдсан. 2016 онд үйлдвэрээ өргөтгөж, өдөрт 20-25 тонн цаас боловсруулах хүчин чадалтай болсон. Манай бүтээгдэхүүнийг хайрцаг хийдэг дотоодын дөрвөн томоохон үйлдвэр авч ашигладаг. Энэ төрлийн үйлчилгээгээр манайх монголдоо анхдагч юм. Одоогоор 22 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Замын түгжрэл, тээврийн зардлаас эхлээд нийслэлийн өнцөг булан бүрээс хаягдал цаас цуглуулахад бэрхшээл тулгардаг. Тиймээс зөвхөн хаягдал цаасны төвлөрсөн цэгтэй болох хүсэлтэй” гэв.

Энэ үеэр НЗД С.Батболд, “1.3 сая гаруй хүн амтай том хотын хувьд хог хаягдлыг хэрхэн тээвэрлэх, ямар менежментээр боловсруулах вэ гэдэг чухал асуудал. Энэ нь иргэдийн эрүүл аюулгүй амьдрах эрхийг хангахтай шууд холбоотой юм. Өнөөдрийг хүртэл Улаанбаатар хот хог хаягдлын менежментгүй явж ирсэн. Хамгийн түрүүнд хотын хэмжээнд гарч байгаа хог хаягдлыг ангилах асуудал бий. Ядаж барилгын болон ахуйн хэрэглээний хог хаягдлыг ангилах менежментэд шилжих хэрэгтэй байгаа. Энэ ажлыг удахгүй эхлүүлнэ. 2020 оноос хойш дэлхийн хотуудын жишгээр био хаягдлаа боловсруулаад газ, бордоо  үйлдвэрлэдэг болно. Мөн барилгын материалыг шатааж эрчим хүч үйлдвэрлэх аргыг нэвтрүүлнэ.

ТББ-уудтай хамтран хуванцар сав, шил зэргийг ангилан авах нэгдсэн цэг байгуулахаар төлөвлөж байна. Дахин ашиглах боломжгүй шилэн савлагаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн аж ахуйн нэгжүүд ямар ч хариуцлага хүлээдэггүй. Тиймээс  их хэмжээний хог гаргадаг аж ахуйн нэгжүүдээс авах экологийн татварыг нэмнэ” гэлээ.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгээ

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)